2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ЭМЧИЙН ӨРӨӨ

Н.Тайван: Хэвлийд ус үүсэх түгээмэл шалтгааны нэг нь элэгний архаг өвчлөл

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 12

Монгол улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар мөн л тэргүүлж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 5981 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Хорт хавдрын өвчлөл дунд хамгийн өндөр хувийг элэгний хорт хавдар /32.7 хувь/ эзэлж байгаа нь анхаарал татсан асуудал юм. Өөрөөр хэлбэл нийт хүн амын дунд элэгний өвчлөл их байгааг эдгээр тоо харуулж буй. Энэ удаад элэгний архаг өвчний шалтгаант хэвлийд шингэн хурах хамшинж, хүндрэл, эмчилгээний талаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Н.Тайвантай ярилцлаа. 

Хэвлийд шингэн хурах хамшинж буюу хэвлийн ус үүсэх шалтгаан юу вэ? 

Хэвлийд ус үүсэх хэд хэдэн шалтгаан бий. Зүрхний архаг дутагдал, элэгний хатуурал буюу цирроз, үүдэн венийн тромбоз, хэвлийн хөндийн хавдрын үсэрхийлэл, сүрьеэ гэх мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг. Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй хүмүүст тохиолддог. Харин сүрьеэгийн халдвартай хүн бүрд үүснэ гэсэн үг биш.

Монголчуудын дунд хэвлийн хөндийд хавдар үүссэнээс болон элэгний архаг өвчин, үүдэн венийн тромбоз өвчнүүдээс шалтгаалж хэвлийд ус үүсэх нь түгээмэл тохиолдож байна.

Элэгний өвчлөл их байгаа учраас хэвлийд ус үүсэх тохиолдол ч мөн их гэж ойлголоо. Элэгний яг ямар өвчлөл, хүндрэл нь хэвлийд ус үүгэдэг вэ?

Элэгний шалтгаант архаг өвчлөлтэй, өвчний хүндэрсэн хэлбэрүүдийн үед хэвлийд ус үүсдэг. 

Тодруулбал, Элэгний хатуурал буюу цирроз, элэгний архаг болон хурц дутагдал, элэгний хавдрын шалтгаанаас үүдэлтэйгээр хэвлийд ус үүснэ.

Элгэнд олон төрлийн эс бий. Энгийнээр хэлэх юм бол, элэгний үндсэн үйл ажиллагаа явуулах ёстой гепатоцит эс нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй эргэшгүй өөрчлөлтөд орж байна гэсэн үг. Ажиллах ёстой эсүүдийн тоо буурснаар элэгний хатууралтай болж улмаар хэвлийд ус үүсэх шалтгаан болдог.

Хүний идсэн хоол хүнс улаан хоолой, ходоодоор дамжин нарийн гэдсэнд очиж шимэгддэг. Зарим нь тунгалгын тогтолцоогоор дамжиж цусны эргэлтэд ордог бол ихэнх нь элгэнд очиж бодисын солилцоонд оролцдог. Элэг хүний бие дэх уургийн солилцооны 50 хувийг дангаар явуулдаг чухал эрхтэн. Гэтэл элэгний архаг өвчний улмаас тэрхүү бодисын солилцоо явуулах хурд нь удааширч улмаар судсанд цусны урсгал зогсонгишилд орон үүдэн венийн судаснаас гадагшаа нэвчиж хэвлийд ус үүсдэг. Хэвлийд үүссэн ус нь зүгээр бидний мэдэх ус биш, уургаар баялаг шингэн.

Ямар хугацаанд, яаж хүндрээд хэвлийд ус үүсчихэж байна вэ? Хэвлийд ус үүссэн бол яах вэ? 

Ер нь бол хүний гэдэс дотор чийглэг байх ёстой болохоос ямар нэг шингэн байх ёсгүй. Нэгэнт ус үүссэн л бол байнгын хяналттай явах ёстой.

Элэгний архаг өвчинтэй гэдгээ оношлуулаад мэдчихсэн хүмүүсийн хувьд багадаа 3-6 сар тутамд ЭХО-д харуулж, хяналтад явдаг. Үүгээр хэвлийд хэдий хэмжээний ус байна гэдгийг эмч хэлж, зохих эмчилгээ зөвлөгөөг өгнө.

Эмнэлгийн байгууллагаас хэвлийн усыг авах тусламж үзүүлдэг ч гэсэн нийт иргэд, элэгний өвчтэй хүмүүс ус үүссэний дараа яах ёстойгоо төдийлөн сайн ойлгоогүй байдаг. Үүний улмаас улам хүндрүүлэх тохиолдол нэлээдгүй гардаг.

Хэвлийд үүссэн усыг нь авснаар эмчилгээний үр дүн ямар байх вэ? 

Хүмүүсийн дунд хэвлийн усаа авхуулах юм бол бие улам мууддаг гэх буруу ойлголт байдаг. Хэвлий нь цардайгаад их хэмжээний устай, амьсгалахад хэцүү болж, зүрх дэлсэх зэрэг зовуурь өгч байгаа бол эмнэлгийн нөхцөлд хатгуулж тодорхой хэмжээний ус авхуулна. Тэгж байж өрцний хөдөлгөөн хэвиийн болж, амьсгал, зүрхний үйл ажиллагаа сэргэдэг.

Нэгэнт элэгний архаг өвчтэй бол бүрэн эмчлэгдэх ямар ч боломжгүй. Тодорхой хэмжээгээр ээнэгшилд оруулах буюу хурц үеийг нь намжаах эмчилгээ л хийнэ. 

Байнга эмчийн хяналтад явах ёстой.

Хэвлийд шингэн хурах хамшинжийн хүндрэл нь юу вэ? 

Эцсийн хүндрэл нь нас баралтад хүргэх аюултай. Хэвлийд их ус хуримтлагдсанаас болж хэвлийн энд тэнд ивэрхий үүсдэг. Жишээлбэл: Хуучин хагалгааны шарх, хүйс, цавь, өрц гэх мэт газарт ивэрхий үүснэ. Ивэрхий үүссэнээс болж гэдэс орж үхжих эрсдэлтэй. Улмаар гэдэс тайрах хүнд хагалгаанд орох болдог. Ийм хүндрэл үүсгэхгүй байх талаас нь анхаарах ёстой. Нэгэнт ивэрхий үүссэн тохиолдолд ивэрхийн хамгаалах бүс зүүж хэвших ёстой. /зургаар/

Судасны нэвчимхий чанар гэдэгтэй адил гэдэсний нэвчимхий чанар гэж байдаг. Өөрөөр хэлбэл бохир гараар үүдэн хоол хүнстэй хамт амаар орсон эмгэг төрөгчүүд гэдэсний ханаар нэвчин хэвлийн усыг халдварлуулах эрсдэлтэй. Хэвлийн ус нь уургаар баялаг учир халдвар өсөж үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Хэвлийд ус үүссэн тохиолдолд хувь хүнээс юу шаардах вэ?  

Байнга нэг эмчдээ хянуулах хэрэгтэй. Хоолны дэглэмдээ анхаарах болон ойр ойрхон бага багаар идэх хэрэгтэй. Мөн хоногт хэрэглэх давсны хэмжээг багасгах ёстой. Давс усыг өөртөө татдаг учраас их давс хэрэглэх юм бол элэг рүү очих цусны хэмжээ ихсэж зогсонгишилд ороод гадагшаагаа уураг нэвчиж алдана. Гэхдээ шууд хэвлийд асгарчихна гэсэн үг биш л дээ. Тиймээс элгэнд ачаалал өгөх хоол хүнснээс татгалзаж дэглэм барих хэрэгтэй.

Нэг зүйлийг тодруулан хэлэхэд хэвлийн устай хүмүүс өвчний онош, хүндрэл нь тодорхой байхад төдийлөн үр дүн өгдөггүй гэх шалтгаанаар нэг эмчдээ тогтмол хянуулдаггүй. Ингэж олон эмч, эмнэлгийн байгууллага сольж явсаар маш их зардал гаргахаас гадна улам хүндрүүлэх талтай. Хүндэрсэн үед эмийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн муутай. Эмийн эмчилгээндээ нэг хэсэг гайгүй болсон ч эргээд мууддаг. Тиймээс нэг эмчдээ байнга хянуулах итгэл үнэмшил нь муудчихдаг. Уг нь эмчилгээний үр дүнгээ тооцохын тулд нэг эмч дээрээ явах нь зүйтэй.

Үндсэн эмчилгээ нь юу вэ?  

Хэвлийн устай байгаа тохиолдолд тухайн хүний биеийн байдал цаашдын эмчилгээг ярихад хүндрэлтэй. Ямар нэгэн байдлаар олгой болох, түгжрэл боллоо гэж үзэхэд амь насны заалтаар яаралтай хангалгаанд ордог. Элэгний архаг өвчтэй, хэвлийн устай үед ямар ч хагалгаанд орсон хүндрэх эрсдэлтэй. Нас баралтын хувь өндрөөр яригддаг. Ийм хүмүүст төлөвлөгөөт журмаар хагалгаа хийх боломжгүй.

Харин урьд нь элэгний ямар нэгэн архаг өвчингүй байж байгаад хэвлий нь шууд устаж байгаа бол шалтгаан тодруулах оношилгоог маш сайн хийлгэх ёстой. Зүрх үү, хавдар уу, сүрьеэ юу, элэгний архаг өөрчлөлт үү гэдгийг ялган оношилж шалтгааны эсрэг эмчилгээг  хийнэ.

Үндсэн гол эмчилгээ нь уураг нөхөж, уураг дэмжих, шээс хөөх, эрдэс нөхөх, хоолны дэглэм, шаардлагатай тохиолдолд хэвлийн уснаас авдаг. Элэгний ямар төрлийн өвчтэй гэдгээс хамаарч заалт нь байвал элэг шилжүүлэн суулгах боломжтой.

Эцэст нь хэлэхэд, нас баралтад хүргэх хэмжээнд муутгахгүй байж, урьдчилан сэргийлэх гол арга нь элэгний хатуурлын зэргээ ихэсгэхгүй байх, бүр эхнээс нь элгээ эрүүл байлгах явдал юм шүү. Элгээ эрүүл байлгах аргыг иргэд маш сайн мэддэг ч төдийлөн анхаардаггүй. Элэгний хатуурал үүсгэдэг гол шалтгаан болох гепатит вирусын халдвараас сэргийлэх, вакцин хийлгэх, архи, тамхинаас татгалзах, зөв хооллолттой байх зэрэг нь анхдагч сэргийлэлт юм. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   40 минутын өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө