2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ТОД ТУСГАЛ

Н.Өнөрцэцэг: Өрөвчхөн, хайрладаг, бусдыг ойлгодог зан чанараа хаяхгүй

— Б.Батцэцэг   2022 оны 03 сарын 06

109 жилийн өмнөх энэ өдөр “Шинэ толь” сонин бичиг хэвлэгдэн гарснаар Монгол улсад сэтгүүл зүйн салбарын хөгжил анхлан тавигдсан гэж үздэг. Салбарынхандаа баярын мэнд хүргэе. Нийгэмд хамгийн тод байгаа эрхэм хүмүүсийг урьдаг ТОД ТУСГАЛ контент энэ удаа таныг Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзуулж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт “үзэгдэл” гэгдэх болсон түүний үнэт зүйл, зан чанар, алдаа оноог цухас уудлав...

Лодойсамбуу бид хоёр хөгжлийн банкны зээлдэгчдээс илүү "ялтай" юм уу?

Хөгжлийн банкны луйврыг олон нийт мэдсэн өдрүүдээс хойш нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд өрнөсөн үйл явдлуудыг товчхон базаад хэлээч?  

Чамлахааргүй олон өөрчлөлт өрнөж байгааг бид харж байна. Өмнө нь сэтгүүлчид ямар нэг асуудлыг ил болгож, нийтэлж шүүмжилдэг байсан ч хөгжлийн банкны луйвар шиг олон нийтэд хүрч байсан нь ховор. Хөгжлийн банкны асуудалд 7 буудлын Доржоос эхлээд Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэлх хүн бүр анхаарч байгаа нь олон нийтийн хараа хяналт, дэмжлэг гэдэг зүйл чинь зүгээр нэг хаданд хашхирсан чимээ биш гэдгийг надад ойлгуулсан.

Хөгжлийн банкныхан ч улс орноо өрөнд оруулаад, дампууруулах нь гэж айгаад, хүлээн зөвшөөрөөд бохироо угааж байна. 20 гаруй хүнээ явуулж, ТУЗ нь ч тарлаа. Засгийн газар хуралдах бүрд Хөгжлийн банкны асуудлыг сонсож, ярьж цаашид хэрхэх талаар хэлэлцэж байгаа. Хөгжлийн банкан дээрх бүх зээлийн материалуудыг хуулийн байгууллагад шилжүүлэх ажлыг хийж байна. 

Яг одоогийн бодит үр дүн гэвэл 60 орчим тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөнг банк нь мэдэгдэж байна лээ. Чамлах юм биш ч хангалттай биш учраас, энэ сэдвийг Зариг хэзээ ч орхихгүй. Яг үнэндээ 60 тэрбумын хэрэг хөгжлийн банкны луйврын дэргэд өчүүхэн сонсогдож ч байх шиг.  Гэтэл ард түмний амьдрал ямар байгаа билээ.

Хөгжлийн банкны хэлэлцүүлгийг Ч.Лодойсамбуу сэтгүүлчтэй хамтарч амжилттай зохион байгуулсан. Гэтэл хүмүүсийн зарим нь та хоёрыг “жүжиг” тавьж байна гэж ил далд ярих нь ярьж ганц нэг нь бүр хэлэлцүүлгийн зааланд орилж хашхирсан. Та хоёрт эрх баригчид баримт өгөөд “жүжиг”-т тоглуулсан явдал байгаа юм биш биз?

 

Хэлэлцүүлгийг "жүжиг" гэж харцгаасан, ярьцгаасан хүмүүсийг хэвлэлийнхэн өөрсдөө гэх гээд байна уу?  

Тийм. Яг үнэндээ Хөгжлийн банкныхан өөрсдөө л анх шүгэл үлээсэн юм шүү дээ. Хүмүүс үүнийг сайн мэдэхгүй, Өнөрцэцэг, Лодойсамбуу хоёр л баримт гаргаж тавьсан гэж ойлгоод байх шиг.

Хөгжлийн банкныхан, "Зээлдэгчид чанаргүй болчихлоо, зээлээ төлөхгүй байна, шүүх рүү энэ энэ зээлдэгчдийг шилжүүлэхээр боллоо. Зээлийн зөрчилтэй ангилал руу харин эдгээрийг нь оруулж байна" гээд нэр бүхий жагсаалтаа анх өөрсдөө зарласан юм. Хэвлэл мэдээллийн арав орчим байгууллагын төлөөлөл тэнд байсан.

Тэр жагсаалтыг сэтгүүлч хүн хараад зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Энэ компаниуд яагаад найдваргүй болчихдог билээ. Яагаад зээлээ төлж чадахгүй байна гэсэн асуулт гарч ирнэ биз дээ. Тэгээд асуудлыг хөөгөөд явахаар улс төрчидтэй  холбогдоод эхлэнгүүт Зариг.мн улс төрчидтэй хамааралтай компаниуд байна шүү дээ гээд шүгэл үлээж эхэлсэн. "Ядарсан иргэн ковидоос болоод бизнесээ дампууруулчихсан сууж байхад, улсаа хуваагаад идчихсэн юм уу энэ хулгайчууд чинь" гэхээр баримтууд хараад шууд мэдээ оруулаад явсан.

Магадгүй хөгжлийн банкны гаргаж тавьсан жагсаалт, шүгэл үлээсэн үйл явдал хүмүүст сайн хүрээгүй байх. Хүргэх зорилгогүй ч байсан байж магадгүй. Зээлээ нийтэд зарласан дүр эсгээд банкаа дампууруулах гэж байсан ч юм уу бид мэдэхгүй. Эсвэл муу зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлах хуулийн заалттай ч юм уу. Тэгээд асуудлыг хав дараад засгийн газраас өрийг нь төлөх гэж байсан ч юм уу мэдэхгүй байна.

Хоёр дахь асуудал нь сэтгүүлчид даргыг гуйж царай алдаад гүйдэг биш өмнөө авч ирээд суулгадаг л байх ёстой. Ер нь бол. Бид ийм баримт ярих гэж байна та ирэх юм уу, үгүй юу? Ирээд тайлбараа өгвөл өг. Өгөхгүй бол боль гэх зэргийн зангаргатай байх хэрэгтэй. Энэ бол онгироо зан биш. 

Сэтгүүлчийн олсон баримт даргын эрх мэдэлтэй харьцуулшгүй хүчтэй зүйл.

Хөгжлийн банкны хэлэлцүүлгийн үеэр яг ийм л юм болсон. Би баримт мэдэж байна. Танаас тодруулж асуумаар байна ирээч гэсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь хүрээд ирсэн. Тэгтэл манай сэтгүүлчид голдуу хүмүүс л жүжиг, бид нар наад сэдвийг чинь мэдээлэхгүй, Зариг мэдээлж байгаа учраас гэсэн байдлаар хандсан. Ийм жижигхэн амбицаас болоод улс орныхоо том дээрмийг харж чадахгүй байсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Лодойсамбуу бид хоёр хөгжлийн банкны зээлдэгчдээс илүү ялтай юм уу?

УИХ –ын гишүүн асан Ц.Гарамжавыг өөрөө гүтгэсэн болсон уу эсвэл Өнөрөөг, Заригийг худал мэдээлэл тараасан гэж гишүүн асан гүтгэсэн болсон уу? Нэг сэдвээ орхихгүй сурвалжилж мэдээлэх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн ажлын чухал үзүүлэлт мөн боловч та хоёрын дунд үүссэн нөхцөл байдал сүүлдээ олон нийтийг төөрөгдөлд оруулж байх шиг. Шүүхийн ямар нэг шийдвэр гарсан уу? 

Зариг.мн сайт үүсгэн байгуулагдаад таван жил болж байна. Бид жилд  20 орчим гомдлын дагуу хууль хяналтын байгууллагад шалгагддаг. Одоогийн байдлаар хэн нэгнийг гүтгэсэн гэдэг шүүхийн албан ёсны тогтоол аваагүй байна. Бүгд хаагдаж ирсэн. Хамгийн идэвхтэй заргалддаг хүн бол Монполимет компанийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан, МАН-ны удирдах зөвлөлийн гишүүн асан Ц.Гарамжав. Үндсэндээ надтай шүүхдэлцээд гурван жил болж байна. Бид хоёрын маргаан гурван шатны шүүхээр ороод одоо бол дээд шүүх дээр байгаа. Асуудал хараахан шийдэгдээгүй гэж болно.  

Би тархи угаадаг сэтгүүл зүйг халсан

Сэтгүүл зүйн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Зариг.мн сайтыг байгуулаад таван жил ажиллахдаа монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт та ямар гай тарив? Бас ямар гавьяа байгуулав? 

Би 2007 оноос хойш тасралтгүй 15 жил сэтгүүлчээр ажиллаж байна. Зарим сэтгүүлчдэд олон хүнд танигдах амбиц байдаг. Надад энэ нь байсан, биелүүлсэн. Энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Үр шимийг нь ч хүртээд явж байгаа. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж 10 жил болоод Зариг.мн видео сайтаа үүсгэн байгуулсан. Ажил хийж байгаа хүнд алдаа ч бий оноо ч бий.  Өөрөөр хэлбэл би, манай баг монголын сэтгүүл зүйн салбарт гай, гавьяа аль алинг нь авчирсан гэж боддог.

Гавьяа нь гэвэл бодит мэдээллийг хараат бусаар хүргэж чадаж байсан, байгаа. Хүмүүс яг юу болоод байгааг газар дээрээс нь хардаг болсон. Гай нь гэвэл уламжлалт сэтгүүл зүй буюу бичих сэтгүүл зүйд дайсагнасан болов уу.  Би чинь хүн шүү дээ. Дотроо бодно. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сайтуудыг бүгдийг нь анзаардаг, уншдаг, хардаг. 

Сонин сэтгүүлийн сэтгүүлчид маань микрафон бариад гүйхээр харамсалтай санагддаг. 

Уг нь бичвэл гоё. Бичдэг, түүнийг нь уншдаг хүмүүс байвал энэ нийгэм чинь төлөв төвшин орших нэг үндэс юм уу гэж бодно. Юм унших гэдэг чинь тэр хүнд ядаж таван минут төвлөрөх төвлөрлийг бий болгоно. Тэгэхгүй шууд бичлэг үзүүлээд л, уншдаг хэсгийг видео үзэлт рүү автуулчихсан юм болов уу гэж өөртөө зэмлэнгүй байдаг... Энэ чиглэл рүү хазгайлгасан даа гэж гонсойдог. Бичдэг сэтгүүлчдийг би илүү хүндэлдэг.


Мэдээлэл гэж хэр хүчтэй зүйл юм бэ? 100 тэрбумын зээлийг мэдээлэлд ойрхон биш хүн авч чадах уу. Ингээд бодохоор мэдээлэл асар хүчтэй, чухал ч юм шиг. Мэдээллийн асар их урсгал урсаж шуурах нь зарим тохиолдолд огт хэрэггүй ч юм шиг бодох хүмүүс бас бий болж байна. Сэтгүүлч, сэтгүүл зүй ард түмэн, улс оронд ямар ач холбогдолтой юм бэ. Юуг өгч чаддаг зүйл юм бэ?

Би сэтгүүл зүйн багш, доктор судлаач хүн биш. Маш олон жил ажилласан туршлагатай мундаг сэтгүүлч ч биш. Тиймээс энэ асуултад сайн хариулж мэдэхгүй нь. Гэхдээ сэтгүүлч, сурвалжлагч хүний хувьд хариулахад, мэдээлэлгүй хүн бол харанхуй, нүдээ боолгосонтой адил.

Мэдээлэл хүний анхны хэрэгцээ. Хүн өглөө цаг агаарын мэдээ сонсоод ядаж ямар хувцас өмсөхөө тохируулаад гардаг. Мэдээлэл дээр тулгуурлаад тухайн хүн амьдралаа цааш удирдаж, залгуулдаг. Барилгын бизнес хийх гэж байгаа хүн ипотекийн зээл, барилгын компаниудад олгодог зээл зогсчихсон гэсэн мэдээлэл гарвал барилга барих гээд гүйхгүй. Мэдээлэлд тулгуурлан хүмүүсийн аж амьдрал өрнөдөг учраас мэдээлэл нь маш бодитой, цаг бүрд нь хүргэж чаддаг шинэлэг байх хэрэгтэй. 

Талх үйлдвэрлэгчид өглөө бүр шинэ талх түгээдэг шиг сэтгүүл зүйн салбар цоо шинэ, нэмэлт хачиргүй, үр өгөөжтэй мэдээллээр иргэдээ хангах ёстой гэж боддог.

Шантааж гэж яг юу юм бэ? Шантааж хийж байв уу? Шантаажны сэтгүүлч гэж хэнийг хэлээд байгааг хэлж болох уу? 

Хаалтын гэрээ гэж тэгвэл юу юм бэ? 

Хаалт хийлээ шүү гэрээ байгуулъя гэдэг гэрээг би амьдралдаа харж байгаагүй. Тийм гэрээнд гарын үсэг зурах тэнэг нь ч би биш. Би өчнөөн олон дайсантай. Тэд нар нь намтай, мөнгөтэй, уурхайтай, эрх мэдэлтэй хүмүүс надтай дайсагнадаг. Тийм байж Өнөрцэцэг хаалтын гэрээ хийлээ гээд гарын үсэг зураад мөнгө аваад байж байна гэдэг байж болохгүй зүйл.

Миний явсан туулсан зам тийм дардан байгаагүй. Миний амьдралд бороотой цастай, нулимстай, шуургатай, заримдаа амиа хорлочихмоор тийм өдрүүд олон байсан.

Би ингэж гарч ирсэн сэтгүүлчийн карейрээ хэзээ ч шантаажлаад дуусгахгүй. Зарим хүмүүс дуусгаасай гэж бодоод байх шиг байгаа юм. Надад үнэндээ тийм мөнгөний хэрэг байхгүй. Би болоод байна. Би тийм айхтар шуналтай ч хүн биш. 20 гаруй хүн цалинжуулаад, хандалт ихтэй учраас харилцагчид, сурталчилгаа хийлгэх газрууд гэрээ байгуулж байна.

Харин хамтран ажиллах гэрээнүүд байдаг. Үүнийг монголын хэвлэл мэдээллийнхэн хэлчихмээр байгаа юм дөө. Хэдэн төрийн байгууллагууд л байгаа шүү дээ. Тухайлбал, Уул уурхайн яам байна. Уул уурхайн сайдын багц гэж байгаа. Энэ багц дотор үйл ажиллагаа, урсгал зардал, хэвлэл мэдээлэл, сурталчлах гээд байгаа. Тэр нь дунджаар 50 орчим сая байх. Үүндээ хандалт ихтэй гурван телевиз, хандалт сайн хоёр сайт, өдөр тутмын сонингууд гээд 15 хэвлэл тэр мөнгийг нь хуваагаад авдаг. Үүнийхээ оронд Уул уурхайн яам манай яам ингэж ажиллаа. Энэ мэдээллийг олон нийтэд хүргэе, хөрөнгө оруулагч нарт хүргэе гээд мэдээллээ өгдөг. Ингээд манайх жишээ нь, 2-3 сая төгрөг авсан бол "тэр мэдээлэл нь тэдэн төгрөг, ийм мэдээлэл өгсөн тэр нь тэдэн төгрөг" гээд гүйцэтгэлийг нь хийгээд өгдөг. Хөндлөнгийн аудитын байгууллага нь Заригт 2 сая төгрөг орсон юунд зарцуулагдсан гэдгийг нь хянадаг гэрээ нь байж байдаг албан ёсны харилцаа. Үүнийг хүмүүс янз бүрээр буруу ойлгодог. Хэвлэлийнхэн нь ч ярьдаггүй болохоор нууц ч юм шиг хардалт төрүүлсэн байж болох юм. 

Өөрөө шуналтай хүн биш гэлээ. Гэтэл өөрийг чинь их баян гэдэг шүү дээ. Хөдөөний сумаас ирчихээд сайд дарга нартай нэг хотхонд амьдраад, ижилхэн брэндийн машин унадаг. Түүнийгээ тайлбарла гэх мэтээр шахаж байгаа харагддаг? 


Хүмүүс "Өнөрөө минь бид нарын өмнөөс асуугаад өг" гээд чин сэтгэлээсээ итгэж дэмжээд явж байтал нэг өдөр тэр хүмүүсийн итгэлийг алдах вий гэсэн эмзэг бодол хааяа төрдөг. Итгэсэн итгэлийг нь алдахгүй гэх баталгаа байхгүй л болов уу. ШУ –ны туршилт, нотолгоо биш зүгээр л хэн нэгний ажил явж байна уг нь. Гэхдээ л монголчуудын нэг зан бий, итгэж баадууг нь мушгичхаад урвалт харах дургүй.

Уг нь бол би нээх гавьяа байгуулаад байгаа юм биш. Энэ зүгээр л сэтгүүлчийн явдаг зам. Өнгөрсөн хугацаанд ч сэтгүүлчид явж л байсан. Заримд нь хүмүүс итгэж л байсан. Энэ бол байдаг л харилцаа. Одоо ингээд хотын гудамжаар явж байхад зүгээр машины зогсоолд байгаа харуул нь хүртэл та ийшээ зогсчих гээд, гарахаар мөнгө авахгүй гэдэг. Таарсан зарим хүн,  "ахын дүү биеэ боддог юм шүү худалдагдаж болохгүй шүү" гээд л дотны хамаатан шиг минь захиж байна. Намайг битгий алдчихаасай гээд хайрлаад байгаа юм. Тэр хүмүүсийн санаа зовж хэлсэн үг магтаалаас илүүтэй зүрх рүү ордог. Нээрэн тийм шүү гээд өртэй юм шиг бодож санаж ажилладаг. Зариг цаашдаа олон том төслүүд дээр ажиллана. Нийгэмдээ олон сайхан үлгэр дуурайл авчирна. Бид хоёр хөл дээрээ тогтсон. Хэн ч ирээд юу ч хийсэн унахааргүй, бөхөөр бол хав дөрвөлжин барьцтай болчихсон, санаа зовох юм байхгүй ажиллана. 

Би одоо тангараг өргөлтэй нь биш. Ер нь бол хүнд таалагдах гээд батлах гээд амьдрах чинь төвөгтэй шүү дээ. Зүгээр л өөрийн бодсоноор, тэр нь заримдаа алдаад, заримдаа онодог. Гол нь сэтгүүл зүй нь ямар зарчмаар явах ёстой түүнээсээ холбирохгүй тэнцвэртэй мэдээлээд явж байвал нийгэмдээ олон сайхан гэрэл асаах байх л гэж боддог.

Манай салбарт байдаг хамгийн дутагдалтай зүйлийг хэлж чадах уу. Ер нь нийгмийн сүлжээ хөгжсөн болохоор ч тэр үү. Биднийг худалдагдсан, мэдлэг муутай, ажил багатай. Хэн ч сэтгүүлч хийж чадна гэх мэтээр ярьцгаах болж. Ийм хандлага магадгүй бидний дутагдлаас үүдэлтэй байж мэдэх юм?

Манай салбарынхан залхуу. Сэтгүүлчид бол нийгмээ дагаж биш хөтөлж явах ёстой хүмүүс. Одоо бол харамсалтай нь араас нь яваад байна. Хулгай гарсан байна гээд араас нь мэдээлж байна. Яваандаа сайжраад Хөгжлийн банкны хулгай дээрэм болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд юу хийх ёстой. Хууль эрх зүйн орчныг нь сайжруулахын тулд яах ёстой. Ямар тогтолцоог бүрдүүлэх ёстой гэдэгт илүү соргог, нүдээ нээлттэй, чихээ сортойлгож ажиллах үүрэгтэй хүмүүс л дээ.

Ер нь бол Хөгжлийн банкны асуудлыг зөвхөн Өнөрцэцэг, Лодойсамбуу хөөцөлдөх биш байхгүй юу. Бүх сэтгүүлчдэд үзэг байна. Яг адилхан 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 1000 гаруй сэтгүүлч ажиллаж байна. Жишээлбэл, төрийн ордонд өдөрт 250 сэтгүүлч орж мэдээ сурвалжлага бэлтгэж байна. Тэгэхээр 250 Лодойсамбуу, Өнөрцэцэг байгаа л байхгүй юу. Хийж болно.

Хараад байхад сүүлийн үед сошиал, цахим ертөнц хүчтэй байна.Тэгээд хийсэн хүмүүсээ л баалдаг. Асуудлаа эрэмбэлэх үйл явц жаахан учир дутагдалтай байна уу гэж боддог. Гэхдээ мэдээж бид тууштай, чиг шугамандаа зарчимтай ажлаад байвал аяндаа ялгараад гараад ирнэ. Бусад сэтгүүлчдэд ч энэ боломж байгаа. Бүгд адилхан нүдтэй гартай, хэлдэг ярьдаг ижил тавцанд ажиллаж байгаа. 

Хэвлэл мэдээллийн салбарт хурдтай, шуурхай, ажил хэрэгч, уйгагүй ажиллаж байгаа нь үр дүнд хүрдэг шударга салбар. Ажиллахад гоё, урамтай.

Өрөвчхөн, хайрладаг, бусдыг ойлгодог зан чанараа хаяхгүй

Зарим сэдэв чамайг хэл ам, хэрүүл тэмцэл, атаа, заналхийлэл дундуур оруулдаг. Түүнээс айхгүй, бүр хурцлагддагийг чинь би гадарлана. Уг нь эмэгтэй хүн, эх хүн эмзэглэвэл эмзэглэмээр, айвал ч айхаар санагддаг. Чи тэгдэггүй учир нь юу юм бол? 

Хамгийн сүүлд ирсэн бодит заналхийлэл гэвэл “чамайг ална шүү” гэсэн дарамт. МАН-ын даргын зөвлөх, элчин сайдаар ажилласан байсан хүн энэ заналхийллээ бүр ил цагаан зарласан. Хүмүүс ч харсан. 

Өөрөө их сэтгэл хөдлөл өндөртэй хүн л дээ. Сэтгүүл зүй сэтгэл хөдлөл хоёр зэрэгцэж оршихоор зарим жанрт байж болох ч, таны ажиллаж буй сэтгүүл зүйн төрөл нухацтай хариуцлагатай байхыг илүү шаарддаг. Сэтгэл хөдлөлөө хэрхэн яаж зохицуулж байна? 

Миний гол алдаа сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй. Дарга нар дээр очоод уг нь бол зүгээр асуучихмаар байдаг. Гэтэл уурлаад, заримтай нь бүр хэрэлдээд байдаг. Маш том алдаа. Үүнийгэ засах гэж их оролддог. Дардаг. Гэхдээ л.. Би үйл явдал дотроо орчихдог. Тухайлбал, "Эко Алтан заамар" ХХК-ийн нэг мэдээн дээр мэдсэн. Дөрвөн хүн дарагдчихсан байсан. Нөхцөл байдал хүнд. Хэзээ хэзээгүй хайгаад олбол тэр хүмүүс амьд байгаа юм шиг санагдаад цээжин дээр юм зангирчихаад. Одоо яах вэ, одоо тэгэхгүй юмуу гээд л энд тэнд нь очиж асууж гүйгээд л. Тэр хүнээ хайгаад олчихъё л доо гээд үйл явдалдаа бүр орчихсон. Энэ алдаагаа засна. Засах гэж хичээж байгаа.

Хүн чанар, хүч чадал хоёр нийлбэл юу болдог юм шиг байна. Өөрөө хэр хүн чанартай вэ? 

Хувь хүн Өнөрцэцэг гэж хэн бэ? Төрөөд удаагүй ажлаа хийсэн. Ажлаас гадна эмэгтэй хүний хувьд гоо зүйн талаараа ч буцааж олж авах гээд, ажлаа, өөрийгөө амжилтад хүргэх гээд хичээж байгааг харж байна. Хаяад байгаа зүйл байхгүй. Бүгдийг нь яаж ийгээд л чирээд хэзээ ч зогсохгүй яваад байдаг. Цуцаад байгаа юм ч анзаарагдаггүй. Энэ их цуцашгүй, зогсошгүй зан хаанаас гардаг вэ. Унасан үедээ яаж босож ирдэг вэ. Өөрийгөө юугаар цэнэглэдэг вэ? 

Сөхөрч унаад, залхаад, шантармаар цаг хугацаа, нөхцөл хэзээ тохиолдож байсныг яг одоо санаж байна уу?  

ХӨСҮТ -ийн захирал асан Нямхүү эмчтэй Эрүүл мэндийн яаманд таарч ярилцлага хийсний дараа монголчууд нийтээрээ намайг бараг л хоёр гурван өдөр хараасан. Тэгэхэд нэг өдөр бараг орноосоо босоогүй. Тэгэхэд л анх удаа "За ер нь бол болъё" гэж бодож үзсэн. Сүүлд цагдаагийн хурандаад цохиулж, түлхүүлсэн явдлын дараа бас шантарсан. "Ер нь сэтгүүлчээр ажиллаад байх ч хэрэг байхгүй юм байна гэж" бодсон. Одоо гэхдээ дархлаатай болж байна. Би хүний амьдралаар оролдоод байгаа. Би хүний хууль бусаар олсон хөрөнгийг нь сүйтгэчих гээд тухайн хүний амьдрал ахуй, нэр төртэй нь үзэлцээд байна. Тэгэхээр намайг бас өвтгөх юм ирдэг юм байна гэдгийг ойлгоод авчихсан. Одоо бол дажгүй. Миний хувьд сэтгүүлчийн баримталдаг зарчим гэж бий. Энэ зарчимдаа би “хэний ч хөнжлийг сөхөхгүй” гэж боддог. Шударгаар бизнес хийгээд явж байгаа хүмүүс рүү хэзээ ч хажуунаас нь хатгахгүй. 

Чин шударгаар төрийн төлөө ажиллаж байгаа төрийн хүмүүсийг ч харлуулахгүй. 

Гагцхүү нийтийн дайсан, бусдын боломжийг хулгайлагчид, үндэсний үйлдвэрлэгч гэж өөрсдийгөө малгайлаад бусдын бүх боломжийг хулгайлсан, авилга хээл хахуультай холбогдсон, ёс зүйн зөрчил гаргаад байгаа хүмүүсийг мэдээлнэ. Сэтгүүлч юм чинь ажлаа хийнэ. Хайр найргүй бичдэг. Бичих ч болно. Үзэгний маань үзүүрт олон ч хүн ингэж болохгүй гэдгээ мэдээд зогссон байх гэж боддог. Нэг алдааг нь хэлээд өгөхөөр зогсож алдаагаа засаад цааш явдаг болов уу. Энэ утгаараа буянтай мэргэжил гэж заримдаа боддог.

Өөрийнхөө зан чанаруудаас хамгийн хайртай, өнгөлөн тордсоор, усалсаар явах зан чанаруудаа нэрлээч? 

Өрөвчхөн, хайрладаг, бусдыг ойлгодог зан чанараа бол хаяж болохгүй шүү гэж боддог. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр