Ярилцлагын урилгын хариуд “Байдаг л асуултанд хариулмааргүй байна шүү” гэж та хэлсэн. Би бодлоо л доо. Их олон урилга хүлээж авч байгаа нь лавтай юм байна. Залхах тал руугаа хандаж дээ гэж?
Урилгаас залхсандаа биш би үзэгч түмнийг залхаахаас айсан юм. Учир нь “Зүрхний хилэн” кино гараад удаагүй байхад “Байтаг богд” нээлтээ хийсэн. Цаг хугацааны хувьд ойролцоо нээлтээ хийж, хоёр киног маань үзэгчид сайхан хүлээж авлаа. Яг энэ цаг үед миний багийн болон уран бүтээлүүдийн маань тухай сэтгэгдэл маш ихээр яригдаж байна. Ийм байхад би дахиад тайлбар тавих шаардлага бага байна. Гэвч урилгад чинь татгалзсан ч чиний ярилцлага хийх зорилгыг няцаааж чадсангүй. Олон сэтгүүлчийн урилгад үгүй гэхэд “За за” л гэдэг. Гэтэл чи тэгсэнгүй. Ярилцлага авч байна.
Хоёр кино дарааллан нээлтээ хийсэн ч уйдах биш эсрэгээрээ эх оронч үзэл жилийн эхний улирлын турш нийгмийг хөглөлөө. Сэтгэгдэл сайхан байгаа биз дээ? Эдгээр кинонууд найруулагчийн чинь хувьд чиний нэрийн хуудас болж байх шиг байна?
Н.Түвшинбаяр аварга дэлхийн тавцанд Монголын нэрийг мандуулсан. Г.Ариунбаатар, Асашёорюү Д.Дагвадорж бас байна. Энэ сайхан залуу насандаа ийм бахархалтай зүйл бас хиймээр л байна шүү дээ. Миний хувьд дэлхийд эх оронч үзлийг түгээлээ гэж байгаа юм биш. Хүн чаддаг чаддаг зүйлээрээ л эх орондоо ямар нэг зүйлийг бүтээе, хийе гэж байгаа юм. Энэ дуудлагаар л явж байна. “Зүрхний хилэн” бол миний бие даасан кино. Харин “Байтаг богд” –ыг аав хүү хоёр хамтран хийсэн. Орчин цагийн болон олон жилийн туршлагатай уран бүтээлчид санаа бодол, мэдрэмжээ сүлэн үзэгч олондоо кинонуудаа өргөн барилаа. Уран бүтээл маань үзэгч ард түмний сэтгэлд хүрч миний зүгээс киногоороо дамжуулан нийгэмд хэлэхийг, нийгэмд өгөхийг хүссэн үзэл бодол, сэрэл сэдэл маань хүрч байгааг хараад мэдээж сэтгэгдэл сайхан байна. Манай байгийнхан баяртай байгаа. Бид үргэлж нэг нэгэндээ хаан нь, нэг нэгнийхээ боол нь, хэн хэнийхээ хамгийн сайн найз нь бас хань ижил байж киногоо бүтээсэн.
Өөрийг чинь хэдхэн жилийн өмнө Б.Тамир кино найруулах гэнэ гэсэн басамж бичигдэж байсан. Гэтэл өнөөдөр ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж байна гэлээ. Маш их урам зориг, онгод зэрэгцээд ирж байна уу?
Их айж байна. Миний сүүлийн үеийн уран бүтээлүүд өндөр босго надад босголоо. Бид нийгмийн сэтгэлзүй, багийн ажиллагаа, онгод, зориг бүгдэнгээр хөглөгдөн эрчлэгдэж дараагийн уран бүтээлд орох нь.
Та дэлхийд Монголыг дуурсгах тухай дээр ярьсан. Монгол кино дэлхийд хэзээ гарах бол? Хэдий хугацаанд, ямар хурдаар юуг амжуулах шаардлагатай бол?
Манай улсад энэ салбараа дэлхийд дэлгэх ямар ч бодлого алга. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг шиг нэг нэгээр хил нэвтэрлээ, хичээлээ гээд ямар ч боломж харагдахгүй. Улсын бодлого, гадаад харилцааны далайц их чухал. Фантастик продакшны Тамираа гадагшаа хэдий тэмүүллээ ч эзэнгүй хүүхэд л байхгүй юу. Бид дэлхийн сүлжээнд орох хэрэгтэй. Англи хэлтэй жүжигчин бэлдэхээс эхлээд л энэ чинь бодлого. Гадаадад сурах ёстойг нь сургаад эргээд шахаж үр дүнг гаргахаа төр бодлогоороо зохицуулах л хэрэгтэй. Ингээд хилийн цаадах бодлого, зарчим, боловсролд нэвтрээд ирэхэд бидэнд явах жим, чиг гарна байх.
Хамгийн энгийнээр бодоход л орлон тоглуулагч шаардлагагүй ажилладаг Монгол жүжигчний имиджийг бүрдүүлэхэд нэг оноо.
Одоогийн байдлаар бол урдахаа хийгээд л явахаас өөр зүйлгүй. Удахгүй би киноныхоо чиглэлээр гадаадад сурна. Тэгсний дараа надад яг энэ асуултанд чинь баялаг их гарц ярих боломжтой болно байх.
Алдар нэр амар тайван нэг саванд багтдаггүй гэлцдэг. Уран бүтээлүүд чинь хит болж байгаа энэ цагт сайшаал зэмлэлийн өмнө зэрэг зогсож байна уу? Урлагийн гашуун хийгээд сайхныг амьдралаараа туулсан аав ээж нь өдийд юу гэж захиж байна?
Гаднаас гэж? Хэн?
Тийм гадны улсаас. Сошиал зэрэг зүйлийг ашиглан биднийг талцуулдаг гэж сонссон. Баатарыг баатар биш, үнэнийг үнэн биш, худлыг худал биш болгох гэсэн явуулга явдаг. Түүний ачаар бүх зүйл хэрүүл уруул үгүйсгэл дунд саармагждаг гэж. Бүхий л зүйлд итгэл үнэмшилгүй болгож байна. Ингэснээр залуус эв түнжингүй болдог тухай нэг хүнээс сонсож байсан юм байна. Би ажиглахнээ тийм ч юм шиг.
Та сүүлийн үеийн уран бүтээлүүдээ хийгээд эх оронч сэтгэлгээгээр хөглөгдсөн үү? Ер нь хэр эх оронч үзэлтэй хүн бэ?
Миний багын найзууд хэлнэ дээ. Киноныхоо сэдвээр имиджээ бүрдүүлээд байгаа юм байхгүй. Мэдээж миний уран бүтээл намайг илэрхийлнэ. Урлагийн хүмүүс бид нийгэмд болохгүй байгаа зүйлсээс ил гаргаж, олны анхаарлын төвд аваачдаг нь бичигдээгүй хууль. Авлигач ер нь хэн ч байж хэн гуай болсон ч үндэсний аюулгүй байдлын асуудал дээр ядаж эх орноо бодох л хэрэгтэй байхгүй юу.
Хэдэн намын хоорондох өшөө авалтын талбар болгочихоод байна. Үр хүүхдүүд маань амьсгалах эрх чөлөөгүй болчих вий гэж л бодож явбал уг нь...
Орчин үеийн залуус огт эх оронч үзэлгүй биш үзэлтэй. Гэхдээ түүнийгээ хужаа нарыг үзэн ядах мэтээр илэрхийлдэг нь буруу санагддаг?
Эх орон бол ирээдүй. Чи өнөөдөр эх орноо гэж бодохгүй байж болно. Гэтэл чиний хүүхэд бол чиний ирээдүй. Томоор төсөөлөхөд бэрх байгаа бол гэр доторхоороо бодож амьдарвал эх оронч амьдрал юм болов уу. Зарим залуусын хувьд эх оронч байтугай эрийн шинжгүй болсон гэж ахмадууд ярьдаг. Манай МУГЖ Г.Зобоот ах хэлэхдээ, “Зүрхний хилэн” -г иртүүзтэй банди нарт зорилъя гэж хэлж билээ.
Ер нь үнэн л дээ. Бид түүхэндээ морийг эдэлдэг байсан бол одоо харин эрчүүд маань мориндоо эдлүүлдэг болж байна. Бид хэд кинонууддаа яваад морио эдэлж сурсан. Үнэхээр сайхан Монгол эр хүний мэдрэмж байдаг. Бидний хэсэг залуус Монгол түүх, соёл, ахуйгаа мэддэг болж хөгжиж байгаа нь сайхан байна. Гадны хөгжил соёлыг тахин шүтэж хий хөндий дуурайх гэж гүйх биш судлах хэрэгтэй.
Өөрийн чинь тухай мэдээлэл бүрт л экс хийгээд шинэ хайруудын тухай их байх юм. Хэдхэн жилийн өмнөх явдлаас хойш энэ тал дээр хэр төлөвшсөн бол?
Тухайн үед л намайг тэгж бичихийг хүссэн. Оюутан байхдаа Boomtown хамтлагт байхаас л олны танил болж бичигдэж эхэлсэн. Бусдаас ялгаатай нь олонд ил болсонд л байгаа юм. Бусад хүмүүс ч ялгаагүй хайралж дуралж хагацадаг. Тэр үед би ямар үзэл бодолтой байсан одоо түүнээсээ их холдоогүй хэвээрээ л байгаа. Ярьвал Ремео, Жулетта хоёр чинь 14, 15 настай л байсан. Дэлхийн хайр дурлалын ноён оргил. Одоо тэгээд надаас асуудаг л даа, хүнтэй амьдрах гэж байна уу гэж? Мэдээж. Би амьд байна залуу байна. /Инээв/ Өмнөхөөсөө ялгаатай нь бусдыг таних гэж цаг хугацаа зориулж байна даа.
Хэр сайн аав бэ? Охиноо ямар хүмүүжилтэй эмэгтэй болоосой гэж хүсч байна? Энэ асуултын хариултаар орчин үеийн охид ямар хүмүүжилтэй байх шаардлагатай гэж хардгийг тань мэдэх гэсэн юм?
Уран бүтээлтэй үед бол охиндоо цаг гаргаж чаддаггүй. Аав ээж маань ар даана. Харин киногоо нээснээс хойш бол охиндоо бүх цагаа зориулахыг хичээдэг. Их нээлттэй, чөлөөтэй ярилцдаг. Ирээдүйд урлагийн хүн болгохгүй гэсэн бодол бий. Ер нь эмэгтэй хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах л буруу. Элдэв л зүйл сонсогдож байдаг. Баян хүнтэй явалдаж амьдралыг хялбарчлахаас эхлээд олон зүйл хэлж болно. Амьдралын туршид өөрөөсөө урвахгүй байх ёстой байх.
Энэ асуултад хариулахгүй байж болно шүү. Ер нь яагаад охиноо өөр дээрээ авсан бэ?
Хариуцлагын үүднээс. Охиноо голомтонд минь, миний хүмүүжлээр хүн болох ёстой гэж үзсэн. Охиныхоо ээжтэй амьдраад явсан ч миний үзэл бодлоор хүмүүжих байсан шүү дээ.
Хүн амьдралын алдаа оноо гэж их яридаг. Та хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртээ хэзээ дүн тавидаг вэ? Өөрөөр хэлбэл алдаа, оноо байсан гэж дүгнэлт гаргадаг уу? Болоод өнгөрсөн зүйл эсвэл болох ёстой зүйл болж байна гэж ханддаг уу?
Алдааг би алдаа гэж их зовдоггүй. Дүгнэлт хийгээд алджээ гэвэл өндийнө, өвдөгнийхөө шороог гөвнө. Дараагийн алхам илүү хашир байж, өмнөх алдааг давтахгүйг хичээнэ. Тамираа туйлын зорилгоо ухаарч харсан учраас тэр хүртэлх даваа, гүвээг даваад явна гэж боддог. Алдсан хойно алдаа нь биш алдаанаас хэрхэн гарах нь чухал.
Гучхан насандаа ард түмний талархлыг хүлээсэн уран бүтээл хэд хэдийг хийгээд догь байна. Уран бүтээлийг амжилттай хийж, өөрийгөө батлахад нөлөөлсөн зан чанар?
Би өөрөөсөө, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс огт урваагүй. Фантастик продакшн байгуулагдаад арван жил болж байна. Өнгөрсөн хугцаанд амжилт олоогүй, азгүйтсэн, өрөнд орсон гээд юу эсийг үзхэв. Зөвхөн кино хийгээгүй жүжиг тоглолоо, олон ангит кино хийлээ олон янзаар үзсэн дээ. Юу болсон ч зогсоогүй. “Зүрхний хилэн” бол миний арав дахь кино. Арван кино хийсний дараа харин намайг найруулагч гэж хүлээн зөвшөөрч байна.
Танай продакшны уран бүтээлүүдээс уран бүтээлч залуусын нөхөрлөлийг олж харах шиг болдог?
Нөхрийн чанар ядрах үед л танигддаг. Бид хэд арав гаруй жил үерхэж байна. Өнгөрсөн хугацаанд нэг зорилгын төлөө хамтдаа унаж босож явсаар энд цугтаа ирсэн.
Уран бүтээлийн амь, нас гэж байдаг шиг санагддаг. “Сэрэлт”, “Тунгалаг тамир”-аас Монголчууд уйдаагүй байна. Өөрийнхөө уран бүтээлийн хувьд төсөөлөл байна уу?
Тийм урт настай уран бүтээл хийхийг мөрөөддөг. Зориглодог- сэтгэлээ шингээдэг –ухаанаа зардаг. Би ийм зарчмаар уран бүтээлээ хийж байна. Байж болох бүхнээ зориулж байгаа учраас үнэ цэнээ алдахгүй гэдэгт итгэх юм.
Найр наадам, наргиан цэнгээнд хэр ойр эсвэл хэр хол амьдарч байна?
“Миний ах атаман”, “Аз жаргалын шок” зэрэг кинонууд маань гарч байхад шоу цэнгээн их байсан нь үнэн. Харин одоо тийм зүйлээс аль болох зайлсхийдэг. Суусан ч ойр дотны хүрээндээ л сэтгэлээ нээнэ.
Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд оочиход зуух олон ноходтой болох юм энэ шүлгийн тухай таны бодол?
Энэ бол амьдрал. Нэг сайхан залуу бүр өнгөрлөө шдээ.
Хэн?
Бандааш хоч авсан.
Д.Гантулга гишүүнийг хэлж байна уу?
Тийм ээ. “Зүрхний хилэн” киноны зураг авалтын үеэр бидэн дээр ирээд 500.000 төгрөгийн хандив өгч байсан. Би үүнийг хаана ч хэлнэ. Тэвдэж явахад минь тусалж байлаа. Яагаад үүнийг хэлсэн гэхээр долоогч нараар багаа бүрдүүлчихээр чинь яах юм бэ? Буруу зөрүүтэй явахад нь үнэн сэтгэлээсээ хэлж зөвлөхгүй. “Ромео жулетта” жүжгийн нэг үг бий. Бал хэдий амттай ч бялуурхын зовлон бий. Нэр хүнд, албан тушаалын огцом өөрчлөлтийг дааж чадсангүй дээ гэж хардаг. Үнэхээр буруу зүйл хийсэн бол хууль нь илрүүлээд явна. Үүгээр хэлэх гэсэн санаа минь гэвэл бидний үеийн залуусын нэр хүндийг тэр чигт нь бохирлож буй явдал. Сүүлийн үеийн залууст хариуцлага хүлээх чадвар их сул болсон.
Өнөөгийн нийгмийн өнгө төрхийг өөрөө хэрхэн харж байна? Уран бүтээл хийхийн тулд нийгмийн уран бүтээл хүлээж авах сэтгэл зүй, боловсролд дүгнэлт хийдэг байх?
Энэ нийгэмд үнэнийг олж харах үнэхээр хэцүү болсон. Үнэнээрээ байхын тулд маш их хэл амаар булуулж, доромжлуулдаг.
Нийгмийн хамгийн сайхан нь?
Удахгүй сайхан болноо гэдэг итгэл л сайхан байна даа
Ард түмэн амьдралын чанарын хоёр туйлд хуваагдсан. Нэг хэсэг нь хэдэн тэрбумын байранд амьдарч байхад зарим хэсэг нь таны киног кино театрт үзэх чадалгүй байна. Чаддаг нь чаддагаараа чадахгүй нь хохино уу? Энэ байгалийн хууль уу?
Баян ядуугийн ялгаа үүссэн тухай хэлж байх шиг байна. Үүнийг би шударга бус үйлчлэлээс болсон гэж харж байна. Хууль мөнгөтэйд нь үйлчилдэг гэдэг зүгээр ч нэг хэлчихээгүй үг. Төрийн ордонд улсаас хэдэн тэрбум, хэдэн зуун саяар нь зээл авчихаад өгчихнө гайгүй гээд сууж байгаа хүмүүс байна. Нөгөө талд нь харин найман хувийн зээлтэй, төлөлтийн хугацаа өнгөрөх төдийд дансыг нь хаагаад л яаж дарамталдаг билээ? Байрыг нь бараг хураагаад л. Харьцангүй үйлчлэл байгаа биз дээ. Гэхдээ үйлийн үр гэж байдагт эргэлзэхгүй байхыг энэ дээр байгаа хүмүүс ойлгох завгүй шуналтай явна.
Эх оронч үзэлтэй, эх орныхоо төлөө, ядарсан ардынхаа төлөө гэсэн түүхэн баатруудын тухай хийсэн кино хувьд одоогийн эрх баригч, улс төрчдийг юу гэж харж байна?
Урлаг нийгмээсээ арван алхмын урд явдаг гэдэг. “Байтаг богд”, “Зүрхний хилэн” гэж кино огт гараагүй гээд төсөөл дөө. Эх оронч хөгийг энэ цаг мөчид чи мэдрээгүй, ингэж асуух асуултгүй байх байж. Юу гэвэл урлагийн хүмүүсийн ажил бол бодох бодол, сэрээх чимээ, бахархах бахархал төрүүлөх замаар сэтгэл зүйн хувьд нийгмийг хооллох байдаг. Чадлынхаа хэмжээнд ажиллаж л байна.
Хамгийн өрөвдөлтэй сэтгэл өвдөм зүйл “Байтаг богд” –ын гол дүрүүд буюу эх орныхоо төлөө амиа өгсөн энэ хүмүүс чинь 20, 22 хон настай байсан. Эдгээр хүмүүс эх орон, алтан хилийнхээ төлөө амиа өгөхдөө үр хүүхэд, үе удмаа үлдээхгүй одох хатуу тавиланг зөвшөөрсөн.
Яг тэр хүмүүсээс үлдсэн үр хүүхэд гэж хэн ч үгүй... Эр зориг, чин сэтгэл, халуун цус нь шингэсэн эх газар нь л бидэнд үлдсэн. Гэтэл бидний дээр байгаа хэдэн нөхөд нэг бие байтугай хэдэн үеэрээ идэж дуусахгүй хөрөнгийг ард түмэн, эх орноосоо хулгайлж байна. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг л сонс. Сэхээний оронд дээр байна шүү ард түмэн минь. УИХ –ын гишүүд туслахаараа дамжуулаад над руу залгадаг. Киног чинь үзье гээд. Тэг тэг гээд танхим захиалж өгдөг. Үнэхээр эрх баригчид, улс төрчдийг үзээсэй гэж хүсдэг.
Уучлаарай, танхим захиалж өгдөг гэсэн үү? Тасалбар аваад ард түмэнтэйгээ цуг ороод үзэж болдоггүй хэрэг үү?
Болдоггүй л юм байлгүй. Ингээд хэлснээс болоод одоо үзэхээ байчих байх даа хөөрхий.
Ярилцсан танд баярлалаа.