2024/04/23. Мягмар гараг Дугаар: #2987

НОГООН ХУУДАС

Нийслэлийн ой нь түймэрт өртөх “АЮУЛТАЙ” ангилалд ордог

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 24

Монгол улсын нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувьд ой мод байдаг. Энэ хувь хэмжээ жил ирэх тусам багассаар байна. Ой мод устаж үгүй болж буйн шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа гээд бодохоор үнэхээр харамсалтай. Ой мод гэдэг зүгээр л нэг модыг хэлэхгүй тэнд амьдрал бий, тэндээс бид маш их ач тусыг хүртэж амьдардаг. Энэ удаагийн "Ногоон хуудас" буландаа хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн бүсийн ойн сан, ойн амьдрал, ойн ач тусын талаар мэдээлэл хүргэхээр НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар болон Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нартай ярилцлаа. 

Нийслэлийн хэмжээнд хэчнээн га ойн сан байдаг вэ?  Тэнд хэдэн зүйлийн ургамал, амьтан амьдарч байна вэ? 

Ц.Цолмонбаатар: Улаанбаатар хот Хэнтийн нурууны салбар уулсд багтдаг учраас биологийн төрөл зүйл харьцангуй баялаг. Нийслэлийн байгаль орчны газраас 2016 онд Улаанбаатар хотын хөхтөн амьтдын судалгаа хийхэд 54 зүйлийн хөхтөн амьтан, 257 зүйлийн шувуу, 2 зүйлийн хоёр нутагтан тархсан байсан. Мөн 2018 онд Улаанбаатар хот орчмын ургамлын аймгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар дамжуулан хийхэд 631 зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд үүнээс нэн ховор 18 зүйл, ховор 50 зүйлийн ургамал байна. 

Нийслэл хот ойт хээрийн эко системтэй бүсд багтдаг учир нийт ургамлын 80 орчим хувь нь ой модонд ургадаг гэж хэлж болно. 

О.Тэмүүжин: Дэлхийн хотуудын хүн амын өсөлт түүнээс дагалдан үүсэх уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол гэх мэт байгалийн тэнцэл алдагдуулах хүчин зүйлүүдийг сааруулах, экологи, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах эерэг нөлөөтэй зүйл бол хот орчмын ой юм.

Улаанбаатар хот нийт 407,4 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 1/4 хувь 116,2 га талбайг хот орчмын ой бүхий газар эзэлж байна. 

Нийслэлийн  ногоон бүсийн ой, түүний ашиглалт хамгаалалт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд талуудын оролцоог нэмэгдүүлэх, байгалийн ойд амьдрах, зугаалах, ашиглах, мөн тэдгээр хэрэгцээгээ хангах үүднээс хот орчмын ойн доройтлыг бууруулах ойжуулах, нөхөн сэрээх, зориудаар ой бий болгох хэрэгцээ шаардлага цаг үеэ даган тулгарч байна. 

Энэ онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 30 га талбайд ойжуулалт, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 75 га талбайд ногоон зурвас, нийт 105 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлтийг ажлыг гүйцэтгүүлсэн байгаа.

Нийслэлд хэчнээн ойн зурвас байдаг вэ? Ойн зурвас байгуулах нь ямар ач холбогдолтой юм бэ? 

О.Тэмүүжин: 1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлын хүрээнд өргөн 40 метр, урт нь 2 хүртэл км-ийн хэмжээтэй 10 зурвас байгуулсан байдаг. 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн аманд 1 байршилд ойн түймрээс сэргийлэх 1800 м урттай, 40м өргөнтэй халз зурвасыг шинэчлэн сэргээсэн.         

Түймрийн халз зурвасыг байгуулах, шинэчлэн сэргээснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, түймрийн тархалтын хурдыг багасгах, түймэр унтраах төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Нийслэлийн ойн  сангийн онцлог, моддын төрөл зүйлийг хэлж өгөөч? Харьцангуй залуу ойтой гэж ярьдаг. 

Голдуу шилмүүст мод ихтэй. Тухайлбал гацуур, шинэс, хуш, нарс гэх мэт шилмүүст мод, навчит модноос улиас, улиангар, бургас туул голын сав дагуу түлхүү ургасан байдаг. 

Нийслэлийн ногоон бүсийн ойг зонхилогч модны төрөл тус бүрээр авч үзвэл:

  • Шинэсэн ой - 50.126 га,  Хушин ой  - 16.520 га
  • Нарсан ой - 11.315 га, Гацууран ой - 1483 га
  • Хусан ой - 6830 га, Улиасан ой - 1939 га
  • Бургасан ой  - 2404 га, Улиангаран ой  - 30 га талбайд тус тус тархан ургасан байдаг.

2020 оны хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын ногоон бүсийн хушин ойн 60 гаруй хувь нь өсөлт саарч буй мододтой ой, 30 гаруй хувь нь өсөлт нь зогсож доройтож байгааг тогтоосон.

Судалгааны ажлын үр дүн, зөвлөмжийг үндэслэн ойн дагалт баялгийн хамгаалах зорилгоор 2021 онд нийслэлийн ойгоос хуш модны самрыг судалгаа, шинжилгээ болон ахуйн зориулалтаар бэлтгүүлэхгүй байх саналыг хүргүүлсэн. Мөн нийслэлийн ногоон бүсийн хушин ойд хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж, самрын отог гаргасан хүмүүсийг буулгаж байна.

Ой модыг сүйтгэдэг хүчин зүйлс нь юу юу вэ? Ой мод, ойн амьтад, ойн тэнцвэрт байдлыг хамгаалахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ? 

Нийслэл хотын ногоон бүсэд хамаарах ой нь Төв Азийн эх газрын эрс тэс хуурай уур амьсгалын нөлөөнд сибирийн их тайгын өмнө зах болон ургасан байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар сул, түймэр хөнөөлт шавж, өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд амархан өртөмтгий ой юм.

Нийслэлийн Байгаль орчны газар нь 33 байгаль хамгаалагчтайгаар нийслэл орчмын 326 мянган га талбайг хариуцан хамгаалан ажиллаж байгаа бөгөөд ногоон бүсийн нэг байгаль хамгаалагчид дунджаар 9600 га талбай оногддог.

Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийн ангиллаар нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр 2-р бүс буюу “АЮУЛТАЙ” гэсэн ангилалд ордог.

Нийслэлийн 9 дүүрэгт Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги жил бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн уг төлөвлөгөө үйл ажиллагаатай холбоотойгоор ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргаж хэрэгжилтийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл болгон өгч хангуулдаг.

Эдгээр үйл ажиллагааны дагуу зарим дүүргүүд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалтын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар томилгоожуулж, хуваарь гарган, урамшуулалт морин эргүүлүүдийг гэрээгээр томилон хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Намрын ид хуурайшилтын үе эхлээд байна. Яг энэ үед та бүхэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган ногоон бүсийн ойн санд явуулах зарим төрлийн үйл ажиллагааг түймрийн аюултай улирал буюу хавар намрын хуурайшилтын улиралд түр зогсоодог.  Тухайлбал, болзошгүй түймрийн аюул учирсан тохиолдолд цаг алдалгүй унтраах ажлыг зохион байгуулах, дээрх үйл ажиллагаанд шаардлагатай төсөв хөрөнгийг гаргах талаарх тодорхой чиглэл бүхий албан даалгавруудыг өгч ажилладаг. 

Манай байгууллагаас түймрийн эрсдлээс сэргийлэх зорилгоор хавар, намрын хуурайшилттай үед анхааруулах зурагт хуудсыг ойн сан бүхий нутгийн айл өрхүүдэд, ойн түймрээс сэргийлэх шторкыг нийгмийн сүлжээ, нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд явуулж байгаа.

Хөдөлгөөнт 33 морин эргүүлийг жил бүрийн хавар 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10, намар 09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллуулдаг.

Түймрийн аюулын эсрэг зөвхөн алба хаагчид бус иргэн бүр тэмцэх хэрэгтэй

Ойн түймрийн болзошгүй аюул гарсан үед иргэд өөрсдийн хүсэл зоригоор түймэр унтраах ажилд оролцдоггүй, дайчилгаанаас зугтаж хойш суух тохиолдол их байдаг. Ойг хамгаалах нь монгол улсын иргэн бүрийн үүрэг ухамсар билээ. 

Ой хээрийн түймрийн аюултай үеийг ойн тухай хуулийн хугацаанд заасан байдаг. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. Энэ жил “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй аяныг сарын хугацаанд өрнүүлж байна. Түймрийн аюул эрсдэл хүн бүрийн гарт байдаг гэдгийг санах хэрэгтэй юм. Уг аянаар дамжуулан бид хуурайшилтын үед ой санд нэвтрэхийг хориглох, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг таниулах, ойн сан бүхий газарт хууль зөрчин байшин, барилга барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх зөвлөгөө, шаардлагыг биечлэн өгөх, иргэдэд үүрэн холбооны операторуудаар дамжуулан сэрэмжлүүлэг мессеж хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. 

Ой үгүй болоход тэнд байгаа олон ургамал, амьтан устаж үгүй болдог.  Манайд хэдэн зүйлийн ойн амьтан байна вэ? Тэдний тоо толгой, амьдрах орчин ямар байгаа бол?

Ой нь маш олон амьтдын орогнох байр, идэш тэжээл амьдрах орчин болж байдаг. Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд 54 зүйл хөхтөн амьтан тохиолдоно. Жишээ хэлэхэд, Тэрэлж орчимд 2019 онд гарсан түймрийн улмаас эх Хандгай  нь эндэж, үр төл болох Хотол мэнд үлдсэн тохиолдол бий. Түймрийн хор хөнөөл нь зөвхөн модыг сүйтгээд зогсохгүй тэнд амьдардаг амьтан, ургамал бүгдийг устгадаг. Ойн амьтад, ургамал нь ой оршин байх экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад маш чухал үүрэгтэй. Тухайлбал самраар хооллодог шувууд нь хуш модны самрыг зөөж бусад газар булж дахин хуш мод ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Гэтэл ойн түймрийн улмаас эдгээр амьтдын тоо толгой хорогдох, амьдрах өөр нутаг хайж явахдаа ихээр туйлдан ядарч, энддэг. 

Сүүлийн жилүүдэд нийслэл хот өргөжин тэлж, барилга байгууламж ихээр баригдах болсон нь зэрлэг амьдтын тархац нутаг хумигдах шалтгаан болж байна. 

Зэрлэг амьтад амьдрах нутгаа алдахын эрхэнд суурьшлын бүс рүү идэш тэжээл хайж орж ирэх тохиолдлууд их гарах болсон. Тиймээс НБОГ-аас 2017 онд Зэрлэг амьтдыг асрах байрыг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын амьтны аймаг маш цөөхөн учраас хайрлан хамгаалах хэрэгтэй. Нийслэлийн ойт хээрийн бүсд нэн ховордсон 3-4 зүйлийн амьтан байдаг. Үүнд Хандгай, Буга, Халиун, Минж, Гөрөөс ордог. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт амьтан агнах барих хориотой байдаг хэдий ч иргэд хууль бус агнуур хийх, ялангуяа гөрөөс, тарвага агнах тохиолдол их гардаг. Үлдсэн нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн түймэр гарахад устаж үгүй болж байна. 

Ойн түймрийн хор хөнөөл та бидний төсөөлж байгаагаас ч их, гарз хохирлыг нь тооцож хэмжихэд хэцүү тийм их уршиг дагуулдаг. Ойн амьдрал үгүй болоход агааргүй, усгүй болох цаашлаад бүс нутгийн уур амьсгал өөрчлөгдөн цөлжилтөнд нэрвэгдэх, дулаарал явагдах гээд асар их хөнөөлтэй. Тиймээс хүн бүр ухамсар, мэдлэгтэй байж ойн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалъя.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө