Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр Одоогийн тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоонд параметрийн өөрчлөлт хийнэ. 2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүний тэтгэврээ бодуулах цалинг 1.4 сая төгрөгөөр хязгаарласнаас болж өндөр цалинтай байсан, олон жил ажилласан ахмадуудын тэтгэвэр 2023 онд итгэлцүүр шинэчлэхэд бага нэмэгдсэн. Тэтгэвэр бодох цалингийн хязгаарыг 2.4 сая төгрөг болгоно. Ингэснээр олон жил шимтгэл төлсөн ахмадуудад илүү нэмэгдэл очно" гэлээ.
ШУДАРГА ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮНД:
- Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрт шинээр олгоно.
- Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
- Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
- Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.
- Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
- Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.
- Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
- 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.
- Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
- Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
- Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө. Энэ бол Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл юм.
Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр 504 мянган ахмадын тэтгэвэр 100-300 мянгаар нэмэгдэнэ. Дунджаар 215 мянгаар тэтгэвэр нэмэгдэнэ.
35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5%-иар тэтгэврээ тогтоолгодог байсан бол 72.5 хувиар тогтоолгодог болно.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77