2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Нойр муутай олон хоног, сар явснаас даралт ихсэх, ходоодны шарх үүсэх эрсдэл нэмэгддэг

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 03

Дэлхийн нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорио зэрэг нөхцөл байдлын улмаас сүүлийн 2-3 жилийн хугацаанд нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өсчээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй гэсэн судалгаа гарсан байдаг.  Нойрны чанар муудаж, унтсан ч амарсан мэдрэмж авахгүй байх, ядрах зэрэг нь өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, харилцаа гээд бүхий л зүйлд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нойрны тухай дараах мэдээллийг хүргэж байна. 

Хэвийн, эрүүл нойр гэж юу вэ?

Нойр гэдэг нь хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин болон мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдаж, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатлыг хэлнэ. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэ хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг. 

Нойр нь хүний биеийн дотор эрхтний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалж, биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг хамгийн чухал амин хэрэгцээ юм. 

Хэрэв нүдээ аниад 10 минутын дотор унтаж чадаж байвал эрүүл хэвийн нойртой гэж үзнэ. 

Нойргүйдлийн шалтгаан, сөрөг нөлөө 

Бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг "нойргүйдэл" гэнэ. Нойргүйдлийн улмаас ядарч сульдах, толгой өвдөх, тайван бус болох, анхаарал сулрах, уур уцаартай болох, мартамхай болох шинж тэмдгүүд илэрдэг.

Нойр муутай, нойргүй олон хоног, сар явснаар даралт ихсэх, бусад архаг хууч өвчин сэдрэх, ходоодны шарх, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд хүргэх аюултай. Бие махбодын хувьд  арьс загатнах, тууралт гарах, арьсны эмгэгүүд ч үүсч болзошгүй.

Харин сэтгэл гутрал нь олон янзаар илэрдэг. Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн нэг хэсэг. Гэвч энэ байдал нь 14 долоо хоногоос дээш хугацаанд үргэжилвэл "сэтгэл гутрах эмгэг" болдог. Энэ эмгэгийн үед уур уцаартай, тайван бус, гутранги үзэл бодол, ганцаардах, өөрийгөө буруутгах, нойргүйдэх шинж тэмдэг гарна. Тиймээс ямар шалтгаанаар нойргүйдэж байгаагаа эхлээд тодорхойлох нь чухал юм. 

Чанартай, гүн нойрны ач холбогдол

Олон цаг унтсанаар нойроо бүрэн авч байна гэж ойлгож болохгүй. Таны нойрны чанар хэр байгаа нь илүү чухал. Гүн нойр авч сайн амрахын тулд юуны өмнө нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алкохол оройн цагаар бүү хэрэглэ. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг сонгож хэрэглээрэй. 

Мөн сөрөг стресс үүсгэж буй зүйлсээ цаг тухайд нь шийдвэрлэх, стрессээ бага дээр нь зөв тайлж сурах, авч буй мэдээлэлдээ цензуртэй хандах, аливаа сөрөг мэдээллийг даван туулах чадвартай байх нь нойрны асуудалд өртөхөөс сэргийлнэ.

Нойрны асуудалтай тулгарсан бол хэрхэн даван туулах вэ?

  • Өглөө эрт босох ажилгүй байсан ч өглөө тогтсон цагт босоорой.
  • Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийх, лифтэнд суухгүйгээр шатаар явахыг хичээгээрэй.
  • Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах.
  • Тархины эсийг сэргээх кафейн агуулсан хүнс, цайг өдөр болон орой уухгүй байхыг хичээх.
  • Дэлгэцийн хэрэглээг багасгах.
  • Шинэ дадал бий болгох, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, шинэ зүйлс турших зэргээр аль болох идэвхтэй байх нь үр дүнтэй.
  • Хөнгөн зэргийн нойргүйдэл илэрч буй хүмүүс  утсаар болон цахимаар мэргэжлийн хүнээс  эрүүл мэндийн зөвлөгөө аваарай. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө