2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

ЭМЧИЙН ӨРӨӨ

Нярайн шарлалт: Амьдралын хоёр дахь хоногоос шарлалт илрээд 7-14 хоногийн хугацаанд дуусч байвал хэвийн

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 15

Нярайн шарлалт гэж юу болох, физиологийн нярайн шарлалт хэрхэн явагддаг,  анхаарах зүйлсийн талаар ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг дараах зөвлөгөөг өглөө. 

Хүүхэд төрснөөс хойш 28 хүртэлх хоногийг нярай үе гэдэг. Нярайн шарлалт гэдэг нь нярай хүүхдийн арьс салст шарангуй туяатай болж шарлахыг хэлнэ. Шарлалт нь гүйцэд нярай, дутуу нярайд харилцан адилгүй ялгаатай эхэлдэг. Нярай хүүхдийн дасан зохицлын үе шатанд шарлалтыг хэвийн физиологийн процесс гэж үзэж болно. Эмгэг шарлалт нь арай өөр ойлголт. Энэ удаад физиологийн шарлалтын талаар илүү дэлгэрэнгүй ярих юм.

Гүйцэд нярай хүүхдүүдийн 60 хувь, дутуу нярай хүүхдүүдийн 80 хүртэл хувьд шарлалт тохиолддог. Дийлэнхдээ гүйцэд болон гүйцэдтэй ойролцоо дутуу нярай хүүхдүүдэд мэдэгдэхгүйгээр хэвийн үргэлжлэх нь бий. Шарлалт үүссэн хугацаа болон хэзээ эхэлсэн байдал, цусан дахь шарлалт үүсгэж буй билирубин бодисын хэмжээнээс хамаараад хүүхэд бүрд өөр өөрөөр илэрч болно. 

Шарлалт илрэх хэвийн хугацаа гэдэг нь хүүхэд төрөөд амьдралын хоёр дахь хоногийн төгсгөлөөс шарлалт илрээд 7-14 хоногийн хугацаанд дуусах ёстой байдаг. Азийн орнуудад илүү цагаан арьстай байдаг зэргээс шалтгаалаад нярайн шарлалт зарим тохиолдолд 2-3 долоо хоног үргэлжлэх нь бий. 

Билирубин бодис нярайн биеэс өтгөн, шээсээр ялгарах нь хамгийн чухал  гэж ойлгох хэрэгтэй. 

Нярайн шарлалтыг үүсгэдэг билирубин бодисын талаар та тайлбарлаж өгөөч?

Шарлалтыг үүсгэдэг билирубин бодис нь элгэнд очиж холбоод уурагтай нэгдсэний улмаас биеэс өтгөн зунгаг болон шээсээр бүрэн ялгарч дуусдаг. Энэ нь хүүхэд дөнгөж төрсний дараа ангир уургаа эрт амлаад хоол боловсруулах зам хэвийн ажиллаж байвал ялгарах хугацаа нь илүү хурдан явагддаг.

Хэрвээ хүүхэд хөхөө сайн хөхөж чадаж байгаа, эхийн хөхний сүү хангалттай, хүүхэд хөхөө бүрэн хөхөж байгаа тохиолдолд шарлалт огт мэдэгдэхгүй байдлаар аль болох хурдан биеэс ялгарна.

Зарим эрсдэлтэй бүлгийн хүүхдүүд гэж байдаг. Шарлалт удаан хугацаанд явах шалтгаантай тохиолдол нь эмгэг шарлалтын хэлбэрт ордог. Хүүхдэд тухайн өвчнийг үүсгэж буй өөр шалтгаанууд байна гэсэн үг. Жишээлбэл, эх нярайн цусны үл тохирооны улмаас цусны задарлаас үүсэж байгаа билирубины хэмжээ хэт өндөр байх магадлалтай. Зарим тохиолдолд чихрийн шижинтэй ээжээс төрсөн нярай, дотуур бүтэлттэй төрсөн зэрэг эрсдэлт хүчин зүйлс байх тусам хүүхдийн шарлалтын хэмжээ удаашралттай явагддаг. Мөн төрөөд 24 цагийн дотор илэрч байгаа шарлалт нь эмгэг шарлалтад орно. Тиймээс өвчний оношийн шалгуур өөр зарчмаар явагдана.

Таны хүүхэд хөхөө сайн хөхөж чадаад, баас шээсний гарц хэвийн, хоол боловсруулах зам нь хэвийн ажиллаж байвал энэ бодис жамаараа биеэс гадагшлаад биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй 14 хоногтоо дуусдаг. Хүүхэд төрөх орон дээрээс л ангир уургаа хэвийн зөв амлах ёстой. Ангир уургаа хэвийн амалсан хүүхэд цаашдаа хөхөх рефлекс нь сайн үүсээд хүндрэлүүдээс гарах магадлал сайн байдаг.

Физиологийн шарлалтын хувьд 3-4 дэх хоногт билирубины хэмжээ илүү өндөр буюу шарлалт илүүтэй явагдах магадлалтай. Энэ үедээ хөхөө сайн хөхөж байгаа бол шарлалт буух үйл ажиллагаа нь 3-4 дэх хоногтоо сайн буурдаг. 

Шарлалт эхлэхэд ямар шинж тэмдгүүдийг ажиглаж анхаарах хэрэгтэй вэ?

Төрсний дараа 24-48 цагийн хугацаанд эх, нярай хоёр ихэнхдээ төрөх амаржих газраа эмчийн хяналтад байна. Энэ тохиолдолд нярайг эмнэлгээс гарахаас өмнө заавал эхний шарлалтын үнэлгээг хийсэн байх ёстой. Хүүхэд хөхөө хөхөж байгаа тохиолдолд шарлалт эхэлсэн ч харьцангуй аюулгүй. 

Таны хүүхэд амаржих газраас 24-48 цагийн хугацаанд гарсан бол дараагийн шарлалтыг үнэлэх цагийн муруйг хянах давтамжийг анхаарах ёстой. Арьсны шарлалт биеийн аль хэсгийг хамарч байгааг ажиглаж болно. Эмнэлгээс гарсан л бол нярай эцэг эх гэр бүлтэйгээ хамт тэдний хяналт, асаргаанд байна. Тиймээс нярайн эмч шарлалтын эхний үнэлгээг хийгээд, зөвлөгөө өгөөд гаргана. Шарлалтын зөвлөгөө, нярайд илрэх аюултай шинжүүдийг хэлж өгдөг. 

Амаржих газраас гарснаас хойш нярай 72 цагийн дотор өрхийн эмчид үзүүлж бүтэн биеийн үнэлгээ хийлгэх ёстой. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ хуурайлж байхдаа анзаарч харах хэрэгтэй. Биеийн аль хэсэг нь яаж шарласан байна гээд. 

Шарлалт хэвийн явагдаж байгаа эсэхийг анхаарахгүй өнгөрөөвөл ямар эрсдэл үүсэх вэ?

Эхийн асаргаа хяналтад байгаа үедээ хүүхдээ маш сайн анхаарах хэрэгтэйг дахиад хэлье. Биеийн аль хэсэгт шарлалт нь илүү нэмэгдэж байна, арилж байна уу, нүдний шарангуй байдал илүү байна уу, хөлийн ул, гарын алганд шарлалт илүү байна уу гэдгийг ажиглах ёстой. Хөхөө хөхүүлээд сууж байхдаа өөрийнхөө гарын алгатай хүүхдийнхээ арьсны шарлалтыг харьцуулж харж болно. Түрүүн хэлсэн 3-4 дэх хоногт шарлалт илүүтэй тодорч болно. Хэрэв сайн хөхүүлж байгаа бол энэ хугацаанд шарлалт нэмэгдэхгүй буураад арилах боломжтой.

Мөн хүүхэд тань сайн бааж байна уу гэдгийг ажиглаарай. Сайн бааж байвал хөхөндөө сайн байгаагийн илрэл. Сайн шээж байгаа гэдэг нь өдөрт 6 живх сольж байгааг хэлнэ. Энэ бүгдийг ажиглах хэрэгтэй. 

Шарлалт илүү нэмэгдээд, эсвэл цөөн баагаад, хүүхэд хөхөндөө муу, хөхөө хөхөж чадахгүй санагдаж байвал эмчид хандах ёстой.

Хөхөө хөхүүлэхэд анхаарах зүйлс

Хүүхэд эхийн хөхний сүүгээр бүх шим тэжээл бодисоо авдаг. Аль болох олон удаагийн давтамжтай, хүссэн үед нь, хамгийн багадаа өдөрт наймаас доошгүй удаа буюу 2-3 цаг тутамд ойрхон хөхүүлэх нь сайн. 

Дутуу нярай, тээлтийн нас нь бага төрсөн хүүхдийн хөхөх рефлекс нь сул байж болно. Хөхөж чадахгүй бол хөхний саасан сүүг бэлтгээд өгнө. Зарим тохиолдолд донор эхийн сүүг давтамжтай өгөх нь ч бий. Аль болох л эхийн сүүг өгдөг. 

Хагалгаагаар төрсөн эхчүүдийн хувьп хөхний сүүний ялгарал 1-2 хоногийн дараа сайжирдаг. Нярай хүүхэд эхний 24 цагийн хугацаанд их сүү ууж угаасаа чаддаггүй. Тиймээс энэ хугацаанд сүү бага байна гэж санаа бүү зовоорой. Эх сайн амрах, сэтгэл санааны тайван байдалд хөхний сүүний ялгарал сайн нэмэгддэг. Хөхний сүү орлуулагчийг зайлшгүй тохиолдолд эмчийн заавраар эх зөвшөөрсөн үед л зөвлөдөг. Ер нь бол эхийн сүүг орлох бүтээгдэхүүн байхгүй.

Шарлалт 14 хоногоос илүү урт хугацаанд арилахгүй үргэлжилж байвал яах вэ?

Хэвийн физиологийн шарлалт нь дотроо хүндрэлгүй, хүндрэлтэй гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Хүндрэлтэй тохиолдолд эмгэг шарлалт руу шилжиж болно. Мөн хожуу шарлалт буюу 4 дэх хоногоос хойш эхэлж байвал эмгэг шарлалт гэж үзнэ. Эсвэл 24 цагийн дотор илэрвэл ямар нэг эмгэг нөлөөлөх өвчнүүд байна гэж үздэг. 

Шарлалт буух үзүүлэлтийг харахад, 14 хоногоос дээш шарлалтын үйл ажиллагаа буухгүй байх тохиолдол бий. Монгол хүүхдийн онцлог байдаг. Харьцангуй 21 хоног шарлалт үргэлжлэх боловч хүндрэлгүй хэлбэрээр явагдаж болдог. Үүнд билирубины түвшин айх хэмжээнд өндөр биш бол хөхөө сайн хөхүүлж ажиглах зөвлөмж өгдөг. Харин өвчнөөс хамаарсан шарлалтын үед заавал эрүүл мэндийн байгууллагат хандаж нярайн эмчийн зөвлөгөө авах ётсой.

Нярайн шарлалт ихэвчлэн хүндрэлгүй хэлбэрээр явагддаг. Физиологийн шарлалтын хувьд дутуу болон гүйцэд нярайг хянах, эрсдэлийг тодорхойлох муруй гэж байдаг. Үүгээр эмнэл зүйг нь эмч тодорхойлж 95 хувиас дээш буюу хэт өндөр түвшинд эрсдэлтэй гэж үздэг. Дутуу төрсөн, гүйцэд төрсөн эсэхээс хамаараад муруйн цагийн өсөлт янз бүр. 

Шарлалтаас болоод тархи гэмтэх эрсдэл нь юу вэ? 

Билирубин бодис өндөр түвшинд үүсээд биеэс ялгарахгүй байх нь аюултай. Гэхдээ хүмүүс нярайн шарлалт нь 200-тай байж байгаад тархи гэмтсэн гэдэг ойлголт нь туйлын буруу.

Жишээ нь, нярай хүүхдийн физиологийн шарлалт буух хэмжээ тээлтийн наснаас хамаараад зарим тохиолдолд 320 хүртэл байх бөгөөд хөхөө хөхөж байгаа тохиолдолд ямар нэг хүндрэлгүйгээр биеэс ялгардаг.  Шаардлагатай бол нярайн шарлалтын үндсэн эмчилгээ болох гэрлээр шарна. Тэгээд сайн хөхүүлнэ. 

Шарлалтаас болж тархи нь гэмтсэн гэх тохиолдлын тухайд бол хүүхдийн тээлтийн нас, эрсдэлт хүчин зүйлсийн хүрээнд билирубин хордолтын улмаас тархины эс гэмтэх үйл ажиллагааг хэлдэг. Өөрөөр хэлбэл, билирубин бодис гэдсээр дамжин өтгөн, шээс болж биеэс гарах ёстой үйл ажиллагаа алдагдсаны улмаас цус руу эргэн орж улмаар тархийг гэмтээх хүндэрлийг хэлж буй. Гэхдээ тархийг гэмтээх  билирубины түвшин гэдэг нь 450-аас дээш бол эрсдэлтэй байна гэж үзэж яаралтай шарлалтын эсрэг дэмжих эмчилгээ хийнэ. Энэ хэмжээ 500-510 болж дээшилсэн тохиолдолд тархины эсийг гэмтээх магадлал өндөр байдаг. Цөөн хүндэрсэн тохиолдол орж ирдэг. ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт хэвтэгсдийн 0.8-1.3 хувь нь билирубин хордолтын улмаас шарлалт үүссэн тохиолдол эзэлдэг.

Гэтэл ээжүүд маань нярайн шарлалт бүхэн тархийг гэмтээдэг гэсэн буруу ойлголтоосоо болж айж сандарч, хөхний сүү нь ч сайн орохгүй байх сөрөг талтай. Ингэж айж сандрах хэрэггүй. Нярайн эмч нарын эхчүүдэд өгдөг гол зөвлөгөө нь хүүхдээ сайн хөхүүлээд, хөхөндөө муудах шинж илрээгүй, шээс баасны үйл ажилллагаа хэвийн байгаа тохиолдолд энэ бодис биеэс ямар нэгэн нэмэлт эм тариа шаардлагагүй ялгарах бүрэн боломжтой юм шүү гэж хэлдэг. 



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26