2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

О.Дэлэг: Эзнийхээ арчилгаанаас хамаарч аквариумын загаснууд 3-20 жил амьдардаг

— Ч. Баяржаргал   2021 оны 06 сарын 17

10 гаруй жил тасралтгүй Аквариумын загас тэжээж буй О.Дэлэгтэй загас тэжээх, арчилгаа, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа. Тэрээр Барилгын Политехник Коллежид инженер багш мэргэжилтэй бөгөөд Монголын аквариумын загасны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй нэгэн юм. 

Аквариумын загас голын загаснаас ямар ялгаатай вэ? Хаанаас авч тэжээдэг вэ? 

Аквариумын загаснууд бүгд л голын загас. Гэхдээ дулаан орных гэдгээрээ онцлогтой. Манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд өнгө үзэмж нь ихэнхдээ бараан байдаг. Харин дулаан орны загаснууд тод гоёмсог өнгөтэй, биеийн хэмжээ нь жижигхэн байдаг. Аквариумын загас тасалгааны +20-оос +30 хүртэл хэмд тэжээгддэг бөгөөд голчлон +25 хэмд тэжээхэд тохиромжтой гэж үздэг.

Та ямар зорилгоор загас тэжээх болсон бэ? Ямар төрөл зүйлийн загас тэжээж байна?

Хүүхэд байхаасаа л загасанд дуртай байсан учраас хоббигоороо загас тэжээж эхэлсэн. 2010 оноос хойш олон төрлийн загасыг тасралтгүй тэжээж байна. Олон аквариум, сэт сольж, олон төрлийн загас болон амьд жараахай гаргадаг загаснуудыг голчлон тэжээдэг байсан. Харин одоо хэдэн төрлийн загасан дээр тогтоод дагнана гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед “Лабрингийн” овгийн Бетта, Гурам загаснууд болон Коридорас буюу Кори загасыг тэжээж байна.Эдгээр нь ерөнхийдөө цэвэрлэгээний загаснууд. 

Загасны ам доошоо, дээшээ харсан, ээтэн гэсэн гурван төрөл байдаг.  Доошоо харсан амтай загаснууд усныхаа ёроолоор амьдардаг бол дундаа амтай нь дундуур, дээшээ харсан амтай нь усныхаа мандлаар тус тус амьдардаг. Нэг нэгнийхээ амьдрах орчин болон хоол тэжээлийг булаацалдахгүйгээр зохицож чаддаг учраас сомны төрлийн загас тэр дундаа Кориг түлхүү тэжээдэг.

Анхлан загас тэжээх гэж буй хүмүүст  ер нь юу хэрэгтэй вэ? Ямар орчин нөхцөлийг бүрдүүлэх үү? 

Анх загас тэжээж байгаа хүмүүс нэг дор олон загас авах гэдэг буруу хандлага ажиглагддаг. Шууд л аквариумаа аваад, ус хийгээ л загасаа хийгээд боллоо гэж боддог. Ингэвэл загаснууд ихэнхдээ л үхээд дуусна. Буруу тэжээсний улмаас үхэх үед нь лусын амьтан барьж тамлалаа гэх зэргээр ханддаг хүмүүс ч бий.  

Юуны өмнө загас тавих орчноо сайтар бэлдэх хэрэгтэй. Та ямар зорилгоор загас тэжээх гэж байгаа вэ гэдгээ тодорхойлох  нь чухал. Тухайлбал, үржүүлгийн төрлөөр үү, эсвэл гэрт өнгө үзэмж нэмэх, амьд амьтан байлгая гэж бодож байна уу. Зарим нь байгалийн унаган төрхийг гэртээ акуаскэйп маягаар тавьж тэжээх нь ч байдаг. Үүнээсээ шалтгаалаад тухайн орчин нөхцөлдөө таарсан загасыг сонгоно.

Гэрт загас тэжээхэд нарны шууд тусгалаас хол зайд байрлуулах шаардлагатай. Учир нь  нарны шууд тусгал аквариумын температурыг өөрчилж, хэлбэлзэл үүсгэх, хурдан замагтуулах сөрөг талтай.  Тиймээс нарны тусгалын хэмжээний аминдэмүүд өгөх, аквариумын гэрэлтүүлэг хийх зэргээр орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Загас тэжээх хэр арчилгаатай вэ? Та өдөрт хэчнээн цагийг загаснууддаа зарцуулж байна? 

Би тахиа, тагтаа, нохой зэрэг амьтан тэжээж байсан. Бүхий л амьтан хүнээс тодорхой хэмжээний цаг зав, хайр халамж, анхаарал шаарддаг. 

Загас бусад амьтдыг бодвол нэг байсан орчиндоо л байдаг, 100 хувь хүний хараат байж, арчилгаа шаарддаг амьтан. Таны арчилгаанд дасаж цаашаа хэр урт удаан амьдрах эсэх нь шалтгаална.

Миний хувьд загаснууддаа хоол бага өгдөг талдаа. Өдөрт 2 удаа хооллодог.  5 хоногтоо нэг удаа 30 хувийн усаар сэлгэдэг. Хүмүүс ус сэлгэнэ гэхээр 100 хувь солих гээд байдаг. Халдварт өвчин гараагүй л бол ингэж сэлгэх шаардлагагүй. 

Крантны ус хлормин, ариутгалын бодистой байдаг учраас шууд хийх нь эрсдэлтэй. Хэдийгээр хүмүүсийг халдварт өвчнөөс сэргийлэх боловч загасны хувьд үхлийн тун болдог.  Шууд үхэхгүй ч гэсэн загасны хамгийн ил байрлах хэсэг буюу заламгайг гэмтээснээр хоол идэхгүй удах, дархлаа нь сулрах зэргээр бие нь өвдөж өвчлөх бөгөөд бусад загаснуудаа өвтгөх гээд байдаг. Тиймээс усаа сэлгэхдээ тусдаа саванд хийж хонуулах эсвэл хлор, зэв арилгагч бодисууд хийж цэвэршүүлэн сэлгэх нь чухал.

Аквариумын загаснуудын түгээмэл өвчилдөг халдвар, өвчин юу байдаг вэ? Та зөвлөгөө өгөөч?

Өнгөр, мөөгөнцөр зэрэг өвчин хамгийн их тохиолддог. Энэ нь усны температур өөрчлөгдөхөөр үүсдэг өвчнүүд.  Зарим хүмүүс халаагууртай, эсвэл халаагуургүй тэжээдэг. Энэ тохиолдолд халаагуур шатсанаа мэдэхгүй, орон сууцны халаалт зогсох зэргээс шалтгаалж өрөөний температур буурах, хэлбэлзэх үед өвчлөх магадлал ихэсдэг. Ер нь өрөөний дулааны огцом хэлбэлзлээс болж загаснууд өвдөх гээд байдаг. 1 градусын зөрүү ч маш их нөлөөлдөг.

Тэжээвэр амьтад эзнээсээ шалтгаалж олон үйлдэл, ааш сурсан байдаг. Загас ямар ааш авиртай, онцлогтой амьтан бэ? 

Нохой шиг төгс команд сурахгүй ч уйгагүй хөдөлмөр зарцуулж, хооллолтоор нь сургасан, характер суулгасан тохиолдол бий. Жишээ нь аквариумын шил тогшиход бүгд хоол өгөх гэж байна гэж бодон ирж шавдаг зэргээр рефлекс өгдөг болгосон байдаг.  

Дух акар гээд  нэг загас хүнд маш сайн дасдаг. Ер нь Америк сиклидийн төрлийн загаснууд хүнд нэлээн сайн дасдаг. Тэдэнд халамж анхаарал тавьж, зааж сургасан зүйлс нэлээдгүй байдаг гэж сонссон.

Таны тэжээдэг загаснууд ямар онцлог шинжтэй вэ? 

Би сүүлийн 2 жил бетта буюу Петушок, монголоор “дайчин загас”-ыг тэжээж байна. Энэ загасыг Тайландаас гаралтай гэдэг. Цагаан будааны загас юм. Цагаан будааны үрсэлгээг 15-20 см бүхий өвдөг хүрсэн усанд суулгадаг. Тэнд нь маш их хорхой шавж шумуул, авгалдай байдаг. Тиймээс тэдгээрийг устгах зорилгоор беттаг тариан талбайд тэжээдэг. Бетта тэндээ үржиж, үхэх бөгөөд үхсэн загас нь эргээд будааныхаа бордоо болоод явдаг. Ингээд тариан талбайн ус шагай хүртэл ширгэж, будаа сайн ургасны дараа буцаад загаснуудаа шүүж авдаг юм билээ. Бетта нь тариаланд ихээхэн ашиг тустай, тариаланч загас гэж хэлж болно.


Аквариумын загаснуудын үржлийн явц хэрхэн явагддаг вэ? Гол мөрний загас шиг хэдэн мянгаар нь түрсээ шахдаг уу? 

Аквариумын загаснууд бүгд дулаан орны гол мөрөн, нуурын загаснууд учраас тэрхүү орчин нөхцөлийг бэлдэж тааруулж байж үржил сайн явагддаг. Загасны төрөл зүйл бүхэн усны PH, температур гэх мэт өөр өөр нөхцөлд үрждэг. 10-12 сарын хугацаанд бие гүйцдэг. Зарим нь 3 жил болж байж үржилд орно.

Загасны том жижиг хэмжээнээс шалтгаалаад түрс шахалт нь ч мөн өөр. Том загас гэхэд 10 мянга орчим түрс гаргана. Амьд зулзага, жараахай гаргадаг загаснууд 200 орчим төл гаргах бөгөөд олон удаа үржилд орсны дараа туршлага сууж, илүү олон төл өгөх нь ч бий.

Загас гэрт тэжээхийн ач холбогдол юу вэ? Тэмцээн уралдаан болдог гэж сонссон. Ямар хэлбэрийн тэмцээн болдог вэ? 

Гэрт загас тэжээх нь  орчны температурыг барих, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх сайн талтай. Манайх шиг эрс тэс, хуурай  уур амьсгалтай нөхцөлд хүмүүст чийгшил их дутагддаг.  Мөн хувь хүний төлөвшилд олон сайн нөлөөтэй.  Амьтан, байгалиа хайрлах, бусад хүмүүстэй харьцах харилцаа, юмны учрыг олох чадварыг хөгжүүлэх, няхуур, ажиглалт сайтай, хөнгөн хуумгай шийдвэр гаргах нь багасах зэрэг олон давуу талтай. Сайн үржүүлж чадвал тодорхой хэмжээгээр тог ус хоолны зардлыг нь ч олох боломжтой.

Гадаадын орнуудад тэмцээн уралдаан нэлээдгүй болдог. Ургамлын төрлөөр акуаскэйп, үүн дотроо hardscape гэх мэтээр тэмцээн зохион байгуулагддаг. Жишээ нь “купи” гэж загасыг хамгийн сайн үржүүлж гаргаж авсан хүнийг шалгаруулах  зэргээр үржүүлгийн газруудын дунд өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээнүүд их болно. Тухайн үржүүлгийн загас гоё байвал тэр хэрээр худалдан авалт нэмэгдэнэ. Энэ төрлийн тэмцээнүүд манайд хөгжих шатандаа явж байгаа.

Таны хувьд загас тэжээж, үржүүлэх явцдаа сонирхолтой санагдсан зүйлс бишгүй л тохиолдсон байх. Манайн уншигчдад хуваалцаач?

Илдэн сүүлт буюу Меченосыг тэжээж байх үед үржил явагдаад төрж байгааг нь өөрийн нүдээр харж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа хүйсээ солиод эр болж жадаа шахаад гараад ирсэн. Тэгэхэд  маш их гайхсан. Яалтачгүй л төрж байхыг нь харж байсан эм загас ингэж хүйсээ сольж байгаа нь магадгүй байгалийн өгөгдөл болов уу. Үржихийн тулд хүйсээ сольсон ч байж болох юм гэж бодсон.

Бас загас хос болох үедээ их гоё, сонирхолтой. Бага байхаас нь тэжээж, өссөөр хосоо олох тэр мөч нь загас тэжээдэг хүнд маш сайхан санагддаг. Яг л үр хүүхэд нь насанд хүрч гэр бүл зохиож байгаа юм шиг л.  Discus, Angrl fish гэх мэт загаснууд хосоо олж бусдаас зай бариад үржих явцаа бэлдэж байгаа зэргийг нь ажиглан харах үнэхээр гоё.  

Шөнө аквариумын загаснуудаа хараад суухад маш сайхан тайвшрал мэдрэгдэж, стресс тайлагдах шиг л болдог шүү.

Хооллолтын хувьд ямар байдаг вэ ? Гэрт үргэлж хэн нэгэн байх шаардлагатай юу?

3-7 хоногтоо эзэнгүй байхад гайгүй. Амьд ургамалтай, хайргатай орчин нөхцөлд 7 хоног байж чаддаг. Хооллолтын хувьд нэг төрлийн хоол байнга өгөхөөс илүүтэй загас бүрт таарсан олон төрлийн амин дэмтэй хоол өгч байж эрүүл чийрэг, урт удаан наслах боломжтой. Хүн өдөр бүр шөлтэй хоол идээд байдаггүй шиг л. Ямар нөхцөлд байгаагаас нь хамаарч  уураг, ургамлын гаралтай гэх мэт хоолнууд амьтны дэлгүүрт сонголт ихтэй болсон.

Магадгүй хөдөө гадаа, олон хоногоор эзгүй байх үе гарвал хооллох боломжтой цагийн тохиргоотой автомат хооллогч гэж байдаг. Орчин үед загас тэжээхэд нөхцөл боломж тун сайжирсан шүү. Удаан хугацаагаар өгөх хоолнууд ч бий. Усанд нь нэг хийчхэд 7 хоногтоо усандаа уусахгүй хооллоод байх боломжтой. 

Хоол тэжээл, арчилгаанаасаа шалтгаалаад аквариумын загаснууд 3-20 жил амьдардаг.  Тэжээж буй загасаа 3 сар эсвэл 3 жил, 20 жил амьдруулах уу гэдэг нь цэвэр таниас л шалтгаална.

Хамгийн үнэтэй, гоё загаснууд гэвэл ямар загаснууд байна вэ? Манайд ямар үнээр зарагддаг бол?

Японд байдаг Кой  аквариумын загас 60 мянган доллар хүрсэн байдаг. Мөн Arowana буюу Ясан хэлт гээд луу загас байна. Энэ төрлийн алтан луу загас нь гэхэд 150 сая төгрөгийн үнэ хүрсэн тохиолдол бий. Харин манай оронд дээд тал нь 1-2 сая орчмын үнэтэй загаснууд байдаг.  Ховор, дахин давтагдашгүй өнгө үзэмжтэй байхаасаа хамаарч үнэ нь янз бүр. Эд зүйлээрээ гайхуулахаас илүүтэй тэжээдэг үнэтэй амьтдаараа өрсөлдөх хандлага дэлхийн бусад орнуудад их байдаг юм билээ.

Гаднын үнэтэй ховор төрлийн загаснуудыг Монголдоо оруулж ирж үржүүлэх боломж хэр байдаг вэ?

Жаахан бэрхшээлтэй л дээ. Хил гаалиар нэлээн шат дамжлага дамжиж байж оруулж ирдэг. Ер нь л эрсдэл өндөртэй. Мэдээж хүн бүрийн харах өнцөг, мэдрэмж өөр учраас тэр гоё загас, энэ нь илүү гоё гэж сонгож авах нь өрөөсгөл. Хэдэн мянган төрөл зүйлийн загаснаас хүн өөртөө л таалагдсангаа сонгож түүнийгээ л хамгийн гоё гэж хардаг. Энэ нь нөгөө талаараа загас тэжээж, үржүүлэх нь хэчнээн өргөн цар хүрээтэй болохыг харуулж байгаа юм. Хүн бүр нэг  төрлийн загасыг гоё гээд тэжээгээд байвал хөгжил нь удаан байх ч юм билүү.

Манай монголд л амьдардаг ховор сонин аквариумын загас бий юу? 

Илдэн сүүлт буюу меченос, хар сүүлт гээд загас монголдоо л номер нэг. Гаднын орнуудаас авах сонирхол маш их байдаг.  Угшил нь Оросоос орж ирсэн ч Монголын аквариустууд илүү сайн хөгжүүлж чадсан. Энэ төрлийн загас Монголд л төгс зохицон амьдарч байна. Бас нэг зүйл нь янз бүрийн загас нутагшуулах нь экосистемд аюултай байхвий гэсэн болгоомжлол байдаг. Харин аквариумын загаснууд манай орны цаг уурын байдал, гол мөрөнд зохицон амьдрах ямар ч чадамжгүй учраас экосистемийг эвдэх боломжгүй юм.

Загас тэжээдэг хүмүүсийн холбоо, нэгдэл бий юу? Цаашдаа энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

Миний бие “Монголын аквариум загас ургамал сонирхогчдын холбоо”-г үүсгэн байгуулагч гэж явдаг. Одоогоор гишүүнчиллээ албан ёсоор аваагүй. Гэхдээ фэйсбүүкийн 90 мянга гаруй гишүүнтэй группээрээ дамжуулж шаардлагатай бүхий л мэдээлэл, хийж буй ажлуудаа тайлагнан, загасны төрөл зүйл дээр клубууд үүсгэх талаар уриалж байгаа. Үүний хүрээнд 10 гаруй клуб нэршил, логогоо хэвлүүлээд үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Цаашдаа клубуудын гишүүдийг холбоондоо нэгтгэж аквариумын загасны хөгжилд хувь нэмрээ оруулах бодолтой байгаа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр