2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч О.Ялалт: Вакцин хийлгээгүй хүн ковидоор хүндрээд нас барахыг хараад вакцинаа хийлгэчихгүй яав даа гэж харамсаж байлаа

— Б.Батцэцэг   2022 оны 05 сарын 12

Өнөөдөр олон улсын Сувилагч нарын өдөр тохиож байна. Монгол улсад 2020 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 56.5 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 13,112 сувилагч байгаа юм. Энэ жил сувилагч нарын өдрийг "Манлайллын дуу хоолой сувилагч нарын эрх ашгийг дээдлэн, эрүүл дэлхийн төлөө сувилахуйн салбарт хөрөнгө оруулцгаая” уриан дор тэмдэглэж байна. 

Монголын 13 мянган сувилагчийн төлөөлөл болсон ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Тэргүүлэх зэрэгтэй сувилагч О.Ялалттай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Цар тахлын үед халдварын голомтод ажиллаж байх үеийн түүхээ бидэнд хуваалцсан юм. 

ХӨСҮТ-ийн сувилагч нар ковидын үеийг хэрхэн туулав? Эргээд бодоход, хамгийн түрүүнд юу хэлмээр байна?

Хоёр жилийн хугацаанд баг хамт олноороо, ард түмэнтэйгээ нийлж ажилласан гэж боддог. Цар тахал бүх л зүйлийг хөдөлгөлөө. Нийгэм, улс, дэлхий даяар нь. Иргэд ч сурах юм ихтэй, бидний хувьд ч мөн адил иргэдтэйгээ илүү их сэтгэл зүрхээ хуваалцсан үе байсан гэж бодогдож байна.

Сэтгэл зүрхээ хуваалцсан гэдэг үг их дотно сонсогдож байна. Сувилагч хүний мөн чанар илэрч байна уу даа? 

Тийм. Цар тахал дэлхий нийтэд тархаж эхэлсэн өдрөөс л ард түмэн бидэнд сэтгэлийн дэм хайрласан. Энэ сэтглийн хүчээр бид баг хамт олноороо аюулт өвчний ард гарч чадлаа гэж бодогддог. Ард түмэн бидэнд сайхан сэтгэгдэл, дандаа урам өгч байсан. Хүүхдүүд хүртэл хөөрхөн сэтгэлийн мессеж илгээгээд л, иргэдээс сэтгэлийн бэлэгтэй, төрөөс ч бас цалин мөнгийг цагт нь тавьж байсан. Зарим хүмүүс нөхцөл байдал муу байсан гэж ярьж байсан ч манай байгууллагын хувьд асар хүндрэлтэй байдал ер гараагүй. Тийм ч учраас бид ард нь гарч явна даа.

Цар тахал Уханьд гарлаа гэдгийг сонсоод ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд хэрхэн хүлээж авав. Та нар л эмчилж эдгээн, хамгийн түрүүнд нүүр тулах хүмүүс нь шүү дээ. Тэр үеийн мэдрэмж ямар байсан байсан бэ?

Монголд ороод ирлээ гэх үе байсан. Нэг өдөр ажилда ирсэн чинь хамгаалалт гараад хаачихсан оруулахгүй байсан. Ажлын үнэмлэхээ үзүүлээд машингүй орсон. Тэгээд дотроо бодсон л доо. Ямар хэцүү байсан ч түүнд сэтгэлин бэлтгэлтэй мэргэжлийн хүн учраас би чаднаа гэж...Гэхдээ маш сонин сэтгэгдэл төрж байсан. "Яана аа ингээд л ороод ирчихэж байгаа юм уу? ийм хурдан уу" гэж бодогдож байсан. 

ХӨСҮТ-ийн сувилагч гэдэг энгийн үед ч онцгой байдлын бэлэн байдалтай байдаг уу?

ХӨСҮТ-д ажиллаж байгаа сувилагч нар ер нь сэтгэлийн хат сайн байх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл миний ажил өөрөө халдварт өвчинтэй хүнийг сувилах шүү дээ. Халдвартай нөхцөлд сэтгэл зүйгээрээ маш их хат сайтай хүмүүс л ажиллана. Халдварт өвчин тусчихсан эмчлүүлэгчид маш их сэтгэлийн шаналгаатай байдаг. 

Бэлгийн замын өвчтэй хүн байлаа гэхэд тэрийгээ хүнд хэлж чадахгүй. Байнгын шаналал, эмзэглэлтэй хүмүүс байдаг нь бусад эмнэлгээс арай нэг өөр. Тэр хүнтэй харьцахын тулд бид өөрсдөө бараг сэтгэл зүйч шиг ажиллах ёстой болдог.

Эргээд бодоход сэтгэлд тань онцгой тод санагддаг дурсамж байдаг уу? 

Эмчлүүлэгчид "баярлалаа" гэж хэлдэг нь л хамгийн сайхан. Нэг удаа би автобусанд суугаад маш их ядарсан царайтай сууж явж байсан чинь нэг эмэгтэй "эгчээ та ийшээ суу, та халдвартын сувилагч байна тэ" гэхэд нь би маш их баярласан. Тэр миний үйлчлүүлэгч байсан байх. Би сайн санахгүй байхад намайг таниад "Та Ялалт сувилагч байна. Би охинтойгоо танайд хэвтэж эмчлүүлж байсан. Та надад маш гоё сэтгэгдэл үлдээж, их тус болж байсан" гэж хэлэхэд нь энэ мэргэжлээрээ бахархах сэтгэл төрсөн. Ийм гоё сэтгэгдэл сонсох, нэг хүн ч гэсэн намайг таниад хүндэлж байгаад маш сайхан сэтгэгдэл төрж билээ.

Бас нэг оюутан охин байсан. Элэгний вирусээр өвдөөд шаралсан хөдөөнөөс ирсэн охин байсан. Тэгээд тасаг руу шилжихдээ жижигхэн цаасан дээр “Танд маш их баярлалаа, та сайхан сэтгэл гаргаж надад маш сайхан үйлчилсэн, танд эрүүл энх аз жаргал хүсье” гээд зүрх шиг эвхээд өгсөн нь маш сайхан санагдаж байсан. Тухайн үед тэр охинд гэрээсээ хол гэдгээр нь арай илүү анхаарч хандсан бололтой юм.

Сувилагчийн ажлыг ер нь их сайхан сэтгэлтэй хүн л хийдэг юм шиг сэтгэгдэл төрж байна? 

Эмч эмнэлгийн ажилчдын мэдлэг чадварын үндэс суурь нь сайхан сэтгэлээ байх ёстой юм болов уу.

Та зүүн салаа руу явдаг гэсэн. Ирж очихдоо хэдэн цагийг автобусанд өнгөрөөж байна?

Сэхээний сувилагч маш эрт очиж ажил үүргийн хувиараа зохицуулах ёстой байдаг л даа. Тиймээс өглөө эхний автобусанд сууна. 6.40-ийн автобусанд суугаад 8 цаг гэхэд ажил дээрээ ирдэг. 

Хүн ер нь маш жаахан зүйлд баярладаг юм байна гэж бодлоо таны ярианаас сонсоод. Үүний эсрэг маш их гомдсон зүйл тохиолдож байв уу?

Тийм тохиолдол бараг байхгүй дээ.

Ковидын үед маш олон хоног гэртээ харихгүйгээр эмнэлгийнхэн ажиллаж байна гэж яригддаг байсан. Та ковидын үед хэрхэн ажилласан бэ? Ажил үүргийн хуваарь тань ямар байв?

Эхний үед сувилагч нар 14 хоног ажиллаад 14 хоног тусгаарлалтад орж 28 хоног гэртээ харихгүйгээр ажилладаг байсан. Харин эмч нарын хувьд ёстой цаг наргүй ажиллаж байсан. Бид 14 хоног тусгаарлалтад байхдаа өөрсдийгөө амрааж байсан бол халдвар судлаач эмч, удирдлагууд харин бид нараас илүү ачаалалтай ажиллаж байсан.

Нууц биш бол ковидын үед хэдэн төгрөгийн цалин авч байв. Ер нь таны цалин хэд вэ? 

Одоо үндсэн цалин 759 мянган төгрөг байгаа. 24/48 ээлжээр ажиллаж байна. Илүү цаг нь бодогдоод 1.2-1.3 сая төгрөгийн хооронд тогтмол авч байна. Ковидын үед халдвартай нөхцөлийн илүү цагууд ороод. 1.5-1.6 сая төгрөгийн хооронд авч байсан.

Ковидын үед ажиллахад халдвар авчихвий гэсэн айдас ажлаа хийхэд саад болж байв уу? Тэр бодол айдсыг хэрхэн даван туулсан бэ? 

Эхэн үедээ халдвар авчихвий дээ гэсэн айдас байсан. Ковид агаар дуслын замаар халдварладаг урчаас тэр дунд ажиллаж байгаа болохоор хэчнээн хамгаалалтын хэрэгсэл зүүсэн ч эрсдэлтэй байсан. Маск гэхэд яг миний нүүрэнд таарсан биш цаанаас нийтэд нь өгсөн маскыг зүүж байсан учраас айж л байлаа. Тэгээд байнга хувцас маскаа сольж халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж байсан. Сүүлд халдвар, ачаалал ихсээд ирэхээр ядарч сульдаад халдвар авсан эмч сувилагчид байсан.

Та тэр үед хэдэн удаа халдвар авсан бэ. Яаж эмчилсэн. Вакцинд хамрагдсан байсан уу?

Эхний өвчлөлийн үеэр бид нарт вакцин хийгээгүй байсан учраас айж байсан. Тэгэхэд ард түмэн, хамт олон биднийг сэргээж урмын үгээр тэтгэж байсан нь маш их хүч өгсөн. Манай улс азтай гэж боддог. Бусад улсыг бодвол яг хэрэгцээтэй үед хэрэгтэй эмээр хангаж, вакцинжуулалтыг маш сайн зохицуулж шийдсэн. Түүний ачаар бусад улс орон шиг их хэмжээний хохирол амсаагүй. 

Жаахан таагүй асуулт байж магадгүй. Танай хамт олноос ковидоор нас барсан хүн бий юу? 

Байхгүй.

Ковидын үед ажиллаж байхад зүрхэнд шар ус хуруулсан ямар явдал өрнөсөн бэ? 

Тухайн үед хэл ам их л гарч байсан. Нэг явдал нь гэвэл Оросын жолооч нарын шинжилгээг нь сөрөг болгож байж гаргана гээд олон хоногоор тусгаарласан. Тэр жолооч нар цонх нүдээд биднийг гарга, орос хэзээ ч ингэдэггүй, та нар яагаад олон хоног байлгаад байгаа юм. Бид нар явмаар байна гээд хаалга үүд нүдээд гарга явуул, шинжилгээ өгөхгүй гээд хэдэн цагаар зогсоочихоод өрөөндөө ч оруулахгүй. Тэр үед л хэцүү байсан. Бид нар шинжилгээг 3 хоноод авдаг байсан үе. Тэгэхэд ямар их шинжилгээ авдаг юм гээд л хоолоо идэхгүй, эмээ уухгүй гээд асуудал их гарч байсан. Тэр үед эмч маань орос хэлтэй учраас тэд нарыг тайвшруулж чадсан.

Ковидын үед та бүхний ажлыг юу хамгийн их хүндрүүлж байсан бэ?

Коронавирусын халдвар өөр улс орнуудад мутацлагдаад тархаж байсан. Өвчнөө бүрэн гүйцэд судалж амжаагүй байхад тархсан учраас ард иргэдийн хамраас PCR/ПГУ шинжилгээ олноор нь авах зохицуулалттай байсан. гэтэл тэр улсад тэгж байхад манайд л тийм байна гэх хэл ам их гарч байсан. Тухайн үед шинэ мутаци гарсан ч хүмүүсийг олон хоног тусгаарлаж байсан нь аль аль талдаа ачаалал дарамт болж байсан. 

Та цар тахлын үед ковидын халдвар авсан хэдэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ?

Ковидын үед давтагдсан тоогоор нэг жилд 2100 гаруй хүнд сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Сэхээн амьдруулах тасаг гэдэг  тэр хүн цаашаа явах уу наашаа эргэх үү гэдэг ор мөн үү? Тэнд ажиллахад ямар ур чадвар, сэтгэл зүй шаарддаг вэ? Авч үлдэхийн тулд юугаа зориулж байсан бэ? Залбирдаг уу?

Сэхээний сувилагч нар  амь тэнсэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Амин чухал хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг үзүүлнэ шүү дээ. Жишээ нь ухаангүй өвчтөн байлаа гэхэд өрөөний агааржурлалтыг нь тохируулах, таатаа орчин бүрдүүлэх, зөв хооллох, байрлалыг нь солих гээд л бүх асаргаа сувилгааг хийнэ. Ухаангүй байлаа гээд хүйтэн хөндий харьцахгүй. Өвчөнтэйгөө ярина. Хоолоо зоон доор нь шахахдаа "би танд тэдэн грамм бантан өгч байна шүү, та хоолоо идэж байна шүү" гээд л байнга ярьж тэр хүнд сэтгэлээсээ хандаж харилцана. Бас залбиралдаг. Өөрөө эх хүн учраас. Энэ сайхан хүн босчихоосой гээд л...Алдчихгүйн тулд бүхий л бололцоо, ур чадавраа гаргаж ажилладаг. 

"Эмчээ сэргэчихсэн шүү" гэж хэлэх л хамгийн гоё. Бас ар гэрийн хүмүүсийнх нь сэтгэл зүйг нь давхар засаж явна. Урам зориг өгнө.

Халдварт өвчнөөс хүн өөрийгөө хамгаалж бас болно. Сэхээний тасагт байгаа хүний эрүүл мэндийн боловсролын талаар бодох үе байдаг уу? 

Тийм бодол заримдаа төрдөг. Ялангуяа вакцин хийлгээгүй хүмүүсийг вакцин хийлгэсэн бол хөнгөн тусаад магадгүй сэхээнээс гарчих байсан болов уу даа гэсэн сэтгэгдэл төрнө... Вакцин хийлгээгүй хүн ковидоор хүндрээд нас барж байхыг харахад тийм бодол төрж байсан.

Цар тахлын хугацаанд шинээр бий болсон ажлын туршлага, ололт юу байв?

Шинэ тоног төхөөрөмжүүдийг шийдэж өгсөн. Үүний ачаар сэхээний тасгийн хувьд олон асуудал шийдэгдсэн. Энэ хэмжээгээр бидний ур чадвар ч нэмэгдэж байна. Бусад улс оронтой хөл нийлүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.

Ковидын хүнд нөхцөлд танай эмнэлэгт хэдэн сувилагч ажилласан бэ? 

205 сувилагч ажиллаж байгаа. Нийт 285 эмч сувилагч тусгай мэргэжилтэн ажилласан. 

Хэд нь ажлаа орхисон бэ? 

Шантраад гарсан хүн манай тасагт лав байхгүй.

Сувилагч мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллахад юу таныг хөдөлгөж, урам зориг өгч байна вэ?

Ер нь сувилагч хүний өөрийн зан чанар байдаг. Би халдвартад ажилд ороод удаагүй байсан, нас баралт харж байгаагүй үе. Сэхээний тасагт ээлжинд гарч байтал хоёр өрөөнд хоёр хүн нас барсан. Тэр үед би үнэхээр их айсан. Гэртээ очоод арц аваад ирээч айгаад байна гээд хэлж байсан. Шантраад очихгүй гэж ч бодсон. Тэр үед багшийн хэлж байсан “Хүн нас барахад шантрах юм бол одоо мэргэжлээ хаяарай” гэдэг үг орж ирсэн. Тэгээд дараагийн ээлжинд очиход тэр үеийн хамт ажиллаж байсан эгч нар “намайг дахиж ирэхээргүй явчихлаа даа гэж бодож байсан чинь хүрээд ирлээ шүү. Мундаг сайн байна” гэж хэлж байсан. Тэгээд намайг маш сайн сургаж байсан. Хаттай байх ёстой гээд.. Анхнаасаа хаттай байхыг сургаж өгсөн нь одоог хүртэл мэргэжлээрээ ажиллахад их нөлөөлсөн.

Үхэл хагацал хэдийг ч үзсэн байхав. Нүүр тулж ажиллах нь их хүнд мөч байдаг байх?

Хэцүү. Ковидын үеэр 14 хоног гар дээрээ асарч байсан настай хүн минь нас барсан. Олон настай хүн нас барсан... 14 хоног сайхан асраад тусгаарлалтад шилжүүлчихээд бусад сувилагч нараасаа “хүн минь яасан?” гээд асуухад нас барсан гэдгийг сонсоод маш хэцүү байсан. Ээж шигээ хүнийг асарч байгаад алдах хэцүү. Би саяхан өөрийн эрэгтэй дүүг ковидын хүндрэлээр алдсан. Хамгийн аймшигтай нь тэр байсан. Ковид хүний ужиг өвчнийг бариад авдаг. Настай хүмүүс архаг хууч ихтэй болохоор хүнд байсан. Эхний дархлаажуулалт хийгдээгүй, ар гэртэй нь уулзуулдаггүй байсан. Аав ээжийгээ харахгүй өнгөрүүлж байгааг нь хараад маш хэцүү байсан.

Цар тахлын ард харьцангуй гараад ирж байна. Ард түмний зүгээс та нартаа “баярлалаа” гэж хэлж байна. Сэтгэгдэл хэр байна вэ? 

Хүнд ер нь баярлалаа гэдэг үг хамгийн гоё сонсогддог. Тухайн үеийн хэцүү хүнд байдлыг, эмч сувилагч эрүүл мэндийн ажилчид ингэж ажиллаж байна гэдгийг хэвлэл мэдээллийнхэн ард түмэнд хүргэж ойлгуулж байсанд бас “баярлалаа”. Ард түмэн нөхцөл байдлыг мэдээд бидэнд сэтгэлийн хүч илгээж байсны урмаар бид өнөөдөр хамт байна. 

Маш их баярлалаа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр