Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлж буй "Атар хамтын төгөл" ойжуулалтын талбайд тус сумын иргэд, гэр бүлүүд, сурагч, төрийн алба хаагчид болон Ахмад багш ажилчдын холбооны гишүүд, Нийслэлийн 1, 16, 35, 58 -р сургуулийн ахмад багш нар 2000 гаруй модыг сайн дураараа тарилаа. Жил ирэх тусам иргэдийн мод тарих идэвх нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.
Арга хэмжээг нээж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа, Ногоон ази сүлжээ ТББ-ын Төслийн ахлах менежер Б.Хонгорзул нар үг хэлж, мод тарихаар ирсэн иргэдэд хэрхэн тарих заавар зөвлөмжийг өгч хамтдаа мод тарив.
"Атар хамтын төгөл"-д салхины хамгаалалт болон жимс жимсгэний нийт 75 мянган мод тарих төсөл хэрэгжиж байна
Цөлжилтийг сааруулах, шар шороон шуургыг багасгах зорилгоор Баянхангай суманд 100 га талбай бүхий "Атар хамтын төгөл"-ийг байгуулжээ. Уг төслийг хэрэгжүүлж буй Ногоон ази сүлжээ ТББ нь Монголд 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд улсын сургууль, цэцэрлэг, Улаанбаатар хотод мод тарих ажлыг анхлан эхлүүлж байв. Мод тариад л орхих бус тарьсан моддоо арчилж ургуулах, үр шимийг нь хүртэх нь чухал гэдгийг таниулахаар хөдөө орон нутагт цөлжилтийг сааруулах, шар шороон шуургыг багасгах, ойжуулалтын жишиг загварыг бий болгож, ойжуулалтын арвин туршлага мэдлэгээ түгээн ажиллаж буй хамт олон юм.
Анх 2005 онд Багануурын уурхайн тоосжилтоос суурин оршин суугчдыг хамгаалах ойн зурвасыг байгуулснаас хойш Дундговь аймгийн Мандалговьд 100 га талбайд 100 мянган мод, Булган аймгийн Баяннуур суманд 127 га талбайд 130 мянган мод гэх мэт ойжуулалтын ажлыг тасралтгүй хийсээр өнөөдрийн "Атар хамтын төгөл" нь хамгийн отгон буюу арав дахь ойжуулалтын талбай болж байгаа аж.
"Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нутгийн иргэдийг мод тарих, ургуулах ажилд чадамжлуулан мэргэшүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жимс жимсгэнэ, нарийн ногоо тарьж орлогыг нэмэгдүүлэн, бие даан чадамжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
"Атар хамтын төгөл"-д очсон анхны сэтгэгдэл "Ийм их салхи шуургатай зэлүүд талбай ирээдүйд ойн төгөл болж, нутгийн иргэд сүүдэрт нь амарч зугаалах нь" гэдгийг төсөөлөх төдийд сайхан санагдаж байв. Төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд нийт 75 мянган мод тарих бөгөөд Монгол орны цөлжилттэй бүс нутагт хамгийн тэсвэртэй гэгдэх улиас, хайлаас моддоор салхины хамгаалалт хийх, мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ойжуулалтын тогтвортой үйл ажиллагааг үргэлжлүүлэх, орон нутагтаа ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор чацаргана жимсний мод, хүлэмжид нарийн ногоо тариалах, мод үржүүлэх зэрэг олон ажлыг энэ төгөлд бүтээн байгуулж байна.
Талбайгаа байгуулж, хашаалж хамгаалж, мод тарих ажлыг хийсээр "Атар хамтын төгөл" өдгөө гурван нас хүржээ. Өнгөрсөн жил тарвас, амтат чинжүү, улаан лооль зэрэг нарийн ногоо тарьж, арвин ургац хурааж, нутгийн иргэд орон нутагтаа брэндээ бий болгох сууриа тавьсан талаар бидэнд хуваалцсан. Бүх нийтээр мод тарих энэ өдөр мөн 2000 мод тарилаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй Төв аймгийн Баянхангай сумын ЗДТГ, санхүүжүүлэгч байгууллага БНСУ-ын Ойн газар, дэмжин ажиллаж буй нийт хүмүүст талархаж буйгаа төслийн багаас илэрхийллээ.
СБД-ийн Ахмад багш нарын холбооныхон "Атар хамтын төгөл"-д 500 мод тарилаа
Мод тарих ажилд нутгийн иргэд, гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ, анги хамт олноороо идэвхтэй оролцож байв. Өглөө 10 цагаас эхэлсэн ажилд 150 гаруй хүн зүг бүрээс ирж оролцоод 12 цаг гэхэд нийтдээ 2000 мянган мод тарилаа. Олны хүч оломгүй далай гэдэг энэ буй.
Д.Байгальмаа: Би Нийслэлийн 1-р сургуульд 35 жил багшлаад 2018 онд тэтгэвэртээ гарсан. Одоо Сүхбаатар дүүргийн Ахмад багш ажилчдын холбооны гишүүн. Бид Ногоон ази сүлжээ ТББ-ын ойжуулалтын төсөлд гурав дахь удаагаа хамрагдан, мод тарьж байна. Нийслэлийн 1, 16, 35,58 -р сургуулийн ахмад багш нар нь өнөөдөр 500 мод тарилаа. Бид Баянцогт суманд ойжуулалтын төсөл хэрэгжүүлж байхад нь анх удаа мод тарилтад оролцож байсан юм. Энэ сайхан төслийг сэтгэл дүүрэн дэмждэг. Жил бүр төсөлд хамрагдаж мод тарьдаг. Мод тарих, үржүүлэх сургалтад урьд нь хамрагдаж байсан болохоор туршлагатай ч болсон. Цаашид уламжлал болгоод жил бүр ирж мод тарих бодолтой байна" гэлээ.
СБД-ийн Ахмад багш нарын холбооны дарга Ш.Батцэнгэл багш: Атар хамтын төгөлд ирж мод тарьж байгаадаа туйлын баяртай байна. Модоо тарьчихаад хойч үе, үр хүүхдүүддээ сургамж, үлгэр дуурайл болохыг хүсэж байна. Мод тарьж ургуулах арга аргачлалыг хүүхдүүддээ зааж сургаж, үйл хэрэг болгох боломж олгосон төслийн багийнханд баяр хүргэж, амжилт хүсье.
Улаан шороо боссон, өмхий өвснөөс өөр зүйл ургадаггүй байсан газарт өдгөө олон төрлийн мод ургаж байна
Манай сурвалжлах баг Баянхангай сум дахь "Атар хамтын төгөл"-ийн талбайн менежер Д.Санчирдуламтай цөөн хором ярилцсан. Санчирдулам менежер Баянхангай суманд төрж өссөн уугуул иргэдийн нэг. Баянхангай сум нь цөлжилт, шороон шуурганд өртөж, маш ихээр хөрсний доройтолд орсон, шороо боссон тал болсонг хараад сэтгэл нь эмзэглэж явдаг байж. Төв аймгийн ихэнх нутагт цөлжилт маш хурдацтай явагдах болсон. Харин "Атар хамтын төгөл" ойжуулалтын төслийг суманд нь хэрэгжүүлэхээр болсонд машид баярлаж, нутгаа ойжуулах мөрөөдлөө биелүүлэхээр төслийн нэг хэсэг болж өдгөө талбайн менежерээр ажиллаж байгаа нь энэ юм. Энэ талбайг ойжуулж эхлэх үед өмхий өвснөөс өөр юу ч ургадаггүй доройтсон хөрстэй байсан бол гурван жилийн хугацаанд хөрс нөхөн сэргэж, шороо босох нь багасаж, ойжуулалт үр дүнгээ өгч эхэлж байгааг тэрээр хэлсэн.
Хашаа дагуу салхины хамгаалалт бий болгох арван эгнээ мод, дундуур нь жимсний мод тарих, мод үржүүлэг, хүнсний нарийн ногоо тариалах хүлэмжний аж ахуйг эрхэлж байгаа. Ойжуулах ажлыг хийх нь тийм ч амар ажил биш. Яг л хүүхдээ өсгөн бойжуулдагтай адил моддыг арчилж ургуулахад асар их хөдөлмөр хүч шаардагддаг. Тиймдээ ч нутгийн оршин суугчид, иргэд нэгдэн ажиллах нь үргэлж нээлттэй бөгөөд хүн хүч маш хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Улиас, хайлаасаар салхины хамгаалалт хийсэн нь ч учиртай. Ургалт сайтай, ус бага ашигладаг, хамгийн тэсвэртэй модод аж. Долоон жил болоход гурван метр өндөртэй ургаж байгааг урьд урьдны төслүүдээс харж болно. Мөдхөн Атар хамтын төгөлд иргэд тарьсан модныхоо сүүдэрт амрах таатай орчин бүрдэх нь ээ. Хэдэн жилийн өмнө мод тарих үйл ажиллагаанд иргэдийг уриалахад төдийлөн ирдэггүй байсан бол одоо өөрсдийн хүслээр гэр бүлээрээ, хосоороо, анги хамт олноороо, бүр нийслэлээс хүртэл зорьж ирээд сайн дураараа мод тарьдаг болсон байна. Мод тарихдаа хэрхэн зөв тарьж ургуулах талаар ч төслийн багийнхан зааж, сургаж, иргэд ч улам бүр мэдлэгтэй болж, хашаандаа мод тарих, үр хүүхдэдээ эх оронч үзэл суулгах, байгаль дэлхийгээ хайрлах, мод тарих үнэ цэнийг ойлгуулан түгээж байгаа нь энэ төслийн эрхэм зорилгуудын нэг.
"Монголд модыг
Иргэдэд найдварыг"
Баянхангай сум "Ногоон бүс" болно
Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа: Манай сум Атрын II-р аяны хүрээнд 1977 онд байгуулагдсан газар тариалангийн сум юм. 1500 хүн ам, 418 өрхтэй, 215 малчинтай, 84 мянган толгой малтай. Сумын голлох салбар болох газар тариалан, мал аж ахуй дээр тогтож үйл ажиллагаагаа явуулдаг. ЕБС-ийн сургуульд нийт 216 хүүхэд суралцаж байна. Төсвийн таван байгууллага, засаг захиргааны үндсэн хоёр нэгжтэй. Сүүлийн жилүүдэд манай сум МУ-ны Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд сумаа ойжуулах, ногоон бүс болгох тал дээр бодлого боловсруулан идэвхтэй ажиллаж байна. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байрыг бий болгох тал дээр анхаарч байгаа. Тэр утгаараа "Ногоон ази сүлжээ" ТББ, БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Ойн газрын санхүүжилтээр 100 га газар мод үржүүлэг, ойжуулалтын талбайг 2022 онд байгуулсан.
Өнөөдрийн бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд сумын иргэдээс гадна нийслэлийн СБД-ийн 1, 35, 16, 58-р сургуулийн ахмад багш нар маань зорьж ирж мод тарьж байгаад Баянхангайчууд бид туйлын талархаж байна. Иргэдийн мод тарих идэвх сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь илт анзаарагдаж байгаа нь сайшаалтай. "Ногоон ази сүлжээ" ТББ-ын " Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл нь цаг үеэ олсон, маш ач холбогдолтой гэдгийг онцлон хэлэв. Иргэд мод тарихаас гадна хүлэмжийн хүнсний ногоо тарьж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа гэдгээрээ маш онцлогтой бөгөөд 2027 онд төсөл дуусахад талбайг үргэлжлүүлэн арчлах, аж ахуй эрхлэхэд иргэдийг бэлдэж буй зөв менежмент гэдгийг тэрбээр хэлж байлаа. Тайрдаг бус ургуулдаг баялаг учраас орон нутгийн удирдлагууд, иргэдийн хурлын төлөөлөгчид маш их дэмжиж, хамтран ажиллаж, "Атар хамтын төгөл" хоршоог байгуулахаар явж байна. МУ-ын Засгийн газраас ч мөн хоршиж ажиллах концепц гаргаад буй. Үүнийг бид түүчээлэн хийж байгаа. Хөдөлмөрийн үр шимээ бүгд хамтдаа хүртэх нь хороошны ач холбогдол гэлээ.
Түүнчлэн, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр сумдууд төлөвлөгөө батлуулж ажилладаг. 2024 онд сумын хэмжээнд 41 мянган мод тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бараг 50 хувь нь буюу 21 мянган модыг уг "Атар хамтын төгөл"-ийн талбайд тарих юм. Манай сумын хувьд энэ талбай маш чухал. Өнгөрсөн 2023 онд Баянхангай сум тарих модны төлөвлөгөөгөө 130 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг гаргасан нь "Атар хамтын төгөл" хоршооны хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Нийтдээ 25 мянган мод сумын хэмжээнд тарьснаас 70 хувийг нь энэ талбайд тарьсан хэмээв.
Баяхангай сум нь Улаанбаатар хотоос 100 км зайд байдаг учраас аж ахуй эрхлэн амьдрах бүрэн боломжтой бөгөөд сумын удирдлагууд ч мөн ийм таатай нөхцөлийг бүрдүүлж сайжруулах бодлогыг гол чиглэлээ болгож буй аж. Тухайлбал, Баянхангай суманд Харүмафүжи сүүний бүрэн автомажшсан ферм, Нүүдэлчин агро ферм компанийн кластер сүүний фермүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ойжуулалт, мод үржүүлгийн талбай бас нэг чухал төсөл болж байна. Цаашлаад ойрын сумдууд, нийслэл рүү шинэхэн ургац, ногоо жимсээ нийлүүлэх, мах, сүү бэлтгэх аж ахуйг улам өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр сумын орлого нэмэгдэж, эдийн засаг тэлж, хүн амын тоо өснө гэдэг алсын хараатай ажиллаж байгаагаа залуухан, эрч хүчтэй сумын засаг дарга С.Баярмаа бидэнд хуваалцлаа.
"Ногоон ази сүлжээ" ТББ ойжуулалтын 10 төсөл хэрэгжүүлснээс гурвыг нь аймгуудад хүлээлгэн өгөөд байна
"Ногоон ази сүлжээ" ТББ-ын Төслийн ахлах менежер Б.Хонгорзул: Би Улаанбаатар их сургуулийн багш, ойн инженер мэргэжилтэй хүн л дээ. Анх энэ төслийг сонсоод Монгол орны цөлжилт, шар шороон шуурганы эсрэг гадаадын орон, тэр дундаа БНСУ-ын хүмүүс сэтгэл зүрхээ зориулан, Монголыг сонгож тухайн бүс нутгийн оршин суугчдын ахуй амьдрал, байгаль орчин нийгэм эдийн засгийг сайжруулахын төлөө үйл ажиллагаа явуулна гэдгийг сонсоод сэтгэл маш их хөдөлсөн. Ингэж л ойн инженер мэргэжлээрээ энэ байгууллагад ажиллах болсон. Сум орон нутгийг хөгжүүлж, цөлжилтийн эсрэг тэмцэж, хэдэн сая мод тарьж, зудад нэрвэгдэж малаа алдсан иргэдэд тусалж буй энэ ажлаараа маш их бахархан ажилладаг.
Монгол орны ихэнх газар нутаг цөлжилт, шороон шуурганд их бага хэмжээгээр өртсөн. Жил ирэх тусам байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэх болсонг хэн хүнгүй харж, мэдэрч байгаа. Үүний эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол мод тарьж ургуулах, ойжуулах явдал гэдгийг дэлхийн улсууд дуу нэгтээ хэлж, үйл хэрэг болгож байна. Модоо л тарьсаар байвал гамшиг, үер усны аюул, газар хөрсний доройтол, шороон шуурга багасна. Модоо тарьсаар байвал агаар чийглэг болно, үржил шимтэй мод ургана, амьдрах, зугаалах таатай орчин бүрдэнэ, аж ахуй эрхлэн орлоготой амьдрах нөхцөл боломж бий болно. Ийм л бодол, хүсэлтэйгээр ажилладаг.
"Ногоон ази сүлжээ" ТББ ойжуулалтын нийт арван төсөл хэрэгжүүлээд явж байна. Үүнээс гурвыг нь амжилттай дуусгаж тухайн аймгуудад хүлээлгэн өгсөн. Цаашид Монголынхоо олон сум орон нутагт төслөө хэрэгжүүлсээр байх болно.
Орон нутгаас төсөл хэрэгжүүлэх олон олон хүсэлт ирж, хамтран ажиллах тал дээр эерэгээр хүлээн авч дэмждэгт нь баярлаж байна. Бид цөлжилттэй бүс нутгуудыг сонгон төслөө хэрэгжүүлдэг. Тэр дунд усны асуудлыг шийдэх гэхэд зарим газар нь ус гарахгүй байх асуудал үүсэх нь бий. Ус үгүй бол мод үгүй. Мод үгүй бол хөрс шороо үгүй. Бүгд хоорондоо холбоотой. Тиймээс усны асуудлыг шийдвэрлэх технологийн шийдлүүдийг төслийнхөө хүрээнд ашигладаг. Тухайлбал, дуслын усалгааны систем байна.
Цөлжилттэй бүс нутагт гол ус маш ховор, ихэнхдээ гүний худгаас усны хэрэгцээгээ хангадаг. Тиймээс бид энэ бүх судалгааг хийж, усны нөөцийг хамгийн үр ашигтайгаар шийдвэрлэх аргуудыг ойжуулалтын ажилдаа ашиглахыг зорьдог. Манай байгууллагын зөвлөх Ким Сон Чоль нь Монголд 20 гаруй жил газар тариалан, нарийн ногооны аж ахуй эрхлэн ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд энэхүү дуслын усалгааны системийн материал нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг хариуцан ажилласан. Мод тарихад их ус ордог. Харин дуслын усалгааны системийг ашигласнаар усны хаягдалгүй модоо услах боломжтой болсон.
Тодруулбал, Дуслын усалгааны систем нь модны үндэс рүү чиглэсэн зүүгээр дуслан усалдаг. Тиймээс гадаргын усалгаа хийгддэггүй, агаарт ууршихгүйгээр усаа хэмнэж, зөв зарцуулж байгаагаараа маш том давуу талтай. Өдөрт нэг ажилтан 1000 мод услах боломжтой байдаг бол дуслын усалгааны систем нь 3000-5000 модыг зэрэг услах боломжтой бөгөөд цагт 4 литр усны хэмжээтэйгээр усалдаг. Мөн цагийн хуваарь, усны хэмжээг нь хүссэнээрээ тохируулж болдог. Нөгөө талдаа ажилчдын ажлыг хөнгөвчилсөн шийдэл юм. Гэх мэтчилэн бид ойжуулалтын ажлыг тухайн орон нутгийн иргэдтэй хамтран жишиг загвар, туршигдсан хамгийн үр дүнтэй аргаар, судалгаа, туршлагад суурилж хийсээр байна. Монгол орноо цөлжилтөөс сэргийлэхэд хүн бүхний оролцоо чухал билээ.