2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

ЭМЧИЙН ӨРӨӨ

Охидод папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэчихвэл тэд насан туршдаа умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй шүү дээ

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 13

Эрүүл мэндийн боловсрол, дадал зуршлийг бага наснаас нь суулгаж хэвшүүлснээр насан туршдаа эрүүл, чанартай амьдрах нөхцөл бүрднэ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал ч мөн бага, өсвөр насанд нь хэрхэн анхаарснаас шалтгаална. Тэгвэл ирээдүйд үүсэх эрсдэл, эмэгтэйчүүдийн өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар "Улаанбаатар Медика" эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор Ж.Сарангэрэлтэй ярилцлаа. 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг тойрсон асуудлууд, шинж тэмдгүүд юуг илэрхийлдэг болон анхаарах зүйлсийн талаар ярилцсан өмнөх хэсгийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Нас насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн онцлог, анхаарах зүйлсийг хэлж өгөөч? 

Охидын эрүүл мэндийн тухайд ариун цэврийн дэглэм, шүд, хоолойн эрүүл мэнд, дархлаа гуравт илүүтэй анхаарах хэрэгтэй. 

Усанд орохдоо хэрхэн яаж угаах, бэлэг эрхтнээ урдаас нь хойш чиглэлд арчиж дадах зөвлөгөөг ээжүүд охин хүүхдэдээ багаас нь зуршил болгох ёстой. Охидын сарын тэмдэг 11-13 насанд ирнэ.Тиймээс энэ үеэс сарын тэмдгийн тухай, ямар шинж тэмдэг онцлогтой талаар нь байнга мэдээлэл өгч, ариун цэврийн хэрэглэлээ яаж хэрэглэх, ямар дэглэм баримтлах талаар зөвлөдөг, мөн дааврын онцлогтой холбоотой өсвөр насанд гарч буй биеийн өөрчлөлтүүдийг нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулаарай.

Харин төрөх насанд хүрэхээр жирэмслэх, төрөхөд ямар нэгэн асуудал байна уу гэдгээ байнга анхаарч ээж болохдоо биеэ бэлдэх ёстой. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчний болон хөхөнцөр вирусийн илрүүлгийг хийж байх ёстой.

Одоо, эдгээр наад захын эрүүл мэндийн ойлголт мэдээллийг интернетээс хүссэн үедээ үзэх боломжтой болсон. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө өөрөө л анхаарах хэрэгтэй.

Хөхөнцөр вирусийн халдвар бэлгийн замаар халдварладаг гээд байгаа. Эмэгтэйчүүдийн өвчлөл тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоор манай улс дээгүүрт орж байна. Та энэ вирусийн талаар болон урьдчилан сэргийлэх аргын талаар мэдээлэл өгөөч? 

Хөхөнцөр вирус нь 150 орчим төрөлтэй. Саяхныг хүртэл  умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг вирус  нь бэлгийн замаар халдварладаг гэж үздэг байсан. Сүүлийн үеийн судалгаагаар  хүрэлцэхүйн замаар халдварладаг гэсэн судалгаа гарсан. Хүрэлцэхүйцээр халдварладаг хөхөнцөр вирусийн олон төрөл байдаг. Жишээлбэл, арьсан дээр гардаг үү нь хөхөнцөр вирусээр үүсгэгддэг боловч хавдар үүсгэдэггүй. Хавдар үүсгэдэг төрөл нь 16,18,31,33 гэх мэт хэдхэн төрөл байдаг. Харин  16-тай 81, 56 гэх мэтээр хөхөнцөр вирусууд хавсарвал хоруу чанар нь нэмэгддэг.

Бэлгийн замаар халдварлах өндөр эрсдлийн цөөхөн төрлийн вирус байдаг. Үүний эсрэг урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинууд хийж байгаа. Хөхөнцөр  вирусээр үүсгэгддэг хорт хавдраас  урьдчилан сэргийлэх гол арга нь бэлгийн харьцаанд орохоос өмнө буюу охидыг 9-13 насанд вакцин хийх олон улсын удирдамж зөвлөмж бий. Вакцин хийлгэснээр насан туршийн дархлаа тогтоно. Сүүлийн үед хөвгүүдэд ч гэсэн хийдэг болсон байна. Учир нь эрэгтэй хүнд ч гэсэн хөхөнцөр вирус улаан хоолой болон шулуун гэдэсний  хорт хавдар үүсгэдэг гэх судалгаа бий.

Хөхөнцөр вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн улсуудад хэрхэн хийж байна вэ? Манай улсад одоог хүртэл хийж эхлээгүй л байна. 

Дэлхийн ихэнх улс оронд хийж байгаа. ДЭМБ-ын шугамаар ядуу, буурай орнуудад үнэгүй хийж байна. Хөхөнцөр вирусийн илрүүлгийн олон улсын төслүүд маш олон болсон. Гэрээр нь очиж шинжилгээ авч илрүүлэх гэх мэт хүндээ ойрхон тусламж үйлчилгээ үзүүлдэг улсууд олон. 

ХӨСҮТ-д 16,18,31,33 хэв шинжийн 4-т вакцин хийгдэж байгаа гэж мэдээлж байсан. Вакцин хийгдэж эхэлсэн ч хангалтаасаа болоод тасарч байгаа асуудал байгаа болов уу. Ерөнхийдөө вакцинжуулалтын төсөл эхлээд явж байгаа гэж ойлгосон. Вакциныг зөвхөн ДЭМБ-ын зөвшөөрөлтэй оруулж ирдэг учраас хувийн эрүүл мэндийн байгууллагууд оруулж ирэх боломж нь бүрдэхгүй байгаа тал бий.  

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын түвшнээр Африкийн дараа орж байна. Эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны хоёрт умайн хүзүүний хорт хавдар бичигдэж байна. Тиймээс бид эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд илүүтэй анхаарах ёстой.  

Хавдрын урьдал өвчин буюу умайн хүзүүний эрүүл мэндийн асуудал хэрхэн хавдарт шилждэг вэ?

Хөхөнцөр вирусийн халдвар хорт хавдарт шилжих хүртлээ хүний биед нэвтэрснээс хойш 5-20 жил шаарддаг. 

Тухайн хүний бэлгийн эрүүл ахуй сул, бусад нянгийн үрэвсэлтэй, умайн хүзүүний улайлттай байх юм бол хугацаа нь 5 жил болж ойртоно. Эрүүл ахуй сайн, дархлаа сайн байвал хугацаа нь тэр хэрээр холдоно гэсэн үг.  

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хавдар болохоос нь өмнө илрүүлж эмчлүүлэх нь нэн чухал. Шинжилгээгээр хөхөнцөр вирус илэрсэн бол дараагийн шатны шинжилгээнүүдийг өгч нарийн оношилгоо хийлгэнэ.  

Үүнтэй холбоод нэг зүйлд эмзэглэж явдгаа хэлмээр байна. Миний хувьд сүүлийн 7-8 жил эмэгтэйчүүдийн эрт илрүүлэг чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 13 мянган эмэгтэйд эсийн шинжилгээ хийхэд 500 эмэгтэй нь эсийн түвшний өөрчлөлттэй гэж гарсан. Гэтэл эдгээр эмэгтэйчүүдийн 150 нь л  эргээд эмнэлэгт хандсан. Бусад нь өөрчлөлтэй гэдгээ мэдсэн ч ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Эмэгтэйчүүд маань биедээ хайртай байж, эрүүл мэндийн ойлголт, мэдээллээ дээшлүүлмээр байна.

Эсийн шинжилгээг эрт илрүүлэгт өргөн ашиглаж байгаа ч хоцрогдсон оношилгооны арга гэж сүүлийн үед ярих болж. Ер нь хэдэн хувьтай илрүүлдэг юм бэ? Үүнд эмчийн ур чадвар хэр нөлөөлөх вэ?

Орчин үед хорт хавдрын илрүүлэгт эсийн шинжилгээ, умайн хүзүүний дуран, хөхөнцөр вирусийн илрүүлэг гэсэн гурвал тест ашиглаж байна.

Эсийн шинжилгээний илрүүлэг дангаараа 50 хувьтай буюу хоёр хүний нэг нь оношлогддог. Хөхөнцөр вирусын шинжилгээ, умайн хүзүүний дуран нэмэгдвэл илрүүлгийн хувь тэр хэмжээгээр өндөр гардаг тул шаардлагатай хүмүүст эдгээр шинжилгээг цогцоор нь хийж байж илрүүлэг сайжирна.

Манай орны нөхцөлд одоогоор ганцхан эсийн шинжилгээ хийгдэж байна. Хамгийн өртөг багатай шинжилгээ гэдэг утгаараа эрт илрүүлгийн багцад орсон. Умайн хүзүүний дурантай эмнэлэг маш цөөхөн учраас дурангийн илрүүлгийг хийх боломж нь хумигдмал байна. Дурангийн оношилгооны албан ёсны сургалтад суусан мэргэшсэн хүн бас цөөхөн. Олон улсын эрхтэй эмч гэвэл ганцхан Л.Баярсайхан эмч. Бусад эмч мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр сургалтад хамруулах гэхэд төлбөр нь өндөр, дотооддоо сургая гэхээр лаборатори нь байхгүй гэх мэт олон дутагдал байна. Хэдийгээр аймгуудад аппарат байгаа ч түүгээр нь илрүүлж чаддаг  эмч ховор.

Хөхөнцөр вирусийн илрүүлгийг гэхэд манай улсад ганцхан лабораторид л дэлгэрэнгүй хийж байна. Бусад лабораториуд цөөхөн үзүүлэлтүүд үздэг. Гэх мэт умайн хүзүүний хавдрын илрүүлгийн оношилгоо маш дутмаг. Шинэ түвшинд  гарч, шаардлагатай тоног төхөөрөмж, аппаратаар хангаж, түүн дээр нь ажиллах хүний нөөцөө чадавхжуулах шаардлага хэдийн тулсан. Гэтэл олон улсад хөхөнцөр вирусийн халдварыг нь эхлээд илрүүлээд өндөр эрсдэлийн вирус илэрвэл умайн хүзүүг дуранддаг. Ингэж л явах ёстой.

Сүүлийн үед хиймэл оюун ухааны оношилгоо нэвтэрч байна. Энэ бол дурангийн нэг төрөл. Илрүүлэг нь 68-70 хувьтай буюу харьцангуй өндөр гэсэн судалгаа бий. Гэхдээ эмчийн чадвараас мөн шалтгаална.  

Та улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагат олон жил ажиллаж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрт илрүүлэгт хувь хүн болон, салбараас хэрхэн анхаарах хэрэгтэй гэж боддог вэ? 

  • Би хөдөө орон нутагт дөрвөн жил, ЭХЭМҮТ-д 14 жил, хувийн байгууллагат сүүлийн 8 жил ажиллаж байна. Аль аль газарт нь ажиллаж үзэхдээ анзаарсан нэг зүйл байна. Монголчууд сайхан машин унана, машиндаа хэчнээн саяаар нь мөнгө зарцуулна. Гэсэн мөртлөө өөртөө 100 мянган төгрөг зарцуулахаас харамладаг. Эрүүл мэндээ үнэлдэггүй. Та л өөрийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байна. Бүх шинжилгээг нэг дор өгөх боломжгүй бол сард нэг шинжилгээ өгөөд явж болно шүү дээ. Ингээд хэлэхээр цаг завгүй, оочер ихтэй гэдэг. Олон улсад эмчид үзүүлэхийн тулд хоёр сарын өмнө оочер дугаар авдаг. Гэтэл манайхан өнөөдөр ирээд л өнөөдөр орчих юм шиг бухимдана. Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг заавал цаг хугацааг нь тулгаж хийлгэх гэлгүй оочер аваад жилдээ ганцхан үзүүлээд сурчих хэрэгтэй юм. Өөрийнхөө төлөө мөнгө зарцуулж сурах, эмч эмнэлэг дуудахыг хүлээх биш өөрөө очоод үзүүлэх боловсрол, соёлтой болмоор байна.
  • Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбар хүний нөөцөө чадавхжуулах, лаборатори нэмэгдүүлэх, сургалтаа сайн зохион байгуулах шаардлагатай. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ЕБС-иас нь эхлэн  чанартай боловсрол олгодог байх хэрэгтэй.
  • Төсөл хөтөлбөрүүдийг хангалттай авч чанартай сайн хийх ёстой. Төсөл орж ирдэг ч чанаргүй байна.
  • Улсаас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг төслийг би маш зөв гэж бодож байгаа. Харин төсөв нь хүрэхгүй. Энэ чиглэлийн ажилчид, эмнэлгийн нөхцөл хүрэхгүй байгаа тал анзаарагдсан.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Ж.Сарангэрэл: Үтрээний шүүрлийн өнгө хувирах, хэмжээ нь ихсэх, хорсох нь ямар нэг үрэвслийн шинж тэмдэг

"Эмчийн өрөө" ярилцлагын булангаараа энэ удаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг тойрсон асуудлууд, шинж тэмдгүүд юуг илэрхийлдэг болон анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр “Улаанбаатар Медика” эмнэлгийн Эх барих,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХЭМҮТ-д дурангийн аргаар хагалгаа хийж хүүхдийн залгиураас гаргасан зүйлс

Эцэг эхчүүдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхдүүд гадны биет залгих, хордох, гэмтэх эрсдэл жил бүр нэмэгдсээр байна. Бидний хамгийн их цагийг өнгөрүүлдэг, амар тайван байх орчин бол гэр. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 03

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө