2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

С.Баасанбат: Хайр, урам зориг, аз жаргалын дутуу мэдрэмжтэй өссөн хүүхэд аливаад донтох эрсдэл өндөр

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 21

Манай улсад архидалт, архинд донтох эмгэгийн тархалт 22 хувьд хүрч, үндэсний аюулгүй байдлын түвшинд тулжээ. Гэмт хэргийн тохиолдол, сэтгэцийн өвчин эмгэг, нийгэмд болж буй аюулт үзэгдлүүд улам бүр нэмэгдэх болсон нь архидалттай хамгийн ихээр холбогддог гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд хэлсээр. Зөвхөн архи уудаг нэг хүний асуудал биш. Түүний цаана гэр бүл, үр хүүхэд, албан байгууллага, хамаатан садан, найз нөхөд гээд маш олон хүн архины давхар хамааралд өртдөг. Архидалтын сүүдэр, хор нөлөөний хамгийн гол хохирогч бол хүүхэд. Ирээдүйд тэд хэн болох вэ?

"Сэтгэлийн дархлаа" ярилцлагын буландаа сэтгэл судлалын салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ууган байгууллагуудын нэг “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбатыг урьж ярилцлаа. 

Монголд архидалтын түвшин ямар хэмжээнд хүрсэн, энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх болсон талаар та баримт судалгаатай хэлж өгөөч? 

Манай улсад архидалтын тандалт судалгааг тогтмол хийдэггүй бололтой. Уг нь жил бүр хийдэг бол энэ асуудал Засгийн Газрын түвшинд нотолгоонд суурилсан бодлого, хяналтанд ажиллаж буйн нэг нотолгоо болно.    

Нийт хүн амын 6 хувь нь архинд донтох эмгэгтэй бол аюулын харанга дэлдэж байна гэх хэмжүүрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ)-аас гаргасан байдаг. Гэтэл манай улсад архинд донтох эмгэгийн тархалт 13-22 хувийг эзэлж байгаа нь үндэсний аюулгүй байдлын түвшинд тулсны илэрхийлэл юм.

Архидалтын тархац хэт өндөр гэдэг нь нэг ойлголт. Эрсдэл багатай болон хэтрүүлэн хэрэглээ, донтох өвчтэй болох гэх ойлголтууд нь бас ялгаатай байх? 

CAGE буюу архины хэрэглээний түвшинг тогтоох хурдавчилсан олон улсын үнэлгээ байдаг. Магадгүй үүнийг уншиж байгаа хүмүүс дараах дөрвөн асуултанд хариулаад үзээрэй.  

  1. C /cutting down/ - Архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгая гэж бодож байсан уу?
  2. A /Annoyance by criticism/ - Хэн нэгэн чамайг архины хэрэглээгээ багасга гэж сануулж байсан уу?
  3. G /Guilty feeling/ - Хэрэглэснийхээ дараа гэмшил төрж байсан уу?
  4. E /Eye openers/ - Өглөөгүүр уух эсвэл шар тайлж байсан уу?

Энэ дөрвөн асуултанд нэг ч удаа “тийм” гэж хариулаагүй бол эрсдэл бага гэж үзнэ. Гэхдээ огт эрсдэлгүй гэж хэлэхгүй.

  • Нэг удаа “тийм” гэж хариулсан бол монголын нөхцөлд эрсдэлтэй хэрэглэгч буюу аюултай хэрэглэгч гэж үзнэ. Танд боловсролын сургалт хэрэгтэй. Учир нь манай улс ЕБС, их дээд сургууль, МСҮТ, коллежид архидалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн донтохгүйгээр, хэтрүүлэхгүйгээр эрсдэл багатай хэрэглэх талаар боловсролын сургалт ордоггүй. Тиймээс энэ талын ойлголт мэдээлэл байхгүй л бол эрсдэлтэй хэрэглэгч гэж үзнэ.
  • 2 удаа “тийм” гэж хариулбал “хэтрүүлэн хэрэглэгч” гэж үзнэ. Нэг уухдаа их хэмжээгээр уудаг хүмүүс. Тухайлбал, цагаан архи нэг уухдаа 150гр-аас, дарсыг 300 гр-аас, шар айргийг  750-1000гр-аас дээш хэмжээгээр уувал хэтрүүлэн хэрэглэгч болно. Энэ нь биеийн жин, хүйснээс хамаарч элэгний цэвэрлэх чадамжаар тогтоосон нэгж юм.
  • 3 удаа “тийм” гэж хариулбал “хамаарлын өмнөх шат”. Нэг уухаараа нэмж уух, тасартлаа уудаг төрлийн хүмүүс. Гэхдээ маргааш нь шараа тайлдаггүй. Шар тайлж уудаггүй учраас өөрийгөө хамааралтай болж байна гэж ойлгодоггүй. Хамаарлын өмнөх шатанд эмгэг зуршилтай болсон байдаг. “Өнөөдөр баасан гараг юм чинь сайхан ууя, ойрд уугаагүй ууя даа” гэх мэтээр дуршил аяндаа өдөөгддөг.
  • 4 удаа “тийм” гэж хариулсан бол хамааралтай болжээ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Ер нь 3-4 удаа тийм гэж хариулсан бол нэг удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт нэмэргүй. АА(сайн дурын нийгэмлэг), эсвэл сайн дурын  эмчилгээнд явах, энэ чиглэлээр нарийн мэргэшсэн сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах шаардлагатай. Өөрөө асуудлаа шийдэж чадахгүйд хүрсэн гэсэн үг л дээ.

Архины хамааралтай болох буюу архинд донтох нь ямар үе шаттай хэр хугацаанд явагддаг процесс вэ?

Донтолт нь ерөнхийлбөл гурван түвшинтэй.

Эхэн үед нэмж уух болон тасартлаа ууна. “Арай л их хэрэглээд байгаа юм биш үү” гэж хэн нэгэн хэлэхэд үгүйсгэж, уурладаг. Хамт уудаг найзуудтай болсон байдаг.

Хоёр дахь түвшин нь “ид үе” буюу 15-20 жил үргэлжилнэ. Нэг уухаараа 4-5 хоног ажлаа алдаж ууна. Хордлого тайлахаас нааш зогсдоггүй. Товчхон хэлэхэд “УУ” буюу унадаггүй, унтдаггүй, хоол идэж чаддаггүй. Үүр цайтал ууж л байна. Дэмийрнэ, ааш авир нь дошгирно гэх мэт.  

Гурав дахь шат нь “архаг үе”. Эхний хоёр үе шиг их уухгүй. Бага багаар “цаламдаж” уудаг. 100-150 гр уугаад л тасарна. 3-4 цагийн зайтай тийм хэмжээгээр ууна. Ганцаараа ч хамаагүй ууна. Худлаа ярьж, хулгай хийж, нууж ууна.

Улмаар архагшиж хүндрээд ирэхээрээ тэнэгэрэлд орох буюу оюун ухааны хөгжлийн түвшин нь 4 настай хүүхдээс доош болоод ирвэл эмчилгээ авах найдваргүй болдог.  

Архидалтай орчинд өссөн хүүхэд өөртөө хэт ахадсан хариуцлага үүрч байгааг хүмүүс хараад “хэрсүү, мундаг” гэдэг. Гэвч...

Ийм нөхцөл байдал, гэр бүлд амьдарч байгаа хүүхэд хэн болж өсөх вэ. Архины хамааралтай болсон хүний гэр бүл, хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүйд яг ямар нөлөө үзүүлдэг вэ? 

Архины хамааралтай хүнтэй 1 жил 6 сараас дээш хугацаанд хамт амьдарвал тэр гэр бүлийн гишүүд давхар хамааралд орж сэтгэл зүйн өвчнөөр өвддөг.

Жишээлбэл, нөхөр /эхнэр/ нь 17 жил архи ууж байгаа архинаас гарч чаддаггүй хүн байж. Үүнийг нэгдүгээр хамаарал гэнэ. Гэр бүлийн гишүүд нь тэр нөхрийг ямар ааш гаргана түүнд нь тааруулж, аясаар нь амьдардаг. Энэ бол давхар хамаарал. Гэр бүлийн гишүүд тэр нөхрийн хамааралд орчихсон гэсэн үг. Гүрвэлийн толгой хаашаа савна  сүүл нь дагаж савдагтай адилхан. Гэр бүл гэдэгт эхнэр нөхөр, хүүхдүүд, ах дүүс хамаарна.  Тэр гэрийн нөхөр /эхнэр/ нь архи уудаг, хамааралтай болсон бол насанд хүрэгчдийн байр сууринаас хүүхдийн байр суурь руу орж ирдэг. Насанд хүрэгчийн үүднээс хариуцлага хүлээх чадваргүй болж байгаа хэрэг.

Дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэж бодоход ихэнх тохиолдолд том хүүхэд нь архи уудаг эцэг эхийнхээ буюу насанд хүрэгчийн байр сууринд очдог. Тэр хүүхэд аав, ээжийнхээ гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэж эхэлдэг. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, сургуульдаа явах, дүү нараа харах, ажил хийх, гэр бүлийн эмх цэгцийг хариуцах зэргээр байгаа хэмжээнээсээ илүү их зүйлийг бодож, хариуцлага үүрч, амжуулж эхэлнэ. Үүнийг “хэрсүү хүүхэд, баатар хүүхэд” гэж нэрлэдэг. Хүн харахад үнэхээр мундаг, ухаантай хүүхэд гэхээр. Харамсалтай нь тэр хүүхэд харилцаа, хайраар дутагдаж “үл хайхрах” эрсдэлд өртсөн байдаг. Ямар нэгэн сургалт хүмүүжил, үлгэр дуурайлал, гэр бүлийн эмх цэгц хяналтаас гарна. Нөгөө талаасаа хил хязгаарын алдаа гарч ирнэ. Насанд хүрэгчийн хил хязгаар, хүүхдийн хил хязгаар хоёр холилддог.

Дараагийн сөрөг үр нөлөө нь хяналтын механизм гэмтэж эхэлдэг. Уг нь аав ээж нь өөрийг нь хянаж, асран халамжлах үүрэгтэй. Гэтэл архины хамааралтай аав ээжийгээ, гэр бүлээ тэр хүүхэд хянаж эхэлдэг. Согтуу аав /ээж/ нь шатан дээр унтаж байвал уначихвий дээ гээд шөнөжин хажууд нь сахина. Өнөөдөр уухгүй ирэх болов уу, агсам тавих болов уу, мөнгөө үрчих болов уу, ажлаа тараад цаашаа уугаад явчихвий дээ гэж өөрийн хариуцах хэмжээнээс давсан зүйлсийг хүүхэд хянаж эхэлдэг. “Хэрсүү, баатар хүүхэд” ихэнхдээ өөрийгөө золиосолдог. Хичээл сургуульд сурах манатай. Гэр бүлээ авч явах нь нэн чухал учраас хэчнээн авьяастай, сурлага сайн байсан ч үргэлжлүүлэн сурч чадахгүй, тааралдсан ажлаа хийж, мөнгө олж, дүү нараа тэжээж өсгөхийг нэгдүгээрт тавьдаг.  

Нөгөөтээгүүр, архины хамааралтай гэр бүлд бага насаа өнгөрүүлж, харьцангуй хүнд байдалд хүрэхгүйгээр даван туулсан ч насанд хүрсэн хойноо дахиад л асуудалтай нүүр тулдаг. Хил хязгаар нь алдагддсан учраас магадгүй 25 нас хүрээд хүнтэй суух болоход өөрийгөө “аврагч” гэж итгэн, өөртэйгөө адилхан архины орчинд өссөн хохирогч хүнийг ханиараа сонгох талтай. Бие даасан, хамаарал багатай хүнтэй тохирдоггүй. Учир нь бага насанд байхдаа үл ухамсарлахуйн түвшинд гэр бүлээ авч явах ёстой гэх аврагчийн сэтгэхүй суучихсан байдаг. Ийм хосын нэг нь супер хянагч, нөгөөх нь супер хамааралд орогч (хохирогч) болох магадлалтай. Гэвч таарч тохироод байна гэсэн үг биш. Харилцаа нь бас л хэвийн биш явагдана. “Баатар хүүхэд” супер хянагч, аврагч болоод хувирчихаж байна. Хүн болгон, бүх зүйл байр байрандаа байх ёстой, хүн бүрийн дансанд хэдэн төгрөг байгааг, хүмүүс хаана юу хийж явааг мэдэж байх ёстой гэхчлэн хүмүүсийг алган дээрээ байгаа юм шиг хянах гэдэг. Гэр бүлдээ, ажилдаа,  дүү нартаа, өөрийн хүүхдэдээ ч хянагч байдлаар ханддаг. “Ах минь одоо болно бид биеэ даагаад амьдралаа мэдээд явчихна” гэж дүү нар нь хэлэхээр ухамсарлаж хүлээн авдаггүй, эмх цэгцгүй байдал руу зөрүүдэлж тэмүүлж байна гэж ойлгох нь элбэг.  

"Би нөхөртөө хайртай. Гэвч хадам ээжээс болоод салмаар байна. Галзуурах нь..."

Хүн бүрийн амьдралд оролцоод байдаг хүмүүс байдаг. Тэд магадгүй “баатар хүүхэд” байсан байж болох талтай гэсэн үг үү? 

Бага нас нь ямар гэр бүлд хэрхэн өнгөрсөнг асуугаад үзэхэд ийм хүмүүс олон байдаг. Нэг бэрийн жишээ дурдъя. Тэрбээр, би уг нь нөхөртөө хайртай. Гэвч хадам ээжээсээ болоод нөхрөөсөө салмаар байна гэсэн. 

Хадам ээжийн хажууд байгаа аав нь, хүүхдүүд нь сүүдэр шиг дагагч нар болчихсон. Ямар ч хувийн орон зай, шийдвэр гаргах эрх, бие даасан хариуцлага гэж байхгүй. Тэгээд хадам ээж нь хэзээ ч хамаагүй орж ирээд хөргөгч, хогийн сав, данс бүгдийг нь шалгана. Бүх юмыг зааварлаж, хянадаг. Эхэндээ “за яахав дээ” гэж бодож байсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэр гэрт миний санал бодол, хүсэл сонирхол ямар байгааг хэн ч сонсдоггүй бас нэгэн үл үзэгдэгч мэт дагагч нь болсон. Тэсэхээ байгаад “ажил хийе” гэж шийдэн хөдөө байдаг өөрийн аав ээждээ хүүхдээ өгчихөөд иртэл намайг буланд шахаад “чи надад хэлэхгүйгээр ачыг минь аав, ээждээ өгдөг  хэн бэ, яасан дураараа юм” гэж загнасан. Нөхөртэйгөө зөвлөлдсөн юмаа гэхээр хадам ээж “миний зөвшөөрөлгүйгээр та нар юу ч хийж болохгүй” гэдэг. Өөрийнхөө хүүхдийг яахаа мэдэх ч эрхгүй, үнэхээр хэцүү байна. Салах гэхээр нөхөртөө хайртай. Амьдрах гэхээр хадам ээжийн хамааралд ороод галзуурах нь” гэж бүсгүй хэлсэн. 

Энэ бүсгүй тэсэж амьдрах уу эсвэл зугтах уу гэдэг сонголтонд тулж л дээ.  Хадам ээж яагаад ийм болов гээд амьдралыг нь судаллаа. Тэгсэн аав нь 20 жил архи уусан, долоон дүүгийнхээ эгч нь байжээ. Дүү нар нь эгчийгээ “мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга” гэж дууддаг. Нэг ёсондоо хадам ээж нь “Баатар хүүхэд” байсан байгаа юм. Өөрийн амьдралаа золиосолж, бүх дүү нараа амьдралд хүргэсэн. Баатар эгчийгээ дүү нар нь өрөвддөг, хайрладаг, бас хянадагт нь залхдаг. Тэгэхээр хадам ээж нь баатар хүүхдээс насанд хүрээд “супер хянагч” болсон байж магад. Хадам ээж нь хүүхдээ, бэрээ хянаад байгаа нь нэг талаараа буруу биш. Хүүхэд байхдаа гэмтчихсэн бас нэгэн хохирогч буюу дүрээсээ гараагүй бүх санаачилгыг гартаа авсан, супер хянагч, баатар охины нэгэн түүх юм даа.

Хяналтын механизм гэмтэнэ гэдэг хожим “супер хянагч” болж бусдыг өөртөө хамааруулахын өвчтэй болж буйн бодит жишээ энэ. Тэгэхээр олон жил архи уусан аав нь уухаа больчихлоо гэж бодоод амьдрах, гэр бүлээ авч яваа хүүхдийг  мундаг байна гэж бодоод өнгөрч болохгүй. Архины хор хохирол, асуудал цаашаа амьдралынх нь турш үргэлжилдэг гэдгийг энэ жишээнээс харж болно. Сэтгэл зүйн дутуу мэдрэмжтэй, комплекстэй нэгэн болох нь яав ч эрүүл амьдрал биш шүү дээ.

“Супер хянагч” болчихсон хүнд өөрт нь ямар сөрөг мэдрэмж төрөх вэ? Энэ байдлаа ухамсарлах уу? 

Үл ухамсарлахуйдаа айдас түгшүүр мэдэрдэг. Өөрөө бол ухамсарлахгүй. Бүх зүйл байр байрандаа, өөрийнх нь хяналтад байвал л тэр хүн тайван болдог. Хүмүүс хяналтаас нь гараад ирэхээр сандардаг. Ийм давхар хамаарлын эмгэг маш хор нөлөөтэй.

Зарим хүүхдүүд аав шигээ архи уудаг хүнтэй хэзээ ч суухгүй гэж жигшдэг талтай. Гэр бүл зохиох насандаа яагаад хэцүү эсвэл буруу сонголт хийгээд байна вэ? 

Дээр ярьсан жишээн дээр үргэлжлүүлье. Дөрвөн хүүхэдтэй айлын том хүүхэд нь “баатар, супер хянагч” болчихлоо гэж магадалъя. Тэгвэл түүний дүү нь 12 настай хүүхэд байя. Байнга PC тоголдог, хичээлээ тасалдаг, тамхи татдаг, зодоон хийдэг, үргэлж хэл ам таталдаг хүүхэд болчихож. Үүнийг “хэцүү хүүхэд” гэдэг. Хэцүү хүүхэд үл ухамсарлах түвшиндээ “намайг анзаараач, намайг хайрлаач, та нарын энэ байдалд миний уур хүрч байна, би та нарт хэрэггүй юм уу” гэсэн бодол мэдрэмжийн илэрхийлэл, эсрэгцэл, анхаарал татах гэсэн үйлдлээр илэрч буй хэрэг. 

“Хэцүү хүүхэд” насанд хүрэхээрээ хэн нэгэнтэй зөрчилдөмтгий, дайсагнасан, уур уцаартай, хорсож гомдсон байдлаар хандах магадлалтай. 

Эсвэл мөрийтэй тоглоом, хорт зуршилд автамхай болж болзошгүй. Хосын харилцааны тал дээр өөрийг нь өдөөдөг, төвөгтэй харилцаатай хүнтэй нийлэх нь бий. Мэдээж таарамжтай биш. Олон ажил солино, гэр бүл нь тогтворгүй гэх мэт.

Архины давхар хамаарлын хохирогч болсон өөр нэг хүүхдийн хувилбар нь “энхийг сахиулагч”.  Дөрвөн хүүхдийн дундах хүүхэд нь гэж бодъё. Юу ч болж байсан бүх хүмүүсийг аргаддаг. Гэр бүлд асуудал тулгарахад “юу ч болоогүй юм шиг л царайлцгаая” гэдэг баг өмссөн хүн болдог. Хэрүүл үүсэхээс айна. Янз бүрийн таагүй үйл явдал болчихвий гэдгээс айж бүх зүйлийг болохгүй байсан ч болж байгаа юм шиг дүр эсгэдэг зан үйлийн илрэлийг энхийг сахиулагч гэж байгаа юм. Ийм дүр эсгэгч хүүхэд насанд хүрсэн хойноо асуудалд хариуцлагагүй ханддаг нэгэн болдог. Асуудалтай тулгарахаас зайлсхийж, зугтаж, айж, дарж явдаг. “Энэ байдал чинь намайг гомдоож байна, залхааж байна, айж байна” гэж таагүй мэдрэмжээ нээлттэй идэрхийлж чаддаггүй. Болж байгаа юм шиг царайлдаг ч дотроо шархалж шаналдаг. Гэр бүлдээ, хүүхдэдээ, ажлын хамт олондоо ч ийм байдлаар ханддаг. “Зүгээр штэ, яав л гэждээ, яагачгүй ээ” гэж худлаа цайруулж явдаг байж магад.

Дөрөв дэх хувилбар нь “үл үзэгдэгч” хүүхэд. Гэр бүлд нь хэрүүл болох, хоолтой, хоолгүй байх, архидах, зодолдох ямар ч нөхцөлд огт оролцдоггүй. Уйлах ч үгүй. Зүгээр л буланд суугаад байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чив чимээгүй. Зөвхөн өөртэйгөө л ярьдаг, тоглодог нэгэн. Энэ нь өөрийгөө хамгаалж буй нэг хэлбэр. Үл үзэгдэгч хүүхэд насанд хүрэхээрээ асуугч, шалгагч болох магадлалтай. Ганцаараа аялаад явдаг аялагч болж магадгүй. Сэтгэлийн таагүй байдлыг аялж эсвэл янз бүрийн байдлаар сатааруулж, зайлсхийж явах нь түгээмэл.

Архины давхар хамааралд өртөж том болсон хүүхдүүд бүгд аливаа зүйлд донтох эрсдэлтэй. 

Учир нь хайрын, урам зоригийн, аз жаргалын гормон дутагдалтай байх тохиолдолд сэтгэлийн өвдөлтөө намдаахын тулд допамин буюу таашаал мэдрүүлдэг дааврын түвшингээ нэмэгдүүлэх гэж донтуулах зүйлс хэрэглэх эрсдэл өндөрсдөг.

10,20 жилийн турш архины орчинд өссөн хүүхдүүд одоо гэр бүл зохиож хүүхэдтэй боллоо. Үе дамжин үргэлжилж байгаа энэ хор нөлөөний гинжин хэлхээг яаж таслан зогсоох вэ? Хамгийн үр дүнтэй байж болох аргыг та хэлээч? 

Олон улсын жишиг ямар байна гэвэл, бодисын болон зан үйлийн донтой, гэр бүлийн амьдралд нь хортой нөлөө үзүүлж байвал эцэг эх байх эрхийг нь түтгэлзүүлдэг. Архинаас гарчих тэгэх үү гэж гуйдаггүй.

Эцэг эх байх, хариуцлага хүлээх чадваргүй, сэтгэцийн эмгэгийн түвшинд оношлогдох үндэслэлээр эрхийг нь түтгэлзүүлж 90 хоногийн сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйл заслын албадан сургалтанд суулгадаг. 3-6 сарын албадан эмчилгээг эдгэрэх хүртэл нь давтан явуулдаг. Ингээд нийгэмд эргэн нэгтгээд эцэг байх, эх байх чадамжийн сургалтад хамруулж нийгэм, сэтгэл зүй, халамж, ажил хөдөлмөр эрхлүүлэх цогц үйлчилгээ үзүүлдэг. Үр дүнд хүрвэл эцэг эх байх эрхийг нь сэргээдэг. Тэр болтол хүүхдийг түр асран хамгаалалт руу шилжүүлж, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар ажилладаг. Харин Монгол улсад шууд хорьдог, баривчлан саатуулдаг, торгодог л тогтолцоо үйлчилж байна даа. Ийм тогтолцоо үр дүнгүй, үрэлгэн.

Өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай, нэг л болохгүй гэдгээ анзаарч мэдсэн тохиолдолд эдгэрэх боломж бий юу? 

Нэгэнт архины хамаарал буюу донтох эмгэгтэй болсон бол эмчилгээтэй ч, дахидаг онцлогтой. Эдгээр хүмүүс өөрсдөө хичээл зүтгэл гаргавал, хугацаа орох ч маш олон хүмүүс энэ хамаарлаасаа ангижирч чадсан байдаг. Монголд олон хувилбарт эмчилгээ заслын эмнэлэг, төвүүд, АА цуглаан гэх мэт ажиллаж байна. Шийдвэр гаргах, сонголт хийх нь чухал л даа.

Аав нь архи уудаг айлын хоёр хүүхэд байлаа гэж бодоход нэг нь уудаг, нөгөөх нь уудаггүй. Яагаад гэж асуухад хоёулаа “аав уудаг байсан” учраас гэж яг адилхан хариулсан боловч сонголт эсрэг тэсрэг байгаа биз дээ.

Сэтгэл зүйн үйлчилгээ нь иргэдийн сонголт биш боломж байх ёстой

Хүүхэд хэдэн наснаас энэ сөрөг нөлөөлөл, хамаарлыг мэдэрч, туулж, сэтгэл зүйн гэмтэл бий болж байдаг юм бэ? 

Чухал асуулт байна. Эхний 7 жилд хүний унаган ухаан (олдмол) суудаг гэж үздэг. Тэгэхээр, 

Эхний 7 жилд авсан гэмтэл насан туршдаа үргэлжлэх магадлал өндөр. Өөрчлөхөд амаргүй гэсэн үг л дээ. Энэ нь тархины хөгжилтэй холбоотой.

Тэр дундаа хүүхдийн эхний 3 жил бол тархины хөгжлийн тэсрэлтийн үе буюу хөгжлийнхөө 50 хувьд хүрчихдэг. Энэ үед авсан мэдээлэл үүрд үлддэг. 2-3 насанд хүн чанар сууна. Энэ миний юм, энэ чинийх, ингэх гоё, муухай, болно болохгүй гэдэг ухамсар суусан хүүхэд 20 жилийн дараа хулгай, дээрэм, залилан, авлигал хийх сэдэл төрдөггүй байх жишээтэй. Аливаа зүйлд донтох эрсдэл мөн эрс багасдаг.

Түүнчлэн хүүхэд эхний 7 жилдээ аав ээж нь бие биенийгээ хэрхэн хайрладаг, бас бие биенээ хайрлахгүй байх, хүүхдээ яаж хайрлах гэхчлэнг тэднээс сурдаг. Аав ээж нь нэгнээ хайрладаг, тэрийгээ илэрхийлдэг, тогтвортой харилцаатай, асуудлаа шйидвэрлэдэг, хариуцлагатай, халуун дулаан байвал хүүхэд насанд хүрээд мөн тийм эхнэр нөхөр, эцэг эх болдог. Үгүй бол эсрэгээрээ.

Бид цэцэрлэгийн наснаас боловсрол эхэлж байна гэж ойлгодог. Гэтэл үгүй. Бусад улс оронд бүр цалинтай ээж хөтөлбөрөөс буюу эхний 18 сар хүртэл нь аав ээж хүүхдээ гардаж өсгөхөд нь зориулсан бодлого, сургалт, зөвлөгөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хүүхдээ хэвлийд байхаас нь, төрөх үеэс л хөгжилд нь анхаарч байна шүү дээ. 

Сэтгэл зүйн гэмтэл, асуудлууд хэчнээн хор нөлөөтэй, урт удаан хугацаанд үргэлжилж болохын нэг жишээг архины хамааралтай холбон ярилцлаа. Ер нь сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулъя гэвэл юунаас эхлэх хэрэгтэй гэж та боддог вэ? 

Би шийдвэр гаргах түвшний хүн биш хэдий ч салбартаа багагүй олон жил ажиллаж явахдаа боддог хэдэн зүйл бий.

Нэгдүгээрт. Байгууллага болгон сэтгэл зүйчтэй, сэтгэл зүйн албатай баймаар байна.

Хоёрт. Сургууль бүр сэтгэл зүйчтэй, эсвэл сургууль бүрд хүрч ажилладаг сэтгэл зүйн албатай болох хэрэгтэй. Энэ тодорхой хэмжээнд хэрэгжиж эхэлж байгаа нь саашаалтай. Улам сайжруулах хэрэгтэй.  

Гуравт. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг сэтгэцийн эмчийн эмчилгээ үйлчилгээтэй хольж болохгүй. Харин хамтарч, хавсарч болно. Энэ талын буюу сэтгэл зүйчийн эрх зүйн байдлын тухай хуультай болох, сэтгэл зүйн үйлчилгээний хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Дөрөвт. Сэтгэл зүйн үйлчилгээ нь иргэдийн сонголт биш боломж байх ёстой. Үүнийг дэлхийн олон улс орон гарц гаргалгаагаа олоод шийдвэрлээд улам бүр нарийн, өндөр түвшинд хөгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгал, НДШ төлсөн хүн бүрт сэтгэл зүйн үйлчилгээ нээлттэй байх хэрэгтэй. Одоо бидэнд хандаж байгаа үйлчлүүлэгч “би хүчирхийлэл дарамтанд байна, сэтгэл гутраад өндийх ч тэнхэлгүй боллоо, үхмээр байна, амиа хорлох гээд байна” гэхэд  өмнөөс нь төлбөр нэхээд суух нь зохисгүй. Тодорхой зорилтот үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үйлчилдэг түүнийг нь ЭМД-аар, мөн Халамжийн тухай хуулийн Олон нийтэд түшиглэсэн хувилбарт үйлчилгээтэй холбох гэх мэт тогтолцоог шийдэж өгөх шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээ хүлээгдсээр байгаа. 

Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар ёс зүйтэй, мэргэжлийн, чанартай, хүртээмжтэй, хүмүүст ээлтэй үйлчилгээ үзүүлдэг талбар болгохын төлөө бид  хичээн ажиллаж, тодорхой хэмжээний ахиц дэвшил хийсээр байгаа юм. 

Ярилцсанд баярлалаа танд.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Focus on the family байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллагаас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.ДЭМБ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 20

Судалгаа: 20-24 насны эхчүүд 4.7 дахин их сэтгэл гутралд өртдөг

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэл, АУ-ны доктор Т.Ганцэцэг тэргүүтэй СЭМҮТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэцийн эмч, мэргэжилтэн бүхий... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 07

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө