2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

С.Чинзориг: Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмын зохицуулалтыг шинэчилнэ

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 18

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өгөв. 

Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ. Ер нь, амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна.

Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг. Үүнийг амьд байхад нь хүний эд, эрхтнийг авсан мэтээр ташаа ойлголт төрүүлж болохгүй. Харин шөрмөс зэрэг судасжилтгүй эдийг амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа авч, шилжүүлэн суулгаж болдог тул аппаратыг салгаж, зүрх зогссоноос хойш ч гэсэн эс, эд, эрхтэн авах ажилбар тодорхой хугацаанд үргэлжилдэг. 

Энэ удаагийн тохиолдолд тухайн өдрийн 21:57-д донорыг аппаратаас салгаж, зүрх зогссон ч судас, шөрмөс зэрэг эдийг авах ажилбар үргэлжилсэн гэсэн үг. Аппарат салгаж, донорын зүрх зогссон цагийг ар гэрийнхний хүсэлтийн дагуу мессежээр мэдээлдэг нь шашны зан үйл гүйцэлдүүлэхтэй холбоотой юм.

Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно. Мөн Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 4 журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, ажиллуулж байна.

Цаашид амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулсны дараа тэнцвэртэй мэдээлэл түгээж байх нь чухал байна. Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд саад тотгор учрах, эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шантарч, хүний нөөцийн хомсдолд орох асар их сөрөг үр дагавартай гэдгийг хэлмээр байна.

Бид донороос авсан эд, эрхтнийг бүрэн ашиглан 3 хүний амь насыг аварч, 6 хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Эдгээр бүх эмчлүүлэгч нарын биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа. Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж байна. Зөрүүтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэлээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө