2017/12/18. Даваа гараг Дугаар: #669

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гэдэг эрхтэн өвдөхөөрөө биеийг өвчлүүлж эхэлдэг

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 27

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд оношилгоонд суурилсан арга зүйг нэвтрүүлсэн гэдгээрээ Монголдоо анхдагч байгууллага болох Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй бид ”Сэтгэлийн дархлаа” буландаа хамтран ажиллах болсноо уншигч танд дуулгахад таатай байна. Энэ салбартаа дөрөв дэхь жилдээ судалгаа шинжилгээг оношилгоо, үнэлгээтэй хослуулан хийж байгаа тус хамт олны ажлын онцлогийг, уншигчдад хэрэг болохуйц зөвлөгөө мэдээллийн хамт хүргэж байна.

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Захирал Б.Золзаяа: 

Монголчуудад сэтгэл зүйчид очдог дадал бий болоогүй байна

Будапешт хотод амжилт үзүүлсэн жудогийн тамирчдын сэтгэл зүйг танай хамт олон бэлтгэн, тамирчидтай хамтран ажилласан гэсэн. Ажлынхаа үр дүнг үзээд тамирчдаасаа ямар талархлын үг сонсов?

- Будапешт хотод болсон дэлхийн аваргад Жудо бөхийн эмэгтэй тамирчид маань бараг тэр чигээрээ манай хүрээлэнтэй хамтарч ажиллалаа. Тэдгээр тамирчдын зарим нь удаан хугацаанд, зарим анх удаа зөвлөгөө авч ажилласан. Тамирчид тэмцээндээ амжилттай оролцоод ирснийхээ дараа ярилцаж байгааг харахад сэтгэл зүйч гэдэг чинь ийм зүйл хийдэг юм байна, оношилгоо-үнэлгээ, сэтгэл зүйн зөвлөгөөнд суурилан тамирчин тус бүр дээр тусгайлан төлөвлөгөөтэй, арга барилтай ажилладаг юм байна гэдгийг ойлгож байсан. Энэ нь бидний хувьд үр дүн гэж хэлж болохоор зүйл байлаа.

"Шинжлэх ухаанд суурилсан олон төрлийн тусгай арга аргачлалуудыг ашиглан сэтгэл зүйн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн мэргэжлийн багтай ажиллах бидэнд таалагдлаа" гээд цааш үргэлжлүүлэн дараа дараагийнхаа амжилтыг ахиулахын тулд хамтран ажиллах хүсэлтээ дахиад тавьж байгаа нь ч бас үр дүн гэж хэлж болохоор байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан олон улсад хэрэглээнд нэвтрээд эхэлсэн нь зуугаад жилийн түүхтэй. Хэрэглэх ёстой юм байна гэдэг ойлголтоосоо түрүүлээд энэ шинжлэх ухаан юу хийдэг, ямар үр дүнтэйг ойлгуулах хэрэгцээ шаардлага манайд өндөр байна. Сэтгэл судлалыг мэддэг, тэгсэн хэрнээ үйлчилгээ авах байдал дутмаг байгаа нь ажиглагддаг. Олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгохоор танай цахим сонинтой эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

Үйлчлүүлэгчийнхээ асуудлыг сонсоод зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчдийн түгээмэл аргаас өөрөөр, оношилгоо үнэлгээ хийж байж зөвлөгөө өгөхийн гол давуу чанар юу вэ?

- Тухайн хүний хувийн онцлог руу бид нар таарч тохирох тусгай ямар арга хэрэглэх вэ гэдгээ оношилгоо үнэлгээнийхээ л тусламжтай гаргаж ирнэ, өөр бусад аргууд байгаа ч энэ илүү сайн үр дүнтэй аргад тооцогддог.

Манай байгууллагын нэг онцлог бол эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны суурь бааз хийх, яг энэ оношилгоо үнэлгээгээ хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм. Хэрэглээнд нэвтрүүлэх гэдэг нь сонсдог, ярьдаг, зөвлөгөө өгдөг, хичээл ордог гэдгээс онцгой давуу зүйл. Хүн судлалын шинжлэх ухаан өнөөдөр тэр чигээрээ өөрчлөгдөж байна, сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэглээний салбарт маш олон шинжлэх ухаануудтай уялдаа холбоотой хөгжөөд гараад ирлээ. Бид хоцроод байна уу гэвэл үгүй, хоцорч байна гэж өөрсдийгөө харах шаардлагагүй.

Яагаад? 

-Яагаад гэвэл даяарчлагдаж байгаа нийгэмд бид мэдээллийг хүссэнээрээ авдаг болсон учир бид мэдлэгээс хоцрохгүй, хамгийн гол нь хэрэглээ болгож чадаж байна уу, үйлчилгээ болгож авч байна уу гэдэг дээрээ харин бид хоцорч магадгүй байна гэж хэлэх гээд байна. Бид мэдээд байгаа ч бидний хандлага болон өдөр тутмын зан үйл сэтгэл зүй рүү чиглэхэд олон асуудал байна. Мөн цаашлаад хүүхэд маань ийм онцлог давуу талтай юм байна гэх мэтчилэн хөгжлийн үнэлгээнээс гарсан үр дүнд цаашид хэрхэн хөгжүүүлэх вэ гэдэг асуудал дээр бид тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулж, явуулах хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Энэ нь сэтгэл судлал жинхэнэ утгаараа хэрэглээ болох боломж гэсэн үг.

Манайд хэрэглэж байгаа олон улсын тест, арга зүйг бусад байгууллагууд ч хэрэглэж байна. Манай байгууллагын нэг онцлог бол байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд маш олон үйл ажиллагааг явуулж эрдэм шинжилгээ, судалгааны бааз, туршлагатай болсон гэж бодож байна. Бид ирэх оны 9 сард албан ёсоор хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж 5 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ тайлагнах, дүгнэх, таниулах ажил хийхээр төлөвлөж байгаа. Эндээс бидний судалгаанд суурилсан цаашид хийх үйл ажиллагаатай танилцах боломж гарах байхаа.

Бие нь өвдвөл эмчид очдог шигээ сэтгэл судлаачид хандах тал дээр манайхан хойрго хүмүүс гэж бодож байна, та санал нийлэх үү?

-Сэтгэл судлалын талаар ойлгосон ч бодонгуутаа манайхан шууд шийдвэр гаргахгүй байх шиг санагддаг, хүүхдээ нэг авч очно, би өөрөө нэг очно, байгууллагадаа сургалт авна даа гэсээр жил, хоёр жилийн дараа хандах тохиолдол байдаг. Мэргэжлийн байгууллагуудын хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах нэн чухал шаардлага үүсч байгаа юм. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд олон байгаа. Хамгийн чухал нь мэргэжлийн мэдлэг чадвартай, туршлагатай, ёс зүйтэй байгууллагад хандах нь зөв. Манай хүрээлэн өнгөрсөн хугацаанд түлхүү хүүхэд рүү чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна гэдгээрээ ялгарч байгаа.

Сэтгэц эрүүл бол бие эрүүл гэж үг бий. Гүн гүнзгий стресст орж, сэтгэл нь өвдсөн хүмүүс үүнийгээ ойшоохгүй явснаас даамжруулах, цаашлаад бусад эрхтэнүүд нь өвдөх эх үүсвэр болдог гэсэн?

-2017 оны байдлаар НҮБ-аас явуулсан аз жаргалын индексийг авч үзвэл дэлхийн аз жаргалын индексээс 155 орноос 100-д бичигдсэн байгаа нь нэгийг хэлэх байх гэж бодож байна. Монголчуудын хувьд сонголт хийх эрх чөлөө, өөртөө итгэх итгэл бага гарсан байна. Бид сэтгэл зүйн тайван байдал, аз жаргалтай амьдралын талаар нарийн судлах шаардлага байгаа. Бид биеэ өвдөхөөр эмчид ханддаг биз дээ, тэгвэл ямар нэгэн тайван биш байдал, айдас, түгшүүр үүсч байвал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэл гэдэг эрхтэн удаан чимээгүй өвдөөд явж байгаа тохиолдол их байгаа нь биеийг ч хүчтэй өвчлөхөд нөлөөлж байна. Сэтгэл зүйн асуудал нь мэргэжлийн зөвлөгөө аваагүйгээс өөрөө ч мэдэхгүй өөртөө итгэлгүй, урам зориггүй болгож байдаг учраас энэ нь маш чухал. Ямар гаргалгаа байна, сайн сэтгэл зүйч хаана байна гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүний тоо огцом өсөөгүй ч хандлага эерэг болсон. Яагаад сэтгэл зүйч дээр ирэхгүй байна гэхээр сэтгэл зүйчид очдог дадал бий болоогүй байна. Мэдээж нийтлэг асуудал бол төлбөр мөнгөтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд танайд хандсан насанд хүрэгчдийг ажиглахад ямар төрлийн хүмүүс давамгайлж байв? Надад сэтгэл зүйчийн хэрэгцээ байгаа гэдгээ ойлгож энд ирнэ гэдэг нь хамгийн чухал алхам байх?

-Сэтгэл зүйчид хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь өөрийнхөө асуудлыг удаан хугацаанд шийдээгүй, дотогшоо хандлагатай мөн найз нөхөд багатай, цөөхүүлээ амьдардаг, гадаадад удаан амьдарч байгаад ирсэн, ер нь харилцах хүрээ багатай хүмүүс байгаа нь анзаарагдаж байгаа. Эсвэл бүр эцэст нь тулгаад, за ерөөсөө болохгүй боллоо, би яах вэ, туслаач гээд шийдэл хайж ирдэг. Олон байгууллагууд дундаас мэргэжлийн гэдэг статустай, туршлагатай, ёс зүйтэй сайн мэргэжилтнүүдийг олж очиж үйлчилгээгээ авах нь чухал. Хамгийн гол нь бага наснаас нь сэтгэл зүйчтэй уулздаг, харилцдаг сэтгэл зүйн боловсрол байдаг гэдгийг хэвшүүлэх ёстой болж байгаа юм. Нэн тэргүүнд сургуульд сэтгэл зүйч ажиллах шаардлага өндөр байна. Сургууль сэтгэл зүйчтэй болсноор сэтгэл зүйч гэж ийм мэргэжилтэн байдаг, бидэнд тусалдаг, зөвлөж ярилцдаг гэдэг ойлголтыг бий болгох нь энэ мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авах дадлыг багаас нь суулгаж өгөх чухал зүйл юм.

Оношилгоо үнэлгээний албаны дарга  Х.Мөнхзул: 

Оношилгоо үнэлгээ хийгдсэний үр дүнд хүүхдийнхээ нөөц боломж юу байна гэдгийг харж чаддаг

Хүүхдийн оношилгооны давуу тал юу вэ? Хүүхдээ оношлуулснаар ямар боломжуудыг эцэг эхчүүд мэдэж авах вэ?

 - Хүүхдийн цогц оношилгоо, үнэлгээний дүнд суралцах арга барил, танин мэдэхүйн давуу болон сул талууд, хөгжих боломж, нөөц, харилцааны хэв загвар, өөрийн үнэлэмж гэх мэт онцлогууд тодорхойлогддог. Нэг талаас хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, бие физиологи, нийгэм, сэтгэл хөдлөлийн зэрэг ур чадварын хүрээнд тодорхойлно, нөгөө талаас хүүхдийн хувийн сэтгэл зүйн онцлогийг судална. Оюун ухаан, танин мэдэхүйн чадваруудын хүрээнд хараа орон зайн сэтгэхүй, суурь мэдлэг, урт хугацааны болон богино хугацааны ой тогтоолт, анхаарал, шийдвэр гаргах хурд, мэдээлэл боловсруулах хурд, шингэн оюун ухаан буюу сэтгэхүйн уян хатан байдал, төлөвлөх чадвар зэргийг тодорхойлох ба энэ нь хүүхэд өөрийн эргэн тойрон, гадаад ертөнцийг хэрхэн тусгадаг болох, танин мэдэхүйн хэв загвар нь ямар болох, түүнээс хамааран зан байдал нь хэрхэн илрэх зэргийг тодорхойлдог. 

Хүн бүрт бүх чадвар өндөр байна гэж байхгүй. Аль нэг талаараа хүүхэд бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой учир тухайн онцлогт нь тохируулан эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцаж, хөгжүүлэх нь үр дүнтэй. Тухайн давуу тал, чадварт нь тулгуурлаад хүүхдийг яаж хөгжүүлэх, хэрхэн харилцах вэ гэдэг арга зам илүү тодорхой болж ирдэг. Жишээ нь хараа орон зайн сэтгэхүйн чадвар өндөр хөгжсөн хүүхдийн хувьд зурган мэдээллийг ойлгох тал дээр илүү сайн байдаг ба ярихдаа дохио зангаа илүү их ашигладаг. Сэтгэхүйн хэв загварын хувьд юмсыг илүү зураглаж бодох учраас хэдий чинээ нарийн төвөгтэй зүйлсийн талаар бодно, тэр хэрээр үгээр илэрхийлэхэд бэрхшээлтэй болдог. Үүнийг эцэг эхчүүд санаа бодлоо зөв илэрхийлж чадахгүй байна гээд сул тал болгож харах гээд байдаг.

Дийлэнхи эцэг эхчүүд хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэх сонирхолтой байдаг. Зарчмын хувьд зөв ойлголт боловч үүнд хүүхдийн нас, сэтгэл зүйн өвөрмөц бүрдэл, аль чадварын хүрээнд эхэлж хөгжүүлэх вэ гэдэг эхлэх цэг чухал юм. Учир нь хөгжил бол системтэй явагддаг шүү дээ. Хүүхдүүдээ өөрсдийн стандарт хэм хэмжээ, сонирхолд тулган, ийм л хүн болно гэдэг хэв загварт барих эцэг эхчүүд мөн байна. Гэвч ийм харилцаа нь хүүхдийг хөгжүүлэхээс илүүтэй хязгаарлаж, идэвхи санаачлага, өөрийн үнэлэмж гэх мэт сэтгэл зүйн хэвийн механизмийг алдагдуулж байдаг.

Оношилгоонд хичнээн төрлийн тестийг боловсруулан ашиглаж байна вэ?

- Манай оношилгооны сан нийт 200 орчим аргуудаас бүрдэнэ. Оношилгоо үнэлгээний санд тестинг аргуудыг сонгохдоо тухайн аргын баталгаат болон найдварт шинжийг эхлэн судалж, модификаци хийдэг. Учир нь оношилгоо гэдэгт зөвхөн тест, аппарат, үр дүн байгаад зогсохгүй түүний стандартчилал, найдварт чанар, ёс зүй зэрэг зүйлс давхар хэлцэгдэх болсон нь шинжлэх ухааны тасралтгүй хөгжлийн суурь болж байна. Оношилгооны санд багтах аргууд нь асуулгын, үйлдлийн, тоглоомын, сорилын, аппаратан, ярилцлагын, ажиглалтын, зурган гэх мэт олон хэлбэртэй. Орчин үеийн оношилгоо, үнэлгээнд хэрэглэж буй судалгаа шинжилгээний олон төрлийн аргууд нь өөр өөрийн зориулалтаар хэвийн ба эмгэг байдал, боловсрол, нас зүйн онцлог, сургалт, мэргэжил, боловсролын төвшинг тодорхойлох, сэтгэцийн ба сэтгэл зүйн шинжүүдийг илрүүлэх зэргээрээ ялгаатай.

Насанд хүрэгчдийн хувьд өөрийгөө ерөнхийд нь танин мэдсэн байдаг шүү дээ. Оношилгоо хийлгэснээр ямар шинэ, нарийн мэдээллийг олж авах вэ?

-Бие хүний онцлог зан төлөв, ур чадвар, сонирхол гээд үндсэн гурван хүрээнд өөрийгөө шинжлэх ухааны үүднээс бодитоор танин мэдэх боломжтой. Тухайлбал, хүмүүс өөрсдийн карьерийн хөгжлийг харахдаа ихэвчлэн цөөн талын сонирхол, чадвараараа дүгнэх хандлагатай. Түүнчлэн сонирхлын хувьд хүмүүс өөрсдийн дуртай, дургүй зүйлсийг таамаглахдаа муу байдаг. Оношилгоо, үнэлгээний дүнд хүн өөрийн нөөц чадамжийг өргөн хүрээнд, бодитоор танин мэдэх боломжтой учир энэ нь илүү оновчтой шийдвэр гаргахад тусална.

 Мөн нойр, стресс, депресс гэх мэт сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүссэн тохиолдолд хүн өөрийгөө болон бусдыг бодитоор үнэлж, дүгнэх нь бага болж ирдэг. Эргэх холбоотойгоор, шийдвэрлэгдээгүй асуудлууд өдөр тутмын амьдралд хуримтлагдсаар, цасан бөмбөлөгний хуулиар жижиг асуудлууд том хүрээнд гарч ирдэг. Сэтгэл зүйн нарийн бүрдэл, шинж, ухамсрын асуудлуудыг сэтгэл судлаачид системтэйгээр, онолын төвшинд боловсруулсан байдаг. Түүнд үндэслэн, холбогдох оношилгооны аргуудыг олон жилийн судалгааны үр дүнд стандартчилан, практикт хэрэгжүүлэн, үр дүнг нь судалж, тогтоосон байдаг. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудад ч мөн адил сэтгэл судлаачдын дэмжлэг шаардлагатай.

Тестүүдийнхээ дүнгээс харахад монгол хүмүүст нийтлэг ямар хэв шинж байна?

- Оюун ухаан, танин мэдэхүйн чадварын хүрээнд олон улсын судалгаатай харьцуулан авч үзэхэд шингэн оюун ухааны чадвар буюу асуудлыг олон талаар шийдвэрлэх төрөлхийн логик сэтгэхүйн чадвар харьцангуй дээгүүр үзүүлэлттэй гарч байгаа.

Хүүхдийг тоглуулангаа оношилохоос өөр ямар арга байдаг вэ?

- Бага насны, ойролцоогоор 2-7 настай хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, бие физиологи, нийгэм сэтгэл зүйн хөгжлийн үзүүлэлт, хувийн сэтгэл зүйн онцлогийг судлахдаа тоглоомын хэлбэрээр ажиглалтын, үнэлгээний, стандарт аргаар оношилгоо үнэлгээ хийдэг. Сургуулийн 8-13 насны хүүхдүүдийн хувьд сэтгэхүйн онцлогоос нь хамааран тоглоомын арга тийм ч тохиромжтой биш учир ихэвчлэн сорил, аппарат, зурган тестийн арга хэрэглэгддэг. Харин 13 ба түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хувийн зан төлөв, мэргэжлийн сонирхол, хандлага, сэдэл, ур чадвар, сэтгэл зүйн эрүүл мэндийн тест, сорил, зурган тест, аппаратан аргууд хэрэглэгдэж байна.

Шинжилгээ, судалгааны албаны дарга Д.Пүрэвсүрэн: 

Хүүхдэд буруу байдаггүй, томчууд бид харилцах арга барилаа олдоггүйгээс бүх асуудал эхэлдэг

Шанхайд суралцан сэтгэл судлаач мэргэжил эзэмшиж, хятад хүүхдүүдийн онлогийг судалж байсны хувьд монгол хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшлийн үндсэн хэв маягийг ямархуу байна гэж хардаг вэ? 

- Монгол хүүхдүүд өөрийн бие физиологи, сэтгэл зүйн онцлог, олж авсан мэдлэгээ хэрхэн амьдралд хэрэглэх талаар тэр бүр сайн мэдээд байдаггүй санагддаг. Энэ нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэд тоо, хими, гэхчлэн академик мэдлэгийг зааж сургадгаас биш, өдөр тутмын амьдралд хэрхэн өөрийгөө танин мэдэх, бусадтай зөв харилцах, хамтаар аж төрөх гэхчлэн амьдрах ухаанд тулгуурлаж мэдлэг олгодоггүйтэй холбоотой болов уу. Мэдлэг гэдэг амьдралд хэрэглээ болох зүйл байхаас биш, одоогийн хүүхэд шиг мэдлэг олж авахдаа цаад нарийн учир шалтгааныг нь ойлгохгүйгээр зүгээр л автоматаар цээжлүүлэх нь утгагүй юм.

Хүүхэд өсөн торнихын хэрээр өөрийн сэтгэл, оюун ухаан, бие физиологийн онцлогоо сайтар мэддэг байх шаардлагатай, наад зах нь өөрийн биеийн хаана ямар өвчлөл үүсэв, яагаад өвдөв гэдгийг мэддэгтэй адил хүн бүр багаасаа өөрийн сэтгэл гэдэг эрхтнээ сайн мэдэж, түүнд тулгарах асуудлыг хэрхэн даван туулахад суралцсан бол эсвэл томчууд бид тэдэнд амьдралд асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зааж ойлгуулсан бол нийгэмд сэтгэл зүйн асуудалтай хүний тоо бага байх байсан болов уу. 

Эцэг эхчүүдийн гол алдаа юу байна?

-Эцэг эх бүр хүүхдээ хамгийн шилдэг нь байгаасай хэмээн хүсч өөрт байгаагүй бүхнээ хүүхэддээ зориулдаг. Үүнээс үүдэж зарим эцэг эхчүүд хүүхэддээ ахадсан ачааллыг өгч хэт их дугуйлан, сургалтанд хамруулдаг, энэ нь эргээд хүүхдийн төрөлх чадварыг үгүй хийгээд зогсохгүй, хүүхдэд байх ёстой сониуч занг үгүй хийж байдаг. Хүүхэд өөрөө өөрийнхөө байгалиас өгсөн өгөгдлөөр өөрийн сонирхлыг хөгжүүлбэл энэ л жинхэнэ түүний хөгжих талбар нь болж байдаг. Харин хүүхдийг таамгаар олон зүйлрүү хүчлэн суралцуулах, хүүхдийг хүсээгүй, сонирхоогүй үед хэт олон дугуйланд явуулах, хүүхдийнхээ онцлогийг танин мэдээгүй байж, хүүхдэд тохирохгүй арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх нь хүүхдийн тогтвортой хөгжлийг үгүй хийж байгаа хэрэг юм.

Нөгөөтэйгээр миний бодлоор Монголчууд бид хүүхдээ танин мэдэж байна, сайн хүн болгож хүмүүжүүлж байна гээд гадныхныг хэт даган дуурайж, тэдний заавар зөвлөгөөг их дагадаг нь өрөөсгөл санагддаг. Монголчууд бид өөрийн гэсэн онцлогтой үндэстэн, бидний соёл, нийгмийн орчин бусад орноос тэс өөр. Энэ нь ч заримдаа бидэнд бусад орны хүнээс ялгарах давуу талууд болж өгдөг. Жишээ нь Монгол хүний дасан зохицох чадвар бусад орны иргэдээс өндөр байдаг.

Гадны арга барилыг шууд хуулбарлах нь тохиромжгүй гэдэгтэй санал нэг байна. Манайхан ч шууд хуулбарлахдаа гаргууд ард түмэн шүү?

-Бид өөрсдийн онцлог, чадварыг сайтар судалж мэдэхгүй байж гадны үзэл суртал, арга барилыг авчирч Монголдоо сурталчилж, гадны орон шиг болохыг өөрсдөөсөө уриалдаг. Гэтэл гадныхны нийгэм, соёлын тогтолцоо болон хүмүүсийн онцлог биднээс тэс ондоо, боловсролын тогтолцоо ч гэсэн орон орных өөр хоорондоо ялгаатай. Тэгэхэд бид зарим улсын боловсролын системийг, хууль эрх зүйн тогтолцоог тэр чигээр нь хуулбарлан Монголдоо нэвтрүүлдэг. Энэ нь эргээд монголчуудын амьдралд хэрэглээ болж чадалгүй, зүгээр үзэмж сайтай хэлбэр төдий зүйлс болж хувирдаг, үүнээс гадна манай орны нийгмийн тогтворгүй байдлыг ч үүсгэдэг шалтгааны нэг байж болох талтай.

Манай хүрээлэнд ирж байсан Австралийн нэг сэтгэл судлаач надад "Монголчууд хэт их гадныхныг шүтэх юм, үүнийхээ оронд өөрсдийн сэтгэл зүйн суурь онцлогоо давамгай гаргаж ирэх, тэр онцлогт таарч тохирох нийгмийн тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэж зөвлөж байсан юм.

Жишээ нь сэтгэл зүйн оношилгоог аваад үзэхэд гадаадын оношилгооны арга техник манай оронд зарим нь тохирно, зарим нь тохирохгүй. Австрали сэтгэл судлаач "гадны оношилгооны аргыг шууд авчирч суурьшуулахаас илүүтэй монгол хүнд хэрэглэгдэж болохыгоо шигшиж аваад, түүнийгээ өөрийн оронд нутагшуулж хэрэглэх хэрэгтэй. Үүний тулд монгол хүнээ сайн судлах нь сэтгэл зүйн шинэ арга техникийг Монголд нэвтрүүлэхэд үндсэн суурь нь болохоос гадна монгол хүний онцлог, ёс заншил, соёл, орчны нөлөөлөл зэргийг давхар судалж байж жинхэнэ нутагшуулсан сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөний арга барилыг бий болгох болно" хэмээн зөвлөж байсан юм. Энэ хүний зөвлөгөө надад их хүчтэй нөлөөлсөн. Яагаад гэвэл би ч гэсэн гадаад оронд боловсрол эзэмшиж ирсэн тул Хятадад сурсан зүйлсээ шууд л Монголдоо нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллаж байлаа. Харин одоо бол би аль болох Монголынхоо нөхцөлд таарч тохирсон, нутагшуулсан хүүхэд хүмүүжлийн арга барил, нутагшуулсан мэдлэг, мэдээллийг үйлчлүүлэгчиддээ хүргэхийг эрмэлзэх болсон.

Танайх бага насны хүүхдийг тоглуулангаа оношилдог гэсэн. Тухайлан нэг хүүхэд дээр гарсан оношилгоо, зөвлөгөөний үр дүнгийн жишээнээс сонирхуулахгүй юу?

-Сэтгэл зүйч нарын ёс зүйн дүрэмд үйлчлүүлэгчийн кейсийг бусдад бүрэн ярих нь тухайн хүний хувийн нууцтай холбоотой тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аль болох үйлчлүүлэгчийн талаар ярихгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл бид хэчнээн үйлчлүүлэгчийн нэр, нас, хүйс гэхчлэн нарийн мэдээллийг хэлэхгүй ч тухайн үйлчлүүлэгч сэтгэл зүйчид хандахдаа өөрийн нууцыг бүрэн хадгална гэж итгээд ирсэн байдаг тул сэтгэл зүйч хүн үйлчлүүлэгчийн итгэл эвдсэн үйлдэл гаргахгүй байхыг эрхэмлэдэг.

Гэхдээ нэгэнт бид хүүхдийн асуудлаар ярьж байгаа тул бидэнд ханддаг хүүхдүүдэд нийтлэг тулгардаг асуудлыг ярьж болох юм. Ер нь бол манайд хандаж байгаа хүүхдүүд ихэвчлэн эцэг эхтэйгээ ойлголцохгүй байдлаас болж сэтгэл зүйн асуудалтай болсон байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа хүүхдээ өөрийн өмч мэтээр бодож, хүүхдийн хүсэл зоригийг үл хайхран, хүүхдийн дотоод ертөнц, хувийн орон зайг үл тоомсорлосон хандлагаас үүдэлтэй. Эцэг эхчүүдийн энэ хандлага нь хүүхдийг өөрийн талаар ярих дургүй, эцэг эхдээ эсэргүүцлээ илэрхийлж байна гээд өөрийн эрхгүй буруу дадал зуршил, буруу үйлдэл хийлгэхэд хүргэдэг. Жишээ нь амиа хорлох үйлдлийг гаргах гэж оролдсон өсвөр насны хүүхэд байж болно. Үүний цаана гэр бүл, эцэг эхийн хүмүүжлийн арга барил тогтворгүй, харилцааны буруу арга барил байгаагаас асуудал үүссэн байдаг.

Хүүхдийн хувьд хорвоо дээр хамгийн их хайрлаж, хүндэлж явдаг 2 хүн нь өөрт нь итгэхгүй, өөрийг нь хүндлэхгүй болох үед хүүхэд өөртөө итгэлгүй болж, сайн сайхан руу тэмүүлэх хүсэл эрмэлзэл нь мохдог. Тиймээс бид хичнээн оношилгоонд суурилан хүүхэдтэй ажилладаг ч хүүхдэд зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг.

Та бүхний зөвлөгөөг хүлээж авахгүй эсэргүүцэх тохиолдол ээж аавуудад хэр гардаг вэ?

-Эцэг эхчүүд зарим нь “яахаараа миний хүүхэд ингэдэг юм”, “манай хүүхэд таны хэлсэн шиг зүйл хийх ёсгүй, ярих ёсгүй” гэхчлэн их үгүйсгэлтэй байх үе байдаг. Тэр үед бид нар аль болох асуудалд бодитой хандах, сөрөг өнцгөөс асуудлыг харалгүй эерэгээр тайлбар хийж, хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөмж өгдөг.

Мэдээж хэрэг тухайн зөвлөмжийг дагах үгүйг эцэг эхчүүд өөрсдөө шийдвэрлэнэ, хэзээ ч хэнийг ч хүчлэх эрх бидэнд байхгүй. Жишээ нь бид асуудлыг шийдвэрлэх аргыг эцэг эхчүүдээс долоо хоног туршаад үзэхийг зөвлөдөг, хэрэв тухайн арга тохирохгүй, үр нөлөөгүй байвал бид өөр арга барилыг санал болгож асуудал шийдвэрлэгдтэл аль болох хамтдаа тууштай байхыг эрмэлздэг.

Асуудал шийдвэрлэгдээд зөв ойлголцоод ирэхээр эцэг эхчүүд “хүүхдээ би хэтэрхий хүчлээд байсан юм байна”, “би хүүхдээ тусдаа нэг бодгаль гэдгээр нь ойлгож хүүхдийнхээ дотоод ертөнцийг хүндлэх хэрэгтэй юм байна, тэгж байж би хүүхэдтэйгээ эрүүл харилцаа үүсгэх нь” гэж өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, өөрийн хандлагаа өөрчилж эхэлдэг.

Мэдээж заримдаа сэтгэл зүйчид хандсан ч бидний зөвлөгөөг хэрэгжүүлдэггүй эцэг эхчүүд олон. Тэр үед томчууд бидэнд асуудал их байх юм даа л гэж би дотроо харамсаж суудаг даа. Биднээс болж хүүхэд өөрийн нөөц бололцоог бүрэн дайчлаагүй, харилцаа болон ёс суртахууны доголдолтой, сэтгэл зүйн асуудалтайгаар насан туршдаа амьдрах болох нь гэж бодогддог. Томчууд бид л өөрсдийнхөө хандлага, үзэл бодол, дадал зуршлаа эерэг болгохоор жаахан л хичээх юм бол хүүхэд бүр аз жаргалтай өсөн торинох боломжтой гэж би хувьдаа боддог.

Хуваалцах



ТУСГАЙ ЗОЧИН

Судлаач Т.Чимэдцэрэн: Америк хүн тэрбум 200 саяар үнэлэгдэж байхад монгол хүн 10 дахин бага үнэлгээтэй

ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, докторант Т.Чимэдцэрэн урд өмнө нь манайд дорвитой яригдаж байгаагүй монгол хүний үнэлэмжийн чиглэлээр цоо шинэ судалгаа хийжээ. Иргэнээ үнэлдэг, хүн төвтэй бодлого барьдаг хөгжингүй орнуудын жишгээс бид юуг суралцах шаардлагатай, манайд ямар асуудал тулгараад байгаа талаар түүний ярилцлага олон шинэ мэдээллийг өгөх болно.

— П.Хангал   2017 оны 12 сарын 12

Холбоотой

Сэтгэл гутрал бол амьдралыг чинь бүхэлд нь булаан авах “хар нохой”

Амьдралд тохиох аливаа бэрхшээл, сорилтын  дунд сэтгэлийн хүчээ алдан, удаан хугацаагаар шаналж зовсоны эцэст сэтгэл гутрал хэмээх өвчнөөр өвдсөн олон хүмүүс учраа олохгүй алхаж яваа. Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 15

Дэлгэцээс хамааралтай хүүхдүүдээ яах вэ?

Телевиз олон цагаар тогтмол үзэх, ухаалаг утаснаас салахаа болих, компьютерийн тоглоомд автахыг “дэлгэцийн донтолт” гэнэ. Дэлгэрэнгүй

— П.Хангал   2017 оны 10 сарын 07

Санал болгох

“Монголын нууц товчоо” 30 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдээд байна

 “Дэлхийд  түгсэн Монголын нууц товчоон” бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ны судалгааг шинэ шатанд гаргах... Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2017 оны 12 сарын 12

Жил бүр 6 сая хүн тамхинаас болж амиа алддаг

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг. Одоогийн байдлаар дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд жил болгон 6 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Дэлгэрэнгүй

— Ж.Гантулга   2017 оны 11 сарын 24


Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital