2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гутрал бол амьдралыг чинь бүхэлд нь булаан авах “хар нохой”

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 15

Амьдралд тохиох аливаа бэрхшээл, сорилтын  дунд сэтгэлийн хүчээ алдан, удаан хугацаагаар шаналж зовсоны эцэст сэтгэл гутрал хэмээх өвчнөөр өвдсөн олон хүмүүс учраа олохгүй алхаж яваа. Хамгийн харамсалтай нь аль нэг дотор эрхтэн өвчлөхтэй адил сэтгэл гэдэг эрхтэн нь өвдөөд, эмчид хандахгүй бол сэхэхээргүй хэмжээнд очтолоо хүндэрснээ мэддэггүй нь олон.

Хүнийг дотроос нь чимээгүйхэн “иддэг” энэ өвчний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэгэн бүтээлийг уншигч танаа хүргэж байна. Магадгүй таны эргэн тойронд буй хэн нэгэнд ийм асуудал тулгарсан ч байж болох. Та тэр хүнд сэтгэл гарган ярилцаж, зөвлөх чухал ч мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг заавал сануулаарай.

Нэгэн түүх

Болдод нэг хар нохой байсан. Хар нохойны нэрийг “Сэтгэл гутрал” гэдэг байлаа. Хар нохой хэзээ ч хамаагүй гарч ирнэ. Түүнийг ирэх бүрт Болдод бүх юм хов хоосон мэт мэдрэгдэж, амьдрал удааширч байх шиг санагддаг байлаа. Хар нохой ямар ч шалтгаангүй Болдруу ирж , Болдыг цочирдуулна. Тэрнээс  болж Болд наснаасаа ч хөгшин харагддаг байсан. Хорвоо дэлхий баяр хөөрөөр дүүрэн байхад зөвхөн Болд л амьдралыг хар нохойны нүдээр харж байх шиг санагддаг байлаа.

Болдод баяр хөөр, инээд бэлэглэдэг байсан үйл явдлууд гэнэт утгагүй хоосон болно. Хар нохой Болдыг хоолны дуршилгүй болгохдоо дуртай. Тэр Болдын ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг бууруулдаг байсан. Хар нохойтой хамт байхад хаана ч юу ч хийсэн Болдоос  маш их хүчин чармайлт шаарддаг. Хүмүүсийн дунд байхад тэр Болдын өөртөө итгэх итгэлийг булаагаад авчихдаг. Бусад хүмүүс үүнийг мэдчихвий гэдгээс Болд үхтлээ айдаг байлаа. Хүмүүс  шүүмжлэхвий гэдэгт санаа их зовно. Яагаад гэвэл хүмүүсийн хар нохойнд хандах хандлага, гадуурхах вий, ичгэвэртэй байдалд оруулахвий гэдгээ нуухын тулд Болд хамаг эрч хүчээ шавхдаг байсан.

Юу ч болоогүй мэт царайлан сэтгэл хөдлөлөө хуурамчаар илэрхийлэх нь Болдыг тамирдуулна...

Хар нохой Болдын бодол санаа, үг хэлийг сөрөг болгодог байсан. Бас Болдыг тогтворгүй, цочромтгой болгож, эргэн тойрны бүх зүйлсийг тэвчиж чадахгүй мэтээр мэдрүүлдэг. Тэр Болдын хайр дурлалыг булааж, дотно байдлыг далдлана. 

Байнгын давтагдсан сөрөг бодол санаатай сэрээнэ, түүнчлэн маргааш маш хэцүү өдөр болохыг сануулж, Болдыг унжгар, дорой байлгах тун дуртай байсан. Хар нохойтой амьдрахад энгийн нэг бага зэргийн сэтгэл гутралтай байх нь асуудал биш. Харин өөр бусад мэдрэмжийг мэдрэхгүй байх нь хамгийн аймшигтай асуудал юм.

Болд илүү хөгширч байгаа мэт санагдаж, хар нохой илүү том болж хаа ч явсан Болдтой цуг байх болсон. Түүнийг хөөж туувал зүгээр л явчихнаа гэж Болд боддог байсан. Гэвч хөөж туух болгонд Болд тун амархан ялагдан бууж өгдөг байлаа. Гэхдээ Болд өөрөө өөрийгөө эмчлэхээр оролдож эхэлсэн. Гэвч энэ Болдын бодсон шиг амархан бүтээгүй. Эцэст нь Болд бүх зүйлээс тусгаарлагдсан. Хар нохой амжилттайгаар Болдын амьдралыг бүхэлд нь булаан авсан.

 Хэрвээ та амьдралын хамаг сайхан бүхнээ алдвал юу болоод байгааг асууж эхлэх хэрэгтэй. Эмч мэргэжилтнээс тусламж хайж эхэлсэн нь хамгийн зөв, сайхан алхам.  Энэ бол Болдын эдгэрэх, сайжрах эхний үе байсан бөгөөд амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн.

Та хэн байхаас үл хамааран хар нохой сая сая хүнд адилхан нөлөөлөх чадвартай хоточ нохой гэдгийг ойлгосон. Үүнд зориулсан ид шидтэй эм байдаггүйг мэдэж авсан. Эм нь зарим хүмүүст тусалдаг боловч ихэнх хүмүүст цогц тусламж хэрэгтэй байдгийг ойлгосон. Шаардлагатай тохиолдолд л эмийн эмчилгээ үр дүнтэй. Танд туслая гэсэн чин сэтгэлтэй хэн нэгэн таны хувьд хамгийн үнэ цэнэтэй туслалцааг үзүүлж чадна. Хар нохойноос айх хэрэгггүй. Таныг ядарсан, стресст орсон үед хар нохой илүү чанга хуцах болно. Энэ үед та бодол санаагаа амар тайван байлгаж сурах хэрэгтэй.

 Бага болон дунд зэргийн сэтгэл гутралын үед биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь сэтгэл гутралын эмтэй ижил үр нөлөөтэйг туршилтаар баталсан байна. Утга учиргүй сөрөг бодол санааг ардаа үлдээгээд, хурдан алх, бас гүйгээрэй. Сэтгэл зүйн байдлынхаа талаар тэмдэглэл хөтлө, бодол санаагаа цаасан дээр буулгана гэдэг хүний сэтгэл санааг цэвэрлэдэг байх нь. Танд тааламжтай байдаг зүйлсээ та үргэлжлүүлэн хийсээр л байгаарай. Хэрвээ та зөв алхам хийж, зөв хүндээ хандан ярилцаж гэмээнэ хар нохойтой өдрүүдэд ч алзахгүй, тэдгээр өдрүүдийг даван туулж чадна. Болд “хар нохойд талархаж байнаа” гэж хэлэхгүй ч тэр Болдод үнэхээр гайхалтай багш болсон. Тэр Болдыг амьдралаа дахин нэг үнэлж, энгийнээр амьдрах хэрэгтэйг хүчээр тулгасан.

Асуудлаасаа зугатахаас илүү түүнийг “тэврээд” авах нь хамаагүй дээрээ гэдгийг ойлгосон. Магадгүй хар нохой Болдын амьдралын салшгүй нэг хэсэг ч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ өмнөх хар нохой шигээ адгуус амьтан шиг байхгүй байх болно. Болд мэдлэг, тэвчээр, зарчим, алиа хошин зангийнхаа тусламжтайгаар хар нохойноос хамгаалах аргыг мэдэж ойлгож авлаа.

Хэрвээ танд бүх юм хэцүү санагдаж байгаа бол бусдаас тусламж эрэхдээ хэзээ ч битгий ай, битгий эмээгээрэй. Энэ бол ичгүүртэй асуудал биш, харин амьдралаас уйдаж амьдралаас зугатаж явах л хамгийн ичгүүртэй зүйл юм.

https://www.youtube.com/watch?time_continue=141&v=zK7Ztqlpi_E

Эх сурвалж: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

www.who.int

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр