2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал нь сүүлийн саруудад түлхүү илэрдэг

— Ч. Баяржаргал   2021 оны 08 сарын 03

Жирэмслэлт гэдэг эмэгтэй хүний хувьд бие махбод болон сэтгэл зүйн олон өөрчлөлтийг бий болгодог эмзэг нандин үе юм. Судалгаагаар гурван ээж тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэжээ. Тиймээс жирэмсэн үедээ болон төрсний дараах сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах, сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Б.Батцэцэгтэй ярилцлаа. 

Жирэмсэн болох үед сэтгэл зүйн ямар өөрчлөлтүүд явагддаг вэ? 

Жирэмсэн эхэд уйтгарлан гуних, итгэл найдвараа алдах, аливаа зүйлд сонирхолгүй болж, ядарч сульдах, нойрсох, хооллох байдал өөрчлөгдөн, уурлаж уцаарлах, аз жаргалыг мэдэрч чадахгүй байх зэрэг шинжүүд илэрдэг.  Жирэмсэн үеийн сэтгэл зүйн байдлын талаар хийгдсэн олон улсын судалгаануудаас харахад  дөрвөн эмэгтэй тутмын нэг нь буюу 25 орчим хувь нь жирэмсэн байх үедээ сэтгэл гутралд өртдөг байна.

Мөн жирэмсэн болсноо гэнэт мэдэх, төлөвлөөгүй жирэмслэлтээс шалтгаалж сэтгэл санаа хямрах, айх, ялангуяа анхны жирэмслэлт, өсвөр насандаа жирэмслэх нь "хүүхэд төрүүлж чадах болов уу гэсэн бодол төрүүлж,  сэтгэл санаа тогтворгүй болох нь бий. Жирэмсэн болсноо мэдсэн цагаасаа эхлээд “би зөв үедээ хүүхэд төрүүлж байна уу, сайн ээж болж чадах болов уу, миний нөхөр сайн хүн  үү, аав болж чадах болов уу” гэх бодлууд төрөх,  сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүргэдэг.

Жирэмсний үед сэтгэл гутралд ороход юу юу нөлөөж байна вэ?

- Бага насандаа ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан

- Нөхөр, хамтран амьдрагчийн биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд байдаг

- Биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан

- Жирэмслэлт, төрөлт, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг муу байх

- Санхүүгийн боломж муу байх

- Ар гэр, аав ээж, ах дүү нарын зүгээс буруушаах, дэмжлэг үзүүлэхгүй байх үед

- Өсвөр насны болон төлөвлөөгүй жирэмслэлт

- Өмнөх жирэмслэлт нь ямар нэгэн байдлаар бүтэлгүйтэж байсан бол

- Жирэмсний эхэн болон хожуу үеийн хордлого авч байсан

- Жирэмсэн болохоосоо өмнө сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөж байсан буюу сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны асуудал үүсч байсан бол жирэмсэн үеийн сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөр байдаг.

Жирэмсэн үеийн сэтгэл санааны тогтворгүй байдал хэзээ  арилж, хэвийн болох вэ? Сэтгэл гутралд орсон бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

Жирэмсний сэтгэл гутрал нь жирэмсэн болсон цагаас эхлэн илэрч болох боловч сүүлийн саруудад түлхүү явагддаг. Жирэмсэн ээж өмнө нь баяр жаргалтай, таашаал авдаг байсан зүйлээсээ таашаал авахаа болих, сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох, ирээдүй нь бүрхэг санагдах,  ямар нэгэн зүйлд идэвх сонирхолгүй болох, нойр хямрах зэрэг  шинж тэмдгүүд нь 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал гэж үздэг.

Сэтгэл гутрал нь өөрөө бусад сэтгэцийн эмгэгүүдийг дагуулж байдаг.  Сэтгэл түгшилт,  нойргүйдэл, нойрны хямрал,  мэдрэл сульдал буюу архаг ядаргаа, сэтгэл цочирдлын хоёрдмол эмгэгүүд хавсарч тохиолдох эрсдэлтэй.

Сэтгэл зүйн асуудалтай байх нь ургийн хөгжил, өөрийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ? 

Жирэмсэн ээжүүд стресст өртөж, сэтгэл гутрал, хямралтай байх нь бие махбодын хувьд хэд хэдэн шинж тэмдэгээр илэрдэг. Булчин чангарах, амьсгал олшрох, зүрх дэлсэх, толгой, нуруу гэдэс өвдөх, биеийн энд тэнд тодорхойгүй өвдөх зэргээр зовуурь өгдөг. Эдгээр шинжүүд нь  урагт ч мөн хүчтэй нөлөөлдөг.  Ураг зулбах, цагаасаа өмнө төрөх, жирэмсний эрт үеийн болон хожуу үеийн хордлогод илүүтэйгээр өртөх, ургийн өсөлт саатах, улмаар сэтгэлийн хямралаа давж чадахгүй байгаад байвал согтууруулах ундаа мансуурлах бодис хэрэглэх,  хүүхэд нь жин багатай төрөх, хүүхдийн өсөлт нь хэвийн сэтгэл зүйтэй ээжийн хүүхэдтэй харьцуулахад удаан байх, цаашлаад төрсний дараах сэтгэл гутрал болж үргэлжлэх сөрөг нөлөөтэй.

Насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл гутралын байдлыг судлаад үзэхэд ээж нь жирэмсэн үедээ болон хүүхдээ төрүүлсний дараа сэтгэл гутралтай байсан гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралтай ээжээс төрсөн хүүхэд насанд хүрсэн хойноо сэтгэл гутралтай болдог гэсэн үг юм.

Жирэмсний болон төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтийн ялгаа юу вэ? 

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал, төрсний дараах сэтгэл гутрал хоёр нь ялгаатай.  Төрсний дараах сэтгэл зүйн хямралын хувьд  жирэмсэн байх үед өндөр байсан эм бэлгийн даавар төрсний дараа огцом буурсантай холбоотойгоор үүсдэг.  Энэхүү хямрал нь төрсөн эхний өдрөөс  хоёр 7 хоног үргэлжлээд хэвийн болдог. 

Харин төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа 1 жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм.

Сэтгэл зүйн асуудлаа шийдэхгүй бол яах вэ? Төрсний дараах сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Төрсний дараах сэтгэл гутрал нь жил болон түүнээс илүү хугацаагаар ч үргэлжилдэг хор уршигтай. 

Төрсний дараах сэтгэл гутрал нь өндөр хөгжилтэй орнуудад 10-15 хувь, хөгжиж буй орнуудад  41 хувийн тархалттай байдаг.  

Төрсний дараах сэтгэл гутралын үед уйтгарлаж, гуниглах, итгэл найдваргүй санагдах, нойргүйдэх, амьдралын баяр баясгалангүй болох, хүүхдээ хараад баярлахгүй байх, ямар нэгэн зүйлээс таашаал авахаа болих, бусдаас өөрийгөө тусгаарлаж, харилцаа холбоогоо таслах, өөрийгөө нийгмээс тусгаарлах, хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах, эсвэл хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовж байнгын айдас түгшилттэй болох, эргэлзэх тээнэгэлзэх, шйидвэр гаргаж чадахгүй ,өөрийгөө аливаа зүйлд буруутгаж, хүчгүй сул доройгоор мэдрэх зэрэг шинж тэмдэг, асуудал үүсдэг.  Энэ нь цааш үргэлжлэх юм бол үхэх тухай бодол хүртэл төрдөг.

Сэтгэл гутралыг өөрөө даван туулж, эдгээх боломжтой юу?  Хаана хэнд хандах вэ?

Мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Хөнгөн болон дунд зэргийн сэтгэл гутралын үед сэтгэл засал эмчилгээ үр дүнтэй. Хэрэв сэтгэл засал эмчилгээ үр дүнгүй эсвэл хүнд зэргийн сэтгэл гутралтай бол эмийн эмчилгээ хийдэг.

СЭМҮТ-ээс жирэмсний сэтгэл гутрал болон төрсний дараах сэтгэл гутралаар хоёр судалгаа хийсэн байдаг.

“Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”-г  2020 оны 10 сард хийсэн.  Уг судалгааг  google форумд оруулж фэйсбүүк, твиттер ашиглан явуулсан юм. Судалгаанд 600 жирэмсэн ээжийг хамруулсан. Насны хувьд:

  • 15-19 насныхан  5.8 хувь,
  • 20-29 насныхан 65.6 хувь,
  • 30-39 насныхан 26.8 хувь,
  • 40-49 насныхан 1.6 хувьтай оролцсон.

Уг судалгааны дүнд 31.2 хувь нь сэтгэл гурталтай байсан. 34.3 хувь нь амиа хорлох бодолтой буюу гурван ээж тутмын нэгд нь амиа хорлох бодол төрж байсан.

Сэтгэл гутралд нөлөөлж буй хүчин зүйлс нь: 

  • Гэр бүлийн байдал буюу ганц бие байх,
  • Боловсролын түвшин бага байх
  • Өрхийн орлого бага байх
  • Төлөвлөөгүй жирэмслэлт байх  зэрэг нь сэтгэл гутралд өртөхөд нөлөөлж байсан.

 “Төрсний дараах сэтгэл гутрал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”-г  2017 онд хийсэн бөгөөд  1-6 сар хүртлэх хугацаанд 1-2 сартай хүүхэдтэй, 480 ээжийг хамруулсан. Ингэхдээ Улаанбаатар хотын 6 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулах кабинетаар ирж үйлчлүүлсэн, хүүхдэдээ вакцин хийлгэж байсан ээжүүдийг хамруулсан юм. Уг судалгаанд оролцогчдын насны бүлэг нь:

  • 24-өөс доош насны ээж 19 хувь,
  • 25-29 насны ээж 36.3 хувь,
  • 30-34 насны ээж 34 хувь,
  • 35-39 насны ээж 16.9 хувь,
  • 40-өөс дээш насны ээж 3.5 хувь байсан.

Судалгаанд оролцсон  ээжүүдийн 31.5 хувь нь сэтгэл гутралтай гэж гарсан. 15 хувь нь сэтгэл түгшилттэй байсан.

Төрсний дараах сэтгэл гутралд нөлөөлсөн зүйлс нь: 

  • Гэрлэлт / ганц бие, өрх толгойлсон ээж байх/
  • Ажил эрхлэлтийн байдал /ажилгүй байх/
  • Хүсээгүй буюу төлөвлөөгүй жирэмслэлт байх
  • Жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл нь сэтгэл гутрал болон түгшихэд нөлөөлсөн.

Жирэмсний болон төрсний дараах сэтгэл зүйн асуудал, сэтгэл гутралд өртөхгүйн тулд яах вэ? 

Жирэмслэлтээ төлөвлөх нь маш чухал. Өөрийн болон ажлын зорилго, карейр зэрэгтэйгээ цаг хугацаагаа тааруулж, сэтгэл зүйгээ бэлдэх нь  сэтгэл гутралд өртөхгүй байх сайн талтай.  Хэдийгээр төлөвлөөгүй жирэмсэн болсон ч өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлдэх хэрэгтэй.

  • Жирэмсэн ээжүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалтууд, жирэмсний иог, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх,
  • Сэтгэл зүйн байдал, өөрт төрж буй мэдрэмжээ нээлттэй илэрхийлж дотны хүмүүстээ ярилцах хэрэгтэй
  • Мөн найз нөхөд, дотны хүмүүстэйгээ холбоотой байх
  • Туршлагатай найз, болон ээжээсээ  туршлага судалж жирэмсэн үеийн нөхцөл байдал, төрсний дараа яах талаар мэдэж авч болно.
  • Ээж аавуудад зориулсан гарын авлага, ном зэргийг уншиж мэдэхээс гадна “би ээж болно” гэдгээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал
  • Ээжүүд маань сошиал орчин дох эх сурвалжгүй, янз бүеийн мэдээлэлээс аль болох зайлсхийж, сөрөг мэдээллээс хол байх, ямар нэг асуудал тулгарвал мэргэжлийн эмчид хандах, хяналтын эмчдээ санаа зоволгүйгээр хэлж зөвлөгөө авах хэрэгтэй.  Магадгүй сэтгэл зүйн хямрал нь цааш даамжрах юм бол сэтгэцийн эмчид хандаарай.
  • Бага зэргийн хямрал, бухимдал төрөх үед тухайн бухимдал төрүүлж буй зүйлээс түр холдож сэтгэл санаагаа тайван байлгаарай.  
  • Амьсгалын дасгал хийх нь стресс тайлах маш үр дүнтэй арга. Амьсгалын дасгал хийхдээ анхаарлаа амьсгалдаа төвлөрүүлж хамраараа амьсгалаа  удаанаар авч гэдсээ төмбийлгөөд буцаагаад амьсгаагаа амаараа удаан гаргахад бие махбод болон сэтгэл санаа тайвширдаг. 3-5 минутын турш хийгээрэй.
  • Бас нэг дасгал нь биеийн булчингаа хэсэгчлэн чангалж, суллах дасгал. Биеийн доод хэсгээс дээшээ өвдөг, гэдэс, гар, мөр, нүүр, толгой, нүд, хөмсөг чиглэлээр биеийн булчингаа 5 секунд орчим  чангалж, буцаагаад суллах нь сэтгэл санааг тайвшруулах, стресс тайлах сайн арга юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө