“Сэтгэлийн дархлаа” сэтгэл зүйн ярилцлагын булангаараа энэ удаа хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ юу болох, түүнийг хэрхэн хангах, сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдэд ямар асуудал бэрхшээл тулгардаг, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ сэтгэл зүйн талаас нь анхаарах чухал зүйлсийн тухай “Шинэ эхлэл төв”-ийн сэтгэл зүйч Б. Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
Хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар эхлээд ерөнхий мэдээлэл өгөөч. Хүүхдийн сэтгэлийг зүйрлэж хэлбэл?
Хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ярихын тулд эхлээд нас насны үечлэл хоорондоо ялгаатай гэдгийг ойлгох нь зүйтэй. Насны үечлэлийн олон төрлийн ангилал байх бөгөөд хүүхэд насыг нялх нярай, балчир, сургуулийн өмнөх нас, сургуулийн нас болон өсвөр нас гэж ангилах боломжтой.
- 0-2 буюу нялх нярай насны хүүхдийн хувьд хамгийн чухал сэтгэл зүйн онцлог нь итгэл үүсэх явдал. Хүүхэд дэлхий ертөнцтэй анх удаа танилцаж байгаа бөгөөд түүнийг асран халамжилж буй гэр бүлийн орчноосоо авсан мэдрэмжээр бүх ертөнцийг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орчноосоо хайр халамжийг хангалттай хүлээн авбал амьдралыг ч мөн тийм аюулгүй таатай гэж хүртэнэ. Эсрэгээрээ хүчирхийлэл, үл хайхрал мэдэрч өссөн хүүхдийн амьдралд хандах хандлага нь найдваргүй, аюултай гэсэн мэдрэмжтэй байдаг. Тиймээс тухайн хүүхэд цаашдын амьдралын олон үйл явдлуудад хэрхэн зохицох вэ гэдэг онцлогийг бүрэлдүүлдэг тун эмзэг бөгөөд чухал үе нь энэ бөгөөд танай нэвтрүүлгийн нэртэй адилхан “сэтгэлийн дархлаа”-ны суурь тавигддаг гэж ойлгож болно.
- Балчир нас буюу 2-3 наснаас эхлэн хүүхэд өөрийгөө ээжээсээ тусдаа хүн юм байна гэдгээ мэдэрч эхлэх бөгөөд бие даасан үйлдлүүдийг хийдэг. Хэрэв хүүхэд нялх нярай үедээ итгэл бий болсон бол одоо бие даан аливаа үйлдлийг хийхэд бэлэн болж байна гэсэн үг. Бие дааж эхэлснээр хүүхэд “Би чадна” гэсэн өөртөө итгэх итгэлийн суурь нь тавигддаг. Тиймээс хүүхдийнхээ өмнүүр орж бүх зүйлийг нь хийж өгөх гэлгүй өөрөөр нь хийлгэж, алдаа гаргах эрхийг нь олгоорой. Хүүхдийн гаргасан алдаанд шийтгэл, зэмлэл, шоолох зэрэг хариу үйлдлийг гаргах нь тийм ч зохистой биш бөгөөд үүнээс хүүхэд “би чадахгүй юм байна” гэх мэдрэмж авч, өөртөө итгэлгүй болох хандлагатай.
- Сургуулийн өмнөх насанд хүүхдийн харилцааны хүрээлэл илүү өргөн болж ирэхийн зэрэгцээ илүү сониуч, аливааг хийх санаачлагатай болж байдаг. Мөн хэл ярианы хөгжил ч илүү сайжирдаг бөгөөд эцэг эх, эргэн тойрны хүмүүсээсээ олон зүйлийг асууж шалгаах хандлагатай байдаг. Хүүхдийнхээ танин мэдэх, судлан шинжлэх энэ сонирхолд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, туслах нь тустай.
- Дараагийн үе нь сургуулийн нас. Энэ насны хүүхдэд тодорхой зөрчлүүд үүсдэг. Тухайлбал, сургуульд орох үед дүрэм, журамд захирагдах шаардлагатай болдог тул түүнд дасан зохицох хэрэгтэй болно. Сургуулийн өмнөх насандаа сониуч санаачлагатай байдлыг хөгжүүлж чадсан бол сургуульд дасан зохицох байдалд ч мөн сайн нөлөөтэй. Энэ насанд эцэг эхчүүд хүүхдэдээ тодорхой хэмжээнд дүрэм, хил хязгаарыг зааж, даган мөрдөхөд нь дэмжлэг үзүүлбэл сайн. Хүүхэд энэ насанд олж авч буй шинэ туршлагаараа нийгмийн хэм хэмжээнд захирагдахыг сурах ёстой.
- Өсвөр насны гол онцлог нь үе тэнгийн харилцаа хамгийн чухал болдог нас. Эцэг эхээс хамааралтай байдал суларч, хамгийн их зөрчил үүсдэг үе. Өсвөр насандаа “би хэн бэ” гэсэн асуултын хариултыг хайж, өөрийгөө адилтгаж эхэлдэг. Энэ үед хүүхдийн эргэн тойронд сайн үлгэр дуурайл үзүүлэх буюу даган дуурайх хэн нэгэн байх нь тустай. Учир нь өсвөр насанд бусдыг даган дуурайх, сөрөг зан үйлд автамтгай байдал их байх талтай.
Хүүхэд насны сэтгэл зүйг ерөнхийд нь хоол хийхтэй зүйрлэж болох юм. Хүүхэд насанд тухайн хүнийг ямар бие хүн болж төлөвших чухал орц найрлагууд бүрэлдэж байдаг гэдэг утгаараа.
Хүүхдийн сэтгэл зүйн амин хэрэгцээнүүд нь юу байдаг вэ?
Хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг ерөнхийд нь нэг үгээр илэрхийлбэл АЮУЛГҮЙ байдал.
Үүнд идэх хоол, өмсөх хувцас, орон байраар хангагдах зэрэг материаллаг хэрэгцээнээс гадна хүүхэд сэтгэл зүйн хувьд аюулгүй гэдэг мэдрэмжтэй байхыг ойлгож болно. Сэтгэл зүйн энэ аюулгүй байдлыг хайрлагдсан, ойлгогдсон, би үнэ цэнтэй гэсэн мэдрэмжээр тодорхойлох боломжтой. Жишээгээр тайлбарлавал, хүүхдээ эмээ өвөө эсвэл хэн нэгэнд үлдээж явах шаардлага амьдралд гардаг. Тэгэхдээ “хүүхэд маань мэдчихвэл уйлаад байдаг юм” гээд хэлэхгүй, нууцаар орхиж явах тохиолдол их бий. Энэ үед хүүхэд ээж аав нь хэзээ ирэхийг мэдэхгүй, яагаад явсныг нь ойлгохгүй учраас орхигдсон, гологдсон, үл хайхрагдсан мэдрэмжийг авч болно. Хүүхдийн хувьд эцэг эх, асран халамжлагч нь өөрийнх нь хамгийн найдвартай, ойр дотно хүн байхад, тэр хүнээсээ хүртэл үл хайхрагдсан мэдрэмж авна гэдэг нь ертөнцийг ч бас аюултай, найдваргүй гэдгээр хүртэхэд хүргэдэг. Энэ нь цаашдаа амьдралд тулгарах бэрхшээлтэй явдалд сэтгэлийн дархлаа нь сул байх нөхцөл болох боломжтой.
Харин аюулгүй байдлын хэрэгцээ нь хангагдсан хүүхэд түүгээрээ дамжуулан ертөнцийг мөн аюулгүй орон зай хэмээн хүртэж, насанд хүрээд асуудал гарсан ч даван туулах дархлаатай, амьдрах итгэл найдвараа алдахгүй байхад чухлаар нөлөөлдөг.
Хүүхдийг ухаан ороогүй юм чинь, жаахан юм чинь "зүгээрээ" гэх явдал байдаг. Үүнийг хүүхэд сэтгэл зүйдээ хэрхэн хүлээж авдаг бол?
Тухайн зүйлийг хүүхэд учирлаж ойлгохгүй нь үнэн. Гэвч ухаан суугаагүй байх тусмаа үл хайхралыг гүн гүнзгий мэдэрдэг. Жишээлбэл, хүүхдээ ухаан ороогүй байгаа юм чинь гээд аль болох багад нь амжуулъя гэж бодоод удаан хугацаанд хол явах тохиолдол байдаг. Гэвч,
Хүүхдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчдаа “тоогдох” амин хэрэгцээ хамгийн их үе нь ухаан ороогүй байгаа тэр л үе юм.
Тэгвэл хэрхэн хүүхдийнхээ “тоогдох” хэрэгцээг хангах вэ гэвэл, хүүхдийнхээ үг үйлдэлд идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх явдал юм. Хэл ярианы чадвар хөгжөөгүй хүүхдүүд хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг. Зарим эцэг эхчүүд маань “Хүүхдийг байнга аваад байвал муу зан сургачихна” гээд уйлж байгаа хүүхдээ аргадалгүй орхих үе байдаг. Гэтэл энэ нөхцөл байдал нь үл хайхрагдсан мэдрэмжийг хүүхдэд өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үл хайхрагдсан хүүхэд өөрийгөө үнэ цэнгүй гэж боддог.
Тэгээд насанд хүрэхээрээ бусдаас хайр халамж хүсэмжлэгч болж, хэн нэгнийг өөртөө татаж, сайн байлгахын тулд өөрийгөө бусдын хүсэлд нийцүүлэх гээд байх хандлагатай болдог. Тиймээс хүүхдэд муу зан сургачихна гээд халшрах үе нь нялх балчир нас л лав биш юм шүү. Мөн хүүхдээ тоож байгаа, анхаарч байгаагаа идэвхтэй хариу үйлдлээр илэрхийлэх нь тустай.
Хүүхдийн сэтгэл зүй таагүй, тааламжгүй, ямар нэгэн асуудал байгааг харилцаа хандлага, үйл хөдлөлөөс нь хэрхэн мэдэх боломжтой вэ?
Хүүхдүүдийн хумсаа мэрэх, орондоо шээх, хүүхэд хазах гэх мэт үйлдлүүд нь сэтгэл зүйн шалтгаантай байх боломжтой. Бас маш их уур уцаартай болчихдог. Уурлахаараа тайвширч чаддаггүй. Яаж ч аргадсан тайвширдаггүй байдал зэрэг нь хүүхдийн стресстэй байгааг илтгэдэг. Мөн зарим хүүхдүүд эцэг эхээсээ огт холдож чаддаггүй, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг зэрэг сонирхол татах олон зүйл байсан ч эцэг эхдээ үргэлж наалдах зэрэг байдал удаан хугацаанд ажиглагддаг. Энэ нь эцэг эхээсээ холдвол аюултай гэсэн таагүй мэдрэмж, түгшүүр байх боломжтой.
Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөрийгөө тусгаарлах, үе тэнгийн харилцаанд орж чадахгүй байх, дур сонирхолгүй, идэвхгүй болох, хаагдмал болох, сэтгэл санаа тогтворгүй байх, дэлгэц, тоглоом, буруу хэрэглээнд автах гэх мэт байдал ажиглагддаг. Гэхдээ өсвөр нас бол өөрөө тогтворгүй, сэтгэл хөдлөл төвтэй нас юм. Зарим тохиолдолд ингэж ажиглагдах нь хэвийн бөгөөд ийм шинж тэмдэг хэдэн 7 хоногоос хэдэн сар зэрэг урт хугацаанд ажиглагдвал илүү анхаарал хандуулах хэрэгтэй болно.
Өсвөр нас бол өөрийгөө олох чухал нас гэж та хэлсэн. Энэ насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар эцэг эхчүүд арга эвээ олохгүй байх асуудал тулгардаг. Хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцож, өөрийгөө илэрхийлэх байдлыг нь хэрхэн хөгжүүлэх вэ?
Өсвөр насны хүүхэдтэй харилцах хамгийн амархан арга нь хүүхдийнхээ амьдралд оролцох явда. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ дуртай спорт, сонсдог дуу, хичээл сургуулийнх нь амьдралын “сонин сайхан”-тай танилцаарай. Өсвөр насанд үе тэнгийнхний харилцаа маш чухал учраас найзуудтай нь мөн ойр байх, гэртээ дагуулж ирэхийг нь зөвшөөрөх, найзуудынх нь талаар сонирхдог байх нь тус болно. Магадгүй хүүхдийнхээ шүтээн болсон хүн эсвэл дуртай зүйлийг нь сонирхож асуувал хүүхэд тэр талаараа дуртай илэрхийлэх бөгөөд үүнээс бага багаар нээгдэж, ойр дотно харилцаа үүсэх боломжтой.
Та заримыг нь дээр дурдсан. Ер нь сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдэд ямар асуудлууд тулгардаг вэ?
Сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдэд үнэ цэнгүй гэх мэдрэмж төрсөн байдаг. Орхигдсон, хайрлагдаагүй, үл хайхрагдсан мэдрэмж авсан учраас насанд хүрснийхээ дараа харилцаанд нь асуудлууд үүсдэг. Тухайлбал, хүмүүстэй харилцаанд орохоос айдаг, эсвэл харилцаа нь тогтворгүй байдаг. Нөгөөтээгүүр, өөртөө итгэлгүй, амьдралд хандах хандлага нь идэвхгүй байж болно. Эсвэл хүн харахад маш хангалуун, дутах зүйлгүй мэт боловч сэтгэл ханамжгүй мэдрэмжтэй байдаг. Амьдралд нь асуудал тулгарч, хэцүү санагдах үед гарц гаргалгаа байхгүй мэт санагдаж, итгэл найдвар төрдөггүй. Ингээд ирэхээр сэтгэл гутралд өртөх магадлал нэмэгддэг, мөн аливаа төрлийн донтолдод өртөмтгий болдог байх нь.
Эсэргээрээ сэтгэл зүйн хэрэгцээ нь бүрэн хангагдаж өссөн хүүхэд хэн болох вэ?
Амьдралд олон асуудал тулгарах нь гарцаагүй. Харин үүнийг даван туулах итгэл найдвартай хүн болж өсдөг. Сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдсан орчинд өссөн хүүхэд сэтгэл гутралд өртөх эрсдэл ч бага. Мөн асуудалд хандах хандлага, даван туулах, амьдрах чадвар сайн, хүн хоорондын харилцаа эрүүл зэрэг олон сайн нөлөө үзүүлдэг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр өөрсдийн зүгээс ямар үйлдэл алхам хийвэл зүгээр вэ?
Юун түрүүн эцэг эхчүүд өөрсдөдөө анхаардаг байгаасай гэж хүсч байна. Өөрийнхөө сайн сайхан байдал, сэтгэл зүйд санаа тавьж, өөртөө цаг гаргаж сураасай. Хүүхэд минь л чухал, би яахав гэж өөрийгөө орхигдуулж болохгүйг санаарай. Мэдээж хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах гэсэн сэтгэлийг буруутгахгүй. Гэхдээ өөртөө анхаараагүй байдлаас болж стресс бухимдал, ядарсан сэтгэл хөдлөлөөрөө хүүхдэдээ хандах гээд байдаг. Ууртай, үл тоосон, бухимдсан байдлаар хандаад байвал хүүхдэдээ хайрлагдсан мэдрэмжийг өгч чадахгүй. Харин өөртөө, өөрийнхөө сэтгэл зүйн байр байдалд анхаарснаар илүү тайван, эерэг хандлагаар хүүхэдтэйгээ харилцаж чадна. Хүн өөрт байгаагаа л хүнд өгнө шүү дээ.
Мөн өөртөө цаг гаргаж, өөрийгөө анхаарч байгаа байдлаас хүүхэд тань ч бас суралцаж байдаг юм шүү. Ээж аав нь стресс бухимдалтай байгаа үедээ, амьдрал нь хэцүү байсан ч хоолоо сайн идэх хэрэгтэй юм байна, сайн унтаж амрах ёстой юм байна, дуртай зүйлдээ цаг гаргах хэрэгтэй юм байна гэх мэт амьдралын энгийн зүйлс, даван туулах чадварыг суралцдаг. Ийм байдлаар хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэхийн зэрэгцээ өөрийгөө халамжлаарай.
Хоёрт. Хүүхдэдээ чанартай цаг гаргаарай. Хүүхэдтэйгээ хамтдаа орших хэрэгтэй. Эцэг эх нь гэртээ зурагт үзээд сууж байх нь хүртэл хүүхдэд тайван мэдрэмж төрүүлдэг. Завгүй, гэртээ бага байдаг, хүүхэдтэйгээ төдийлөн хамт цаг өнгөрүүлж чадахгүй, ээж аавын оршихуй байхгүй байх нь сайн зүйл биш. Тиймээс хүүхдэдээ цаг гаргах болж өгвөл чанартай цаг гаргах буюу хүүхэдтэйгээ хамт дуртай зүйлийг нь хийх, тоглох, идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх, сонирхол, яриаг нь анхааралтай чин сэтгэлээсээ сонсох байдлаар хамт байгаарай. Хүүхэдтэйгээ хамт байх тэрхэн хугацаандаа түүнд идэвхтэй хариу үйлдэж, бүрэн анхаарлаа өгч, хүүхдэдээ өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрэхэд нь туслаарай.
Гуравт. Тодорхой байдал. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Дээр хэлсэн. Аюулгүй байдлын хэрэгцээ гэж. Энэ нь нэг талаараа тодорхой байхыг хэлнэ. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн хувьд ч тэр аливаа зүйл тодорхой байх тусам сэтгэл санааны хувьд тайван байдаг. Жишээлбэл, өнөөдөр та тэдэн цагт ирнэ гээд тодорхой хэлчихсэн учраас би өглөөнөөс хойш хэзээ ирэх юм бол гэж байн байн бодохгүй, тогтвортой байж чадаж байна. Үүн шиг хүүхдэд тодорхой байдал хэрэгтэй. Тодорхой байдлыг хүүхдэд хэм хэмжээ заахдаа ч, өдөр тутмын харилцаандаа ч хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуг болох, болохгүйг хүүхэд мэдэхгүй шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд үүнийг тодорхой хэлж өгөх нь аюулгүй мэдрэмж төрүүлдэг. Хүүхдэдээ тодорхойгоор хайртай гэдгээ хэлэх, буруу зүйл нь чамаас болоогүй, ээж нь ингэсэн учраас тэдэн цагт, тэдэн хоногийн дараа ирнэ гэдгээ ойлгуулбал хүүхэд аюулгүй байдлыг мэдэрдэг. Дээрээс нь хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэлсэндээ хүрэхгүй байх үед хүүхдэд “найдваргүй” мэдрэмж төрдөг. Энэ нь хүүхдэд түгшүүр үүсгэдэг бөгөөд итгэл найдварын мэдрэмж төрөхгүй.
Хэрүүл маргаан, хүчирхийллийн шинжтэй үйлдэл, нөхцөл байдал, гэр бүлийн орчин хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Эцэг эхчүүдийн хувьд төлөвшсөн бие хүн учраас энэ талын асуудал дээр ухамсартай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэрүүл маргаан ноцтой асуудал байж болох ч, энэ бол хүүхдийн хажууд гаргах зүйл биш.
Эцэг эх нь маргаантай байгаа нөхцөлд хүүхэд асуудлын гол шалтгаан нь “би” гэж хүлээж авдаг.
“Надаас болоод, би үнэ цэнгүй учраас ингэж хандаж байна” гэж ойлгоод өөрийн үнэ цэнээ алдаж байдаг. Гэр бүлийнхээ төлөө өдөржин ажиллаж байна гэх хандлага ч тэр хүүхдэд буруутай, гэмшсэн мэдрэмж төрүүлдэг. Бас хоорондоо маргалдчихаад “аав чинь, ээж чинь ийм тийм” гэж хүүхдэдээ муулж ярихгүй байх хэрэгтэй. Хүүхдийн сэтгэл санаанд ч тэр, хүмүүжилд ч тэр энэ нь сайн зүйл биш юм.
Ямар тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөгөө тусламж авах хэрэгтэй вэ?
Дээр дурьдсан асуудлууд хэдэн 7 хоногоос хэдэн сарын хугацаанд тогтмол илэрч байвал мэргэжлийн хүнтэй уулзаад үзээрэй гэж зөвлөе. Мэдээж заримдаа хүнд, таагүй өдрүүд байдаг шүү дээ. Гэвч энэ нь тэр өдрийн л эсвэл цаг үеийн л асуудал байдаг бөгөөд эргээд бид тайвширдаг. Харин сэтгэл зүйн ийм байдал хэвийн болохгүй удаад байвал мэргэжлийн тусламж аваарай.
Эцэст нь хэлэхэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн одоо ч хүүхдэдээ аюулгүй хүн нь байхад оройтохгүй шүү. Хайр халамжийг мэдрэхэд сэтгэл бүхэн жаргалтай байдаг.