2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Тэрбээр 31 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч юм. 

Мансууруулах, сэтгэц нөлөөт эм бодис гэж юуг хэлээд байна вэ? 

Хүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон, эмгэг үүссэн үед түүнийг эмчилдэг эмнүүдийг сэтгэц нөлөөт эм гээд байгаа юм. Сэтгэцийн өөрчлөлт гэдэг маш өргөн хүрээтэй, дотроо олон янз. Тухайлбал, сэтгэл санаа тогтворгүй байхаас эхлээд нойргүйдэл, сэтгэцийн эмгэгүүд, бүр цаашлаад солиорлын хэмжээнд хүрэх хүртэлх өөрчлөлт орохыг нийтэд нь сэтгэцийн өөрчлөлт гэж үздэг. 

Сэтгэцийн эмгэг нь биеийн өвчин эмгэгтэй адил түгээмэл тохиолддог. Хүн ам өсөж, улс орон хөгжихийн хэрээр ихэссээр байгаа. Сүүлийн үед сэтгэцийн эмгэг өвчний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл сайжирч байна. Нарийн мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах байдал ч дагаад нэмэгдсэн. Энэ нь сайн хэрэг.

Нөгөөтээгүүр, сэтгэц нөлөөт эм олон төрөлтэй. Тухайн хүний сэтгэцэд яг ямар өөрчлөлт өгч байна түүнд нь тохирсон эмийн эмчилгээ хийдэг. Сэтгэл гутрал эсвэл сэтгэл түгшилттэй, айдастай хүмүүст өгдөг  хэсэг бүлгийн эм байна. Зарим сэтгэцийн өөрчлөлтүүд нь солиорлын хэмжээнд хүрсэн бол түүнд нь үйлчилдэг илүү хүчтэй эмнүүд ч бий. Яг тухайн сэтгэцийн өөрчлөлтийг нь тодорхой оношилж байж тохирсон эмийг нь хэрэглэх ёстой.

Сэтгэц нөлөөт эмийг эмчийн зааваргүй, замбараагүй хэрэглэх юм бол эргээд өвчин үүсгэнэ. Мансуурал, донтолт гэх мэт. 

Зарим сэтгэц нөлөөт эмнүүд мансуурал үүсгэдэг. Тэр эмийг хэрэглэхгүй л бол байж сууж чаддаггүй донтолт үүсдэг. Тиймээс заавал сэтгэцийн эмчид үзүүлж оношлуулж байж эмчийн заавраар тохирсон тун хэмжээгээр нь хэрэглэх ёстой.

Хүн амын дунд түгээмэл тохиолдож буй сэтгэл түгшилт, сэтгэл гутралын үед уудаг эмийг хүмүүс сошиал группт нэгнээсээ асууж харагддаг. Сэтгэл гутралын ямар тохиолдолд сэтгэц нөлөөт эм хэрэглэдэг юм бол. Буруу хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Өвчин бүр өөрийн эмгэг жамтай. Хүн бүрд харилцан адилгүй үүсдэг. Тэр бүрд зөвхөн нэг л эм төгс тохирно гэдэг хүмүүсийн буруу хандлага байна. Цахим орчинд сэтгэл гутралтай хүмүүсийн группд хэрхэн даван туулах талаар ижил зорилготой хүмүүс нэгддэг. Үүнийг буруутгахгүй. Харин нэг хүний сэтгэл гутралд орсон тохиолдол өөр хүний сэтгэр гутралаас тэс өөр. Түүнийх нь засал эмчилгээ ч харилцан адилгүй. Сэтгэл гутралын ийм эм сайн гэнэ гэхээр нь түүнийг нь бичүүлж авч уудаг байдал байж болохгүй. Эмч нар ч тэгж хэлсэн дураар нь жор бичиж өгдөггүй.

Сэтгэцийн эмч тухайн хүнийг үзээд сэтгэл гутрал нь ямар түвшинд байна, ямар шалтгаанаар үүссэн байгааг нь оношлоод түүний эсрэг яг энэ эмийг тэдэн мл тэд тэдэн цагт уух ёстой гэж нарийн тун хэмжээг хэлж өгнө. Сэтгэл гутралын эм гэхэд л дотроо маш олон төрөлтэй шүү дээ. Гэтэл сэтгэл гутралаа бүрэн оношлуулаагүй байж хэн нэгнээс авсан мэдээллээр эм уувал эдгэрэх нь бүү хэл өвчин даамжрах аюултай. Магадгүй сэтгэл гутралтай өөр эмгэг хавсарсан байж ч болно, бүр сэтгэл гутралын хүнд хэлбэр байвал амиа хорлох хэмжээнд ч хүрэх аюултай.

Хэн нэг хүний ууж байгаа, сэтгэл гутралын өөр нэг хэлбэртэй хүний эмийг уух ёсгүй. Эмийн буруу хэрэглээ юм. Сэтгэл гутралаа даван туулахын тулд дотоод гадаад шалтгааныг нь илрүүлнэ. Хүчин зүйлсийг нь эмч тогтоож ямар эм уух, сэтгэл заслын ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг нь хэлнэ. Тэгж байж эмчилгээ үр дүнтэй болно.  

Мэргэжлийн бус хэн нэгэн сэтгэл гутралаа давсан түүхээр өөр нэгэн сэтгэл гутралаа давж үр дүнд хүрэхгүй.

Тэгэхээр эмийн жор, хяналт сул байна уу? Тэр хүмүүс яагаад замбараагүй, зохисгүй хэрэглээнд хүрээд байна вэ?

Сэтгэц нөлөөт эмийг сэтгэцийн эмч л жороор бичиж өгдөг. Заавал эмчийн жороор олгоно. Хүмүүс хаанаас хэрхэн олж авч донтолт үүсгэх хэмжээнд замбараагүй хэрэглээд байгааг зохих байгууллагууд нь хяналт тавих л шаардлагатай. СЭМҮТ нь сэтгэцийн эмчийн бичиг, тамга, эмнэлгийн тамгатай жороор л олгодог. Нэн ялангуяа тусгай жороор олгогддог эм бол маш нарийн хяналттай.

Зарим төрлийн сэтгэц нөлөөт эм донтуулах аюултай гэсэн. Хэдий хугацаанд хэрэглэснээр хамааралтай болоод байна вэ? Нойргүйдээд байна гээд л тайвршуулах үйлчилгээтэй харшлын эм зэргийг хүмүүс уудаг. Энэ бас нэг төрлийн донтуулах үйлчилгээ үзүүлэх үү? 

Донтуулах эм гэдэг нь тухайн эмийг уухгүй байхад бие организм цаанаасаа нэхэгдээд байдаг. Удаан хугацаагаар хэрэглэснээр донтолт үүснэ. Эмэнд донтолт үүсэх нь архинд донтохтой л адил. Хүн архинд орохоор биеэ барьж чадахгүй, уухгүй л бол байж чаддаггүйтэй адил тухайн донтолт үүсгэдэг эмийг удаан хугацаанд хэрэглэх нь донтуулдаг.

Таны хэлдгээр нойр хүрэхгүй байна гээд л нойрны эмийг замбараагүй уудаг хүмүүс их байна. Гэтэл нойрны асуудал маш өргөн хүрээнийх. Юунаас болж нойргүйдээд байгаа шалтгааныг нь тодруулах ёстой.

Хүн амын ихэнх хувь нь нойргүйдэлд орсон байна. Үүний цаана олон шалтгаантай. Хувь хүн нойргүйдэлд орох нь ажил амьдралын хэв маяг алдагдах, удаан хугацаагаар нойроо алдаж ажиллах, өдөр нь унтаад орой нь унтдаггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалах нь элбэг. Унтах ёстой цагтаа цахим орчноос хэрэгтэй хэрэггүй мэдээлэл уншиж стресстэж өөрийгөө нойргүйдэлд хүргэх нь ч байна. Нөгөө талдаа нойргүйдэл нь нэг төрлийн бие даасан эмгэг өвчин байх нь ч бий. Тиймээс юунаас болж нойргүйдээд байгаа шалтгаанаа олж түүнийхээ эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй болохоос нойрны эм ууж хүчээр дараад явах нь зохисгүй. Нойрны эмийг ч мөн эмчийн заавраар уух ёстой.

Жишээлбэл, харшлын эсрэг хлорфенамин, кетотифен зэрэг эмүүдийг харшилгүй хүн нойроо хүргэх зорилгоор маш амбараагүй ууж байна. Уг эмүүд нь харшлын эсрэг л үйлчилгээтэй шүү дээ. Яахав харшил загатнаа дарахын тулд бага зэргийн тайвшруулах үйлчилгээтэй. Үүнийг нь нойр хүргэдэг гэж ойлгоод дураараа уугаад байна.

Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг залуу наснаасаа хэрэглэх тусам нас ахихаар ямар ч үйлчилгээ үзүүлэхээ больдог. Сүүлдээ солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг. 

Эмийг эмх замбараагүй хэрэглэснээр сүүлдээ эмэндээ үйлчлэхгүй, сэтгэц нөлөөт эмэнд ч дарагдахаа байсан тохиолдол олон. Улмаар нас ахих тусам нойргүйдэл нь гүнзгийрч, нойргүйдлээс үүдэлтэй бие махбод, сэтгэл зүйн талаасаа олон сөрөг нөлөө илэрдэг. Тиймээс энэ төрлийн эмийг болж өгвөл бага хэрэглэх ёстой. Ялангуяа нойрны эмийг.

Сэтгэц нөлөөт эмийн чанар манайд хэр байна вэ? 

Манай улс 2014 оноос олон улсад хэрэглэгддэг сэтгэц нөлөөт эмнүүдийг оруулж ирсэн. Сүүлийн үеийн олон улсад хэрэглэж буй бүх сэтгэц нөлөөт эмүүд манайд бий. Магадгүй гадаадын аль нэг улсад сурдаг, ажилладаг, амьдардаг эмийн эмчилгээ хийлгэдэг хүмүүс эх орондоо ирлээ гэхэд тухайн эмээ таслахгүйгээр уугаад эмчлүүлэх бүрэн боломжтой болсон. Үүгээрээ эмийн зохистой хэрэглээг ханган ажиллаж байгаа. Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад байгаа эмүүдийг л хууль ёсны заавар журмын дагуу хэрэглэж байгаа гэсэн үг юм.

Танай тасагт хандаж байгаа хүмүүсийн дунд ямар төрлийн сэтгэцийн эмгэг илүүтэй ажиглагдаж байна вэ? 

Сүүлийн жилүүдэд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт нэлээдгүй нэмэгдсэн ажиглагдаж байна. Ялангуяа зөв оношлуулж чадахгүй удаан хугацаанд яваад хүндэрсэн сэтгэл гутралтай хүмүүс байна. 

Сэтгэл гутралын үед бие махбодод зүрх өвдөх, ходоод өвдөх, хоолны дуршил өөрчлөгдөх гэх мэт олон шинж тэмдэг илэрдэг. Үүнийгээ зүрх нь өвдөөд байна, эсвэл ходоод нь өвдчихөж гээд өөр эмнэлэг эмчид үзүүлээд онош нь тогтоогдохгүй явах байдал бий. Эцэст нь сэтгэцийн эмнэлэг байгууллагат ханддаг. Тэр үедээ нэлээн даамжирсан байх нь олон. Тэгэхээр сэтгэл зүйн ойлголт мэдлэгтэй байх нь энэ төрлийн эмгэг, өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх, зөв газраа хандахад туслах юм.

Мөн сүүлийн үед бас нэг ажиглагдах болсон эмгэг гэвэл айдсын эмгэгүүд байна. Өөрөөр хэлбэл неврозын /мэдрэлийн/ хүрээний эмгэгүүд ихэссэн. Хүмүүсийн мэддэгээр мэдрэлийн ядаргаа, улигт бодолд автах, сэтгэл гутрал гэх мэт.

Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийлгэж буй хүний эмчилгээний үр дүн ямар байдаг вэ? Бүрэн эмчлэгдэх үү?  

Сэтгэцийн өөрчлөлттэй хүн гэхээр маш хүнд өвчтэй гэж ойлгох нь буруу гэдгийг дахин хэлье. Сэтгэл санаа хямрах, сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсэх зэрэг сэтгэл зүйн бүхий л хэлбэрүүд ордог. Харин ч хөнгөн явцтай байхад нь засал эмчилгээ хийлгэвэл эдгэрэл тэр хэмжээгээр хурдан явагдана. Тухайн хүнийн сэтгэцийн өөрчлөлтөд тохирсон эмийг тохирсон тунгаар уулгах нь эмчилгээнд чухал нөлөөтэй. Манайд эмчлүүлж байгаа хүмүүс сайжран, эмчилгээ сайн аваад эмнэлгээс гарахдаа эмчийнхээ хяналтад үргэлжлүүлээд явдаг.

Сэтгэцийн өвчин эмгэгийн талаарх хүмүүсийн буруу ойлголт хандлагын талаар танд хэлмээр байдаг зүйл юу вэ? 

Миний хамгийн их бодож явдаг зүйл бол сэтгэцийн хувьд ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт өгөөд, нойр нь хүрэхгүй, сэтгэл нь тавгүй, нэг л болохгүй байна гэдгээ мэдэрч л байвал заавал сэтгэцийн эмчид ирээд үзүүлээсэй гэж хүсдэг. Муйхраар, байдаг л зүйл гэж тэвчин давах гэж бие сэтгэлээ битгий ядраагаарай. Манай эмнэлэг/СЭМҮТ/ өдөр бүхэн амбулатороор үзлэг оношилгоо хийж зохих эмчилгээ зөвлөгөөг иргэддээ өгдөг. Зөвхөн хүндэрсэн хүн л ханддаг гэж битгий бодоорой. Тусламжийг эрт авах тусам эдгэрэл хурдан явагддаг. Тиймээс нарийн мэргэжлийн сэтгэцийн эмч, байгууллагат хандах нь зөв шүү. Ингэж амьдралын чанараа сайжруулах хэрэгтэй. 

Сэтгэл зүйгээр хэвийн бус байх нь өдөр тутмын ажил амьдрал, харилцаа бүхий л зүйлд сөргөөр нөлөөлж амьдралын чанарыг асар ихээр доройтуулдаг гэдгийг ойлгох нь чухал.

СЭМҮТ ЭМД-аар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Хувийн эмнэлэг, өндөр хөгжилтэй орны өртөг өндөртэй сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг манай төвийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзүүлдэг юм шүү дээ. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ авч буй хүмүүсд санхүүгийн ямар нэгэн дарамт хүндрэл учруулдаггүй. Тиймээс аль болох өөрийгөө анзааран мэдэж цаг алдахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаарай.

Сэтгэцийн эмчээр салбартаа 30 гаруй жил ажиллаж байгаа хүнээс асуумаар байна. Сэтгэл зүйгээ эрүүл байлгах нь өнөөгийн нийгэмд маш их хичээл зүтгэлээр бий болоод байх шиг санагддаг. Олон зүйлийг зөвлөх байх. Тэр дундаас сэтгэцийн эрүүл байдалд энэ л хамгийн чухал шүү гэж зөвлөх урьдчилан сэргийлэлт нь юу вэ? 

Хүн өөрийгөө наад захын неврозын эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд унтах цагтаа л унтдаг байх ёстой. 

Шөнийн нойр гэдэг асар чухал. Нойр бүтэн байхад биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд тэгж доройтож муудаад байхгүй. 

Ингээд хэлэхээр мэддэг л зүйл шиг санагдана. Гэвч нойрны үнэ цэнийг нойргүйдсэн, сэтгэцийн асуудал, өөрчлөлттэй болж тэр нь бие махбодын хүнд өвчин үүсгэсэн хойно нь л хожим ухаарах гээд байдаг талтай. Үнэхээр аргагүйн эрхэнд шөнөөр ажилладаг биш л бол ямар ч үед шөнийн нойроо юугаар ч битгий солиорой гэж зөвлөх байна.

Наанадаж унтахдаа бэлдэж өрөөний агаар, орчин зэргээ бүрдүүлээд сурчих. Их нэмэртэй шүү. Нойрны өөрчлөлт өгөөд байна гээд оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Нойроо хүргэх гэж орой бүхэн уусаар хэдэн жилийн дараа архины хамааралтай, донтолт үүсэх хэмжээнд эрсдэл үүсдэг болохыг бүү март. Үнэхээр нойр тань хүрэхгүй байвал мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Нойргүй хүн ямар ч ажлын чадваргүй болдог учраас нойр тань ямар байгаагаа л өдөр бүхэн анзаараарай.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө