Ээнэгшил
Ээнэгшил гэдэг үг нь “attachment” буюу хоёр хүн бие биендээ дасан зохицох, хүлээн зөвшөөрөх гэсэн утгаар тайлбарлагддаг. Дасан зохицох нь аюулгүй мэдрэмжтэй шууд холбоотой. Арай өргөн хүрээнд авч үзвэл ээнэгшил нь бие биендээ “аюулгүй” мэдрэмж өгч, түүгээрээ дамжуулан хайрыг хүртэх, хүртээх гэсэн хоёр мэдрэмжийг бие биедээ өгч сэтгэл зүйн хэрэгцээ болон сэтгэл зүйн хөгжлийг дэмжиж байдаг үйл явц юм. Дөнгөж төрсөн хүүхэд орчинтойгоо attachment хийхээсээ урьдаж ээжтэйгээ ээнэгшил үүсгэдэг.
Хангалттай ээнэгшиж чадаагүй хүүхдэд тулгардаг сэтгэл зүйн асуудал
Бүх юмыг аюултай гэж мэдэрдэг учраас аймхай төрлийн хүүхэд болох магадлал өндөр. Амьдралд жижигхэн өөрчлөлт гарах төдийд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Эсвэл зугтах гэдэг ч юм уу, хэнэггүй байдлаар хариу үйлдэл үзүүлж ч болно. Шинэ зүйл суръя, сонирхъё гэсэн бодол төдийлөн төрдөггүй.
Хүүхэд хазах, зодох хэлбэрийн хамгаалах механизмтай хүүхдүүд байдаг даа. Тэдгээр хүүхдийн хувьд өөрийгөө яаж ийгээд хамгаалах ёстой л гэдэг өнцгөөс бүхнийг хүлээж авдаг тул суралцах процесс нь үргэлж л тэмцэх хэлбэр лүү шилжсэн байх магадлалтай байдаг. Ээнэгшил сайн байх тусам хүүхдийн тархи амгалан байж бүх зүйлийг ажиглаж, сонирхож оролдож үзэх хэлбэрээр хөгжил нь явагддаг.
Хүүхэд мэдрэмжээ 2 төрлөөр л илэрхийлдэг
Хүүхдийн хувьд таатай мэдрэмж байвал инээх эсвэл амгалан байна. Хэрэв хүүхэд таагүй мэдрэмжтэй байвал уйлна. Иймд их уйламхай хүүхдийн хувьд тухайн хүүхдийн мэдрэмж нь таагүй байгаа гэсэн үг юм. Хүүхдээ уйлуулахгүй байх нь тархины хөгжилд хамгийн сайн гэж хэлж болно. Ээнэгшил сайн явагдаагүй бол хүүхдээ байнга аргадах хэрэгтэй болдог. 0-6 насанд нь сайн аргадчих юм бол уйланхай хүүхэд уйланхай биш болох боломжтой.
0-6 насанд нь л эерэг ээнэгшлийг бий болгох боломжтой. Яагаад гэвэл энэ насанд хүний амьдралын 70-80 хувийн тархины хөгжил бий болчихсон, тархины анхны кодууд үүссэн байдаг. Энэ кодууд анх яаж бичигдэнэ тэр хэмжээгээр ертөнцтэй харилцана, бүх харилцаа, хүмүүсийг тэр кодоороо л хүлээж авч, шинээр орж ирэх мэдээллүүдийг ч тэрхүү кодын суурин дээр хүлээж авдаг. 0-6 нас бол хүүхдийн хамгийн чухал нас юм.