Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Хэрх, үе судлал, үе сэргээх төв”-ийн Ревматалогийн эмч Э.Хөлгөнтэй “Тулай” өвчний шалтгаан, эмчилгээ, хүндрэл, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.
Тус эмнэлгийн “Хэрх, үе судлал, үе сэргээх төв” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд Ревматалогийн чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй ганц төв юм. Жилдээ 14 мянга орчим хүн ханддаг хамгийн ачаалал ихтэй тасаг аж. Нөгөөтээгүүр үе мөчний өвчлөл төдий хэмжээгээр ихсэж байгааг илтгэж байна.
Хэрх, үе судлалын талаар та эхлээд ерөнхий ойлголт өгөөч?
Монголчуудын дунд хэрх өвчин гэж яригдаж хэвшсэн нэг буруу ойлголт бий. Бүр зарим эмч нар ч буруу ойлголттой явдаг. Ревматалоги буюу үе мөчний төрлийн өвчинг монголоор "хэрх" гэж нэрлэдэг. Хэрхийн төрлийн үе мөчний эмгэгүүд гэхэд 200 гаруй төрлийн өвчин анагаах ухаанд бүртгэгдээд байна. Үүний нэг нь “тулай” өвчин. Тэгэхээр хэрх гэж нэг өвчин биш, маш том бүлэг өвчин. Дотроо олон төрлийн өвчинг ялган оношилдог гэсэн үг юм. Зүрхний өвчин, уушгины өвчин дотроо олон төрлийн байдагтай л адил. Хэрхийн өвчин нь дэлхийд ч хожуу нэрлэгдэн судлагдах болсон. Хэрхийн төрлийн нарийн мэргэжлийн эмч монголд цөөхөн. Саяхныг хүртэл ревматалогийн эмч улсын хэмжээнд 5,6- хан л байдаг байлаа. Сүүлийн жилүүдэд л харьцангуй нэмэгдэж байна.
Тархалтын тухайд дэлхийн нийт хүн амын 30-40 хувь нь ямар нэг үе мөчний зовуурьтай байдаг. Үүний 15-25 хувийг нь ямар нэг байдлаар эмчилгээ шаардлагатай, хүндэрсэн хүмүүс эзэлж байна. Монголд хэрхийн өвчний нарийвчилсан судалгаа байхгүй хэдий ч анхан шатны эрүүл мэндийн төвд хандаж буй 5-10 хүн тутмын нэг нь хэрхийн төрлийн өвчний зовуурьтай байна гэжээ. Чихрийн шижин, даралт ихсэх өвчнөөс илүү их тоогоор амбулаторид хэрхийн өвчнөөр хүмүүс ханддаг.
Үе мөчний өвчлөлөөс хүмүүсийн дунд түгээмэл тохиолдоод байна уу гэж харагдсан “тулай” өвчний эмгэг жам, шалтгаан нь юу вэ?
Үе мөчний өвчнийг дотор нь яс үений сөнөрөлт, элэгдлийн гаралтай эмгэгүүд болон үрэвсэлт эмгэгүүд гэж ангилдаг. Тулай өвчин нь талстын гаралтай үений үрэвсэлт эмгэг юм.
- Хэвийн үед хүний биед хуримтлагдсан уратын давс шээсээр ялгарч байх ёстой. Гэтэл тулай өвчний үед шээсний хүчлийг задлах чадвар алдагдах болон ялгарч байгаа хэмжээнээс илүү их биед хуримтлагсанаас болж тулай өвчин үүсдэг.
- Мөн бөөрний эмгэгтэй хүмүүс шээсний хүчлээ ялгаруулж чаддаггүйгээс хоёрдогчоор тулай үүсэж болно. Бас шээсний хүчил биед их хэмжээгээр хуримтлагдаж, байнга их хэмжээгээр шээсээр ялгарч байвал бөөрийг эргээд өвчлүүлнэ. Хоорондоо харилцан хамааралтай.
- Өөр нэг шалтгаан нь төрөлхийн шээсний хүчил задлах чадвар муутай хүмүүс энэ өвчинд өртөх нь бий. Гэхдээ маш бага хувийг эзэлдэг.
Танай төвийн амбулаториор жилд хэчнээн хүн хандаж байна. Үүнээс тулай өвчний тохиолдол хэдэн хувийг эзэлж байна?
Дэлхий дээр сүүлийн 10 жилд тулай өвчний тохиолдол хоёр дахин нэмэгдсэн гэж үздэг.
УНТЭ-ийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн амбулаториор жилд 14 мянга орчим хүн үзүүлдэг бөгөөд 250-300 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Тулай өвчний хүндэрсэн тохиолдлууд нэлээдгүй хандаж байна.
Тулайг эрчүүдийн өвчин гэж яриад байдаг?
Эрэгтэй хүн шээсний хүчил задлах чадвар бага байдаг. Эрэгтэйчүүдийн тухайд аль ч насанд тохиолдож болох бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгддэг. Залуу насны эрчүүдийн бодисын солилцоо сайн байдаг тул тулайгаар өвдөх нь харьцангуй бага.
Зөвхөн эрэгтэй хүний өвчин гэж хэлж болохгүй. Тулай өвчнөөр нөхөн үржихүйн насны эмэгтэй хүн өвчилнө гэх ойлголт бараг байхгүй. Бөөрний дутагдал, бамбайн өөрчлөлт, хавдар гэх мэт ямар нэг хүнд суурь өвчингүй бол эмэгтэй хүн тулайгаар өвчлөхгүй. Харин цэвэршсэний дараа тулайгаар өвдөх эрсдэл нэмэгддэг.
Шээсний хүчил ихсэх, тулай өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ?
Алкохолны төрлийн бүх ундаа сөрөг нөлөөтэй. Архи согтууруулах ундаа нь уратын давс хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн пурин ихтэй хоол хүнс буюу махны төрлийн бүтээгдэхүүн, уураглаг бүтээгдэхүүн, шош вандуй, дүпү, үзэм зэрэг нь биед шээсний хүчил хуримтлагдахад нөлөөлдөг.
Илүүдэл жин, таргалалт нөлөөлөх үү?
Таргалалт бол бодисын солилцооны хам шинж шүү дээ. Тиймээс илүүдэл жинтэй холбоотойгоор шээсний хүчил ихсэх боломжтой.
Тулай өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хүндэрсэн тулай ханддаг гэхээр оношлогдчихоод арга хэмжээ авахгүй яваад байдаг юм уу?
Тулай өвчин эмнэл зүйн талаасаа маш хүчтэй өвдөлт өгдөг. Үүнийг тулайн хурц дайрлага гэх ба эхний өвдөлтөөр хүмүүс эмнэлэгт ханддаг.
90 хувьд нь хөлийн хурууны нэгдүгээр үед өвдөлт хавдалт үүсдэг. Маш хүчтэй, тэсвэрлэхийн аргагүй өвдөлттэй учир шууд л эмнэлэгт ирдэг. Гэхдээ хурц дайрлага нь хүндэрсэн үе гэсэн үг биш. Жилдээ хэд хэдэн удаа хурц дайрлагад өртвөл зовуурь нь улам нэмэгдэнэ.
Мөн дотоод шүүрэл, бөөрний шинжилгээгээр шээсний хүчил өндөр яваад байвал тулайгаар өвчлөх эрсдэл байна гэж үзнэ. Гэхдээ шээсний хүчил ихэдсэн болгон тулай биш.
Шээсний хүчил өндөр байвал юуг анхаарах хэрэгтэй вэ?
Цусанд шээсний хүчил их байгаад байх нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шээсний хүчил ихтэй 100 хүний долоо нь тулай өвчинтэй болдог байхад үлдсэн нь 10-15 жилийн дараа зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл илүү нэмэгддэг. Тулай өвчний оношилгооны шалгуурт артерийн даралт ихсэх, зүрх судасны эмгэгүүд ордог. Тиймээс тулайгаар өвчлөхөөс өмнө даралт ихэсдэг болох аюултай гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх нь чухал.
Яагаад зүрх судсанд нөлөөлж байна?
Тулай өвчний үед биеэс ялгарахгүй хуримтлагддаг уратын талст нь микроскопороор харах юм бол зүү шиг үзүүртэй хурц хэлбэртэй. Ийм зүү шиг зүйл цусаар эргэлдэж байгаа тул судасны дотор ханыг гэмтээх, сувганцаруудыг гэмтээснээр зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тулай өвчний оношилгоог хэрхэн тавьдаг вэ?
Оношилгоо нь нэлээн асуудалтай. Жишээлбэл, Хөлийн эрхий хуруу муруйх хам шинж гэж бий. Ихэвчлэн эмэгтэй хүнд илэрдэг. Гэмтэл, гишгэлт зэргээс шалтгаалан үүсдэг. Үүнийг хүмүүс тулайтай андуурч ханддаг. Ийм хам шинжтэй хүнд нэмээд шээсний хүчил нь ихэссэн байвал хэрхэн ялган оношлох вэ гэдэг асуудал яригдана. Эсвэл ямар нэгэн байдлаар хөлийнхөө 1-р үеийг цохиж гэмтээснээс болж хавдсан байвал тулай өвчинг мөн ялган оношлох шаардлагатай болно.
Тулай өвчний оношилгооны алтан стандарт нь үе рүү хатган үений шингэн соруулж микроскопоор зүү шиг талстууд цусанд байгаа эсэхээр нь оношилдог.
Мөн тулайн хурц дайрлагын үед зарим тохиолдолд /ховор биш/ шээсний хүчил хэвийн гэж гардаг. Тэгэхээр ганцхан цусан дахь шээсний хүчлийг хараад тулай гэж шууд оношлохгүй. Үений өвдөлт нь яаж, ямар байдалтай эхэлсэн, хурц байна уу, өглөө эсвэл шөнө өвдөж байна уу, халуурсан уу, хавдсан уу, даралт ихэссэн үү гээд олон шалгуурыг харж байж тулай өвчний оношийг тавьдаг.
Тулайг хэрхэн яаж эмчилж байгаа вэ. Бүрэн эдгэрэх үү?
Тулай бол архаг өвчин. Бүрэн эдгэрдэг гэж хэлэхгүй. Гам дэглэмээ сайн барьж, эмчийн хяналтад сайн яваад эмийн эмчилгээг таслахгүй хийлгэвэл дахин сэдрэхгүй байх боломжтой. Харин дэглэм, хяналтаа хийхгүй, буруу хэв маягаар амьдраад байвал дахиад л хурц дайрлагад өртөж сэдэрнэ.
Тулай нь шинж тэмдэггүй үе, хурц үе, завсарлах үе, байнгын тулай гэсэн дөрвөн үетэй.
Байнгын тулайн үед үрэвсэл байнга явагдсаар том том шээсний хүчил агуулсан зангилаа, тофус үүсдэг.
Үүнээс шалтгаалж эмчилгээ нь хоёр тактикаар явагдана. Эхлээд хурц үрэвслийг дарж, өвчнийг зовуурьгүй болгох эмийн эмчилгээ хийнэ. Дараа нь цусан дахь шээсний хүчлийг бууруулах эмчилгээ хийдэг. Тулайн хурц дайрлага, маш их өвдөлттэй үед шээсний хүчлийг бууруулах эмчилгээг шууд хийдэггүй. Учир нь шээсний хүчил бууруулах эмийг эхлээд хэрэглэхэд үрэвсэл, өвдөлт, хавдалт улам нэмэгддэг. Тиймээс үрэвслийг дарах нь нэн чухал.
Үрвэсэл намдаах эмийн сонголт одоо бол олон янз. Олон үе барьсан, олон газар хавдсан үед гормон эмчилгээг мөн хийнэ. Үрэвсэл намдахгүй бол эмийн эмчилгээг хавсарч хийнэ. Ингээд үрэвсэл дарагдсаны дараа шээсний хүчил бууруулах эмчилгээг хийдэг.
Хөлийн хуруунаас өөр газар үе хавдах боломжтой юу?
Ер нь бүх том үенүүдийг барьж болно. Өвдөг, шагай, тохой, бугуй, тэр бүү хэл гарын сарвууны үе дээр ч хавдана. Чихэн дээр гарах тохиолдол ч бий. Заавал үе биш зөөлөн эдтэй газрууд гуя, өгзөгний ар хэсэгт тофус үүссэн тохиолдол бий.
Үүссэн тофусыг шууд арилгах боломжгүй ч багасгаж болно. Маш сайн хяналттай эмчилгээнд яваад зөв эмээ сонгож уугаад, шээсний хүчлээ бага байлгаснаар хоёр жилийн хугацаанд тофусын хэмжээ багассан талаарх судалгаанууд бий.
Мэс заслын эмчилгээ хийдэг үү?
Мэс заслын эмчилгээ хийх тохиолдол бий. Тофус үүссэн үений далайц хөдөлгөөнд саад учирч байгаа тохиолдолд тофусыг авах мэс засал хийдэг. Гэхдээ тофусыг авлаа гэхэд шарх үлдэж эдгэрэл удаан явагддаг тул халдварын хүндрэл үүсэх эрсдэл эхтэй. Тиймээс аль болох олон газар үүссэн тофусыг авахгүй байхыг зөвлөнө.
Эмийн эмчилгээг хэр хугацаанд үргэлжлүүлдэг вэ?
Насан туршдаа л үргэлжилнэ. Шээсний хүчил бууруулах эмчилгээ нь сэдэрлээс хамгаалах учраас нэгэнт л тулайгаар оношлогдсон бол дахин сэдрэхээс сэргийлж шээсний хүчил бууруулах эмийг байнга уух шаардлагатай.
Үүний хажуугаар 3-6 сар тутамд хянуулж, хоолны дэглэм барьж, биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, шингэн сайн уух зэргээр амьдралын хэв маягтаа анхаарч чадвал сэдрэхгүй яваад байх боломжтой.
Тулай өвчний үед эмийн эмчилгээ 50 хувь, үлдсэн 50 хувь нь тухайн хүнээс шууд шалтгаалдаг.
Хэчнээн эм уугаад, үрэвсэл дарж, шээсний хүчлийг буулгасан ч амьдралын хэв маяг, хооллолт буруу байвал тулай сэдэрсээр л байна гэдгийг анхаарах нь зүйтэй.
Эмийн эмчилгээний гаж нөлөө илрэх үү? Удаан хугацаанд уудаг гэхээр ходоонд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
Тулайн шээсний хүчил бууруулах эмнүүд нь харшлын гаж нөлөө өгдөг. Тиймээс тунг нь шууд өндрөөр өгдөггүй. Бага тунгаас эхэлж эмчийн заавраар уухыг зөвлөдөг.
Цусан дахь шээсний хүчлийн дээд хэмжээнээс 11 хувь болон түүнээс дээш байвал эмийн эмчилгээ хийхийг зөвлөдөг.
Эсвэл тулайн сэдрэл жилд 1-2 удаа сэдэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Үүнээс наана хооллолтын зөвлөгөө аваад шээсний хүчлээ ихэсгэхгүй яваад байж болно.
Амьдралын хэв маяг, хооллолт чухал гэж та хэд хэдэн удаа хэллээ. Тулай өвчний үед хориглох хүнс, анхаарах зүйлсийг нь хэлж өгөөч?
Хоолны дэглэмийн тухайд малын гаралтай махыг хориглодог. Зөвхөн үхрийн хар мах хэрэглэхийг зөвлөдөг. Эсвэл тахианы цээж мах, тослог багатай загасны мах зэргийг хэрэглэж болно.
Идэхдээ ууранд жигнэж болгож идвэл шээсний хүчил задлах үр дүнтэй. Өдөрт нэг удаа ингэж махан хоол идэж болно. Махнаас шөл гаргаж уух, шарж, хуурч идэж болохгүй. Шингэн буюу усыг маш сайн уух хэрэгтэй. Өдөрт 1.5 литрээс багагүй ус уух хэрэгтэй. Мөн С витамин зохих тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.
Архины төрлийн бүх зүйл хориотой. Цус шингэлэх эмийг бас хориглодог. Тулай өвчин дээр үүсдэг нэг төвөгтэй зүйл нь зүрх судасны тогтолцооны өвчнүүдтэй хавсрах гээд байдаг талтай. Зүрхний эмч цус шингэлэх эм, даралт бууруулах эм зөвлөдөг. Гэтэл тулай өвчин нь эсэргээрээ сэдэрчихдэг. Тиймээс голч дунджыг сайн барьж эмчлэх шаардлагатай. Эмч нартайгаа сайн зөвлөлдөнө. Ийм хавсарсан тохиолдол маш их байдаг.
Тулай өвчний эцсийн хүндрэл юу вэ? Ойр ойрхон сэдрээд, эмчилгээ хяналт муутай яваад байвал ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
Тофусууд том том хэмжээгээр үүсэж, шархлаад, шарх нь задарч, хагарсан тохиолдолд халдварын хүндрэлээс болж үжил, үжлийн шоконд орох тохиолдол бий.
Мөн бөөрний үйл ажиллагааны гэмтэл нь явсаар байгаад бөөрний дутагдалд орох эрсдэлтэй. Эсвэл уратын давсны гаралтай бөөрний чулуу үүсэх, улмаар шээс дамжуулах замыг бөглөж бөөргүй болох төгсгөлтэй.
Зүрх судасны тогтолцооны хүндрэл буюу зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлтэйг дээр мөн хэлсэн. Ийм байдлаар хүндэрсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Оношлогдож байгаа байдлыг харахад залуу насны хүмүүс бас нэмэгдэж байна. Дөнгөж 2000- 2004 оны хорин хэдтэй залуус тулайгаар оношлогдож байгаа нь анхаарах шаардлагатай асуудал болоод байна.
Тэгэхээр эмгэг өвчин учраас, аль болох урьдчилан сэргийлэх нь чухал юм байна. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
Амьдралын хэв маяг, хооллолт л байна. Аливаа хоол хүнс, архи дарсыг сайн муугаас үл хамааран хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй л бол бүгд хор уршигтай шүү дээ. Дэлхий нийтээрээ буруу хооллолтын хэв маягт өртөөд байгаа учраас түүнийг дагасан халдварт бус өвчлөл жил тутам нэмэгдсээр байна. Нөгөөтээгүүр иргэдийн эрүүл мэндийн ойлголт, мэдлэг муу хэвээр байна. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргын 90 хувь нь эрүүл мэндийн боловсролтой байх, амьдралын хэв маягтаа анхаарахаас л шалтгаална.