Амны хөндийн эрүүл ахуй тэр дундуу шүдний чулуу үүсэх шалтгаан, сөрөг нөлөө, эмчилгээний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэж байна.
Шүдний өвчлөл бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?
Амны хөндийд байдаг нянгийн халдварууд нь бие махбодын маш олон эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал,
- Тархины эдийн доройтол буюу зөнөгөрөл – Буйлны үрэвсэлтэй хүмүүсийн 70 хувь нь зөнөх өвчин тусах магадлал ихэсдэг. Учир нь тархины эдэд нөлөөлдөг.
- Шүдний цоорлын үед буглаа нэвчээс үүсэх улмаар нянгийн халдвар цусны урсгал руу орж халдвар тархдаг.
- Жирэмсэн эхчүүдийн 60-75 хувь нь буйлны үрэвсэлтэй байдаг. Энэ нь дөнгөж төрсөн нярайд халдварлах эрсдэлтэй. Тиймээс төлөвлөгөөт жирэмслэлт буюу жирэмслэхээс өмнө амны хөндийгөө эрүүлжүүлэх шаардлагатай.
- Шүдний буглаа нэвчээс нь зүрх судасны өвчин, улаан хоолойн үрэвсэл, голтын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Хоолой идээлдэг, архаг ангинтай адилаар.
- Сүүлийн үеийн судалгаагаар, шүдний холбоосын үрэвслийн үед буюу яс руу идээлж үрэвсэн шүдний өвчлөлийн нян нь амьсгалын замаар уушгинд орж үрэвсэл үүсгэдэг болох нь батлагдсан.
- Чихрийн шижин ба буйлны үрэвсэл нь эрт үеийн нас баралтын шалтгаан болдог. 45-65 насны хүмүүсийн дунд нас баралтын тоог 400 хувиар огцом ихэсгэсэн судалгаа бий.
Шүдний чулуу ба тулгуур эдийн өвчин
Насанд хүрэгчдийн дунд түгээмэл байдаг. Шүдний дотор талын гадаргууг дутуу угааснаас болж өнгөр тогтож хатуурч чулуу үүсдэг. Чулуу нь нянгийн голомт болох, буйл үрэвсүүлэх, ясны ойр орчмын эдэд үрэвсэл үүсгэх, шүдийг хөдөлгөөнд оруулж унагаах шалтгаан болдог. Цаашлаад ерөнхий биеийн өвчлөлийн суурь болдог. Тиймээс шүдний чулууг түүлгэж цаг тухай бүрд нь үзүүлэн эмчлүүлж байх шаардлагатай.
Шүдний чулуу хуримтлагдаж зузаарснаар дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- Амнаас эвгүй үнэр гарах
- Шүд угаахад цус гарах
- Буйл шамарч шүд хөдөлгөөнд орох
- Буйлны өнгө тод улаан эсвэл хөхөвтөр өнгөтэй болох гэх мэт.
Иймд зургаан сар тутам шүдний эмчийн үзлэгт орж өнгөр чулууг цэвэрлүүлэх нь эдгээр хүндрэл үүсэхээс сэргийлнэ.
Урьдчилан сэргийлэлт
Тухайн хүний ухамсар, амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих, зөв зохистой хооллох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Харьцангуй эрүүл шүдтэй бол 3-6 сард нэг удаа үзүүлэх нь цаашид үүсэх хүндрэл, эрсдэл, цаг хугацаа, санхүүг хэмнэнэ. Шүдний цооролд өвчлөмтгий, чулуу үүссэн зэрэг шалтгаантай бол аль болох богино хугацаанд ирж үзүүлж байх шаардлагатай.
Шүдний өвчлөлөөс сэргийлэх хувь хүний хэрэгжүүлэх алхам
- Фторын хэрэглээ – Фтор нь шүдийг эрдэсжүүлэх гол бодис юм. Хоол хүнснээс хангалттай фтор авч байна уу, фтортой оо хэрэглэж байна уу гэдгийг анхаарах.
- Шүд угаалт – Оо, сойзноос гадна шүдний утсаар шүдний завсар хооронд цэвэрлэж байх, хэлний өнгөр цэвэрлэгч хэрэглэр, ам зайлах уусмалыг буйлны үрэвсэлтэй, хэт мэдрэгшилтэй, нянгийн халдвартай хүмүүс хэрэглэх, завсрын сойз зэрэг хэрэгслүүдийг хэрэглэх. Сүүлийн үед даралттай ус шүршигч гарсан. Импланттай, бүрэлттэй хүмүүс гэртээ даралттай усаар цэвэрлэж болдог.
Шүдний өвчлөл тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцлага зөвлөгөөг ЭНД ДАРЖ уншина уу.