2024/12/06. Баасан гараг Дугаар: #3214

ЭМЧИЙН ӨРӨӨ

Шүдний чулууг түүлгэхгүй бол нянгийн голомт болох, шүд хөдөлж, унах шалтгаан болдог

— Ч.Баяржаргал   2022 оны 04 сарын 26

Амны хөндийн эрүүл ахуй ба шүдний цоорол, хүндрэл тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, иргэдийн заавал мэдэх ёстой зүйлсийн талаар Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн Нүүр амны их эмч Г.Мишээл дараах зөвлөгөөг өглөө. 

Сүүн ба байнгын шүд

Хүүхэд 6 сар - 2.5 нас хүртэл дээд 10, доод 10 шүд бүрэн шүдэлж дуусдаг. 6-12 насанд сүүн шүд солигдож байнгын шүдний зуулт үүсдэг. Сүүн шүд ургаж эхлэхээс өмнө амны хөндийн эрүүл ахуйд анхаарч нянгийн халдвараас сэргийлэх ёстой юм. 

Шүд цоорох шалтгаанууд

Эцэг эхээс болон өөр гадны халдвараар дамжуулан дөнгөж төрсөн нярайд Streptococcus Mutans хэмээх нянгийн халдвар дамждаг. Уг халдварыг авсны дараа цаг хугацаа, нүүрс ус, нянгийн халдвар нэмэгдэх хүчин зүйлсийн нөлөөгөөр шүдний цоорол бий болдог. Манайд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хоол өгөхнөөс амандаазажилж өгдөг, үлээж хөргөж өгдөг нь дээрх шүдний нянгуудыг хүүхдэд халдаах гол шалтгаан юм. Үүнийг мэддэг ч үл тоодог. Гэвч хүндрэл нь маш их. Нэгэнт шүд цоорсон бол өөрөөрөө дахин нөхөн төлжих боломжгүй. Сүүн шүд байнгын шүдийг бодвол зөөлөн бүтэцтэй байдаг учраас цоорох нь илүү хурдан.

Шүд цоорох өвчний тархалт

Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг судалсан үндэсний судалгааны дүнгээр /3 нас - Өсвөр нас хүртэлх хүүхдүүдийн дунд/ шүд цоорох өвчний тархалт 80.5 хувь- 86 хувьтай байна. Энэ бол маш өндөр тоо. Цоороогүй шүдтэй хүүхэд бараг байхгүй гэсэн үг. 

Шүдний цоорол нь паалангийн цоорлоор эхэлдэг. Энэ тохиолдолд шүдэнд хар зураас, толбо үүсдэг. Улмаар паалан эрдсээ алдаж цоорч цаашлаад тугалмайн цоорол явагдана. Анзаарахгүй байж байтал гэнэт үүрчихлээ гэдэг шүү дээ. 

Харахад жижигхэн цоорол байгаа мэт боловч цоорол дотроо маш гүн явсан байдаг. 

Ингэж удаан явснаар хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах нь түгээмэл. Бүр цаашлаад зөөлцийн үрэвсэл үүсэх буюу лугших зэргээр тэсэхийн аргагүй өвдөж мэдрэл рүүгээ ордог. Энэ тохиолдолд сувгийн эмчилгээ зайлшгүй хийх болдог. 

Шүдний өвчлөл бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?

Амны хөндийд байдаг нянгийн халдварууд нь ерөнхий биеийн маш олон эрхтэн системд нөлөөлдөг. Тухайлбал,

  • Тархины эдийн доройтол буюу зөнөгөрөл – Буйлны үрэвсэлтэй хүмүүсийн 70 хувь нь зөнөх өвчин тусах магадлал ихэсдэг. Учир нь тархины эдэд нөлөөлдөг.
  • Шүдний цоорлын үед буглаа нэвчээс үүсэх улмаар нянгийн халдвар цусны урсгал руу орж халдвар тархдаг.
  • Жирэмсэн эхчүүдийн 60-75 хувь нь буйлны үрэвсэлтэй байдаг. Энэ нь дөнгөж төрсөн нярайд халдварлах эрсдэлтэй. Тиймээс төлөвлөгөөт жирэмслэлт буюу жирэмслэхээс өмнө амны хөндийгөө эрүүлжүүлэх шаардлагатай.
  • Шүдний буглаа нэвчээс нь зүрх судасны өвчин, улаан хоолойн үрэвсэл, голтын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Хоолой идээлдэг, архаг ангинтай адилаар.
  • Сүүлийн үеийн судалгаагаар, шүдний холбоосын үрэвслийн үед буюу яс руу идээлж үрэвсэн шүдний өвчлөлийн нян нь амьсгалын замаар уушгинд орж үрэвсэл үүсгэдэг болох нь батлагдсан. 
  • Чихрийн шижин ба буйлны үрэвсэл нь эрт үеийн нас баралтын шалтгаан болдог. 45-65 насны хүмүүсийн дунд нас баралтын тоог 400 хувиар огцом ихэсгэсэн судалгаа бий. 

Сүүн шүдийг эрүүл байлгаж анхаарах нь яагаад чухал вэ?

Жирэмсэн эхчүүд, гэр бүлийн гишүүд дор хаяж нэг шүд нь цоорсон байдаг. Энэ нь нянгийн халдвар, голомт болж, дөнгөж төрсөн нярайд амнаас хоол дамжуулахдаа халдвар өгдөг. Уг халдвар амны салстад нөхөн төлжиж байрлах чадвартай. Ингээд шүдлээд шүд гарч ирэх үед паалан дээр байрлаж сүүн шүдний цоорол үүсгэдэг.

Сүүн шүдний эрт үеийн цоорол гэдэг нь үүдэн шүднүүд нь эмтэрдэг. Ялангуяа шөнө олон давтамжтай хөхүүлэх, амны хөндийг цэвэрлээггүй зэргээс шалтгаалж бүх шүднүүд нь цоордог.

Сүүн шүдийг унах шүд юм чинь гээд тоодоггүй. Энэ нь маш буруу. Цоорол хүүхдэд илүү хурдан явцтай. Улмаар буглаа нэвчээсээр хүндэрч ирдэг. Ийм тохиолдол маш элбэг. Цаашлаад яс руу нэвчих зэргээр хүүхдэд маш их зовиуртай байдаг бөгөөд мэс засалд орох шаардлагатай болдог.

Үүнээс гадна идээ гараад, зовиургүй байдлаар явагддаг тал бий. Үүнийг нь тоохгүй орхивол дараагийн ургах байнгын шүдэнд нөлөөлдөг. Байнгын шүд ургахдаа цоорлын бус өчвлөлөөр өнгө нь хувирч паалан нь гэмтэж ургадаг.

Хүүхдийн олон шүд цоорсон бол хоол боловсруулалт удаашрах, хоолонд дургүй болох, идэхгүй байх, хоолыг дутуу зажлах, ходоодонд ачаалал өгөх, хэл ярианы өөрчлөлттэй болдог. 

Мөн хамгийн түгээмэл илэрдэг асуудал нь сүүн шүдийг эрт авахуулсны улмаас дараагийн шүдэнд гарах зай үлдэхгүй, зууралтын гажгууд үүсдэг. Тиймээс бага дээр нь хүндрэхээс урьдчилан сэргийлж, дараагийн шүдний зайг хадгалах буюу сүүн шүдний цоорлоо эмчлүүлэх хэрэгтэй.

Сүүн шүдийг эрт авхуулсан тохиолдолд дараагийн байнгын шүдний зөв ургалтыг яаж дэмжих вэ? 

Нэн түрүүнд гажиг заслын нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Олон төрлийн аргууд бий. Жишээ нь, сүүн шүдний бүрээс, зай хадгалагч зэмсэг гэх мэт эмчилгээнүүдийг хийлгэх боломжтой. Авахуулсан шүдний зайгаа нөхөх гээд шүдэнд хөдөлгөөн явагддаг. Энэ нь ирээдүйд гарах хүндрэлээс сэргийлнэ. Эс бөгөөс эрүүний гажиг үүсдэг. 

Шүдний чулуу ба тулгуур эдийн өвчин 

Насанд хүрэгчдийн дунд түгээмэл байдаг. Шүдний дотор талын гадаргууг дутуу угааснаас болж өнгөр тогтож хатуурч чулуу үүсдэг. 

Чулуу нь нянгийн голомт болох, буйл үрэвсүүлэх, ясны ойр орчмын эдэд үрэвсэл үүсгэх, шүдийг хөдөлгөөнд оруулж унагаах шалтгаан болдог.

Цаашлаад ерөнхий биеийн өвчлөлийн суурь болдог. Тиймээс шүдний чулууг түүлгэж цаг тухай бүрд нь үзүүлэн эмчлүүлж байх шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэлт 

Тухайн хүний ухамсар, амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих, зөв зохистой хооллох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Харьцангуй эрүүл шүдтэй бол 3-6 сард нэг удаа үзүүлэх нь цаашид үүсэх хүндрэл, эрсдэл, цаг хугацаа, санхүүг хэмнэнэ. Шүдний цооролд өвчлөмтгий, чулуу үүссэн зэрэг шалтгаантай бол аль болох богино хугацаанд ирж үзүүлж байх шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэх үзлэгээр дараах эмчилгээ, зөвлөгөөг өгдөг. Үүнд: 

  1. Амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө
  2. Шаардлагатай эмчилгээ үйлчилгээний төлөвлөгөө гаргаж өгдөг – Авхуулах шаардлагатай шүд байна уу, зуултын гажиг байгаа эсэхийг үзэж зөвлөдөг.
  3. Мэргэжлийн үзлэг, эмчилгээ – Сайн дурын эмчилгээ буюу шүдний чулуу түүх, буйлны үрэвслийн эрсэг эмчилгээ, шүд угаалт, шүдний гүн цэвэрлэгээ, эрдэсжүүлэх фторт түрхлэг зэрэг эмчилгээнүүдийг хийдэг.

Шүдний өвчлөлөөс сэргийлэх хувь хүний хэрэгжүүлэх алхам

Фторын хэрэглээ – Фтор нь шүдийг эрдэсжүүлэх гол бодис юм. Хоол хүнснээс хангалттай фтор авч байна уу, фтортой оо хэрэглэж байна уу гэдгийг анхаарах. 

Шүд угаалт – Оо, сойзноос гадна шүдний утсаар шүдний завсар хооронд цэвэрлэж байх, хэлний өнгөр цэвэрлэгч хэрэглэр, ам зайлах уусмалыг буйлны үрэвсэлтэй, хэт мэдрэгшилтэй, нянгийн халдвартай хүмүүс хэрэглэх, завсрын сойз зэрэг хэрэгслүүдийг хэрэглэх. Сүүлийн үед даралттай ус шүршигч гарсан. Импланттай, бүрэлттэй хүмүүс гэртээ даралттай усаар цэвэрлэж болдог.

Сойзоо хэрхэн сонгох вэ?

  • Сойзны хэмжээ – Ази хүмүүс яс жижигтэй учраас европ сойз тохиромжгүй. Сойзны үсний урт нь урд хоёр үүдэн шүдний хэмжээтэй адил байх ёстой.
  • Хатуу/зөөлөн үс – Сойзны үс нь дундаж хатуулагтай байх хэрэгтэй. Medium гэсэн тэмдэглэгээтэй байдаг. 
  • Хэрэглэх хугацаа – Гурван сар тутамд солих хэрэгтэй. Үүнээс урт хугацаанд нэг сойз хэрэглэхэд бактери үржих таатай нөхцөл болдог учраас зайлшгүй солих хэрэгтэй.
  • Төрөл – Автомат, хиймэл шүдэлбэрийн/хатуу үстэй/, хүүхдийн, гажиг заслын зэмсэгтэй хүнийх гэх мэт олон төрөлтэй. Үүнийг хүүхдийн нас, өөрийн онцлогт тохируулан сонгож болно.

Ооны тал дээр фтортой оо хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин буйлны үрэвсэлтэй, мэдрэг шүдтэй хүмүүс хэт мэдрэгшлийн, буйлны үрэвслийн эсрэг ургамлын гаралтай зориулалтын оо хэрэглэж болно.

Шүд угаах аргачлал

Шүдийг буруу байрлал, техникээр угаасан тохиолдолд буйл шамлагдаж өвдөж үрэвсэх, шүд хэт мэдрэгшилтэй болдог. 

Тиймээс эгц хөндлөн угааж болохгүй. Бага зэргийн налуу, баруун дээд шүднээс эхлээд буйлны эсрэг чиглэлд буюу дээрээс доош шүүрдэх эсвэл эргэлдүүлэх хөдөлгөөнөөр угаах хэрэгтэй.

Өдөрт 2 удаа, 2 минут, зөв техникээр угаахад шүд эрүүл байна.

Зөв хооллолт 

  • Шүд цоорлын гол хүчин зүйл нь нүүрс ус гэж дээр хэлсэн. Үүнд хэт чихэрлэг, наалдамхай хүнс ордог. Тиймээс хэрэглээгээ багасгах, аль болох татгалзах хэрэгтэй. 
  • Хооллолт хоорондын хугацааг уртасгах – Хоол идсэний дараа шүд өөрийгөө цэвэрлэдэг. Энэ хугацаа богино болохоор өнгөр тогтож шүд цооролтонд өртөмтгий болдог.
  • Чихэрлэг зууш, амттан хэрэглэхээ багасгах, хянах  - Жимс, ногоо, нарийн ногоо түлхүү хэрэглэвэл сайн. Гурилан бүтээгдэхүүн нь наалдамхай учраас аль болох татгалзах.
  • Хатуу хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх – Шүдэнд даралт өгч ясны өсөлт хөгжилд сайнаар нөлөөлдөг. Ааруул идэх, хатуу бүхэл хоолнуудыг удаан зажилж идэх хэрэгтэй. Энэ нь зөв зуулттай болгодог.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, фторжуулсан ус түлхүү хэрэглэх.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ю.Ганболор: Хавдрын эмчилгээнд үүдэл эсийг ашиглах нь үр дүнтэй байна

Дэлхий дахинд анагаах ухааны салбарт үүдэл эсийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд хүндээ хамгийн ээлтэй, үр дүнтэй эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхийг зорьж ололт амжилтаараа өрсөлдөж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 18

АУ-ны магистр Н.Мандахай: Өвчин намдаах төрлийн эмийг байнга хэрэглэх нь бөөрний дутагдалд хүргэх нэг шалтгаан

Сүүлийн үед бөөрний архаг дутагдлаар оношлогдох хүний тоо нэмэгдэж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Иймд бөөр өвчлөх шалтгаан, ямар тохиолдолд үрэвсдэг, үрэвсэл нь яагаад архаг хэлбэрт орж, юунаас болж архаг дутагдалд хүрдэг, хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 19

Санал болгох

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 12 сарын 03

Хүний папиллома вирусийн эсрэг "Гардасил" вакцины найрлагатай танилцана уу

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 02