Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.
Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар хязгаарлагдахгүйгээр үл барам олон нийтийн сүлжээ ашиглан бүхэл бүтэн систем бүтээсэн тухай байв.
Энэ сүлжээ нь WeChat группээр дамжуулан Хятад хэлээр зааварчилгаа авч, хуурамч, гуйвуулсан мэдээллийг АНУ-ын мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээг ашиглан дахин нийтлэх замаар иргэдийг төөрөгдүүлдэг нөлөөллийн үйл ажиллагааны сүлжээ байжээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, АНУ-ын Мэдээллийн Төвөөс эрхлэн явуулдаг Хятад хэл дээрх мэдээллийн сайтыг Ван болон түүний хуучин сүйт залуу Яонин "Майк" Сун нар ажиллуулдаг байсан ба Өмнөд Калифорни дахь Хятад Америкчуудын нийгэмлэгт үйлчилдэг орон нутгийн мэдээллийн платформ гэж танилцуулан Хятадын Коммунист Намын (ХКН) албан тушаалтнуудын боловсруулсан мэдээлэл, контентыг нийтэлдэг байжээ.
Вангийн мэдүүлгээс үзэхэд Хятадын албан тушаалтнууд WeChat-аар дамжуулан Ван болон бусад хүмүүст урьдчилан бичсэн нийтлэлүүдийг илгээдэг бөгөөд мэдээ, контентуудын агуулга нь Хятадад гарсан геноцит бодлого, Шинжаан, Түвдэд явуулж буй харгислалыг үгүйсгэх, Хятадыг дэмжих бодлогыг түгээх зорилготой байдаг байна.
Ван Хятадаас ирүүлсэн нийтлэлийг хэдхэн минутын дотор АНУ-ын Мэдээллийн Төвд дахин нийтэлж, дараа нь нийтлэлийн холбоосыг Хятадын албан тушаалтан руу буцааж илгээдэг гэж мэдүүлжээ.
Хууль зүйн яамнаас Ван Хятадын албан тушаалтны хүсэлтээр нийтлэлийг засварлаж, дараа нь нийтлэл 15,000 гаруй үзэлт авсан болохыг харуулсан скрийншот хийж илгээн, цаад албан тушаалтнаас магтаал авсны дараа “Удирдагчдаа баярлалаа” гэж хариулсан мессежийг дэлгээд байна.
Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг хэргийн хор холбогдол нь ганц вэбсайтын агуулгаас аль хэдийн давсан байна.
Хууль зүйн яамны тайланд гуйвуулсан мэдээллүүдийг нь зөвхөн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод мэдээллийн хэрэгслээр дамжуулаад зогсохгүй, WeChat группууд, олон нийтийн сүлжээ (facebook, x.com, tiktok, instagramm, youtube), орон нутгийн иргэдийн харилцаагаар дамжин тархдаг өргөн хүрээтэй бүхэл бүтэн системийг байгуулж амжжээ.
BBC-ийн Хонконгийн товчооны дарга асан Вивиан Ву 5-р сарын 12-нд X.com дээр “Ван ХКН-ын албан тушаалтнуудаас нийтлэл хүлээн авч, онлайнаар байршуулж, холбоос тарааж, хэрхэн түгээсэн талаарх мэдээллийг албан тушаалтнуудад буцааж мэдээлдэг байжээ. Хамгийн итгэмээргүй нь орон нутгийн иргэдийн сонгосон Америкийн төрийн албан хаагч хүн Хятадын албан тушаалтнуудын суртал ухуулгын нийтлэл биечлэн тарааж, тараахад нь тусалж, нийтэлсний дараа буцааж мэдээлж байсан явдал юм" гэж бичжээ.
Хууль зүйн яам нэг WeChat бүлгийн гишүүн бүр Хятадын албан тушаалтнуудаас зааварчилгаа авсны дараахан өөр өөр вэбсайтууд дээр ижил нийтлэлүүдийг дахин нийтэлдэг гэж мэдэгджээ.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Ардчилсан Хятадын Холбооны дэд ерөнхийлөгч Шэн Сюэ The Epoch Times сэтгүүлийн хятад хэл дээрх дугаарт өгсөн ярилцлагадаа “Бээжингээс олон нийтэд нөлөөлөхтэй холбоотой иймэрхүү үйл ажиллагааг ил тод төрийн сувгаар биш харин олон нийтэд суурилсан сүлжээгээр хэрхэн дамжуулахыг маш сайн зохион байгуулдгийн нэг жишээ юм” гэжээ.
Холбооны прокуроруудын мэдээлснээр Эйлин Вантай холбоотой хэрэг нь чат бүлгүүд, репост хийдэг сүлжээнүүдээр дамжуулан нөлөө бүхий хүмүүсийг өргөнөөр ашиглан бүхэл бүтэн систем бий болгож олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Эх сурвалж: The Epoch times

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77