2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Судалгаа: 7 хоногийн ажлын цаг нэмэгдэхийн хэрээр гэр бүл салалтын түвшин нэмэгддэг

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 25

Манай улсад жилд 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Салалтын шалтгаануудыг харвал архины хамаарал, хоорондын үл ойлголцол ихэнх хувийг эзэлж байна. Энэ нь хосууд бие биенээ ойлгож, сонсож, ярилцахад хангалттай цаг гаргахгүй байгаатай холбоотой. Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө ажлаад байгаа мэт боловч хэтэрхий завгүй ажилласнаар гэр бүлээ алдаж ч болох. Энэ талаар Гэр бүл анхаарлын төвд байгууллагын сэтгэл зүйч Н. Рэнжмаа дараах зөвлөгөөг өглөө. 

Илүү цагаар ажиллах нь гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Сүүлийн үед хүн бүр л завгүй, ажил ихтэй гэх өдрүүдийг өнгөрүүлэх болсон. Магадгүй хотын амьдрал, хөгжил дэвшлийн нөлөө ч байж болох юм. Тэр дундаа залуу гэр бүлүүдийн хувьд эрч хүчтэй, эрүүл чийрэг, чадалтай байгаа дээрээ гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангаж, амьдралынхаа суурийг сайн тавихын тулд маш их ажиллаж хөдөлмөрлөдөг. 

Судалгаагаар илүү цагаар ажиллах хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Ажлын байранд тавигдах шаардлага (ачаалал ихтэй гэх мэт)
  • Илүү орлого олох хэрэгцээ
  • Ажлын газрын соёл гэх мэт.

Корнеллийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар 7 хоногт 50-60 цаг ажилладаг хүмүүсийн 10% нь гэр бүлийн маргаанаар дуудлага өгч байсан ба 60-аас дээш цагаар ажилладаг хүмүүсийн хувьд энэ тоо 30% болж өссөн байна. 

Тус судалгаагаар 7 хоногийн ажлын цаг нэмэгдэхийн хэрээр гэр бүл салалтын түвшин нэмэгддэг гэжээ.

Өөр нэгэн судалгаагаар 5 эцэг эх тутмын 3 нь ажлын ачааллаа даахын тулд илүү цагаар, цалингүй ажилладаг болохыг тогтоожээ.  Тус судалгаанд 3090 эцэг эхчүүд хамрагдсан бөгөөд тэдний 72 хувь нь илүү цагаар ажиллуулах нь стресст автуулдаг гэж хариулсан байна. Мөн 54 хувь нь хүүхдүүдтэйгээ муудалцахад хүргэсэн гэж үзсэн бол 57 хувь нь ханьтайгаа маргалдсан гэж хариулжээ. 

Тэгэхээр илүү цагаар ажиллах нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж, бие биенээ үл ойлгох цаашлаад гэр бүл салалтад ч хүргэх аюултайг эдгээр судалгаа харуулж байгаа юм. Түүнчлэн илүү цагаар ажиллах нь сэтгэцийн эрүүл мэнд, архины асуудалд ороход ч нөлөөлдөг байна.

Канад улсад хийсэн өөр нэгэн судалгаагаар ажлын цаг нь 7 хоногт 40-өөс дээш цаг болж нэмэгдсэн хүмүүсийн архи, тамхины хэрэглээ нэмэгдэж, эрчүүд нь буруу хооллолтоос үүдэж жин нэмэгдэх, эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орох нь ихэссэн байна. 

Энэ нь цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээний зардал, ажил таслалт, ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулдаг. Олон хосууд завгүйгээсээ болж гэр бүлийн үндэс суурь болох гэрлэлт буюу бие биетэйгээ харилцах харилцаандаа санаа тавихад цаг заваа төдийлөн зарцуулж чаддаггүй. Гэрлэлтийн үндэс нурахад бусад хэсгүүд ч нурдаг. 

Завгүйгээсээ болоод гэрлэлтэнд тань сөргөөр нөлөөлж буйг анхааруулах шинжүүд:

  • Ханийгаа эсвэл үр хүүхдийнхээ аль нэгэнд л цагаа зориулах сонголт хийж байна уу?
  • Ханьтайгаа цагийг өнгөрүүлэхээс илүү ийш тийш гүйх, энэ тэрийг амжуулж байна уу?
  • Хамт байхдаа өөр өөрсдийн ертөнцөд байх хандлагатай байна уу?
  • Та хоёр жижиг асуудлаас болж амархан уурлаж бухимдаж байна уу?
  • Та хоёрын үл ойлголцол улам бүр нэмэгдсээр байна уу?
  • Та хоёр болзолгүй маш их удсан уу?

Дээрх анхаарлын тэмдэг ассан бол ЗОГС, анхаарлаа хандуул!

Өнгөрснөө бас ирээдүйгээ ярилцаж, инээлдэж, хөгжилдөх цаг гэр бүлд маш чухал. Зарим ажлаа хойшлуулах эсвэл татгалзах нь гэр бүлдээ цаг гаргаж,  дараа нь харамсахааргүйгээр амьдрах боломжийг бүрдүүлдэг. Учир нь та дараа нь ажлаа хийж болно. Харин хүүхэд тань дандаа одоогийнх шигээ бяцхан байхгүй бөгөөд та гэрлэлтэндээ цагаа зориулж, арчилж тордохгүй л бол аяандаа сайхан болно гэж үгүй. Амьдралынхаа хамгийн чухал үнэ цэнэтэй хүмүүстээ цаг зориулж дадаарай. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө