Хайр илүүдэж бас дутсан хүүхдүүд хар тамхинд толгойгоо мэдүүлэх нь түгээмэл. Та хүүхдээ хэрхэн хайрладаг вэ? Хайрлаж байгаа нь энэ хэмээн хамаг юмыг нь бэлдэж, өмнүүр нь орж гүйгээд байвал хариуцлага гээч зүйлийн хэлтэрхийгүй болж өснө. Эд мөнгө, үнэтэй сургууль тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэхээсээ илүү хүүхдийнхээ зүрх сэтгэлд ойр байж, ойлгон хүндэтгэж харьцвал тэд буруу замруу хальтрах магадлал бага, “дархлаатай” болж төлөвшинө. Нийгэм, гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, хандлага л хүүхдүүдийг хэн болохыг шийддэг.
Мансууруулах бодист автсан хүүхдүүдийн олонхи нь сониуч зангаасаа, эсвэл сэтгэлд нь нуугдах ганцаардлаасаа дайжих гэж тайтгарахаар анх хэрэглэсэн байдаг гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлснээх хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 65 хувийг өөрийгөө ч олоогүй яваа, цэл залуухан 18-24 насныхан эзэлж байна! Сонирхон татаж үзээд хамааралтай болж, хувь заяа нь харанхуйлсан нь дийлэнх байдаг.
Хүүхэд төрөхөөсөө аливаа юмны хамааралтай төрдөггүй нь үнэн. Харин хар тамхинаас нэгэнт хамааралтай болсон бол эцэг эхчүүдээс маш их нулимс, тэнхээ шаардаж байж хүүхдээ салгаж авна. Мансууруулах бодис хэрэглэснээр хараат байдалд орж, донтолт үүсдэг. Донтсон хүмүүс сэтгэл гутралд орж улмаар хяналтаа алдан айдас түгшүүрт автах, дэмийрэх, солиорох эмгэг үүснэ. Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар алдагдаж, зорилго тэмүүлэлгүй залуусын хэлдгээр “зомби” болж хувирна. Мансуурахын тулд өр тавьж, хулгай залилан хийж, орон гэрээ үгүй хийсэн нь ч олон. Төгсгөл нь аймшигт үхэл! Хэрэглэж эхэлсэн үөэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг.
Донтолт бол өвчин. Наркологийн шинжлэх ухаанд олон зуун хүнийг донтох эмгэгээс нь салгасан эмчилгээний олон улсын болон, 2005 оноос эхлэн мөрдөж эхэлсэн Монгол улсын стандарт нь бий. Эмчилгээнээс татгалзах нь өвчинг хүндрүүлнэ гэсэн үг. Машин аваад өгвөл хүү минь гарчих байх, лам бөөгөөр яваад засал хийлгээд салах байх гэж хугацаа алдсаар улам бүр хараат байдалд орох үүд хаалгийг нь нээж өгөх нь бий гэдгийг эмч нар учирлаж байна. Шуудхан л мэргэжлийн эмчид хандаж сэтгэл заслын болон эмийн эмчилгээг хийлгэх шаардлагатай. Мэдээж гэм буруугаа ухамсарлан өвчтөн өөрөө эмчлүүлэх, эдгэрэх чин хүсэлтэй байх хамгийн чухал гэнэ. Эмчилгээний хугацаа ч богино биш, ихээхэн тэвчээр шаардана. Гэр бүлийн хүмүүс нь өвчтөнийг шүүмжлэх, хэл амаар доромжлох, гадуурхах зэрэг байдал гаргавал дахилтанд орох эрсдэл ч бий.
Донтох эмгэг судлалд тухайн хэрэглэгч хараат байдалд орж донтоод зогсохгүй, ойр дотныхон, хайртай хүмүүс нь “давхар хамаарал” хэмээх өвчнөөр өвдөж, сэтгэл зүйн хувьд гуньж гутран, хэвийн бус байдалтай болдог байна. Тийм нөхцөлд орсон гэр бүлийн хүмүүс нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг байна.
Таны хүүхэд хэнтэй үерхэж дотносдог вэ, ихэнх цагаа юунд зарцуулж байна, зорилго тэмүүлэл болгодог хобби түүнд бий юу? Та хүүхэддээ тавих анхаарал, түүнийг ойлгох зүрх сэтгэлээ шинэ шатанд гаргахгүй бол хүүхэд залуус хар тамхи борлуулагчдын, хэрэглэгчдийн урхинд орох эрсдэл өдөр ирэх бүр нэмэгдсээр байна.