2022/05/26. Пүрэв гараг Дугаар: #2289

ЭМЧИЙН ӨРӨӨ

Ц.Түмэндэмбэрэл: Ирвэгнэх, бадайрах, жирэлзэх нь мэдрэлийн өвчний үндсэн шинж тэмдэг

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 04

Мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг, шалтгаан, хүндрэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн мэдрэлийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Түмэндэмбэрэл дараах зөвлөгөөг өглөө. 

Мэдрэл, мэдрэлийн систем гэж юу вэ?

Хүн, амьд организм гадаад орчин, нийгэмтэй дасан зохицож амьдрахын тулд мэдрэл хэмээх бүтцээр дамжуулан холбогддог. Мэдрэлийн системийг төв болон захын мэдрэлийн систем гэж 2 хуваадаг. Төв мэдрэлийн системд тархи, нугас ордог бол захын мэдрэлд гар хөл, нүүр ам, булчинг хөдөлгөж мэдрэлжүүлдэг мэдрэлүүд ордог. 

Мэдрэлийн систем гэдэг математиктай адилхан. Хаана аль бүтэц нь гэмтсэнээс шалтгаалж шинж тэмдгүүд нь илэрдэг. Тиймээс мэдрэлийн эмч нар математикч шиг бодож хаана ямар зам нь гэмтсэн байгааг хайж олж илрүүлдэг. Маш нарийн оношилгоо шаарддаг гэж хэлж болно. 

Тухайлбал, Толгойноос хөл хүртэл явж буй нугаснаас гардаг мэдрэлийн ширхэг, нарийхан утас шиг бүтэцтэй мэдрэлийн зам бий. Энэ нь хаанаа гэмтсэн байгааг нарийн бодож, үзэж оношоо тавьдаг. 

Төв мэдрэлийн системийн өвчин 

Толгой, тархи, нугасны үндсэн өвчнүүд багтдаг. Үүнд тархины цус харвалт, сүүлийн үед хүн амын дунд ихсээд байгаа тархины менингит, халдварт өвчнүүд байна. Тухайн халдварууд тархи, толгой нугасанд орж менингит өвчин үүсгэх, гар хөлийн менингит, нугасны менингит үүсэх буюу саажилт болдог.

Захын мэдрэлийн системийн өвчин 

Зах хязгаарын мэдрэл буюу гар, хөлний үзүүр, хамар, чих гэх мэт гадна талд байрласан эмгэгүүдийг хэлдэг. Үүсэх шалтгаан нь бусад эрхтэн системийн өвчнүүдтэй холбоотой. Тухайлбал, чихрийн шижин өвчин, бөөрний дутагдалтай холбоотойгоор гар хөлийн үзүүр бадайрч мэдээгүй болох, нүүр муруйх, нүүр цоргиж өвдөх өвчлөл үүсдэг. Энэ бүгд захын мэдрэл гэмтсэнтэй холбоотой. 

Жирс жирс гэж хатгах нь юуны шинж тэмдэг вэ. Мэдрэлийн гаралтай өвчний онцлог шинжүүдийг хэлж өгөөч?

Мэдрэлийн өвчин эмгэгийн үед маш хүчтэй өвддөг. Жирийн өвчин намдаах эмэнд намддаггүй. Хоёрдугаарт, ирвэгнэх, бадайрах, жирэлзэх нь мэдрэлийн өвчний гол шинж.

Эдгээр шинж тэмдгийн дагуу төв мэдрэлийн систем эсвэл захын мэдрэлийн системийн аль нь гэмтсэнийг нарийн мэргэжлийн эмч үзэж оношилдог. Эдгээр шинж тэмдэг илэрвэл шууд мэдрэлийн өвчин гэж дур мэдэн оношилж өөрийгөө эмчилж болохгүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж оновчтой, үр дүнтэй эмчилгээ хийнэ.

Шинж тэмдэг илрэх төдийд дураараа эмчилгээ хийх нь ямар эрсдэлтэй вэ?

Жирвэгнэж бадайрах нь мэдрэлийн өвчний шинж тэмдэг мөн боловч төв эсвэл захын мэдрэлийн системийн өвчин үү гэдгээс хамаарч эмчилгээ нь өөр. Гарах хүндрэл, алсын үр дагавар нь ч өөр байна.

Гарын үзүүр нь эсвэл ганц чигчий хурууны мэдрэл гэмтсэн байлаа гэхэд үүнтэй адил шинж илэрсэн өөр хүнд өөр шалтгаан байж болно. Тархинд нь цус харавчихсан, хавдар ургаснаас болж гар хөлийн үзүүр нь бадайрсан байж ч болно. Тиймээс өөр өөр эмчилгээ шаардлагатай. 

Мөн бусад эрхтэн тогтолцооны ямар нэг өвчинтэй, бөөрний архаг дутагдалтай, чихрийн шижин өвчинтэй хүмүүст захын мэдрэлийн гэмтлээр илрэх нь бий. Хөл, гар нь бадайрах, мэдээгүй болох, сахартай хүмүүс тэрбайтугай хөлөө тайруулдаг шүү дээ. Энэ бол мэдрэлийн систем гэмтсэнтэй холбоото үүсэж буй хүндрэл юм. 

Төвийн мэдрэлийн системийн өвчлөлийн дохио бие махбодод яаж илэрдэг вэ? 

Даралт ихсэлт иргэдийн дунд хамгийн их тохиолддог. Үүнээс болж тархинд цус харвадаг. Иргэд хагас, бүтэн харвалт гэж мэддэг шүү дээ. Хагас харвалт нь захын мэдрэлийн системийн гэмтлийн үед. Бүтэн харвалт гэдэг нь нь тархинд цус харваж ухаангүй болохыг хэлдэг. Харвалт бол гэнэт цочмог явагддаг өвчин. Тархинд цус харвах нь гэнэт үүсдэг. 

Харин захын мэдрэлийн системийн өвчний үед гар хөл бадайрах шинж тэмдэг илэрнэ. Уналт, таталтын үед мөн шинж тэмдэг илэрдэг. 

Биеийн энд тэнд буюу гар хөл, гэдэс, нүүр гэх мэт биеийн олон хэсэгт жирс жирс гэсэн өвдөлт мэдрэгдэх нь захын олон мэдрэлүүд гэмтэж байна гэсэн үг. 

Энэ нь нойр, хоолгүй явсантай, амьдралын хэв маяг алдагдсантай холбоотой.

Мэдрэлийн өвчнийг хэрхэн оношилдог вэ? Анхан шатны үзлэг, оношилгоо

Толгой, хараанаас эхлээд бүх мэдрэлийг эмч шалгадаг. Тухайлбал харааны мэдрэл гэмтсэн тохиолдолд юмыг хоёр давхарлаж хардаг. Энэ бүгдийг эмч үзэж оношилно.

Өөр нэг жишээ. Хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож байгаа менингит өвчний үед толгойг бөхийлгөж эрүүг нь өвчүүнд хүргэж тонгойлгож үздэг.  Тархины менингиттэй үед эрүү нь өвчүүндээ хүрдэггүй. Хүүхэд том хүн бүгд адилхан энэ үзлэгээр шалгадаг. 

Хүүхэд халуурч, гадна орчинтой харьцаж чадахгүй, орилж чарлаад, гэрэлд нүд ам нь гялбаж, бөөлжих шинж тэмдэг илэрч байвал хамгийн түрүүнд эрүүг нь өвчүүнд нь хүргэж тонгойлгож үзээрэй. 

Мэдрэлийн гаралтай өвчний өөрчилж болох шалтгаануудыг хүн өөрөө хянах боломжтой. Даралт ихсэлт, нойр, хоол, амьдралын хэв маяг гэх мэт. Харин удамшлын хүчин зүйлүүдээс үүссэн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Мэдрэлийн өвчин үлдэц урхаг ихтэй учраас өөрийн мэдэхгүй зовуурь илэрвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Нэн түрүүнд, Цусны шинжилгээгээр цусан дахь сайн муу өөх тосны хэмжээг үздэг. Анхан шатны цус, шээсний шинжилгээнүүдээ өгч, эрт илрүүлэгт хамрагдах нь цаашид үүсэж хүндрэх мэдрэлийн өвчлөлөөс сэргийлэх юм. Тиймээс орон даяар явагдаж эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд заавал хамрагдаарай гэж зөвлөе.

Мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нойр хэр чухал юм бэ? 

Энд тэнд жирс жирс гэж өвдөх нь ажлын ачаалал ихтэй, нойргүй явсантай холбоотойгоор захын мэдрэл гэмтэж буйн илрэл. 

Мэдрэл гэмтдэг хамгийн гол шалтгаануудын нэг нь стресс, нойргүйдэл. 

Мэдрэлийн өвдөлт маш хүчтэй өвддөг учраас амьдралын хэв маяг, дэглэмээ сайн сахих ёстой. Хэчнээн ажилтай байлаа гээд эрүүл мэндээ мөнгөөр сольж болохгүй. Унтаж амрах ёстой. Унтахгүй бол мэдрэлийн систем ажлаад л, сэрэл саатал нь хэт идэвхжээд, байнга агшиж хөдлөх буюу өнөөх жирс жирс гэсэн хатгуулсан шинж тэмдэг илэрнэ.

Хүний мэдрэлийн систем хэрхэн ажиллаж, амардаг вэ? Шөнийн нойр үүнд хэр нөлөөтэй вэ?

Бид өдөр шөнө ээлжилдэг гадаад ертөнцөд амьдарч байгаа шүү дээ. Тиймээс бие махбод бидний ухаан санаанаас хамаарахгүйгээр биологийн цаг, гадаад орчинтойгоо зохицсон байдаг. Тиймээс оройн 22 цагаас шөнийн 03 цагийн хооронд заавал унтах ёстой. Ингэснээр тархинд бүх бодисын солилцоо явагдаж, өсөлт бойжилт, эрхтэн системүүдийн шинэчлэл явагдаж байдаг. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас айл, өрхийн гишүүд бүгд унтахаа байсан. Шөнийн унтах ёстой цагаа сэрүүн өнгөрүүлж дэлгэц ширтэг болсон. Үүнтэй холбоотойгоор мэдрэлийн өвчин эмгэг илт ихэссэн. Тиймээс шөнийн нойроо юугаар ч бүү соль. Тэр цагт таны мэдрэлийн систем амарч байдаг. Удаан нойргүй явснаар хооллолт, амьдралын хэв маяг, сэтгэл зүй гээд бусад бүх зүйлс өөрчлөгдөж улмаар өнөөх даралт ихсэлт, цус харвалт болох суурь тавигддаг.

Манай улсын халдварт бус өвчлөлийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин, тархины цус харвалт. Үүний гол шалтгаан нь даралт ихсэлт. Сүүлийн үед залуучууд,хүүхдүүдэд даралт ихсэлт үүсэх болсон. Эн бүгд ерөөсөө л нойргүй, шөнө унтаж амардаггүйтэй холбоотой. 

Мэдрэлийн өвчин гэдэг насан туршдаа тахир дутуу болох, нас баралтаар төгсөх аюултай.

Өөр нэг мэдрэлийн өвчин нь суудлын өвчин байна. Хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан суудлын өвчин буюу суудлын мэдрэлийн дарагдал маш их болсон. Нуруунаас хоёр хөлийг мэдрэлжүүлдэг суудлын мэдрэл дарагдсанаас болж үүсдэг. Байнгын суугаа байдалтай байснаар хоол боловсруулалт буруу болж байна. Үүнтэй холбоотойгоор таргалалт нэмэгдэж байна. Таргалалтаас болж судас бөглөрөлтийн шалтгаант харвалт үүсдэг.  Хоол идчихээд суудаг, хэвтдэг. Ямар ч бодисын солилцоо явагдахгүй байгаагаас болж судасны хананд бөглөрөлт үүсч улмаар харвалт болдог.

Энэ бүгдээс урьдчилан сэргийлэхэд хувь хүний эрүүл мэндийн боловсрол маш чухал. Өвчилсөн хойноо эмчлүүлэх нь хувь хүнд, эдийн засагт маш их үргүй зардал гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд унтах, сэтгэл санаагаа тайван байлгах, тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийх, зөв хооллолт гэсэн дөрвөн зүйлийг л анхаарах нь чухал.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Д витамины дутагдал ясны сийрэгжилтэд хүргэнэ

Бидний хэлж хэвшсэнээр яс сийрэгжих буюу ясны нягт буурах нь хөгшин хүний өвчин байхаа хэдийн больсон. Өвчний нас залуужих болсон нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг байгаагаас ихээхэн шалтгаалж байна. Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   2022 оны 05 сарын 20

Ц.Уранчимэг: Чонон хөрвөс өвчний нэг онцлог нь тууралт маш богино хугацаанд гараад алга болдог

Харшлаас урьдчилан сэргийлэх болон харшил сэдэрсэн үед авах арга хэмжээ, анхаарах зүйлс, оношилгоо эмчилгээний талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 05

Санал болгох

Минжийн хангайд 1 км өргөн, 700 м урт талбайг хамарсан түймэр гарчээ

Улсын хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   5 цагийн өмнө

Хүүхдүүдийн 82 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч байгаа 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө