2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

ЭМЧИЙН ӨРӨӨ

Ц.Уранчимэг: Чонон хөрвөс өвчний нэг онцлог нь тууралт маш богино хугацаанд гараад алга болдог

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 05

Харшлаас урьдчилан сэргийлэх болон харшил сэдэрсэн үед авах арга хэмжээ, анхаарах зүйлс, оношилгоо эмчилгээний талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг дараах зөвлөгөөг өглөө. 

Монголын харшил судлаачдын нийгэмлэгийн судалгаагаар таван хүн тутмын нэг нь харшлын өгүүлэмжтэй гарсан. Нийт хүн амын 40 орчим хувь нь ямар нэгэн байдлаар харшлаар өвдсөн байна. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд харшлын гаралтай арьсны өвчнүүд, амьсгалын дээд замын харшлууд их тохиолдох болсон.

Эрүүл мэндийн үзүүлэлтээр харшлын шалтгаант арьсны өвчлөлийн ихэнх хувийг атопик дерматит эзэлж байна. Мөн хоол хүнснээс шалтгаалсан харшлын өвчнүүд их тохиолддог.

2021 оны статистик үзүүлэлтээр атопик дерматит өвчнөөр оношлогдсон 13.235 хүн байна. 

Харшил үүсэх шалтгаан

Гадаад, дотоод шалтгаантай. Дотоод шалтгаанд удамшлын урьдал байдал хамгийн их нөлөөлдөг. Тодруулбал, эцэг эх хоёулаа удамдаа харшлын өгүүлэмжтэй бол хүүхэд нь харшилд өртөх байдал 70 хүртэл хувь, аль нэг нь харшлын өгүүлэмжтэй бол 50 хувийн магадлалтай байдаг. 

Удмын хүчин зүйлээс гадна орчин, агаарын бохирдол, хоол хүнс, эмийн бодис, ахуйн хэрэглээний химийн бодис зэрэг маш олон зүйл цогцоороо үйлчилж байж харшил үүсдэг. 

Атопик дерматит 

Маш олон шалтгаантайгаар үүсдэг. Гэр бүлд нь харшлын өгүүлэмжтэй байх нь их. Ихэвчлэн арьс загатнах, хуурайших, тууралт, гүвдрүү гарах байдлаар илэрдэг арьсны өвчин. Бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Хүн амын дунд 5-20 хувийн тархалттай байгаа бөгөөд архаг дахилтат явцтай. Эмчилгээ хийхгүй удвал даамжирч насан туршдаа тохиолдох арьсны өвчин болж хувирдаг. 

Нас бага байх тусам шинж тэмдэг нь хурц явцтай илэрдэг.

Харин нас ахих тусам архаг хэлбэрт шилжиж, хуурайшилттай байх, гар нь загатнах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрдэг.

Бага насны хүүхдийн хацар нүүрээр тууралт гарч байгаад, 2-12 насанд тууралт нь хурцавтар шинжтэй, байршмал болж ирдэг. Мөчдийн нугалагч гадаргуу, нүд, хүзүүний эргэн тойронд загатнах, арьс харлах, улайх шинж тэмдэг илэрдэг.

Чонон хөрвөс

Чонон хөрвөс нь харшлын гаралтай арьсны өвчин. Сүүлийн жилүүдэд тохиолдлын тоо нэлээдгүй ихсэж байна. Манай төвд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь энэ төрлийн харшилтай. 

Чонон хөрвөс өвчний дийлэнх шалтгаан нь хүнснээс харшилсан байдаг. Идэж ууж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. 

Мөн физик химийн хүчин зүйл, эмийн харшил зэрэг нь чонон хөрвөс байдлаар илэрч болно. Арьс хүчтэй загатнах, бэлцрүүт тууралтаар илэрэх бөгөөд тууралтын хэмжээ нь янз бүр байдаг. 

Хүндрэх юм бол салстууд хавагнадаг. Нүд амны салст хавагнаж уруул бамбайх, хэл томрох зэргээр хавагнадаг. Бүр хүндэрсэн тохиолдолд анафилаксийн шок буюу амьсгалын замын салстууд хавдсанаас амьсгаа бачуурах, даралт унах шинж тэмдгүүд илэрдэг.

Нэг онцлог нь тууралт маш богино хугацаанд гараад буцаад богино хугацаанд алга болдог. Зарим тохиолдолд гэртээ харшил төрүүлэгч хүнс хэрэглэсний дараа 24-48 цагийн дотор хурцаар арьсанд тууралт гараад эмч, эмнэлэгт ирэх хооронд л алга болчихдог. Хэрэв хүндэрвэл тууралт тогтвортой байх, дахих сэдрэх явцтай. Зарим тохиолдолд шууд хүнд хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг. Энэ үед яаралтай тусламж авах шаардлагатай.

Эмийн гаралтай харшлууд 

Сүүлийн жилүүдэд иргэдийн эмийн хэрэглээ замбараагүй болж байна. Ялангуяа антибиотик, өвдөлт намдаах эмнүүдийг замбараагүй хэрэглэснээр эмийн харшил үүсэхэд нөлөөлж буй.

Мөн тодорхой харшил үүсгэх төрлийн эмүүд байдаг. Тэдгээрийг эмчийн заавраар болгоомжтой хэрэглэх ёстой. Тухайлбал, антибиотикийн төрлүүд, сульфониламид, өвдөлт намдаах бүлгийн, мэдээ алдуулагч, үрэвслийн бус дааврын эмийг дур мэдэн хэрэглэх нь харшлын хариу урвал үзүүлэх шалтгаан болдог. 

Бас нэг анхаарах зүйл нь урьд өмнө нь эмийн харшил илэрч байсан бол тухайн эмийг давтан хэрэглэх нь илүү хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дур мэдэн эмийн эмчилгээ хийж болохгүйг анхааруулъя.

Ургамал, тоосны харшил

АӨСҮТ-д ургамал, тоосны харшилтай хүмүүс нэлээдгүй ирж байна. Хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь энэ төрлийн харшлын голлох шалтгаан болж байна. Ямар төрлийн ургамлын тоосноос харшилж байгаагаас шалтгаалж дараах байдлаар ангилдаг. Үүнд: 

  • Модлог ургамлын харшил /4-6 сарын эхэн үе хүртэл/
  • Үет ургамлын харшил / 6-7 сарын дунд үе хүртэл/
  • Хогийн ургамлын харшил /7-9 сарын эхэн үе хүртэл/ 

Шинж тэмдэг 

  • Хамар битүүрэх,
  • Шингэн нус гоожих, найтаах,
  • Хамар чих загатнах, хоолой тагнай загатнах,
  • Нүд загатнах, нулимс гоожих, нүдний салст хавагнах зэрэг хурц шинж тэмдгээр илэрдэг.

Анхаарах зүйлс

  • Хувийн хамгаалах хэрэгсэл маск, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх, харшил төрүүлэгчээс аль болох зайлсхийх,
  • Ургамлын тоосжилт ихэсдэг цагууд буюу 04:00-10:00, 17:00-22:00 цагт гадуур аль болох явахгүй байх, маск зүүх,
  • Борооны дараа гадуур явахгүй, гэртээ байж хаалга цонхоо хаах. Цонх онгойлгосон үед нойтон марлаар хаалт хийх эсвэл цонхонд шүүлтүүртэй тор хийх,
  • Гадуур хувцсаа солих, усанд орох, эсвэл үсээ угаах, нүүр ам хамраа сайтар угаах, зайлах,
  • Гэр, ажлын тасалгаанд цэцэг тарихгүй байх,
  • Ургамлын  гаралтай эм, дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэхгүй байх,
  • Хурц үнэртэй зүйлсээс татгалзах,
  • Даавуун дэр дэрлэх.

Зовуурь хурц үедээ байвал шинж тэмдгийн эмчилгээ хийдэг.

Ургамал, тоосны харшилтай хүмүүсийн хоол хүнсэндээ анхаарах зүйлс

Бүлээн цэвэр ус тогтмол уух. Хийжүүлсэн ундаа, ногоо жимсний шүүс, жүүс уухаас татгалзах

  • 4-5 сард модлог ургамлын харшилтай бол алим, хар чавга, чангаанз, манго, тоор, лийр, киви, гадл, улаан лооль, лууван, ойн самар зэргийг хориглох.
  • 6-7 сард үет ургамлын зүйлс буюу кофе, лийр, чавга, амтат гуа, цоохор майлз, какао, арвай, хөх тариа, випо хэрэглэхгүй.
  • 7-8 сард шарилж, хогийн ургамал буюу айраг, саам, зөгийн бал, наранцэцэгийн самар, газрын самар, тарвас, жүрж, мандарин, чинжүү, гоньд зэргийг хэрэглэхгүй.

Ид шинж тэмдэг илэрч байгаа, сэдэрсэн үед сорил тавихгүй. Харин шинж тэмдэг дарагдсан, эмчилгээ хийгээгүй үед, 10-05 сарын хооронд арьс хатгах сорил өгөхөд хамгийн тохиромжтой. Иргэд ихэвчлэн харшлын хурц үедээ хүндэрсэн байхдаа эмнэлэгт хандаж сорил эмчилгээ хийлгэх гэдэг нь буруу.

Харшил дахих, сэдрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Яг юунаас харшиж, юу сэдрээж буй шалтгааныг олж тодруулж түүнээс нь сэргийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дээр хэлсэн шинж тэмдэг илрээгүй, эмчилгээ хийгээгүй үедээ сорил тавиулж оношлуулах хэрэгтэй. Мөн эрсдэлт хүчин зүйлсээс татгалзах, зайлсхийх, анхаарах шаардлагатай. Бүр хүүхэд төрөхөөс өмнө буюу жирэмсэн байхаас эхлээд л хооллолт, эрүүл ахуйдаа анхаарах ёстой. Жирэмсэн үедээ халуун ногоотой хоол, чихэр, шоколад бага идэх гэх мэт харшил төрүүлж, сэдрээх зүйлсээс татгалзах нь хүүхэд бага насандаа харшил хурц хэлбэрээр явагдахаас сэргийлдэг. Цаашлаад хөхүүл үеийн хооллолтдоо анхаарах, хүүхдээ усанд оруулж арчилж буй байдлаар анхаарах гээд нэлээн арчилгаа шаардлагатай. Ер нь эрүүл ахуйн дэглэмүүдийг баримтлах хэрэгтэй.

Оношилгоог хэрхэн хийдэг вэ?

Ямар нэгэн байдлаар харшлын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг, юу хэрэглэсний дараа ямар шинж тэмдэг илэрч байгаагаа өөрөө ажиглаж анзаарах хэрэгтэй. Хэрэв дээрх харшлын өвчнүүдийн шинж тэмдэг илэрч байгаа  бол дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. 

АӨСҮТ-д харшлын сорилууд, олон төрлийн оношилгоо хийж байгаа. Эмч эхлээд асуумж авна. Түүний дараа нэг удаадаа 20 хүртэл төрлийн сорил тавьж оношилж байна. Ингэхдээ Монгол улсад ургадаг ургамлуудаас ялгаж авсан оношлууруудыг манайх лабораторидоо хийж байгаа.

Мөн арьсан дээр тууралт шинж тэмдэг илэрсэн хурц үед байгаа тохиолдолд цусны оношлуурууд хийдэг. Бага насны хүүхдэд сорил тавихад эсрэг заалт гарах нь бий. Энэ үед цусанд харшлын сорил тавьж юунаас харшилж байгааг тодорхойлох боломжтой. Хүнсний харшлыг гэхэд хурц үедээ биш л бол хэзээ ч тавиулж болдог.

Харшил сэдрэхээс өмнө урьдчилан сэргийлэх аргууд

Хэдэн сард ямар төрлийн харшил сэдэрч байгаагаас шалтгаалан угтуулж оношлуулан тухайн эрсдэлт хүчин зүйлээс аль болох зайлсхийх, угтуулах эмчилгээ хийлгэх боломжтой.

Шарилжийн харшилтай хүмүүст тухайлбал угтуулах эмчилгээ буюу дархлааны шүршлэг эмчилгээ хийдэг. Монгол оронд ургасан шарилжийн уусмалаар хийсэн учраас үр дүн сайтай эмчилгээ болдог. Угтуулах эмчилгээг жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн 45 хоног хийдэг. Ингэснээр 7 сард шарилж тоосоо гөвөх үед хэдийн дасал болж, зовуурь бага илэрдэг. Угтуулах эмчилгээ хийснээр эмнэлзүйн шинж тэмдэг багасдаг.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Төрөлт өмнөх оноос 13.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14.147 эх амаржиж, 14.244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2202 (13.5%)-аар, төрсөн хүүхэд 2208 (13.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Хачгийн улирал эхэлсэн тул уул, модонд алхахдаа дараах арга хэмжээг аваарай

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬДэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд ixodes, dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.Хачгийн хөгжлийн үе... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө