2022/05/26. Пүрэв гараг Дугаар: #2289

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭМҮТ-ийн эмч Ж.Гантулга: Дараах 9 шинж тэмдгээс 4-5 нь таны хүүхдэд илэрч байвал цахим донтолттой болсон гэж үзнэ

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 26

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэх, цахимаар хичээллэх зэрэг дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй. Тиймээс цахим тоглоом, дэлгэцийн хамааралтай болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай юм. Таны хүүхэд өдөр хэчнээн цагийг цахим тоглоом тоглож хий дэмий, үр дүнгүй өнгөрүүлж байна вэ? Цахим тоглоомд донтох нь сэтгэлзүй, бие махбод, амьдралын хэв маягт ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Орчин үеийн тоглоомын аргачлал өөр, төрөл нь ч олон болсон. Хүмүүсийн хамгийн их тоглодог зүйлс нь гар утас, компьютер, таблет бусад дэлгэцийн тоглоомууд болсон энэ цаг үед тухайн зүйлийн хамааралд орж донтохоос болгоомжилж, зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Ялангуяа цахим тоглоомыг ямар байдлаар, ямар хэмжээнд тогловол хүүхдэд сөрөг нөлөө багатай талаар эцэг эхчүүд мэддэг, амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь маш чухал.

Олон улсын өвчний ангилалаар дараах шинж тэмдгүүдээс 4-5 шинж нь сүүлийн 10-12 сарын хугацаанд илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлдэг. Үүнд:

  1. Цахим тоглоомын талаар санаашрах – Цахим тоглоом тоглоогүй боловч бодол санаанд нь тоглоомны бодол төрдөг. Тухайлбал, сургуулиа тараад гэр лүүгээ явж байхдаа дараагийн удаад ингэж тоглоно гэх мэтээр тоглоомоо төлөвлөсөн, анализ хийсэн, тоглоомныхоо тухай санаашрах шинж илрэх
  2. Цахим тоглоомоос нь холдуулахад сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх - Цахим тоглоомыг нь хориглоход сэтгэлзүйн таагүй хариу урвал үзүүлдэг. Тоглоомноос нь холдуулахаар уурлах, түрэмгий авир гаргаж юм авч шидэх, цонх шил хагалах, болиулж буй хүнийг  цохих гэх мэт төрх үйл гаргаж, сэтгэл санаагаар унах мэдрэмж төрөх
  3. Цахим тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дур үүсэх – Тухайн хүүхэд 15 мин тоглоод больдог байсан бол яваандаа энэ хугацаа нь 30 минут, 1 цаг гэх мэт уртассаар хяналтгүй болох, тоглуулаад байвал өдрийн 8-10 цаг тасралтгүй тоглох хүртэл эрсдэл бий болдог. Энэ нь тухайн хүн болъё гэж бодож байгаа ч өөрийгөө хянаж чадахгүй байх эрсдэл үүсгэдэг.
  4. Цахим тоглоом тоглохгүй гэж бодсон ч /амлалт өгөх/ чадахгүй байх – Хамааралд орж байгаагийн илрэл юм. Тоглохгүй гэж бодсон ч өөрөө зогсоож чадахгүй байгаа шинж бий болдог.
  5. Цахим тоглоомоос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ сонирхох нь багасах – Ямар ч зүйл хэмжээ хязгаартай, цаг хугацаатай. Өмнө нь сагс тоглох зэргээр өөр олон тоглоом тоглодог, хоббитой байсан бол бүхий л цагт зав л гарвал өнөөх цахим тоглоомоо тоглох нь анхаарал татсан бас нэг шинж тэмдэг юм.
  6. Цахим тоглоомноос үүдэлтэй нийгэм сэтгэлзүйн асуудал үүсч байгааг мэдсээр байж цахим тоглоомыг хэт их цагаар, удаан хугацаагаар тоглосоор байх – Сөрөг нөлөөлөл илэрхий байсан ч хугацаа нь урт хэвээр байна.
  7. Цахим тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл, багш, эмч болон бусад хүмүүст худлаа ярих – Энэ бол донтох эмгэгийн үед илэрдэг нийтлэг шинж. Хэр удаан тоголсон бэ гэж асуухад 30 минут л тоголсон гэх зэргээр худлаа ярьж эхэлдэг.
  8. Сэтгэл санааны таагүй байдлаасаа гарахын тулд тоглох – Өөрт үүссэн асуудлыг цахим тоглоомоор шийдэх гэж оролддог. Гэвч  цаана нь байгаа үндсэн асуудал шийдэгдэхгүй. Сэтгэл санаа хэцүү байгаа юм чинь ядаж тоглоод мартъя гэх бодол нь буруу. Тэглээ гээд тухайн асуудал шийдэгдэхгүй.
  9. Цахим тоглоомоос болж ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд зэрэг чухал харилцааг умартах – Чухал харилцаа холбоогоо умартаж эхэлдэг. Эрүүл хүн бол урдаа тавьсан зорилготой, өөрийгөө хөгжүүлэх зэргээр амьдралын идэвхтэй байдаг. Гэтэл донтож эхлэх үед энэ байдал алдагддаг.

Өсвөр насанд цахим тоглоомын хамааралд орж байсан, асуудалтай байсан бол насанд хүрсэн хойноо энэ байдал нь үргэлжилдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хоёр хүүхэдтэй айл гэрийн эзэн хүн ажлаа гүйцэд хийхгүй, ажилдаа төвлөрч чадахгүй цахим тоглоом тоглоод байна гэх зэргээр манай төвд ханддаг тохиолдол нэлээдгүй бий. Ямар нэгэн донтох эмгэг үүссэн тохиолдолд тэр хүнийг насан туршид нь дагалдаж явдаг. Сэтгэл заслын эмчилгээ хийх боловч хүн өөрөө өөрийгөө татаж барьж явах нь хамгийн том зорилго байх ёстой. Ингэж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах шаардлагатай.

Цахим тоглоом, дэлгэцийн донтолт ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд мансууруулах бодис хэрэглэсэн үед илэрдэгтэй адил хэмжээнд “Тархины бүтцийн эмгэг өөрчлөлт” үүсдэг.

Сэтгэцийн талаас – Анхаарал сарнимтгай болох, мартамхай болох, огцом уур уцаартай болох, нойрны асуудал үүсэх, хар дарж зүүдлэх, зүүдэндээ ярих, сэтгэл санаа хямрал, булчин татваганах эмгэг, орондоо шээх, хараа болон сонсголийн хий үзэгдэл гэсэн шинжүүд илэрдэг.

Бие махбодын талаас – Гарын алга, хөлийн ул хөлрөх, ядарч сульдах, толгой өвдөх, нүдний угаар хөших, нүд хуурайших, хараа муудах, хоолны дуршил буурч биеийн жингээ алдах, хүзүү хөших, нуруу болон гарын хэлбэрт өөрчлөлт орох, хөдөлгөөний хомсдлоос болж биеийн өсөлт удаашрах, цус багадалт, хоол боловсруулах замын өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Төрөх үйлийн талаас/ амьдралын хэв маяг/ -  Хүүхэд худлаа ярих, хулгай хийх, гадуур тэнэх, хичээл таслах, сурлагандаа муудаж хичээл завсардах, гэрээс дайжих, хэрэгт холбогдох, хорт зуршилд автах, тоглоомоос өөр зүйл сонирхохоо болих, гэр бүлийн үүрэг хариуцлагыг үл тоох зэрэг асуудал үүсдэг. 

2003 оноос хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас СЭМҮТ-д хандах болсон. СЭМҮТ-ийн статистик тайлангаас харахад Хүүхэд өсвөр үеийн клиникт 2013 онд 31, 2014 онд 47 гэж нэмэгдсээр 2018 онд 56 хүүхэд цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн байна. Эдгээр хүүхдийн дийлэнх нь насны хувьд 5-8 дугаар ангийн сурагчид байсан бөгөөд 98 хувь нь эрэгтэй хүүхэд байв.

Цахим тоглоомд донтож хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдэд хийсэн судалгаагаар 82.3 хувь нь хараа хяналтгүй болон хайр халамж дутсан эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй байжээ.

Мөн цахим тоглоомд донтож эмчлүүлсэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийг харахад нээлттэй бус, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд цахим тоглоомд донтох эмгэгтэй байсан. Эдгээр хүүхдүүдэд цочмог, түгшүүртэй, өөрийгөө буруутгах хандлагатай, сэтгэлзүйн ачаалал ихэссэн, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд ирэлсэн байна. Гэвч зөвхөн хайр халамжаар дутсан хүүхэд л цахим тоглоомд донтдог гэж ойлгож болохгүй. Хэний ч хүүхэд хэтрүүлэн тоглоод байвал тоглоомын хамааралтай болох эрсдэлтэй.

Цахим тоглоомд донтсон үед хийх эмчилгээ 

  • 6 сар хүртэл хугацаанд сэтгэл заслын эмчилгээг ганцаарчилсан болон бүлгийн байдлаар хийх бөгөөд танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл заслын эмчилгээ хийдэг.
  • Мөн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Юманд донтож, хамааралтай болсон үед ганцхан удаа эм уугаад эдгэчихдэг зүйл биш учраас аль болох урьдчилан сэргийлж, зөв зохистой хэмжээнд хэрэглэх шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх, хариуцлагатай хандах шаардлагатай.

Технологи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон учраас ухаалаг утас хэрэглэж болохгүй гэж зөвлөх нь амьдралд буухгүй. Гэвч ямархуу байдлаар ашиглаж байна вэ гэдэгт хяналт тавих, үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Технологи, цахим хэрэглээ нь амьдралын нэг хэсэг төдий болохоос бүхий л амьдрал нь болж болохгүй гэдгийг анхаарах шаардлагатай.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хүүхдийн хумсаа мэрэх зуршлын сэтгэл зүйн шалтгаанууд

Аав ээжүүд хүүхдийн сэтгэл зүйчид хандаж ирдэг олон асуултуудын нэг нь “Хүүхэд минь хумсаа мэрээд байна яаж болиулах вэ?” гэдэг. Хүүхэд ялангуяа бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Нүдээ аниад 10 минутын дотор унтаж чадаж байвал ХЭВИЙН НОЙРТОЙ гэж үздэг

Дэлхийн нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорио зэрэг нөхцөл байдлын улмаас сүүлийн 2-3 жилийн хугацаанд нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 24

Санал болгох

Минжийн хангайд 1 км өргөн, 700 м урт талбайг хамарсан түймэр гарчээ

Улсын хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   5 цагийн өмнө

Хүүхдүүдийн 82 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч байгаа 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө