2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Цэвэршилтийн насыг хойшлуулах бус эрүүлээр даван туулах нь чухал

— Ч. Баяржаргал   2022 оны 03 сарын 02

Эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг “цэвэршилт”–ийн нөлөөн дор өнгөрүүлдэг байна. Цэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Судлаачдын тогтоосноор Монгол эмэгтэйчүүд 49.2 насандаа цэвэршиж байгаа аж. Бид цэвэршилтийн талаар мэдлэгтэй байх нь түүнээс шалтгаалсан бусад асуудлуудыг тойрч гарах, хэвийн даван туулах эцэст нь биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалж үлдэх боломжийг олгох юм. "Эмчийн өрөө" танд туслахаар ЭХЭМҮТ –ийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, МУ –ын тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхбаяр, СЭМҮТ-ийн Сэтгэл засалч эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулга нартай ярилцлаа.

Цэвэршилтийг дотоод шүүрэл, даавартай холбоотой үйл явц гэж ойлгодог. "Цэвэршилт" гэж ер нь эмэгтэй хүний бие махбодод яг юу болохыг та хэлж өгөөч? 

Цэвэршилт нь нөхөн үржихүйн гол эрхтэн болох өндгөвчний үйл ажиллагаа зогсохыг хэлдэг. Өндгөвч нь строген, прогестерон хэмээх нөхөн үржихүйн хоёр чухал даавар ялгаруулдаг. Эдгээр даавар нь өндгөвч, өнчин тархи, түүний дээр байрлах гипоталамус буюу харааны төвгөр, их тархи гэсэн үе шатаар явагддаг цикл процесс юм. Энэ процесс нь дотоод шүүрлийн үйл ажиллагаагаар зохицуулагддаг бөгөөд өндгөвч хоёр даавраа ялгаруулж чадахгүй болсноор илэрч буй хариу урвалыг "цэвэршилтийн хам шинж" гээд байгаа юм. Харин өндгөвчний үйл ажиллагаа бүрэн зогссон байхыг цэвэршилт гэж нэрлэдэг.

Зарим хүмүүс биеийн юм ирэхгүй байхыг цэвэршилт гэж ойлгоод байдаг нь өрөөсгөл. Биеийн юм ирэхгүй байсан ч өндгөвчний үйл ажиллагаа, дотоод зохицуулга нь явагдаж байж болно.

Тиймээс цэрэвшилтийг биеийн юмаар тодорхойлж болохгүй. Цэвэршилт гэдэг нь өндгөвч цусан дотор даавраа оруулж ирэхгүй болсон процессийг хэлж байгаа. Эрэгтэй хүнд ч ялгаагүй төмсөгнөөс ялгарах эр бэлгийн даавар цусан дотор орж ирэхгүй болохыг цэвэршилт буюу "бэлгийн булчирхай бүрэн үйл ажиллагаа явуулахгүй болсон" гэж үздэг.

Цэвэршилт нь эрт болон эмгэг цэвэршилт гэх мэт янз бүрээр явагддаг гэж сонссон. Яг хэвийн цэвэршилт гэж ямар байхыг хэлэх вэ? 

Строген даавар нь бэлгийн бойжлын үеэс эхлээд цусанд орж ирдэг бөгөөд дотроо идэвхтэй болон идэвхгүй гэх мэт хэд хэдэн пракцтай. Идэвхтэй пракц нь нөхөн үржихүйн чухал үүрэг гүйцэтгэдэг ба өсвөр наснаас эхлээд нөхөн үржихүйн эрт үе, дунд үе, хожуу үе, цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж явдаг.

Строген даавар цусан дотор орж ирж байгаа идэвхтэй үеэсээ буурсаар өндгөвчний үйл ажиллагаа идэвхгүй байдалд орж зогсдог. Тэр зогсох процесс руу явж байгааг цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж ангилдаг. Тиймээс идэвхтэй пракц өндөр байх тусам нөхөн үржихүйн үйл ажиллагаа идэхвтэй явагдана. Бодисын солилцоо хэвийн байна. Идэвхтэй пракц буурах тусам нөхөн үржихүйн тогтолцоо болон бодисын солилцоонд өөрчлөлт орж эхэлдэг. Энэ нь тодорхой хэмжээгээр сэтгэл зүй, хэвийн физиологийн үйл ажиллагаанд ямар нэгэн эмгэг байдлаар мэдрэгдээд яваад байдаг. Ялангуяа нөхөн үржихүйн хожуу нас буюу цэвэршилтийн насанд илүү тод илэрдэг.

45 насанд эрт цэвэршилт, 45-аас өмнөх насыг хэт эрт цэвэршилт, 47-52 насандаа цэвэршихийг хэвийн насандаа цэвэрших гэж үздэг. Дунджаар үргэлжлэх хугацаа нь 5 жил байдаг. Урт байвал анхаарах ёстой.

Биеийн юм хэвийн тогтмол ирэх нь цэвэршилт эрт эсвэл хожуу эхлэх үндэс болох уу? 

Биеийн юм анх 12-13 насны хооронд үзэгдэхийг хэвийн гэж үздэг. Тогтворжих хугацаа нь 2 жил байдаг. Энэ нь удамшлаар программчлагдсан гэж хэлж болно. Тиймээс ямар нэгэн байдлаар өөрчлөх аргагүй. Сар бүр бага багаар цус гарах буюу хэвийн үед 60-80 мл цус гарах ёстой. Нөжирсөн цус гарах ёсгүй. Цус гарах буюу биеийн юм үргэлжлэх хугацаа нь -7, +7 хоног байна. Алдах ёстой төмрийн хэмжээ 16 мл гэх мэт маш нарийн үйл явцтай. Энэ физиологийн үйл ажиллагаагаа эмэгтэйчүүд маань маш сайн хянаж сурах хэрэгтэй. Мөчлөг хоорондын зай 21- 28 хоног байж болно. Энэ хоногуудыг зөв тооцож хөтлөх нь тогтвортой байгаа эсэхээ хянахад тусалдаг.

Бие эрүүл байгаа эсэхийг биеийн юмны гарч буй цусны хэмжээ, мөчлөгийн хоногоор тооцоод мэдэж болдог.

Ялангуяа өсвөр насны охидод эцэг эх нь хараа хяналт сайн тавих хэрэгтэй. Зарим тохиолдлыг харж байхад тогтворжихгүй байж байгаад их хэмжээгээр цус алдаад байгааг нь мэдэхгүй явсаар цус багадалтын 3-р зэрэгт орчихсон байдаг. Ирэхгүй байж байгаад 5, 6 сарын дараа маш их хэмжээгээр цус гарч байгааг нь эцэг эх нь анзаарахгүй өнгөрүүлчихсэн байдаг. Ингэдэг л юм байх гэж боддог. Гэтэл 2 жилийн дотор тогтворжих ёстой. Тогтворжихгүй байвал анхаарахгүй орхиж болохгүй. Хэр их цус гарч байгааг нь хэмжихийн тулд хэдэн ариун цэврийн хэрэглэл сольж байгаагаар баримжаалж болно. Нэг ариун цэврийн хэрэгсэлд 10 гр цус хумигдана гэж үзвэл хоёрыг солих юм бол их цус алдаж байх учир эмчид хандах хэрэгтэй.

Цэвэршилт нь биеийн юм ирэхээ болихыг хэлэхгүй юм байна. Тэгвэл өөр ямар шинж тэмдэгээр мэдэж болох вэ?

Өндгөвчнөөс гарч байгаа даавар цусан дотор багасаад эхэлж байна. Цэвэршиж байна гэдэг нь өндгөвч захын эрхтнээс даавар ялгарахгүй байгааг хэлээд байгаа. Цэвэршилтийн үед халуу оргих, нойргүйдэх, хүзүү хөших, хөлийн ул, алга халуу оргих, гэв гэнэт уур хүрээд байх, уйлмаар санагдах гэх мэт сэтгэл зүйн болон урвал мэдрэлийн гаралтай өөрчлөлтүүд илэрдэг.

Цэвэршилтийг эмэгтэйчүүд маань хамаг тамираа бараад, өөрийхөөрөө туулаад явж байгаа дүр зураг харагддаг. Мэргэжлийн эмчийн хяналт эсвэл зөвлөгөөн дор туулах ёстой юм болов уу? Яавал зовиур багатай даван туулах вэ?

Монгол улсад эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл гэдэг салбар шинжлэх ухаан орхигдоод байгаа тал бий. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нь эх барих тал руу түлхүү ажлаад эмэгтэйчүүд тал руугаа бага ажлаад байдаг. Уг нь бол эмэгтэйчүүдийн эмч нар маш сайн ойлгуулж тайлбарлаж өгч байх ёстой. Ер нь цэвэршилтийн процессийг өөрийнхөө хар зүрхээр даван туулаад яваа нь үнэн.

Нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь хэвийн шинж тэмдэггүйгээр цэвэршиж байгаа. Үлдсэн 20-30 хувьд нь тодорхой хэмжээний зовиур илэрдэг.

Тухайлбал физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж шээс задгайрах, ясны сийрэгжилт, сэтгэл санаа тогтворгүй болох өөрчлөлтүүд гардаг. Энэ бол тухайн бие махбодод строген даавар байхгүй болохыг яаж хүлээж авч байгаагаас хамаарч байгаа юм.

Цэрэвшилтийн шинж тэмдэг хөнгөн, дунд, хүнд гэж гурван янзаар илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед өдөрт 10-аас ихгүй удаа нүүр халуу оргих гэх мэт дээр хэлсэн шинж тэмдэг илэрдэг. Дунд хэлбэрийн үед 10-15 удаа, хүнд зэрэгт 20 хүртэл удаагийн давтамжтай илэрдэг. Дундаас хүнд зэрэгтэй буюу өдөрт 10-аас олон удаагийн давтамжтай зовиурууд илэрч байвал заавал эмчид үзүүлж, шаардлагатай бол хэвтэж эмчлүүлэх ёстой.

Цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс хэр их хандаж байна? Тэдгээр хүмүүс ямар байдлаар даван туулж байна вэ? 

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Г.Гантулга: Манай төвд хандаж байгаа тохиолдлуудыг харахад нэлээн хүндрэлтэй, ааш зан, сэтгэл зүй, бие махбодын хувьд амьдралаас таашаал авах таатай байдлаа алдсан байдалтай хүмүүс их байна. Эмэгтэйчүүдийн эмч дээр хэдийн очоод эмийн болон дааврын эмчилгээ авсан ч сэтгэл зүйн хувьд өөрийн мэдрээд байгаа мэдрэмж, өөрт тохиолдоод байгаа процесстоо тайвнаар хандаж чадахгүй байгаа хүмүүс байдаг.

Цэвэршилт бол нэг, хоёр жилийн асуудал биш. Магадгүй 10 жил үргэлжлэх үйл явц. Ингэж урт хугацаанд сэтгэл зүйн асуудлуудтай байнга тулгарах нь үндсэн сэтгэл зүйн асуудал үүсч болох ч талтай юм шиг. Үндсэн сэтгэл зүйгээ энэ хугацаанд яаж эрүүл авч үлдэх вэ? 

Сэтгэц гэхээр тусдаа, бие гэхээр нэг тусдаа юм шиг ойлгож болохгүй. Сэтгэл өвдөл хүний бие өвдөнө. Бие нь өвдвөл дагаад сэтгэл нь өвддөг. Цэвэршилтийн үед хамгийн гол асуудал нь төвийн гаралтай даавар өдөөгдөөд байгаа учраас тухайн хүний гаднаас ирж байгаа нөлөөлөл, танин мэдэхүй, сэтгэлгээ, аливаа зүйлд хандах хандлагатай уялдаг.

Хүн мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг. Цэвэршилт гэж яриад байсан боловч тухайн эмэгтэй бие болон сэтгэл санааны хувьд яг ямар процесс явагддаг талаар зөв ойлголтгүй байдаг. Өөрийгөө бусадтай жиших байдлаар, товчхоон мэдээлэлтэй байгаагаас болж айж түгших, сандрах, сэтгэл зүйн хувьд улам тогтворгүй болох байдал үүсдэг. Гэхдээ тухайн хүний танин мэдэхүй рүү чиглэгдсэн сэтгэл заслын эмчилгээ хийхээр энэ нь хэвийн л явагдаад дуусдаг зүйл учраас буцаад тайвширч тогтворждог.

Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн хувьд заавал тулгарах даваа. Дөнгөж 40 гараад ирэхээрээ л "удахгүй цэвэршинэ" гэж бодоод, маш их сэтгэл зүйн тээш авах нь өөрийгөө дарамтанд оруулж буй хэрэг. Тиймээс юун түрүүнд цэвэршилтийг эмэгтэйчүүдийн амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тухайн зүйлээс айж сандарснаар, эсвэл тоо баримтнаас болоод сэтгэл зүйн хувьд таагүй болж, хэвийн явагдаж байсан дааврын үйл явцаа тогтворгүй болгоход хүргэж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бусад эмэгтэйчүүдийн л адил өөрт нь тулгарах зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, биеийн байдлаа эмчид үзүүлж, шинжилгээ өгч, зөвлөгөө авах нь зүйтэй.

Хэдийгээр цэвэршилт явагдсан ч бэлгийн амьдрал хэвийн үргэлжлэх боломжтой гэдгийг эмэгтэйчүүд маань ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу?

МУ –ын тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхбаяр: Цэвэршилт явагдсан ч ямар нэгэн байдлаар хүүхэд төрүүлж болно. Цэвэршилт явагдаад, өндгөвчний үйл ажиллагаа зогсчихлоо гээд хүүхэд төрүүлэхгүй гэж бодохоос илүү "өөрөөрөө жирэмслэх процесс" л байхгүй болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үр шилжүүлэн суулгах байдлаар жирэмсэлж болно. Умай сав нь байгаа учраас ямар нэгэн байдлаар даавар зохицуулгаа хийгээд төрсөн хүмүүс ч байдаг. Цэвэршиж байна гээд өөрийгөө эмэгтэй хүн биш юм шигээр бодож ерөөсөө болохгүй. Хүүхэд төрүүлэх гэдэг процесс умай сав байхгүй, бүр эрхтэн байхгүй үед л яригдах асуудал. Сэтгэл зүйгээ зөв авч явбал юунд ч хүрч болно. Гэвч шунаж буруу тийшээ явж, сэтгэл дотроо буруу бодол тээж болохгүй.

Зарим хүмүүс цэвэршилтийн насыг хойшлуулах талаар их боддог. Хэр зөв хүсэл юм бол? 

Хэвийн физиологийн насандаа цэвэршсэн бол заавал хойшлуулах гээд байх хэрэг байхгүй. 50-аас дээш насандаа строген даавар, идэвхтэй пракц уугаад явбал ямар нэгэн байдлаар хорт хавдарт өртөх эрсдэлтэй. Строген дааврын идэвхтэй пракц гэдэг бол ямар нэгэн эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, ургуулах, дэмжих даавар учраас нөхөн үржихүйн хожуу нас буюу цэвэршилтийн өмнөх, дараах насанд хорт хавдарт өртөх эрсдэл болдог. Ялангуяа хөх, умай салст, сав, бүдүүн шулуун гэдэс гэх мэт булчирхайлаг хорт хавдар ургах нөхцөл болдог учраас хүчээр хойшлуулах гэж хамаагүй даавар хэрэглэж болохгүй.

Цэвэршилтийг хойшлуулна гээд хамаагүй сэдээлт өгч болохгүй. Харин цэвэршээгүй буюу өндгөвчний үйл ажиллагаа зогсоогүй байхад цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд бага строген даавартай, прогестерон даавар хавсарсан бэлдмэл хэрэглэх нь 60-аас дээш насанд ясны сийрэгжилтэд хэт өртөхөөс хамгаална гэж үздэг.

Гагцхүү хэт эрт цэвэршүүлэхгүй байхыг л боддог. Цэвэршилтийн үед сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Сүлжээний бүтээгдэхүүн мянга зөвшөөрөл авсан боловч дотоод шүүрлийн нарийн механизмыг ойлгоогүй байж, мөнгө бодож ашиг хонжоо олох зорилгоор батлагдаагүй бүтээгдэхүүн хүмүүст өгөхийг хориглох хэрэгтэй. Ингэж хохирсон зөндөө тохиолдлууд бий. Нэг жишээ гэхэд Herbalife-ийн бүтээгдэхүүн ууж байгаад хоргүй хавдрын процесс гэнэт идэвхжиж, хэт томорч цус алдсан тохиолдол маш их гарч байсан. Тиймээс ямар нэгэн нэмэгдэл хэрэглэх гэж байгаа бол нарийн мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Өөртөө байгаа хоргүй болон хортой хавдрын процессүүдийг бүрэн үгүйсгэсний дараа ямар тунгаар, хэдий хугацаагаар яаж хэрэглэх талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Бэлгийн хэвийн амьдрал нь цэвэршилт эрт эхлэх, оройтох эсэхд хэр нөлөөтэй вэ? Зарим эмэгтэйчүүдэд бэлгийн хөрөлт тохиолддог. Бэлгийн хэвийн амьдрал, цэвэршилт хоёрын хоорондын хамаарал ямар байдаг бол? 

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Г.Гантулга: Энэ тал дээр зарим хүмүүс хэт нэг тал руугаа туйлшрах гээд байдаг. Бэлгийн тогтмол хамтрагч байхгүйгээс болоод илүү эрт цэвэршээд байна, эсвэл гэр бүл салалтаас болоод цэвэршилт эхэлж байна гэж ойлгох нь буруу. Тухайн хүний өөрийн сэтгэлгээ болон аливаа зүйлд хандаж байгаа хандлага, бие махбод, бэлгийн амьдрал, ген удмын хувьд тухайн эмэгтэйн дааврын ялгаралт, зохицуулалт ямар байхав зэрэг маш өргөн хүрээний асуудал яригдана.

Хүний өөрийн бие махбод, сэтгэлгээ гэдэг бүрэн цогц учраас маш өргөн цар хүрээнд олон зүйл нөлөөлнө. Цэвэршилттэй холбоотой маш их хөндөгддөг зүйл нь цэвэршилт явагдах буюу явагдаад дууссаны дараа бэлгийн хамтрагч буюу нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохоосоо татгалздаг ч юм уу, дургүйлэхдэг, бэлгийн харилцаа хэрэггүй гэдэг байдлаар хандах гээд байдаг талтай.

Цэвэршилт нь өндгөн эсийн ялгаралт л байхгүй болж байгаа болохоос бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой явж байгаагаас шалтгаалдаг. Ганц бие байснаар эрт цэвэршихгүй.

МУ –ын тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхбаяр: Цэвэршилт нь тойроод гарах биш дайраад өнгөрөх нас учраас эмзэглэх хэрэггүй. Нэг анхааруулах зүйл нь эрт цэвэрших, хэт эрт цэвэрших, хэт эрт өндгөвчний үйл ажиллагаа, строген дааврын дутал болсноор хожуу насанд илрэх шинж тэмдгүүд их байдаг гэдгийг анзаарах хэрэгтэй. 40 насандаа строген даавар байхгүй болсонтой холбоотойгоор 65-аас дээш насанд үтрээний идээт үрэвсэл, хэт хатанхайршилт, өвдөлт, хоргүй процесс хадгалагдаж олон жил явснаар цэвэршилтийн дараах хожуу насандаа хүндэрч ирэх тохиолдол байдаг. Тиймээс залуус маань ээж, эмээгээсээ энэ талаар асууж, ямар зовиур байна, яаж байна гэж санаа тавьж эмчид хандуулах хэрэгтэй. Ийм хүндрэлтэй эмчлүүлж байгаа хүмүүс маш их байдаг шүү. Эрүүл мэндийн байгууллагууд, өрх дүүрэгт ажиллаж байгаа эмч нар ч мөн настай хүмүүсээ үзэж, цэвэршсэн гээд хаяж болохгүй анхаарах ёстой.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр