2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

ЦУВРАЛ 1: МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 23

1. АЛТАЙН НУРУУНЫ ТЭГШ ӨНДӨРЛӨГ БУЮУ ҮХЭГ

Алтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш шилийг нийтэд нь “Үхэг” хэмээдэг. Үхэг гэдэг нь монгол хэлэнд нүүдэл хийх үед нялх хүүхдийг агуулж тээх зориулалттай авдар мэт таггүй савыг хэлдэг байна. Бас нэгэн утга нь гал тогооны хэрэглэл хадгалах шүүгээ-г хэлдэг ажээ. Магадгүй энэхүү аливааг агуулах сав гэдэг утгаар нь Алтайн нурууны мөстлөгийн тэр их нөөц, ургамал эрдсийг агуулдаг учраас “Үхэг” гэж нэрлэсэн бололтой.

Үхэгийн ноён оргил нь Монголын нутагт байх 4374 м өндөр Хүйтэн оргил юм. Үргэлжлээд Белуха уул байх агаад энэ нь Алтайн БНУ-ын нутагт хамаарна. Үхэгийн баруун төгсгөлийг Өмнөд Алтай, Таван богд, Соёны нуруу эзэлдэг бол хойд хэсгийг Өмнөд Чуй нуруу тусгаарладаг. 1864 онд Орос, Манжийн хилийг тогтоох Чугучакийн гэрээнд Үхэгийн тухай дурджээ.1878 онд М.В.Певцовын баг ирж 200 гаруй ургамлын төрөл, 100 гаруй төрлийн эрдэс, уулын чулуулаг цуглуулаад буцжээ. 1888 оны үед П.К.Козловын судалгааны багийнхан ирж, Үхэгээс Ховд хүртэлх уулсын тэгш өндөрлөгийг судалжээ. Дараа нь В.В.Резниченкогийн экспедици мөстлөгийн судалгаа хийж геологийн тогтоцын хувьд харьцангуй том дөрвөөс доошгүй мөстлөг Алтайд болсныг олж тогтоожээ. Мөн үргэлжлүүлээд Резниченкогийн хөвгүүд болох ах дүү Тронов нар Алтайн өмнөд хэсгийн мөстлөгийг судалж “Алтайн уулсын бүхий л мөстлөгийн төв нь Таван богд уулсын зангилаа мөн” хэмээн тодорхойлжээ. 1905 оноос эхлэн Томскийн их сургуулийн профессор В.В.Сапожниковын баг судалгаа хийж Алтай таван богдын 5 оргил тус бүрд өөрсдийн харснаар нэр өгч байжээ. Мөн Потанины нээсэн мөсөн голыг ч Сапожников нээжээ. Алтай Таван Богд бол бараг төв хэсэгт оршдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг учраас газарзүйн өөрчлөлт байнга явагдах магадлалтай байдаг байна. 1963-1991 онд Алтай, Соёны уулсад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 1485 удаа болсон байна.

2. АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 километр үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин километр. Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь 1800 метрт орших Хурган нуур юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм.

Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд 636.161 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авсан.

3. АЖ БОГДЫН НУРУУ

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь "Хүрэн товон" далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. 

Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай. 

4. АЛАГ ХАЙРХАН УУЛ - МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алаг хайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор ургамал вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай зэрэг ургамал, аргаль, янгир, ирвэс, хойлог гэх мэт дархан цаазат амьтан шувууны байршил нутаг юм. Эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. 

Алаг хайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвас хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлөгийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алагхайрхан уулын ноён оргил нь 3738 метр өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 миллметр хүртэл тунадас унадаг. Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг.

5. БАРУУН ЗҮҮН ТАЙГА

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 350 километр алсад Цагааннуур сумын баруун зүүн тайгад нийт 1300 гаруй /2017/ цаатан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Нийтдээ Цагаан нуур суманд 400 орчим цаатан иргэд байдаг. Хүүхдүүдийнхээ сургууль соёлын асуудлыг дагаад олон залуу цаатангууд тайгаас бууж суурин газар бараадан амьдардаг болсон. Өвөлдөө 54-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг.

Цааг уналганд ашиглана. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 килограмм ачаа даана. Өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаад 120-200 грамм сүү авдаг. Сүүлийн жилүүдэд цааны цус ойртож байгаа хэдий ч өвөг дээдсээс уламжилж ирсэн аргаар цаагаа малладаг байна. Энэ нь цааны цус чанарыг сайжруулахын тулд хамгийн шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийх явдал ажээ. 

6. БОР ХЯРЫН ЭЛС

Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манханы нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ. Тус элсэн манханыг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв гэж байдаг. Элсэн манханы хөндлөн өргөн нь 15 километр, нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр. Бор хярын элс нь далайн төвшнөөс дээш 450 метр өндөр бөгөөд дагтаршиж нягтаршсан элс юм. Элсний өмнө этгээдээс Мухартын гол эх авч урсдаг.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200км үргэлжлэх “Бор хярын элсэн манхан” хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ. Манхан зүүн тийш Хяргас нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 6м гүн, 36км урт юм.
Мухартын гол: Бор хярын элсний өмнөөс эх авч урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баянбүрд юм. Энэхүү байгалийн онцлогийг харгалзан биологийн ухааны доктор Х.Отгонбилэг чацарганы бут тариалсан нь үр дүнгээ өгч тус жимсгэний шугуй улам өнгө нэмж байгаа ажээ. 

Хүнгийн гол: Завхан аймгийн Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг. Урт нь 200 километр. Эрт цагт их хулсан шугуй бүхий гол байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

7. БУРХАН ХАЛДУН УУЛ

Түүхийн эхэн үед Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байж. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ. 1992 онд 12.000 хавтгай дөрвөлжин километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. Бурхан халдун уул нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Анх 1818 оноос албан ёсоор тахилга үйлдэж байсан байна. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг нь сэргээжээ. 

8. ГАЛУУТЫН ХАВЦАЛ

Баянхонгор аймгийн төвөөс 75 км, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршдог тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр орчим болно. Ийм давчуу хавцлаар энэ голын эрчлэн хуйларсаар урсан өнгөрөх хүч, дөмгийг төсөөлөн хэлэх аргагүй. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг. Усны шувуудын өндгийг хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь үнэхээр сонин.

9. ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР

Хөвсгөл аймгийн нутагт Хорьдол сарьдагийн нурууны баруун талд оршдог. Дархадын хотгорт Монголын 36 томоохон голын бэлчир оршдог. Нийтдээ 248 жижиг том гол горхи, 377 нуур цөөрмийн тогтоц, 24 рашаан булгийн ундарга бүхий их усны хагалбар газар юм. Цэнгэг усны 95 хувийг бүрдүүлдэг. Эндээс Сэлэнгэ мөрөн эх авч урсдаг бөгөөд түүнээс салаалсан олон гол Байгаль нуурт цутгадаг. Голуудын хамгийн том нь Дэлгэр мөрөн юм. Шишгэд гол Енесэй мөрөний эх болдог ба эцэст нь Хойд мөсөн далайд цутгадаг. Дархадын хотгор орчмын гадагшаа урсгалгүй гол горхи, нуур цөөрөм бүрт олон төрлийн загас амьдардаг.

Байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий энэ бүс нутагт Монголын төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц бий. Дархадын хотгорын “Эрэг хаш” хэмээх газарт Монголын хамгийн өндөр шинэс мод ургадаг. Шаргын гол цутгадаг Тарган хэмээх нууранд нь дархадын цагаан загасны нөөц хамгийн ихээр байдаг. Судлаачид үүнийг Дархадын цагаан загасны хамгийн сүүлчийн том нөөц гэж үздэг. Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70% нь оршдог бөгөөд Монголын хамгийн том хөхтөн хандгай, цаа бугын өлгий нутаг билээ. Америкийн эрдэмтэд Дархадын хотгорыг судалж үзээд “дэлхийн байгаль экологийн өв сан”-д бүртгэх нь зүйтэй хэмээн санал оруулжээ. Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлог. Цаатан ард түмэн нь 2 хуваагдан Хөвсгөлийн баруун, зүүн тайгад амьдардаг бөгөөд уугуул цаатангуудын 60% нь зүүн тайга буюу Дархадын хотгорт амьдардаг ажээ. 

Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг өнө мөнхөд хайрлан хамгаалж, хүндлэн дээдэлж явцгаая. Энэ сайхан байгалийн газраар аялахдаа нэг ширхэг хог ч бүү үлдээгээрэй. Бидний үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт зүйл бол байгаль, эх орон, газар шороо, уул ус юм шүү. 

Эх сурвалж: touristinfocenter.mn, evergreenland.mn,  /зургуудыг google-ээс/



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө