2024/12/06. Баасан гараг Дугаар: #3214

ЭМЧИЙН ӨРӨӨ

УАУ-ны магистр А.Гэрэлтуяа: Уналт таталтын үед зүүг эмийн эмчилгээтэй хослуулснаар давтамж цөөрч, хугацаа нь холддог

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 29

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ түүний ач холбогдол, орчин үед ямар өвчин эмгэгийг хэрхэн эмчилж байгаа талаар мэргэжлийн хүнтэй ярилцсанаа энэ удаагийн дугаарт хүргэж байна. Дэлхий нийтээр нойргүйдэл, стресс, сэтгэл зүйн асуудлууд, архаг өвдөлт улам бүр нэмэгдэж буй бөгөөд зүү эмчилгээ эдгээрийг засаж эмчлэхэд үр дүнтэй гэдэг нь нотлогджээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн зүүний эмч, УАУ-ны магистр А.Гэрэлтуяатай ярилцлаа. Тэрбээр Бээжингийн Хятад Уламжлалт Анагаах Ухааны сургуульд зүүний их эмчээр мэргэшин төгсөж ирээд УНТЭ-т 7 дахь жилдээ ажиллаж буй туршлага, чадвартай мэргэжилтэн юм. 

Зүү эмчилгээний өвөрмөц чанар, уламжлалт анагаах ухаанд хэрхэн өгүүлсэн талаар хэлж өгөөч?

Дэлхий дахинд Төвд, Хятад, Энэтхэг, тэгээд Монгол, Арабын уламжлалт анагаах ухаан илүүтэй түгж, сонгодог байдлаараа хөгжсөн гэж үздэг. Ялангуяа Монголын уламжлалт анагаах ухаан нь нүүдэлчин соёлтой зохицож ирсэн гэдгээрээ онцлог. Уламжлалт анагаах ухааны нэгэн эмчилгээний арга нь зүү эмчилгээ юм. Сонгодог байдлаар хөгжиж, 183 улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүү эмчилгээ бол хятад уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ бөгөөд 5000 гаруй жилийн түүхтэй. Миний  хувьд Монголдоо уламжлалтын эмчээр сурч байгаад, Бээжинд Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийг зүү төөнүүрийн хүний их эмчээр эхнээс нь суралцаж төгсөөд үргэлжлүүлэн клиник магистрт элсэн нарийн мэргэжил эзэмшсэн.

Ер нь дэлхийн чиг хандлага уламжлалт эмчилгээ тэр дундаа зүү эмчилгээг европ эмчилгээтэй хослуулах байдал дэлгэрээд удаж байна. Зүү эмчилгээ нь хүний таван цул, зургаан сав эрхтний суваг судлын онолд суурилдаг өвөрмөц эмчилгээний арга. Уншигчдад ойлгуулах үүднээс ярилцлагад энгийнээр тайлбарлаж буйг энд тодотгоё.

Хүний биеийн хамгийн их үйлдэл үзүүлдэг биологийн идэвхтэй 361 цэгийг тодорхойлж, тэдгээрийг ашиглан хүний биеийн тэнцвэртэй байдлыг хадгалах, тэнцвэртэй байдалд нь оруулах зорилготой гаднаас нь эмчилж дотоодыг тэнцвэржүүлдэг эмчилгээг зүү эмчилгээ гэдэг. Зүүний цэгүүд нь хүний биеийн мэдрэлийн цэгүүдтэй хамгийн ойрхон хийн цэгүүд байдаг.

Дэлхийн ихэнх улсад хүлээн зөвшөөрөгдөж эмчилгээнд нэвтэрсэн зүү эмчилгээгээр ямар өвчин эмгэгийг хэрхэн эмчилж анагааж байгаа вэ? 

ДЭМБ-аас 26 төрлийн өвчинд зүү эмчилгээг үр дүнтэй, хэрэглэж болно хэмээн зөвлөдөг. 

Тэр дундаас нурууны өвдөлтийг анагаахад маш үр дүнтэй гэдгээр хүмүүст танигдсан. Зүү эмчилгээний өвөрмөц чанар нь хүний биеийг тэнцвэртэй болгох явдал. Суваг судлын онолд суурилж хүнд нь тохируулж эмчилгээ хийдэг. Тухайлбал, өвдөлт намдаах, тайвшруулах гэхчлэн хүний энергийн урсгалыг тохируулж өгдөг. Энерги нь ихэдсэний улмаас маш их уурлаж, стрессдэж байвал зүрхний талын хий ихэссэн байх ба намжааж, тайван байдалд оруулах зорилгоор зүү эмчилгээг эмчийн тактикаар хийх жишээтэй.

Мөн мэдэрлийн талын өвчин зовуурийн үед зүү эмчилгээг өргөн дэлгэр ашигладаг. Тархинд цус харвах, тархинд цус дутагдлаас үүдэлтэй тархины харвалтын дараах үе мөчдийн саа саажилт, хөдөлгөөний доголдолд зүү эмчилгээг хэрэглэдэг. 

Урт хугацаандаа зүү эмчилгээг хэрэглэх нь эпилепс буюу уналт таталтын оноштой хүнд таталт өгөх хугацааг холдуулдаг нь нотлогдсон. 

Магадгүй долоо хоногт нэг удаа уналт таталт өгдөг байсан бол зүү эмчилгээний үр дүнд энэ хугацаа нь хоёр долоо хоногт нэг удаа болж холдож, уналтын давтамж нь цөөрсөн байдаг ба эмийн үйлчилгээтэй адилхан үйлчлэл үзүүлсэн судалгаанууд байна. Миний ажилласан туршлага дээр ч мөн европ эмтэй зэрэгцүүлээд зүү эмчилгээ хийлгэж уналт таталтын хугацаа холдсон эмчлүүлэгч цөөнгүй. Тиймээс уламжлалт болон европ эмчилгээний давуу талуудыг хослуулан, хүндээ хамгийн ээлтэй байдлаар эмчлэхэд зүү эмчилгээний ач холбогдол өндөр.

Үүгээр ч зогсохгүй сэтгэл заслын чиглэлээр зүү эмчилгээ үр дүнтэй байгаа талаар судалгаа бий. 2023 онд Pain сэтгүүлд гарсан судалгаанд, Хавдрын өвчтэй, маш хурц өвдөлттэй, нойргүйдэлтэй, өвдөлтийн эсрэг өндөр тунтай эм уудаг хүмүүст зүү эмчилгээ ба сэтгэл заслын эмчилгээг харьцуулан хийхэд зүү эмчилгээ нь зовуурь намдаахдаа сайн, зарим тохиолдолд илүү үр дүн үзүүлсэн талаар нийтлэгдсэн байдаг. Хятадын томоохон хавдрын эмнэлгүүдэд хими эмчилгээний дараах хоруу чанар, гаж нөлөө, зовуурийг багасгах зорилгоор зүү эмчилгээг хийдэг. Манай улсад ингэж хослуулсан эмчилгээ хараахан хөгжөөгүй л байна.

Тархины цус харвалт, саажилтын үед зүү эмчилгээг ашиглах байдал манайд хэр нэвтэрсэн бэ? Ихэнхдээ өндөр өртөгтэй эмийн эмчилгээ хийгээд байдаг. 

Энэ талаар хийгдсэн тодорхой судалгааны ажлууд олон бий. Эмийн эмчилгээ, зүү эмчилгээ, сэргээн засах эмчилгээтэй хослуулан хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор мөн өөрөө өөртөө үйлчилж чадахуйц хэмжээнд хүргэх, түүнээс сайжруулахад үр дүн нь тодорхой харагддаг. Гол нь эмчлүүлэгч, түүний ар гэрээс тодорхой сахилга бат, амин үзүүлэлтийг тогтмол хянах, эмчилгээндээ тогтмол хамрагдах шаардлагатай.

Эмчилгээний хугацааны тухайд 7-10 хоног зүү тавиад, эмчлүүлэгчийн байдлыг харж байгаад хэсэг амарч, дахиад 7 хоног тавих байдлаар явдаг. Архаг өвчлөлтэй, яг саажилтын дараах үед 7 хоногт 3 удаа, 1-2 сар үргэлжилж тавихад илүү үр дүн гардаг. 

Зүү эмчилгээг ямар тохиолдолд санал болгодог вэ? 

Зүү эмчилгээ нь биеийн зовуурь шаналгааг намдааж, оюун сэтгэхүйг тайвшруулах чанартай. Тиймээс өвдөлт намдаах, сэтгэлийн зовуурийн үед сонгон эмчлүүлэх нь эерэг нөлөөтэй. 

Зарим хүмүүс иог хийсэнтэй адил тайвшрал авлаа гэж зүйрлэдэг. Зүү тавих хугацаа нь нэг удаад 25-30 минут байдаг бөгөөд энэ хугацаанд үндсэн зовуурь, шинж тэмдгийг арилгаж, сэтгэл санааг тайвшруулдаг. Сэтгэл түгшилтэй, стресстэй үед зүү эмчилгээ хийлгэх нь үнэхээр сайн үр нөлөөтэй гэдгийг батлах байна.

Би хятадын зүү эмчилгээний толгой хүмүүсийн нэг болох профессор Ванг Лин Пөнг /Wang Lin Peng/ -ний судалгаа шинжилгээний ажлуудыг харж, дадлагажин зүү эмчилгээгээр клиник магистраа хамгаалсан нь маш зол завшаантай байсан. Тухайн үед профессор харвалтын дараах зүү эмчилгээ, толгойн болон мэдэрлийн гаралтай өвдөлт, сэтгэл зүйн асуудлуудын үед зүү эмчилгээг ашиглан маш үр дүнтэй анагааж байсан юм.  Үүгээр юу хэлэх гэсэн гэхээр, заавал хүнд өвчин зовуурьтай хүмүүс л зүү эмчилгээ хийлгэдэггүй. Хүн бүрд л стресстэй, ачаалал ядаргаатай, өвдөлттэй өдөр тохиолддог. Хэрэв сэтгэл зүйчид очихоос өөр сонголт байна уу гэвэл зүү тавиулаад үзээрэй гэж хэлье.

Олон цэг дээр зүүгээр хатгахаар хүмүүс өвддөг болов уу гэж асуух байх?

Дэлхий дээрх цорын ганц хүндээ ямар ч гаж нөлөөгүй, зовуурьгүй эмчилгээ нь зүү юм. Өөрөөр эко трапи ч гэж нэрлэдэг. 

Болдог бол би хүн бүрд л зүү тавимаар байдаг. Тайвшрах, стрессээ тайлах, нойргүйдлээ шийдвэрлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Эдгээрт зүү эмчилгээ үр дүнтэй гэдэг нь хэдийн батлагдсан бөгөөд бусад улс оронд өргөн дэлгэр хэрэглэх болсон. Зүү тавихад бие дээр нь жижиг зүйлээр хөнгөхөн дарсан мэт мэдрэмж төрж, нэг байдалдаа хөдөлгөөнгүй хэвтээд тайвширч, амрах нөхцөл бүрддэг.

Нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор нойргүйдлийн асуудал үнэхээр нэмэгдсэн шүү. Нойрны эмийг дур мэдэн хэрэглэхийн оронд зүү тавиулж болох нь ээ? 

Яг тийм. Судалгаагаар, янз бүрийн шалтгаанаар үүссэн нойргүйдлийн төрлөөс хамаарч 4-8 долоо хоногийн зүү эмчилгээний дараа нойргүйдлийн засралт илэрхий үр дүнтэй байна гэж гарсан байдаг. Нойргүйдлийн төрөл гэдэгт хөрвөөж байгаад унтдаг, унтаж байгаад сэрээд дахиад унтаж чадахгүй байх, эсвэл унтаж байгаа ч бүх зүйлийг мэдрээд амраагүй мэт сэрдэг зэрэг байна. Эдгээрийн аль ч тохиолдолд зүү эмчилгээ үр дүнтэй.

Ямар ч хүн зүү тавиулж болох уу?

Халдварт өвчин нь хүндэрсэн, олон эрхтний дутагдалтай эмчлүүлэгчид тохиромжгүй. Мөн алкохоль хэрэглэсэн үед зүү эмчилгээ хийдэггүй. Насны хувьд нярайгаас эхлээд хэдэн ч насны хүнд зүү тавьж болно.

Халдвар хамгааллын тал дээр ямар байдаг бол? 

Дээр үед бол мөнгөний хольцтой метал зүүгээ олон удаа ашигладаг байсан. Мөнгө нь ариутгах, халдваргүйтгэх шинж чанартай гэдэг үүднээс. Харин орчин үед бол зүү нь урт богино, өргөн нарийн, галтай гээд төрөл бүрийн, нэг удаагийн болсон. Тиймээс ямар ч аюулгүй.

Эмчилгээ хийлгэх үед ямар нэг гам дэглэм барих уу. Анхаарах зүйлс нь юу вэ?

Хүмүүсийн хамгийн  их асуудаг асуулт нь энэ. Уг нь өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх зөв хэв маяг л юм. Дэглэм гэхээсээ илүүтэй амьдралын хэв маягаа зохицуулж сурах хэрэгтэй. Зүү эмчилгээний үед даарч болохгүй гэж зөвлөдөг. Мөн зүү тавьснаас хойш 4 цагийн дараа усанд орж, биеэ сайтар хатаагаад угаалгын өрөөнөөс гарахад л болно. Бусад үед ч гэсэн цаг агаартай тохируулан дулаан хувцаслах хэрэгтэй шүү дээ. Үүнийг сануулаад хэлэхээр гам гэж хүндээр хүлээж аваад байдаг. Өөр онцгой гам дэглэм байхгүй.

УНТЭ-т уламжлалт өдрийн эмчилгээг ЭМД-аараа иргэд цаг аваад үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой. Үүнд зүү эмчилгээ ч мөн орсон байгаа. Манайд өдрийн эмчилгээнд 30-40 хамрагдаж байгаа бөгөөд одоогоор 7 хоногийн оочертой байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ю.Ганболор: Хавдрын эмчилгээнд үүдэл эсийг ашиглах нь үр дүнтэй байна

Дэлхий дахинд анагаах ухааны салбарт үүдэл эсийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд хүндээ хамгийн ээлтэй, үр дүнтэй эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхийг зорьж ололт амжилтаараа өрсөлдөж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 18

АУ-ны магистр Н.Мандахай: Өвчин намдаах төрлийн эмийг байнга хэрэглэх нь бөөрний дутагдалд хүргэх нэг шалтгаан

Сүүлийн үед бөөрний архаг дутагдлаар оношлогдох хүний тоо нэмэгдэж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Иймд бөөр өвчлөх шалтгаан, ямар тохиолдолд үрэвсдэг, үрэвсэл нь яагаад архаг хэлбэрт орж, юунаас болж архаг дутагдалд хүрдэг, хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 19

Санал болгох

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 12 сарын 03

Хүний папиллома вирусийн эсрэг "Гардасил" вакцины найрлагатай танилцана уу

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 02