Хөлийн ул өвдөх нь заримдаа хэт ачаалал өгснөөс шалтгаалж болох ч үргэлж ийм зовуурьтай байвал өөр өвчний шалтгаан байж болзошгүй. Хүн амын дунд түгээмэл тохиолддог уг асуудлын талаар Moncell эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч, АУ-ны магистр П.Мөнхбадралтай ярилцлаа. Тэрбээр, Үүдэл эсийн чиглэлээр АУ-ны магисртын зэрэгтэй бөгөөд гэмтэл согогийн мэс заслын дараах сэргээн засах, нөхөн төлжүүлэх үүдэл эсийн эмчилгээг 2018 оноос хойш тасралтгүй хийж байгаа юм.
Хөлийн ул өвддөг олон янзын шалтгаан байдаг. Тэдгээрийн ялгаа, мөн та бид хоёрын ярилцах гэж буй улны шөрмөсний үрэвслийн шалтгаант өвдөлтийн талаар хэлж өгөөч?
Хөлний ул өвддөг голлох шалтгаанууд бий. Нэгт. Төрөлхийн тавхайн согогоос шалтгаалж ул, тавхай хэсгээр өвдөж болно. Хоёрт. Олдмолоор өвдөх буюу одоо бидний ярих улны шөрмөсний үрэвсэл юм. Улны шөрмөс нь хөлийн хуруунуудыг өсгий ястай холбож, хуруунуудыг нугалах үүрэгтэй. Шөрмөс олон шалтгаан, хүчин зүйлээс болж үрэвсэж, гэмтэхийг шөрмөсний үрэвсэлт өвчин /Plantar fasciitis/ гээд байгаа юм.
Судалгаануудад дурдсанаар, Ихэвчлэн цэвэршилтийн өмнөх хам шинж явагдаж байгаа эмэгтэйчүүдэд хөлийн ул өвдөх зовуурь үүсдэг. Учир нь яс, мөгөөрс, шөрмөс, булчин зэрэг холбогч эдийн тогтолцооны болон бодисын солилцооны эмгэгээс шалтгаалан өвдөх хандлагатай байна. Мөн
Жин ихтэй хүмүүс, алхалт болон гүйлт, удаан зогсоо ажил их хийдэг хүмүүс, гутлын сонголтоо буруу хийсэн хүмүүст хөлний ул өвддөг.
Төрөлхийн буюу тавхайн согогтой бол эмчлэх боломжтой юу?
Өсгийн өвдөлтөөс өөр л дөө. Ийм согогтой бол аль болох бага насанд оношлогддог. Ихэвчлэн эвийн /эмийн бус, мэс заслын бус/ эмчилгээгээр эдгээх боломжтой.
Улны шөрмөсний үрэвсэл архаг явцтай гэсэн үг үү?
Тэгэж хэлж болно. Өвдөлт зовуурь үе үе өгөөд аяндаа эдгэрэх боловч дахиад сэдэрч өвддөг. Шөрмөс нь резин шиг сунамтгай байх ёстой байтал архагшуулсны улмаас эдгэрэхдээ соривжил болдог. Улмаар шөрмөс үндсэн үүргээ гүйцэтгэж сунахаа больдог. Ингээд өсгий ясанд ясны ургалт үүсдэг.
Шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Байнга өвдөж зовуурилах уу?
Өглөөний эхний гишгэлт зүү хатгаж байгаа юм шиг хүчтэй өвддөг. Хоёр, гурав алхаад явахаар гайгүй болчихдог. Мөн амарч сууж байгаад буцаад гишгэх үед бас хүчтэй өвддөг.
Ийм тодорхой шинж тэмдэг илэрдэг учраас шөрмөсний үрэвсэл явагдаж байгааг тухайн хүн өөрөө мэдэх боломжтой. Өвдөлт нь байнгын биш, мэдрэгдэхгүй, жаахан явахаар гайгүй болчихдог тул хүмүүс тоохгүй даамжруулах талтай.
Хэрэв дээрх өвдөлт зовуурь илэрвэл гэрийн нөхцөлд хүйтэн жин тавьж, хөлөө сойх, арчилж амраах, массаж хийх, хөлийн улны дасгал хийх зэргээр арга хэмжээ авна. Эдгээрийг хэрэгжүүлсэн ч зүгээр болохгүй бол эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
Хэр түгээмэл тохиолдож байна вэ?
40-с дээш насны, бодисын солилцооны эмгэгтэй, жингийн илүүдэлтэй, сахартай, эсвэл хэт их ачаалалтай ажилдаг хүмүүст элбэг тохиолдож байна. Нийгмийн стресстэй холбоотойгоор хүмүүс дасгал хөдөлгөөн хийх нь нэмэгдсэн нь сайн хэрэг. Нөгөө талдаа маш их алхах болон гүйсний дараа шөрмөсний сунгалт, дасгал, арчилгаа хийхгүй орхисноос болж байна. Мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нас залуужиж байгаатай холбоотойгоор энэ зовуурь үүсэж байна.
Шалтгаануудыг нь харахад ихэнхдээ тухайн хүний амьдралын хэв маягтай холбоотой байна. Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ?
Дараах үндсэн эмчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Ачааллыг зохицуулах ёстой. Жин ихтэй бол жингээ хасах, гормоны өөрчлөлтөд орсон, цэвэршилтийн үедээ байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөх, маш их алхдаг, явдаг ажил хийдэг бол ачааллаа зохицуулах шаардлагатай.
- Дасгал. Шөрмөсний цусан хангамжийг сайжруулахын тулд хүчжлүүлэх, сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Өлмий дээрээ зогсох, улныхаа шөрмөсийг сунгах дасгал зэргийг хийх нь зүйтэй. Мөн тухайн өвдөж буй шөрмөс хэсгээр массажлах нь үр дүнтэй.
- Гутал. Өсгий яс нь хүнхэр гадаргуутай ба тэнд шөрмөс бэхлэгдсэн байгаа. Хүний биеийн жингийн ихэнх хувийн ачаалал өсгий шөрмөсөнд очдог. Гутал сонгохдоо хатуу, тэгшхэн ултай гутал өмсөөд байвал өсгий шөрмөсөнд ирж буй хэсгийн ачаалал ихсэж дарагдана. Тиймээс гуталны өсгийн хэсэг хүнхэр, нумруугаа улын шөрмөсийг дээш түлхсэн зөв нумтай байх ёстой. Эдгээр хувь хүнээс хамаарсан дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй.
- Харин эмнэлгийн тусламж, эмчилгээний тухайд, Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийг эхний сонголтоор ууна. Дараа нь өвчин намдаах үрэвслийн эсрэг тариа болон нөхөн төлжүүлэх тарилга эмчилгээнүүд хийдэг. Нөхөн төлжүүлэх эмчилгээнд PRP болон үүдэл эсийн эмчилгээнүүд ордог. Өөх, ясны чөмөгнөөс авсан нөхөн төлжүүлэх чадвартай таны өөрийн үүдэл эсийг нь гэмтсэн шөрмөсөнд тарьдаг.
- Өндөр давтамжтай долгион эмчилгээ /Shock wave therapy/ байдаг. Шөрмөсний хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж, шинэ судасжилт үүсгэж эдгэх нөхцөл бүрдүүлдэг физик эмчилгээ юм.
Эдгээр дэглэм, эмчилгээнүүдээр улны шөрмөсний үрэвсэл 100 хувь эдгэрдэх боломжтой.
Зовуурь, гэмтэл нь хэр хүчтэй байдаг вэ?
Улны шөрмөсний гэмтэл нь 1-4 зэрэгтэй. Зэргээс шалтгаалж эмчилгээнүүдийг хийдэг. Тухайлбал, 1,2-р зэрэгтэй байвал өвчин намдаах эм уух болон дээр дурдсан арга хэмжээ, дасгал, физик эмчилгээг хийнэ. 3-р зэрэгт байвал нөхөн төлжүүлэх төрлийн тарилгуудыг шөрмөс рүү тариулах боломжтой.
Гэмтэл нь 4-р зэрэгт орсон бол үүдэл эсийн тарилга хийлгэх нь үр дүнтэй.
Даамжруулаад арга хэмжээ авахгүй яваад байвал ямар хүндрэл үүсэх вэ?
Өсгий ясанд ясны ургалт ихэснэ. Шөрмөсний үрэвсэл нь соривжил болж ул арагш нугалрахаа больж, маш хүчтэй өвдөлт зовуурь илэрнэ. Бүр цаашлаад улны шөрмөс тасрах эрсдэлтэй. Урт хугацаандаа бол өвдөлтөөс шалтгаалсан стресс нэмэгдэх зэргээр амьдралын чанар буурч хөдөлмөрийн чадвараа алддаг. Тамирчдын хувьд спортоо цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Тиймээс дээр хэлсэн тодорхой шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Хамгийн гаж нөлөө багатай эмчилгээ нь юу вэ?
Үрэвсэлийн эсрэг өвчин намдаах эм нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо талаас гаж нөлөө өгөх нь бий. Зарим тохиолдолд ходоодны эмийн шалтгаант гастрит үүсгэнэ. Өвдөлт зовуурь намдаах тариа, эм нь соривжил үүсгэх хандлагатай. Сунамтгай байдлаа алдаж байнга өвдөх ба олон жил өвдсөн хүмүүсийн хөлийн уланд ясны ургалт үүссэн байдаг. Гормон тариуллаа гэхэд дасал үүсгэж болзошгүй. Удаан хугацаагаар хэрэглэвэл үс унах, жин нэмэх, артерийн даралт ихэсгэх, зүрхний хэм алдах гэх мэт өөрчлөлт үүсдэг.
Гаж нөлөөгүй эмчилгээ нь гэвэл PRP эсвэл үүдэл эсийн эмчилгээ байна. Хүний өөхнөөс эсвэл ясны чөмөгнөөс нь ялгаж авсан үүдэл эсийг тухайн шөрмөсний хэсэгт тарьдаг. Ингээд шөрмөс буцаж нөхөн төлжиж буцаад резинлэг байдлаар хэвийн болдог. Энгийнээр бол үүдэл эс нь шөрмөсний эс болоод хувирч байна гэсэн үг.
Гэмтлийн зэргээс үл хамааран үүдэл эсийн эмчилгээг тухайн хүн өөрөө сонгож хийлгэж болох уу? Хэр хугацаанд нөхөн төлждөг вэ?
Ямар ч зэрэг байсан үүдэл эсийн эмчилгээг хийж болно. Өвдөлт, зовуурь нь үүдэл эс хийлгэснээс хойш 2-3 хоногт арилдаг учраас амьдралын хэмнэлд нөлөөлөхгүй, шууд ажлаа хийгээд явах боломжтой. Шөрмөсний үрэвсэл бүрэн эдгэрэхэд сарын хугацаа шаардлагатай.
Үүдэл эсийн энэ эмчилгээ нэвтрээд хэр удаж байгаа вэ?
Улсын хэмжээнд манай эмнэлэг анхлан нэвтрүүлээд 6 дахь жилдээ эмчилгээг амжилттай хийгээд явж байна. Дэлхий дахинд бол 30 орчим жилийн өмнөөс туршигдаад, судлагдаад нэвтэрчихсэн. Орчин үед улам хөгжиж үүдэл эсийн дараагийн шатны эмчилгээ болох эксозом эмчилгээний дэвшилтүүд гарчихлаа. Үүдэл эсийн шинжлэх ухаан улам бүр өсөн дэвжиж байна. Гол нь энэ чиглэлээр улсдаа судалгаа шинжилгээ явуулах, эмнэл зүйн лабораторитой болж, эмч мэргэжилтнүүд нарийсан суралцаж мэргэших зэрэг асуудлууд байгааг салбар яам анхаарвал сайн.
Улны шөрмөсний үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэснээс хойш дахилт өгөх үү?
Үүдэл эсийн эмчилгээг нэг удаа хийлгэсэн хүмүүс дахиж бараг ханддаггүй. 2-3 жилд давтан ирсэн тохиолдол тун цөөхөн. Мэдээж өөрөөс шалтгаалах хүчин зүйлсээ засаж, арга хэмжээ аваад явбал насан туршдаа дахихгүй ч байх боломжтой.