2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ТОД ТУСГАЛ

Өдөр бүр 140 км-ийн холоос IELTS-ийн хичээлдээ ирдэг шавьтай Англи Хэлний Академи

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 11

Англи Хэлний Академийн захирал доктор, дэд профессор З.Ганчимэгтэй энэ удаад хэлний түвшингээ ахиулах чин хүсэлтэй уншигчдадаа хэрэгтэй сонирхолтой сэдвээр ярилцлаа

                                                           Хэл сурна гэдэг яг л фитнест явахтай адил

-Хичээлийн шинэ жил эхлээд завгүй байна уу? Тантай уулзах гэж хэд хэд холбогдсон ч өнөөдөр л нэг уулзлаа. Англи хэлний академиар сонин юу байна? 

- Аливаа сургалтын байгууллагын хувьд хичээлийн шинэ жил эхлэхэд тун их завгүй байдаг.  Англи хэлний академийн хувьд ч хамгийн бяцхан Jolly Kids шавь нараас эхлээд хилийн чанадад Магистрт суралцах залуус IELTS шалгалтанд бэлдэх анги гээд олон арван шавь нараа хүлээж аваад сургалтын үйл ажиллагаа жигдэрч байна.  Эцэг эхчүүдийн хүсэлтээр 3-р хороололлын Голомт Банктай байранд анхны салбараа нээгээд элсэлтээ авч байна. Замын түгжрэл их үед холоос сургалтанд зөөхөд замдаа хүүхдүүд маань их ядардаг юм.

Энэ жил өдөр нэг лут дайчин бүсгүй IELTS эрчимжүүлсэн ангид минь суралцаж байгаа. Хаяанд байгаа хирнээ хоцордог хүн байхад тэр охин өдөр бүр хаа байсан Төв аймгийн Лүн сумаас 140 км явж ирдэг. Үнэхээр бахархам. Зорилготой байхад нээрээ замын урт бол юу ч биш юм даа. Чин хүсэл байгаад зориход болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй.

Охинтой хүн хүүтэй гэдэгчлэн олон сайхан багш охидтой хүн дээ би.  Тэд маань ам бүл нэмж бяцхан үрс мэндэлсэн баярт мэдээтэй сайхан намар байна. Дэд захирал Ц. Гандолгор маань Lead Mongolia хөтөлбөрт олон тэргүүний залуус дундаас шалгарч, АНУ-д 3 долоо хоног туршлага судлахаар явсан бас нэгэн сайхан мэдээтэй сууна. Jolly Teens өсвөр үеийн сургалтын төгсөгчид маань ЭЕШ амжилттай өгч, англи хэлний шалгалтанд өндөр оноо авч, хүссэн их сургуульдаа элсэн орж, зарим нь гадаадын их сургуулиудад тэтгэлгээр суралцахаар нисэн одлоо. 

Амьдрал үнэхээр баялаг юм. Саяхан л Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд нэгдүгээр курсэд орж байсан хүүхдүүд одоо ижий, аав болоод жоохонуудаа манай Jolly Kids сургалтанд авчирч өгцгөөх юм даа. Академиас төрсөн 3 хосын анхны хос маань хоёулаа докторын зэрэг БНСАУ-д хамгаалаад бас л хүү Эрдэмтөгсийгөө Академидаа 12 жилийн дараа авчирч байх жишээний. Сайхаан сайхан. 

-Сурах арга барилын хувьд хүмүүс янз бүр. Хамгийн өгөөжтэй арга гэвэл юуг онцлох вэ? Lingua Fitness гэсэн цоо шинэ хөтөлбөр боловсруулсан гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулна уу? 

-Сурсан зүйлээ бусдад заах, бусадтай харилцах, шууд хэрэглээнд оруулах, бага ч гэсэн ахиц дэвшилд өөрийгөө болон бусдыгаа урамшуулах. Энэ нь маш чухал. Мөн өөрийнхөө сурах арга барил, онцлогийг сайтар харгалзан үзэх. Зарим хүмүүс ганцаараа тайван сууж хичээллэхийг илүүд үзэх нь бий. Гэхдээ хэл бол харилцааны хэрэглүүр гэдгийг л үргэлж санаж явах нь чухал. 

Бид Lingua Fitness гэсэн цоо шинэ хөтөлбөрийг боловсруулаад тун удахгүй элсэлтээ авч эхэлнэ. Хэл сурна гэдэг яг л фитнест явахтай адил. Хичнээн мундаг дасгалжуулагч дэргэд чинь заасан ч та л өөрөө хөдөлж, та л өөрөө дасгалаа хийх ёстой. Түүнтэй нэгэн адил хичнээн сайн сургалтанд суусан ч та өөрөө сурсан эрдмээ өөртөө оршоож, цаг гаргаж хичээллэж, эрсдэл гаргаж хэрэглэх нь тун чухал. Сайн багш танд хаалга нээж өгнө, харин та өөрөө дотогшоо алхаж орно гэсэн үг байдаг даа. Хүн бүрт тухайлан зориулсан хөтөлбөр боловсруулж, багш тантай нэг бүрчлэн ажиллах боломжийг болгох Lingua Fitness амжилт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.  

                                    Хүүхдийг нэгдүгээр анги төгссөн үед англи хэл зааж эхлэх нь хамгийн зөв  

 -Танай хүүхдийн сургалт эрэлт ихтэй байдаг юм байна. Jolly Kids, Jolly Teens сургалтуудын онцлог юу вэ? 

-Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд тун их анхаардаг болжээ. Англи хэлийг нь бидэнд бүрэн даатгаж байна. Манайд сурснаар жил ирэх тусам түвшин ахиулж, арван жил төгсөхдөө англиар чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, манлайлал, багаар ажиллах чадвар бүрэн хөгжсөн, IELTS оноотой төгсөх юм. Бүтэн жилийн хугацаанд нийт 468 цаг, үүнээс тэнхимийн 238 цаг, 238 цагийн бие даалтын ажлыг багтаасан цогц хөтөлбөрүүд байдаг. Нэг ангидаа 12 хүүхэдтэй тул багш хүүхэд бүртэй тулж ажилладаг онцлогтой. Англи хэлний академийн босгоор орж ирсэн хүүхэд бүр бидний хувьд нэгэн шинэ судалгааны ажил, хэл сурах авъяасыг нь нээх илрүүлэх  томоохон даалгавар гэж хэлж болно. Хэлний сургалт бол зүгээр нэг поток лекц уншаад гарахтай огт адилгүй. 30-аад хүүхэд нэг ангид ар араас нь шил шилийг нь харуулж суулгаад, дэлгэц дээр бэлдсэн презентаци үзүүлээд сургана гэдэг боломжгүй. Гадаад болон дотоод маш олон хүчин зүйлээс хамааралтай нарийн практик үйл явц юм. Хүүхэд бүртэй нэгбүрчлэн  тулж ажиллах, хүүхэд бүрийн ижий аав, эмээ өвөөтэй нь холбогдох  амин харилцаа юм. Тэгэхээр бидний сургалтын хөтөлбөр анги тус бүр, хүүхэд бүрийн хувийн онцлогийг харгалзан үзэж тухай бүр шинэчлэгдэж байдаг. Жилийн сургалтын үр дүн богино хугацааны сургалттай харьцуулбал маш их үр дүнтэй, эцэг эхчүүдийн хувьд ч төлбөрийн хувьд боломжийн тусдаг. 

Jolly Kids сургалтын маань гол зорилго нь хүүхдийг англиар зөв уншиж, ярьж сургах, мөн англи хэл сурах хүсэл чин эрмэлзлэлийг бий болгоход оршдог. Уламжлалт сургалтын аргаас эрс ялгаатай. Жишээ нь, манай эхний хичээл S,A,T, P гэсэн 4 үсгийн авиа тус бүрийг заахаас эхэлдэг. Англи хэлний 26 үсгийг 46 өөр авиагаар 256 янзаар дууддаг бөгөөд энэхүү авиа тус бүрийг судалсны үндсэн дээр хүүхэд ямар ч англи үгийг төвөггүй зөв уншиж сурдаг. Тухайлбал, igh-night. Хүүхдүүд маань зөвхөн үсгээр нь холбож унших гэвэл night гэдэг үгийг зөв уншиж чадахгүй шүү дээ. Монгол хэлэнд байхгүй th шүдний авиаг гэхэд хүүхдүүд дор нь зөв дуудаж сурдаг. Зөв дуудлага гэдэг маань цэвэрхэн дуудлагыг хэлнэ. Хичээл эхлэхээс дуусах хүртэл багш нар маань огт монголоор ярьдаггүй, бүх хичээлээ англиар заадаг. Ер нь хүүхэд дуулж, бүжиглэж хөдөлгөөнтэй, хөгжилтэй орчинд илүү их зүйлийг сурдаг учраас баруун тархи хөгжүүлэхийн тулд зураг зуруулж, дуу бүжгийн хөдөлгөөний хамтаар заадаг. Өдөр бүр ямар хичээл орсон, хүүхдүүд маань хэрхэн оролцсон, ямар даалгавар хийх талаар эцэг эхчүүдийн фэйсбүүк групп дээр багш нар нь үргэлж бичиж байдаг. Багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан холбоон дээр манай сургалтын маань амжилтын үндэс болдог гэж боддог. Манай Jolly Kids анхны бяцхан шавь нар Англи хэлний олипиадуудад амжилттай оролцож, алт мөнгөн медалийн эзэд болж, олны өмнө гарч илтгэл хүртэл англиар тавьж байна. 

Jolly Teens брэнд хөтөлбөрөө боловсруулан, сургалтанд нэвтрүүлээд 4 жил болж байна. Монгол өсвөр насны хүүхдийн хүсэл сонирхол, гадаад хэл сурч эхэлсэн туршлага, өмнө нь заалгаж байсан багш нарын арга барил, ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаа, цаашид суралцах их сургуулийн элсэлтийн шаардлага гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж боловсруулсан хөтөлбөр юм. 

Хамгийн түрүүнд өсвөр үеийнхнийг өөртөө илтгэлтэй, бусдыг хүндэтгэн, бие биенээ дэмждэг өөдрөг үзэлтэй хувь хүн болон төлөвшихэд нь англи хэлний сургалтын агуулгаараа дамжуулан хувь нэмрээ оруулах гол зорилгыг өвөрлөсөн. Манай ихэнхи ЕБС-д англи хэл хичээл голдуу  дүрэм зааж, орчуулга хийх маягаар явагддаг учраас хамгийн түрүүнд өсвөр насныхны ярианы чадварыг сайжруулах тусгай хөтөлбөр, бодит үр дүнд хүрэх амжилтын сэтгэл зүй, өсвөр насны онцлогт тохирсон үр дүртэй заах арга зүй урамшууллын тогтолцоог ашигладаг.Үр дүнгийн хяналтын байнгын тогтолцоо, багш-хүүхэд-эцэг эхийн уялдаат хамтын ажиллагаан дээр тулгуурладаг.

Багаар ажиллах даалгавар, Олон улсын Тоастмастерс Интернэшнл байгууллагын “Залуу Манлайлагч” гэдэг өсвөр үеийнхэнд зориулсан харилцааны болон манлайллын чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг мөн багтдаг. 

-Эцэг эх,  багш, хүүхдийн хоорондох уялдаа чухал байх. Эцэг эхчүүдийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй санагддаг вэ?

-Эцэг эхийн дэм тус асар их. Гэхдээ хүүхдийг хэт шахаж шаардсан орчинд дан хичээлээр бөмбөгдөх нь сөрөг үр дагавартай. Хүүхэд онц дүн авахдаа бус, хүн болж төлөвшиж, тухайн үзэж буй эрдэмдээ дуртай болох нь чухал шүү дээ. Хүүхдээ сайн сургах гэсэн нэгдмэл нэг зорилготой учир бид маш сайн хамтрагчид байх учиртай. 10 сарын дундаас эхлэн эцэг эхчүүдийн дунд дугуй ширээний яриа, сургалт хэлэлцүүлэг, мөн тэдний англи хэлний боловсролыг дээшлүүлэх гэх мэт төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар бэлдэж байна. Хийх ажил тун их байна. 

 -Ер нь хүүхдийг хэдэн наснаас хэл сургах нь хамгийн тохиромжтой юм бэ? Бага ангид нь эх хэлийг нь сайн сургах чухал гэж үзэх хүмүүс ч бий? 

-Монгол ахуй, монгол хүүхдүүдийнхээ дунд өсөж бойжиж байгаа хүүхдэд эх хэлний дархлаа тогтож байгаа нь жам ёсны зүйл юм. Харин монгол сэтгэхүй, ёс заншил, эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх нь гэр бүлийн хүмүүжил, томчууд биднээс их шалтгаална. Манай академид маш олон эцэг эхчүүд нэгдүгээр ангид одоо орж байгаа хүүхдээ Jolly Kids сургалтанд явуулах гэж их ханддаг. Бид нэгдүгээр ангиа төгссөн хүүхэд л авна гэдэг байр суурин дээр бат зогсож, эцэг эхэнд нь сайтар тайлбарлаж ойлгуулдаг. Бидний туршлагаас харахад хамгийн зөв нас бол нэгдүгээр анги төгссөн үед англи хэл зааж эхлэх юм. 

-Монголчууд англи хэлийг сайн сурахад их ач холбогдол өгч байна. Хэрхэн амжилттай суралцах вэ? 

-Мөрөөдөл хөтөлдөг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хугацаа тавьж, төлөвлөж, бага багаар биелүүлэх алхам хийснээр нэг мэдэхэд нөгөө хүссэн үр дүнд хүрнэ гэсэн үг юм даа. Би дээр хэлсэнчлэн Төв аймгийн Лүн сумаас өдөр бүр ирэх тэр их эрч хүч л гарч ирнэ гэсэн үг л дээ. 

Уг нь чиглүүлэгч, зөвлөгч багш, хамт суралцах хүмүүс байвал үр дүндээ арай хурдан хүрэх боловч, орчин үеийн технологийн дэвшлийн ачаар хайлтаа зөв хийвэл хэрэгтэй ном сурах бичиг үнэгүй татах, багш нарын хичээл үзэх гэх мэт боломж бүрэн байна.

Англи, монгол хэл төрөл бус учраас сэтгэлгээний асар том ялгаа гарч ирж байгаа юм. Зөвхөн англи хэлний хэдэн үг цээжлээд хэлийг сайн сурна гэж үгүй, мөн сэтгэж сурах ёстой. Өгүүлбэрийн бүтцийг сайтар ажигла, монгол хэлэнд үйл үг өгүүлбэрийн сүүлд ордог. Монгол хүн гол санаагаа ярианыхаа төгсгөлд илэрхийлдэг болохоор гаднынхан биднийг ярьж ярьж, хамгийн сүүлд алах, аврахын аль нэгийг хэлэх юм гэцгээдэг. Тэгвэл англичууд ярианы эхэнд л зорилгоо илэрхийлдэг. Гэхдээ энэ нь эх хэл маань муу юм уу, учир дутагдалтай гэсэн үг огт биш ээ. Харин хэл, сэтгэлгээний онцлог юм.

Орчин үед мэргэжлийн англи хэлний сургалтыг зөвхөн хэлний сургалт мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй. Тухайлбал, сургалтаар дамжуулан ажлын байран дахь сэтгэл ханамжийг хэрхэн дээшлүүлж буй дэлхийн топ компаниудын тэргүүн туршлагаас сонсох, тэр талаар ярилцах, байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хөндөн шийдвэрлэх, өдөр тутмын ажилд шаардлагатай тайлан бичих, хэлэлцээр хийх зэрэг багтдаг.  Соёл хоорондын ялгаа, тухайлбал хятадын бизнесменүүд гэрээ хэлэлцээрийн үед юуг анхаардаг, оросууд, америкуудтай харилцахдаа юуг анхаарах ёстой гэх мэтээр бусад орны бизнесменүүдийн хэв шинж нь тогтсон байдаг. Хэлний бэрхшээл харилцаанд хүндрэл учруулдаг байна. Жишээлбэл, “за” гэсэн үгийг монголчууд зөвхөн “yes” гэсэн үг гэж боддог. Тэгвэл “well” гэдэг үг нь “за, цааш нь ярь, ярь”, “ойлгож байна” гэх мэт маш олон утгыг илэрхийлдэг.

Ингэхэд, бизнесийн англи хэл гэхээр хүн бүр өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Зарим нь олон улсын худалдаа, харилцааны гол хэл гэдэг бол зарим нь өдөр тутам оффист харилцах хэл гэж ойлгодог. Тэгвэл олон улсын хурал, зөвлөгөөний завсарлага, өдрийн хоол, хүлээн авалтын үеэр ч бусадтай харилцаж, яриа өдөж танилцахад нийтлэг хэрэглэгддэг үг хэллэгийг суралцах нь зүйтэй. Бид оюутнууддаа англи хэл дээр ойр зуурын онигоо, дуу, шүлэгтэй байх хэрэгтэй гэж хэлж сургадаг. Бизнесийн сайн түнштэй болоход зөвхөн албан уулзалтаас гадна хувь хүний зан төлөв, харилцааны чадвар, хүн чанар, хошин шогийн мэдрэмж, нийгэм, улс төр, уламжлал, түүх соёлын өргөн мэдлэгтэй байх нь дотно харилцаа тогтоохын үндэс болдог. 

TOLES шалгалтыг амжилттай өгсөн хуульчид олон улсын томоохон байгууллагуудад ажилд орох боломжтой

-Та хууль зүйн англи хэлний TOLES шалгалтын талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Мөн эрчимжүүлсэн практик сургалт зарлагдсан гэсэн. 

- Энэ шалгалтыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, хамгийн нэр хүндтэй шалгалтын тоонд зүй ёсоор оруулдаг. Үүнийг амжилттай өгч чадсан хуульчид олон улсын томоохон байгууллагуудад ажилд орох боломжтой болдог. Тухайлбал, Англи болон Уэльсийн Хуулийн нийгэмлэг, Европын Төв банк, Даймлер Крайслер, Сони Эриксоныг нэрлэж болно. Шалгалтын давуу тал нь хуулийн фирм, хууль зүйн хүрээлэн, хуульч, өмгөөлөгч, шүүгч, хуулийн зөвлөхийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох хамгийн оновчтой, үр дүнтэй тогтолцоо юм. Гол нь уг шалгалтыг 100 хувь практик хэрэглээнд тулгуурлан боловсруулсан учраас англи хэлний онолын мэдлэгээс илүүтэй, олон улсын хэмжээнд ажиллах хуульчийн өдөр тутмын ажлын хэрэгцээг чухалчилдаг. Ер нь хууль зүйн англи хэлийг мэргэжлийн бус хүн төдийлөн ойлгохгүй нэр томъёо, латин, франц үг их ашиглахаас гадна, эртний болон албан бичгийн найруулга ихтэй, өгүүлбэрүүд нь их урт, нийлмэл бүтэцтэй байдаг л даа.
 
-Монголд TOLES шалгалт авах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь дамжиггүй. Манай хуульчдын мэргэжлийн англи хэлний мэдлэг ер нь хэр зэрэг юм бол?

- Гэрээ хэлэлцээрүүд ч англи хэлээр хийгдэж байна. Үүнийг Монгол Улсын болоод олон улсын хууль эрх зүйн заалтаар зохицуулж байгаа тул мэргэжлийн англи хэлтэй хуульч, хуулийн зөвлөх нэн чухал. Манай хуульчдын онолын мэдлэг, туршлага сайн боловч англи хэлний мэдлэг нь ихэнх тохиолдолд бодит хэрэглээнд ороогүй байдаг. Олон улсын бүхий л гэрээ хэлэлцээрийг англи хэл дээр үйлддэг болохоор гадаадаас хуулийн фирм хөлслөх нь цөөнгүй гардаг бололтой. Гэтэл гаднаас ирсэн хуульчид Монголын эрх зүйн орчны талаар ойлголт байдаггүй. Тэгэхээр мэргэжлийн бус орчуулагч ажиллуулах нь эрсдэлтэй. Одоо Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлыг ид татаж, энэ хэрээрээ олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээрийн дагуу хамтран ажиллах нь ихэслээ. Тэгэхээр маргаантай асуудал гарлаа гэхэд манайд биш, Лондонгийн ч юмуу аль нэг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ үед TOLES шалгалтыг давсан хуульч хамгийн түрүүнд аминд орно доо. Гадаадад очиж нэг долоо хоногт 450-550 долларын өндөртэй үнэтэй сургалтанд бүхнээ тавин очсоноос эх орондоо энхрий дотно хүмүүстэйгээ хамт ажил төрлөөсөө хөндийрөхгүйгээр, боломжийн зардлаар мэргэжлийн англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжийг бид бүхэн олгож байна.  

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   1 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   1 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө