2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

УГТЭ-ийн сувилагч Ж.Отгонжаргал: Зүрх нь зогссон хүнд яаралтай тусламж үзүүлж амьдруулах тэр мөч хамгийн сайхан

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 08

“Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн  Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Ж.Отгонжаргалын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар нь сурвалжлав. Тэрбээр, 2019 онд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн ангийг төгссөн.  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 5 дахь жилдээ ажиллаж байна.

Төсөөлснөөс “өөр” ажил

Манай эгч багш болохоор би багадаа цэцэрлэгийн багш болохыг мөрөөддөг байлаа. Тийм хөөрхөн жаахан хүүхдүүд “багш аа” гээд хүрээлж байгааг харах сайхан санагддаг байсан. Харин 12-р ангиа төгсөх жил ээж минь өвдөөд Архангай аймгийн төвийн эмнэлэгт хэвтсэн. Тэр үед эмч, сувилагч нарыг хараад "Цагаан халадтай... ийм гоё ажил..." гээд шийдсэн. Анагаахын л сургуульд оръё гэж.

Дадлага хийж байхдаа сувилагчийн ажил иймэрхүү  юм байна гэж хараад бас ч гэж мэдрээд л байсан. Гэхдээ яг ажил дээр гараад өөрөө сувилагч болсон чинь “Би ер нь юу сураад, юу хийгээд байсан юм бэ” гэж бодогдсон. Яагаад гэвэл ажлын байранд гараад ирэхээр гардан үйлдэл маш чухал. Гэтэл их сургуульд онолыг нь л үзээд, багшаасаа сайн дүн аваад байгаагаа л болчихлоо гэж бодоод явснаа ойлгосон. Тийм болохоор одоо дадлага хийж байгаа оюутнуудад “ Бид нарын үйл хөдлөл, ажлын дэс дарааллыг сайн хараарай, сураарай” гэж хэлдэг.

Яаралтай тусламжийн тасгийн бүх юм “яаралтай”

Манай тасаг эмнэлгийн бусад тасгаас илүү их хурд, тэвчээр, шаламгай байдал шаарддаг. Амьдрал, үхлийн заагт секундээр хэмжигдэх тэр цаг хугацааг, тэр боломжийг алдахгүйн төлөө ажилладаг. Ер нь яаралтай бол яаралтай. /инээв/

Уйлж сонгосон мэргэжил 

Би айлын хэнз хүүхэд. ЭЕШ-аа өгөөд сургууль сонгохдоо Улаанбаатар хотын хувийн анагаахын сургууль сонгосон байсан. Тэгэхэд манай эгч “Дарханы анагаахын дээдэд ор” гэж ятгатал би уйлчихсан. Тэр үед аав минь “Миний охин мал дээр гар өө. Тэр хол миний охин яаж байх юм” гээд өмгөөлж суусан. Дараа нь аав маань нутгийн хүнээс “Их сургуулийн хувиар цөөн ирсэн” гэж дуулмагцаа “Миний охин сургуулиа сонгосон биз дээ. Заавал хүссэн мэргэжлээрэй сураарай” гэж хэлсэн. Аавын хайр дотроо байдаг юм билээ. /уйлав/

Дархан-Уул аймаг руу явахдаа би ээжтэйгээ хамт явсан. Автобусанд суухдаа гадаад явж байгаа хүн шиг л уйлсан. Замдаа аавын тухай дуу явах бүрд уйлсаар Дарханд очсон доо. Дарханы Анагаахын сургууль их гоё. Манай анги 30 хүүхэдтэй байсан. Одоо тэднээсээ хоёртой нь их дотно. Нэг найзтайгаа хамт ажиллаж байна. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Оюунчимэг багш бид нарт ур чадварын хичээл ордог байсан. Тэр хүн л бидэнд сувилагчийн мэргэжлийг хамгийн гоёор ярьж, мэдүүлж, мэдрүүлсэн. Гэхдээ ажлын байран дээр гарсан чинь тийм биш байсан. /инээв/

Хамгийн том бэрхшээл 

Сард 703 мянган төгрөгийн үндсэн цалинтай./2022оны байдлаар/ Өдөр бүр Нарангийн голоос автобусаар цаг гаруй явж ажилдаа ирдэг ч хоцорч байгаагүй. Өдөр бүр 60-70 хүн хүлээн авч, сувилахуйн тусламж үзүүлдэг. Ээлж улирах, сунаж ажиллах, ээлжинд гарахдаа хамгийн ихдээ 5 минут л хөлөө амрааж суудаг гээд миний ажил амаргүй л дээ. Гэхдээ энэ бүгд асуудал биш ээ. Хамгийн хэцүү нь хүмүүсийн хандлага. Яагаад ч юм сувилагчийн ажил нэр хүнд муутай. Ачаалал их нь үнэн, цалин бага нь  ч үнэн. Гэхдээ энэ бол дорд үзэх шалтгаан биш гэж боддог. Нийгмийн асуудлыг нь шийдчихвэл энэ мэргэжлийн нэр хүнд өсөөд хүмүүс ингэж хандахаа болих байх аа. Миний таньдаг зарим сувилагчаас хүмүүс ямар ажил хийдгийг нь асуугаад “сувилагч” гэхэд нь  “Аан сувилагч юм уу” гээд л “өөр” болчихдог гэсэн.

Манай сувилахуйн багш бидэнд “Өвчтөнөө толгойноос нь хөлний үзүүр хүртэл асардаг хүнийг сувилагч гэдэг” гэж хэлснийг мартдаггүй. Бид өөрийн ээж, аав шигээ бодож өвчтөнөө асардаг. Зарим өвчтөний ар гэр бидэнд талархаж байгааг нүднээс нь харахад л илэрхий. Харин зарим нь өвчтөнийхөө талаар бүх зүйлийг хэдэн удаа тайлбарласан ч дорд үзэж, ялгаварлаад байгаа нь муухай санагддаг. “Чамтай ярихгүй. Эмчтэйгээ уулзуул” гэж хэлдэг хүмүүс олон шүү. Уг нь сувилагч нар чинь өвчтөнийхөө судсыг нь хүртэл хагалахгүйн төлөө хичээдэг, хайрладаг юм шүү дээ. Ялгаварлаж хандах, уурлах, элдэв үгээр хэлэх бүрд надаас болсон байх, миний буруу байх, өвдөөд хэцүү байгаа болохоор л надад ингэж хандлаа гэж боддог байсан. Дандаа өөрийгөө буруутгах хэцүү юм билээ. Хүмүүсийн харьцаа, хандлагаас нийгэм ямар их бухимдалтай, хэцүү байгааг  мэдэрдэг дээ.

Хамгийн сайхан мэдрэмж

Яаралтай тусламжийн тасгийн гол онцлог нь зүрхний цочмог шигдээстэй, шоктой хүн их ирдэг. Заримдаа зүрх нь зогссон хүн ч ирнэ. Тэр үед бид яаралтай тусламж үзүүлж сэргээгээд, сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлж амжих хамгийн сайхан. Би анх тийм мөчийг хараад л “Яаралтайд” дурласан. Цусны даралт ихсэлттэй хүн ирээд хэдэн цагийн дараа зовуурь нь багасаад “Баярлалаа” гээд гарах сайхан байдаг. Манай тасаг 5 эмч, 20 сувилагчтай би хамгийн бага нь. Үнэхээр чадварлаг хамт олонтой гэдгээрээ дандаа бахархдаг. 

Ковид...

Ковидын үеэр 24/48 хийж байсан. Өнгөрсөн оны 4-р сард их хүнд нөхцөлд ажилласан. Тэр үед тасагтаа эмчтэйгээ хоёулаа л ажиллаж байсан. Энгийн үед 5 сувилагч хийдэг ажлыг ганцаараа хийнэ.  Хэвтэхээр ирсэн хүн бүрийг “box”-оор зөөнө. Хамгаалалтын хувцастайгаа 16 цаг ажиллана. Тасагтаа өглөөний 8 цагт ороод орой 21 цагт эмчтэйгээ зөрөөд гардаг. Ид дэгдэлтийн үед өдөртөө 50-60 хүн ирнэ. Тэр үед эмч маань маш их тусалсан. Миний ажлаас хүртэл хийлцсэн. Тэгэж ажиллаж байгаад сарын дараагаас Яаралтай тусламжийн тасагт 2 сувилагч ажиллуулдаг болсон.

Цар тахлын тархалтын эхэн үед их айсан. Юу болчихвоо? Ковидын тархалтыг ингээд барьж чадахгүй бол яана аа? Гэсэн бодол эргэлдээд л. Ирсэн өвчтөн бүртээ хийх ёстой, үзүүлэх ёстой бүх тусламжаа үзүүлээд байгаа хэрнээ “бүгдээрээ одоо яах вэ?” гээд л.

 Тэр өдөр...

2021 оны 2 дугаар сарын 18 байсан. Яаралтай тусламжийн нөгөө тасагт ковидтой хүн ирсэн гээд тасгаар нь тусгаарлачихсан. Маш их ачаалалтай байсан. Оройн 22 цагийн үед архины гүн хордлоготой хүн ирлээ. Тэр хүн арьс ширний үйлдвэрт ажилладаг гээд хөл нь нэлэнхүйдээ цэврүүтсэн байсныг санадаг. Ар гэрээс ирсэн хүн байхгүй гэж тэр хэлсэн. Бид нар эхний үзлэг, шинжилгээгээр зүрхний шигдээс биш, бас ковидгүй болохыг нь оношилсон. Тусгаарлах өрөөнд оруулаад эмчилгээг нь эхэлсэн. Дараа дараагийн хүнээ үзэж байх үедээ биеийг нь асуухад “гайгүй ээ” гээд дуслуудаа хийлгэж байсан. Шөнийн 4 цагт шоктой, согтуу хүн ирээд уян зүү тавиулахгүй орилоод, шинжилгээ хийх гэж тэр хүнтэй нэлээн ноцолдсон. Энэ зуур нөгөө хүний бие муудсан. Тэр үед эмч компьютерийн шинжилгээнд хүн аваад явчихсан би тасагтаа ганцаараа байсан. Би эмч рүүгээ залгаж дуудаад бид 2 бүтэн цаг гаруй шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч үүр цайхад зүрх нь зогсчихсон. Массажлаад, аппаратад аваад ч аварч чадаагүй... Тэр хүн л амьд үлдсэн бол гэж зөндөө харамссан... Энэ өдрийг хэзээ ч мартахгүй байх аа гээд эмчтэйгээ ярьж байсан. Хүний сүүлчийн мөчийг угтана гэдэг хэцүү  юм билээ.

Анхандаа амилуулах хэсэг рүү хүн түрээд ороход бие чичрээд айдаг байсан. Хүн муудхад сандардаг, нулимс цийлэгнээд л ирнэ. Тэр үед тасгийнхан маань сэтгэлээ барих ёстойг хэлж сургасан. Айдсаасаа болоод алдаа гаргавал яана гэж. Одоо бол бага багаар сурч л явна.

“Яах гэж сувилагч болов оо” 

Энэ мэргэжлийг яах гэж сонгов доо гэж бодсон үе байсан.  Гэхдээ хэзээ ч харамсдаггүй. Би ч манай гэрийнхэн ч энэ мэргэжлээр бахархдаг. Хамгийн гол нь аав, ээж минь намайг маш их дэмждэг. Архангайд байдаг учраас тэр хоёр минь байнга утсаар ярьж “Хоол, ундаа сайн идээрэй. Унтаж амраарай” гэж захидаг. “Хажууд нь байсан бол хоол хийж өгөхсөн” гэдэг. Гэхдээ намайг нутагтаа очиж ажиллая гэхээр “Хөдөөд хөгжил байхгүй... Миний охин их хотоо бараадсан л дээр” гэдэг.

Гэхдээ сүүлийн үед энэ мэргэжлээрээ ажиллаад ирээдүй байгаа болов уу? Өсөж дэвжих үү гэж өөрийн эрхгүй эргэлздэг болсон. Монголд л үнэлдэггүй болохоос сувилагчийн мэргэжил гадаадад маш үнэ цэнтэй. Тиймээс гадагшаа гарч ажиллах эсвэл өөр мэргэжилтэй болох тухай хүртэл боддог болсон. Уг нь би хэл сурч, магистрийн зэрэг хамгаалаад багшлахыг хүсдэг. Одоохондоо цаг зав, боломж гарахгүй л байна. Сувилагчийн мэргэжилд онол чухал. Гэхдээ дадлага илүү чухлыг ойлгосон. Бас харилцааны ур чадварт суралцахыг хичээж байгаа. Сурсан мэдсэнээ хүүхдүүдэд түгээж багш болох хүсэл минь хэвээр байгаа. Даан ч...

Би одоохондоо ганц бие, тэгээд ахындаа амьдардаг болохоор цалингаа хүргээд болж л байна. Гэр бүл зохиовол орон байрнаас эхлээд асуудал нэмэгдэх л байх даа... Эхэндээ ажлын ачааллаас болоод тэр үү гэртээ очоод л хэвтчихдэг, унтчихдаг байсан.  Харин одоо ямарч их ачаалалтай хоносон маргааш нь нойр хүрдэггүй. Сурчихдаг юм шиг байна. Ядаргаа л биш бол. Гэхдээ таны асуусан шиг болзох зав байхгүй ээ. /инээв/ Яг одоо бол би сайхан амьдарч байгаа. Аав, ээж, гэрийнхэн байна. Ажилтай, сайхан хамт олонтой. Хамгийн гол нь би эрүүл саруул.

Баярлалаа

Манай Яаралтай тусламжийн тасагт ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь харвалттай, зүрхний шигдээстэй байдаг. Зүрхний шигдээс, цус харвалт залуужиж байна. 30 гаруйхан настай хүмүүс ч ирдэг. Үүний суурь шалтгаан нь хэт таргалалт, цусны даралт ихсэлт, тамхи, архи. Ямар ч өвчнөөс сэргийлэхэд хорт зуршилгүй байх, амьдралын зөв дэглэм, цаг уур, улиралдаа зохицуулж хооллох их чухал. Манай ахлах сувилагч Д.Энхээ гэж ажлын, амьдралын буруу, зөвийг минь ялгаж хэлж зөвлөдөг хүн байдаг. Түүний “Хүн ямар ч сайхан ажилтай, хэн ч байж болно. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү. Өөрсдийгөө хайрлаарай” гэсэн үгийг хэлье.

Аавдаа, ээждээ, гэр бүлийнхэн, найз нөхөд ажлын хамт олондоо талархаж явдаг шүү. Баярлалаа та нартаа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр