2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Уй гашууг даван туулна гэдэг нөхөж дүүргэх бус тухайн мэдрэмжтэйгээ амьдарч сурахыг хэлнэ

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 13

Хүний амьдралд даван туулахад хэцүү, хүнд зүйл тохиолдох үед хүчтэй сэтгэл хөдлөл илэрч, сэтгэл зүйн хувьд хямардаг. Үүнийг өөрөөр "уй гашуу" гэж хэлдэг аж. Уй гашуу гэдэг зөвхөн хайртай хүнээ алдахад тулгардаггүй, дуртай ажлаасаа гарах, тэжээдэг амьтан нь үхэх, гэр бүл салах гэх мэт тухайн хүний амьдралд гэнэтийн хүчтэй сөрөг зүйл бүхэнд тохиолддог. Харин тэрхүү уй гашууг даван туулах нь хүн бүрт харилцан адилгүй. Бие сэтгэл зүйн хувьд маш их шаналж туйлддаг. Тэгвэл энэ сэдвээр олон хүнд сэтгэлийн дэмжлэг болох "Уй гашууг даван туулах" урлагийн сэтгэлийн заслын номыг бүтээсэн Зураач, сэтгэлзүйч, арт терапист Б.Нарантулгатай ярилцлаа. Тэрээр 2016 онд МУИС-ийг “Зургийн сэтгэл заслыг гэр бүлийн салалтын дараах стрессийг бууруулахад хэрэглэсэн туршилт, судалгаа” сэдвээр Сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан, мэргэжлээрээ салбартаа олон жил ажиллаж байгаа, хэд хэдэн ном бүтээл гаргасан билээ.

Уй гашуу гэдэг ярихад хэцүү боловч хүн бүрд тохиолддог, сэтгэлд байдаг нэгэн орон зай, дурсамж болов уу. Энэ сэдвээр, ийм ном яагаад хийх болсон талаар ярилцлагаа эхэлье?  

Би 2016 оны 01 сарын 29-нд гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм. Хоёр хүүхэд маань овоо том болчихсан байлаа. 7 жилийн дараа шинэ хүнтэй болж байгаа болохоор манай гэр бүлийнхэн маш их догдолж хүлээлтэй байсан. Харамсалтай нь дөнгөж төрүүлсний дараа хүүхэд маань хүн болж амьдарч чадаагүй. Энэ явдал гэр бүлд маань маш хүнд цохилт болсон. Хүүхдээ хөхүүлж чадаагүй, царайг нь ч хараагүй, тэвэрч чадаагүй... Төрхийн эмнэлэгт хоёулаа очоод, хэвлийд минь зүрх нь цохилж байсан хүүхэд байхгүй болчихсон, өглөө нь ганцаараа хэвтэж байхдаа бусад ээжүүд хүүхдээ хөхүүлж байгааг харах надад маш хүнд байсан. Бие махбод болоод сэтгэл зүйн хувьд сөрөг, ойлгомжгүй мэдрэмж төрж үнэхээр яах учраа олохгүй хүнд үе байсан юм. Нөхөр, хүүхдүүд маань уйлж шаналж байхад харин би уйлах гээд ч уйлж чадахгүй, бүх мэдрэмж түгжигдчихсэн. Энэ ойлгомжгүй, хүнд хэцүү мэдрэмжийг даван туулах гэж би өөрийн хэмжээнд нэлээн хүч хөдөлмөр зарцуулсан.  Уйлмаар байвч ерөөсөө уйлж чадахгүй, хүнд ярих гэхээр хаанаас эхэлж юу ярихаа мэдэхгүй, хүмүүсээс зугтаамаар ч юм шиг, тийм нэг сонин, өмнө нь огт мэдрэгдэж байгаагүй ойлгомжгүй мэдрэмж байсан. 

Энэ явдал тохиолдох үед л би ”хүн ер нь миний амьдралд энэ зүйл тохиолдохгүй дээ” гэж хэзээ ч бодож болдоггүй юм байна. Амьдралд ямар нэгэн тогтсон дүрэм байдаггүй. Маргааш надад юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй гэдгийг ойлгосон юм.  Хүмүүсийн амьдрал өөр өөрсдийн замаар л урсана. Харин надад тохиолдсон зүйлийг би л даван туулах ёстой. Тэр үед мөн би сэтгэл судлалын магистрыг урлагийн сэтгэл судлалын чиглэлээр дөнгөж төгссөн  байсан учраас судалж байсан зүйлсээ өөртөө ашиглаж үзсэн. "Уй гашуу" гэж ер нь юу юм бэ, яагаад надад ийм ойлгомжгүй зүйл тохиолдоод байна гэдгийг нэлээн судалсан л даа.  Тэгээд л энэ зүйл чинь уй гашуу тохиолдсон хүний даван туулдаг сэтгэл зүйн үйл явц юм байна гэдгийг мэдсэн. 

Тэр үед монгол хэл дээр унших ном надад олдоогүй. Тэгээд хамгийн анх төрсөн бодол маань ер нь би яагаад ном бичиж болохгүй гэж. Гэвч яаж үхлийн тухай ном хийхэв дээ гэх мэт их олон зүйлд эргэлзэж байлаа. Ээждээ зориглоод хэлтэл “хүүхдээ тавьж явуулахгүй байна” гэж зэмлүүлсэн. Үнэндээ ээж минь намайг л бодсон хэрэг. Гэхдээ л ном бичих бодол маань зөв юм шиг санагдсаар байсан. Тиймээс нэлээн хугацаанд ном судалгаа уншсан, цуглуулсан. Ингээд 2018 оноос эрчимтэй судалж, материулаадаа цуглуулаад номынхоо ерөнхий арамыг босгосноор энэ онд бүтээл болгон хэвлүүллээ. 

Хүн бүрийн мэдрэмж, аливааг хүлээн авах байдал өөр өөр байдаг шиг "уй гашуу" ч мөн янз бүрээр илэрхийлдэг байх? Ер нь юуг уй гашуу гэх вэ?

Уй гашуу гэдэг үхсэн хүнтэй л холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хүний амьдралд тохиолдож байгаа маш хүнд сөрөг өөрчлөлт болгонд уй гашуу, сэтгэл зүйн хүнд үеүүдийг даван туулдаг. Тухайлбал, дуртай байсан ажлаасаа гэнэт халагдах үед хүн хагацлыг мэдэрдэг. Багаасаа найзалсан найзтайгаа муудалцахад, эд хөрөнгөнөөсөө холдоход хүртэл уй гашууд автдаг. Тэгэхээр уй гашуу гэдэг амьдралд тохиолдож байгаа ямар нэгэн хүчтэй сөрөг зүйлийн үед сэтгэл зүй, бие махбодод илэрч байгаа өөрчлөлтийг л хэлээд байгаа юм. Уй гашуу таван үе шаттай.

Эхний үе нь шокын үе.  Гэнэтийн цочролын үед илэрдэг. Гэхдээ уй гашуу тохиолдож байгаа хүн бүр шоконд орохгүй.

Хоёрдугаарх нь уур бухимдлын үе. Өнгөрсөн хүн, түүнтэй холбоотой асуудал, харилцаа хэвийн биш байсан бол эсвэл харилцаандаа ямар нэгэн өөрийгөө буруутгах буруутгал мэдэрч байгаа үед уур бухимдлын үе хүчтэй илэрдэг. Уй гашуугийн үеийн уур бухимдлын талаарх судалгаанууд нэлээдгүй бий. Жишээлбэл, Гэр бүлийн гишүүд өнгөрсөн хүнтэй сөрөг харилцаатай байсан тохиолдолд тухайн хүн нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт өнгөрөх тохиолдолд гэр бүл салах, ах дүү хамаатан садан харилцаа холбоо тасрах зэрэг сөрөг үр дагавар гарах магадлал их байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг гомдолтой явууллаа даа гэсэн өөрт төрж буй сөрөг мэдрэмжээ мэдрэхгүйн тулд тухайн мэдрэмжийг өөр нэгэн рүү шилжүүлж өөрийгөө бага ч болов тайвшруулж байгаа хэлбэр юм. Тиймээс уур бухимдлын үед байгаа хүмүүс хайртай дотны нэгнийхээ үхэлд өөр бусдыг буруутгах, буруутан олох хэрэгцээ, шаардлага үүсдэг байх нь.

Гуравдугаарт, наймаалцах үе. Хэрвээ хэрвээ... Хэрвээ би эрт эмнэлэгт хүргэж өгсөн бол, хэрвээ би хайртай гэдгээ жаахан ч болов илэрхийлсэн бол, хэрвээ би хэлсэн үгийг нь сонссон бол гэсэн харуусал, буруутай мэдрэмжтэй холбоотой сэтгэгдлүүд. Гэхдээ энэ бодлууд нь тайвшрал, сэтгэл зүйн хамгаалалт болдог. Өөрөөр хэлбэл уй гашуугаас болж сульдаж, туйлдсан тэр өвдөлтүүдийг бага мэдрүүлэхийн тулд тархи "хэрвээ" гэсэн бодлуудыг бодогдуулдаг байна. Хэдийгээр хайртай гэж хэлээгүй ч, хэрвээ хэлсэн бол гэх тэр бодол хүнийг хэсэгхэн хугацаанд тайвшруулдаг. 

Дөрөвдүгээр үе нь сэтгэл гутралын үе. Энэ үе нь нэлээн удаан үргэлжилдэг. Энэ дөрвөн үе шат яг дэс дараатай үргэлжилнэ гэж байхгүй. Магадгүй шууд уур бухимдлын үе, эсвэл шууд гутрах байдлаар ч илэрч болно.

Хамгийн сүүлчийн үе нь хүлээн зөвшөөрлийн үе. Энэ хүн хэзээ ч ирэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт эдгэрэлт явагддаг.

Уй гашууг даван туулах эдгээр үеүүд хэдий хугацаанд үргэлжилдэг бол. Ер нь хэр хугацаанд үргэлжилбэл эрүүл мэнд, амьдралд сөрөг нөлөөтэй вэ? Эсвэл насан туршдаа уй гашуутай байсан ч болох уу? 

Монголд хийгдсэн, монголын соёл болоод хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон ийм төрлийн судалгаа байхгүй. Гэхдээ гаднын бусад орнуудад урт удаан хугацаанд хийгдсэн судалгаанууд олон бий. Тэдгээр судалгаанд уй гашууг даван туулдаг дундаж хугацааг 18 сар гэсэн байдаг.  Энэ хугацаанд хайртай дотны хүнээ тавьж явуулж, хэвийн амьдралдаа эргэн орж, үргэлжлүүлдэг гэдэг. Уй гашуу гэдэг зүйл тогтсон томъёогүй. Хүн бүрийн хоорондоо тогтоосон харилцаа нь өөр шүү дээ. Ямар харилцаатай байсан, хэр их дурсамж бий болсон, хэдий хугацаанд хамт байсан гэх мэт олон зүйлээс шалтгаална.

Таны амьдралд байсан эрхэм хүн, нэг чухал зүйл байхгүй болчихож байна. Сэтгэлд тань байсан гэх нэг орон зай үлдэнээ дээ. Энэ орон зайг харин ямар нэг юмаар бөглөх гэж оролдохгүйгээр тэр тухайн мэдрэмжтэйгээ л явж сурах хэрэгтэй юм. Тэр нүхийг өөр зүйлээр бөглөх гэж оролдох хэрэггүй. 

Хүмүүс ихэвчлэн байхгүй болсон хоосон орон зай, мэдрэмжээ нөхөж, өөр хэн нэгнээр, ямар нэг зүйлээр орлуулах гээд байдаг. Их олон эмэгтэй хүн сольсон хүн дээ гээд л хэн нэгнийг ярихыг сонсч байсан л байх. Магадгүй тэр хүн хоосон зүйлээ дүүргэх гээд л яваад байгаа нь тэр. Гэвч хэзээ ч дүүрэхгүй.

Таны номыг уншсанаар юуг ойлгох вэ? Номын агуулгаас та хэлж өгөөч? 

Юуны өмнө "уй гашуу" гэж юу юм бэ гэсэн онолын мэдээлэл авна. Хүн ер нь аливаа юмыг танин мэдэж, тухайн зүйлийн талаар ойлголттой байхын хэрээр хэтрүүлэн бодохоос урьдчилан сэргийлж чаддаг.  Өөрт тохиолдоод байгаа ойлгомжгүй зүйлээ уй гашуу юу үгүй юу гэдгийг мэдэхээс гадна бие, сэтгэл зүйд ямар байдлаар илэрдэг, зан үйлд хэрхэн нөлөөлдөг, ямар үеүүдийг туулдаг, хэр удаан үргэлжилдэг талаар ойлголт мэдлэгтэй болох юм. Түүнчлэн урлагийн сэтгэл засал яагаад уй гашууг даван туулахад ашиг тустай байна гэдгийг мэдэж авна. Номын маань хамгийн чухал зүйл нь хоёрдугаар хэсэгт байгаа 5 бүлгээс бүтсэн сэтгэл заслын дасгалууд. Энэ бол зөвхөн уншдаг ном биш, өөртэйгөө ажилладаг ном гэж хэлж болно. Хүн өөртөө тохиолдоод байгаа зүйлийг ойлгож мэдэхийн цаана, өөрийгөө эмчлэх боломжтой болох юм. 

Уй гашуу тохиолдсон үед заавал сэтгэл зүйн дэмжлэг авах хэрэгтэй юу? Үнэхээр даван туулж чадахгүй бол ямар төрлийн сэтгэл заслын эмчилгээ үр дүнтэй вэ? 

Миний хувьд урлагийн сэтгэл заслын чиглэлээр түлхүү судлан хэд хэдэн ном бичсэн байгаа. Уй гашууг даван туулж байгаа хүмүүст зориулсан урлагийн сэтгэл засалчдын бичсэн ном, судалгаа гадаад хэлээр нэлээн их байдаг. Танин мэдэхүйн сэтгэл засал зэрэг бусад сэтгэл заслын эмчилгээнээс урлагийн сэтгэл засал чухам юугаараа илүү ач холбогдолтой байгаа нь мэдрэмжтэй холбоотой юм. 

Уй гашуу гэдэг ухамсраар шийдвэрлэгддэг асуудал биш. Энэ зүйл мэдрэмжид байдаг. 

Мэдрэмжийг ярьж илэрхийлэх, үгээр хэлэхэд хэцүү шүү дээ. Харин урлан бүтээх үйл ажиллагаа, урлагаар дамжуулах нь мэдрэхүйн эрхтнүүдэд байгаа дурсамж, мэдрэмж, хөндүүрийг хэл яринаас илүү эмчилж гаргаж ирдэг. Сэтгэл зүйч, сэтгэл засалчид уй гашуутай хүнтэй ажиллахдаа яриан засал хийхээс гадна давхар заавал зурах, будах, бичих даалгавар өгдөг нь урлагийн сэтгэл заслын аргачлалууд юм. Тиймээс уй гашууг даван туулахад урлагийн сэтгэл засал илүү үр дүнтэй. 

Уй гашуудаа хэт автаад гарч чадахгүй олон жил болсон хүмүүс ч байдаг. Энэ үед ер нь яах хэрэгтэй вэ? 

Мэдрэмжүүдээ л илэрхийлэх нь зүйтэй. Манайхан ер нь мэдрэмжээ илэрхийлдэггүй талдаа хүмүүс. Тэгээд уйлж байгаа, гуниглаж байгаа хүнийг харахаараа энэ хүн ёстой хэцүү байна даа гэдэг. Гэтэл тэр хүн уйлаад, хүүхдээ дурсан санаад байгаа нь өөрийгөө эмчлэх гэж хичээж буй л нэг хэлбэр юм шүү дээ. 

Ажлын газрын нэг эмэгтэй нь хүүхдээ алдчихсан байжээ. Тэгээд ажлын хүмүүсдээ хүүхдийнхээ талаар үргэлж ярьдаг гэнэ. Гэтэл хүмүүс тэр ёстой ядаргаатай эгч уулзах бүрдээ хүүхдийнхээ өнгөрсөн үйл явдлыг л давтаад яриад байдаг. Эхлээд сонсдог байсан ч сүүлдээ уурладаг болсон. Яасан гуниглаж салдаггүй юм бэ гэж хүмүүс ярьжээ. Үнэндээ тэр эмэгтэй уй гашуугаа даван туулах гээд, өөрийгөө эмчлэх гээд л ядаад яваа нь тэр юм. 

Уйлж, гуниглаад болсон явдлыг эргүүлэн санаад, дурсан яриад байх нь харин ч сайн. Тухайн хүн олон дахин давтаж ярьж, эргэн дурсамж, уйлснаар эдгэрэлт тэр хэрээр явагдаж байдаг.

Харин уйлахаас зайлсхийдэг, сэтгэлээ хүчилж тэвчдэг хүмүүс хэдэн жилийн дараа бүр хүнд хэцүү байдалд ордог. Магадгүй хэдэн жилийн дараа дахиад өчүүхэн гуниг тохиолдоход нуран унана. Тиймээс мэдрэмжээ аль болох л илэрхийлэх хэрэгтэй.

Мэдрэжмээ гаргахад урлагийн сэтгэл заслыг яаж өөрийн хэмжээнд хэрэглэх вэ? 

Урлагт бүх зүйлийг хамруулж ойлгоно. Дуртай, дурсамж сэргээдэг дуугаа сонсч дурсах, сонсоход төрж буй хагацал хоосон мэдрэмжээ тултал сайн уйлаад орилоод гаргах хэрэгтэй. Эсвэл зурж болно, сараачиж болно. Ямар мэдрэмж төрж байна, хэр хүнд байна гэдгээ цаасан дээр үзүүлж болно. Цаас аваад сараачаад үз. Гунигтай драм үзэж болно. Өөрт чинь юу байна түүнийгээ л хий.

Хүн өөрийгөө тайвшруулахын тулд ямар ч үйлдэл хийж болно. Харин бусад хүмүүс түүнийг нь хараад чи арай л буруу юм хийгээд байна гэж шүүмжлэх хэрэггүй. Уй гашууг даван туулах үед зөв гашуудах, буруу гашуудах, минийхээр эсвэл чиний хэлснээр гашуудна гэж хэзээ ч байхгүй. Өөрийхөөрөө л гашууд. Ярьмаар байвал ярь, зурмаар байвал зур, хүүхдэдээ зориулаад сан байгуулмаар байвал түүнийгээ хий. Юу хүсч байна түүнийгээ л хийгээрэй. 

Харин монголчууд сэтгэлийн хаттай бай. Үлдсэн нь амьдардаг. Нэгэнт болчихсон зүйлийн араас бүү удаан гашууд гэдэг? 

Хүүхдүүдээ зовоохгүйн тулд нүдэнд нь уйлж харагдахгүй гэж зарим хүмүүс боддог. Тэр нь хүүхдүүдэд маш ойлгомжгүй зүйл бий болгож мэдрэмжүүдийг нь түгждэг. Ээж уйлахгүй байгаа юм чинь би уйлах ёсгүй юм байна гэж хүүхэд бодно. Хүүхэд тань бага байх тусам л мэдрэмжийг нь гаргуулж байх хэрэгтэй юм. Хүүхдийнхээ хажууд хамт байж, уйлмаар байвал уйлж байх ёстой. Тэгж байж дараагийн удаад зовлонгоо хуваалцдаг, бие биенээ илүү сайн ойлгодог харилцаа бий болно. 

Хатуу байх ёстой, зовж байгаагаа харагдуулахгүй юм шүү гэсэн байр суурьнаас хандах нь хүүхдийн хувьд маш хор хөнөөлтэй. Насанд хүрсэн хойноо мэдрэмжээ ойлгодоггүй, мэдэрч чадахгүй хүн болоход нөлөөлдөг юм шүү.  

Ер нь уйлж болохгүй гэдэг үгийг л хэлмээргүй байгаа юм. Уйлах хэрэгтэй гэж би хэлмээр байна. 

Уй гашууг туулсан хүн цаашаа яаж амьдрах вэ? Хоосон орон зайгаа дүүргэх гэж оролдохгүй сэтгэлдээ тээгээд явах хэцүү ч юм шиг? 

Уй гашууг туулсан бол хамгийн эхэнд тухайн мэдрэмжээ бүрэн гүйцэд таньж мэдэх явдал. Энэ уй гашуу миний хувьд хэр том орон зайг эзэлж байна, хэр хүнд хэцүү байна, миний амьдралд яаж нөлөөлж байна гэдгээ танин мэдэх хэрэгтэй. Энэ ярьж байгаа шиг амархан биш л дээ. Амьдралд урт удаан хугацааны хүч хөдөлмөр шаарддаг. Гэхдээ цаашаа амьдрал үргэжилж байна шүү дээ. Тиймээс танин мэдэж ойлгосноор цааш алхахад арай тодорхой байх болно. 

Тэгвэл уй гашуутай хүнд эргэн тойрны хүмүүс нь яаж дэмжиж туслах вэ? 

"Би яг наад үеийг чинь даван туулсан. Ингэдэг байхгүй юу" гэж хэлж болохгүй. Хүнд туслах гэж байгаа ч санаатай санамсаргүй байдлаар нөгөө хүнээ гэмтээх үгийг хүмүүс хэлчихээд байдаг. Нөхрөө алдчихсан залуу бүсгүйн сэтгэлийг нь засч дэмжих гээд “чи залуу юм чинь чамд сайн нөхөр олдоно” гэж хэлдэг. Нөхрөө алдаад удаагүй эмэгтэй шинэ нөхрийн тухай бодож чадах уу. Өөрт нь байсан орон зайг шууд хэн нэгнээр бөглө гэж хэлэх нь маш мэдрэмжгүй зөвлөгөө. Энэ нь нэг талаараа хүмүүсийн уй гашуун тухай, сэтгэл зүйн боловсрол хэр байгааг харуулж байна. Үүний оронд чи яаж байна, юу мэдэрч байна гэдэг асуултыг асуугаад, ярилцаад үзээрэй. Эсвэл юу хэлэхээ мэдэхгүй байгаа бол сэтгэлийг нь улам шаналгах үг хэлэх гэлгүй хэлээ хазаад, зүгээр л гарыг нь атгаад уйлах боломж  олгоорой. 

Номын нүүрний зураг их сайхан санагдлаа. Та өөрөө зурсан гэсэн. Ямар утга агуулгатай зураг вэ?

Бэлэг байгаасай, хүндэтгэлтэй, хайр шингэсэн харагдаасай гэдэг үүднээс зургийн зохиомж дизайнаа гаргасан юм. Миний хань бас зураач хүн л дээ. Бид хоёр номын зургуудыг хамтдаа ярилцаад л зурсан. Гар бол бүхий л соёл, түүхэнд харилцааг илэрхийлдэг эрхтэн. Тиймээс ямар нэгэн хар буруу санаагүй, танд үргэлж сайн сайхныг санаж, энэ номыг өргөл болгон барьж байна гэсэн утгаар гар зурсан. Цаана нь байгаа дугуй дүрс нь нарыг бэлгэдэж байгаа. Мандаж байгаа нар үргэлжид сайн сайхан, эерэг зүйлийг мэдрүүлдэг учраас алтан нарыг оруулсан. Харин цэцэг хээ хуар нь амьдрал гэдэг цэцэг шиг ургаад үхдэг нэгэн цаг хугацааны тойрог юм гэсэн утгыг илэрхийлсэн зохиомж гаргасан. 

Уй гашуу гэдэг монголчуудын хувьд шашин, соёл уламжлалтай их холбоотой. Та номоо аль талаас нь бичсэн бэ? Англи монгол хэл дээр бичсэн нь бас их саашаалтай санагдаж байна? 

Таны хэлснээр уй гашууг хүмүүс шашин талаас нь их ойлгодог. Бурхан болоочийг замд үдэх ёслолыг монголчууд маань маш өндөр түвшинд хийдэг улс. Ер нь л энэ зүйл яриад байхаар шашинтай холбогдчихоод байдаг. Гэхдээ би номоо илүү шинжлэх ухааны талаас нь уншаасай, ойлгоосой гэж бодож бичсэн. Номыг бүтээхэд мэргэжлийн олон зөвлөхүүдтэй хамтарсан. Шашны болон сэтгэл зүйн, уран сайхны мэргэжлийн зөвлөх, орчуулагч, редактор гээд маш олон хүмүүстэй хамтарч бүтээсэн. Уй гашуу гэдэг үгийг хэлэхэд хүртэл хэцүү, хөндүүр байдаг учраас бүх талаасаа үнэн зөв, хүндэтгэлтэй байгаасай гэж хүсч олон мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласан байгаа. Энэ ташрамд хэлэхэд, би ганцаараа хэзээ ч хийж чадахгүй байсан. Багийхандаа, тэр дундаа бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж тусалсан ханьдаа маш их баярлалаа. Номыг хэвлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Улаанбаатар Буян компанидаа маш их баярлалаа.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үе хоёр жил гаруй үргэлжилж байна. Нийгмийн сэтгэлзүй ч мөн хэцүүхэн байгааг олон олон судалгаа, бодит байдлаас харж болохоор байна. Энэ цаг үед бид хайртай дотны маш олон хүнээ өвчнөөр алдлаа. Ярилцлагын төгсгөлд та нийт уншигчдад маань цаг үетэй холбоотойгоор зөвлөгөө өгөөч? 

Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь эрх мэдэл, мөнгө, эд баялаг гэхээс илүүтэй сэтгэлийн амар амгалан байдал юм. Маш хүчтэй сөрөг өөрчлөлт гарахгүйхэн шиг, хэвийн жигд үргэлжилж байгаа амьдрал л хамгийн сайхан нь. Огцом огцом өөрчлөлт гараад, тэр нь сөрөг байвал маш хэцүү. Тийм болохоор зөв үйлдэл хийхийг л хичээгээрэй гэж хэлье. Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлан хамгаалж, өдөр бүр хэлж байгаа эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг дагаж, хайртай хүмүүсдээ хайртай гэдгээ үг үйлдлээрээ үзүүлж байгаарай. 

Гэнэтийн үхэл яагаад хүнд цохилт өгдөг гэхээр тэр хүнд баяртай гэж хэлэх боломжийг олгодоггүй. Тэр хэрээр маш гунигтай байдаг. Тиймээс дотны хүмүүсдээ өөрийг нь хайрлаж байгаагаа мэдрүүлж, сэтгэлийн амар амгалан байдлыг бий болгохыг л хичээгээрэй. 

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26