2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Умайн хүзүүн улайлт, шархлаатай бол заавал эмчлүүл. Хавдарт шилжих эрсдэлтэй!

— Ч.Баяржаргал   2023 оны 04 сарын 21

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрт илрүүлэг сэдвээр Монгол Улсын Хүний гавьяат эмч, ЭНЭҮТ II-ын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг дараах зөвлөгөөг өглөө. 

Өнгөрсөн тавдугаар сараас улс орон даяар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эх барихын чиглэлээр умайн хүзүүний цитологийн /эсийн/ шинжилгээ, хөхний ЭХО үзлэг явагдаж байгаа. Эдгээр үзлэгт эмэгтэйчүүдийгээ заавал хамрагдаарай гэж хэлье. 

Яагаад энэ хоёр эрхтнийг онцлох болсон нь учиртай. Умайн хүзүү, хөх гэдэг хоёр эрхтэн хамгийн амархан хавдарт өртдөг. Ялангуяа умайн хүзүү дүлийдүү эрхтэн учраас шинж тэмдэггүй явсаар нэг л мэдэхэд хавдрын хүнд үе шатандаа орсон байдаг. Үүнийг умайн хүзүүний эсийн шинжилгээгээр л илрүүлэх боломжтой. Хөхний хавдар ч мөн адил.  Хожуу оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн муу, нас барах эрсдэл өндөр. Иймээс нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйг эрт илрүүлэгт хамруулж байгаа нь маш өндөр ач холбогдолтой.

Умайн хүзүүний хорт хавдар

Дэлхий нийтэд зонхилон тохиолддог хавдрын 10-т, манай улсад дөрөвт орж байна. АНУ-д гэхэд жилд 50-60 сая эмэгтэй умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагддаг бөгөөд хоёр минут тутамд нэг эмэгтэй энэ хавдраар оношлогдож, жилд 4100 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас бардаг.

Эмэгтэйчүүдийн дунд хавдрын шалтгаант нас баралтын хоёрт ордог. Жил бүр дэлхий даяар 500 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 80 хувь нь Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн ядуу буурай орнуудад тохиолдож байна.

Харин Монголд умайн хүзүүний хорт хавдар нь хорт хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаарт ордог эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод буй. Тиймээс аль болох эрт үед нь хавдарт шилжихээс өмнө оношлох юм бол хөнгөн эмчилгээ хийж барьж авах боломжтой.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан

Умайн хүзүү нь сав үтрээ хоёрыг дунд нь холбож өгдөг маш чухал эрхтэн. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирус. Энэ нь бэлгийн амьдралтай салшгүй холбоотой.  Учир нь бэлгийн харьцаанд орох үед эрэгтэй хүнээс дамжиж халдварладаг. Тиймээс бэлгийн харьцаанд орсон л бол түүнээс хойш 3 жилийн дотор эсийн шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээ нь өөрчлөлтгүй хэвийн гарсан тохиолдолд 30-60 насны хооронд 3 жил тутамд уг шинжилгээг өгч байх шаардлагатай юм. Ингэж тогтмол давтамжтай өгөх нь хавдарт шилжихээс сэргийлэх хамгийн гол арга. 

Нөгөөтэйгүүр, бэлгийн харьцаанд орсон хүн бүрд хүний хөхөнцөр вирус байж байдаг. Харин хэзээ өвчлөх вэ гэвэл, дархлаа муудах, амьдралын буруу хэв маягтай байх, архи тамхины хэрэглээдэг, хавдрын эмчилгээ хийлгэсэн, олон төрсөн, умайн хүзүүтэй холбоотой олон мэс ажилбар хийлгэсэн, гормон эмчилгээ удаан хугацаанд хийлгэсэн бол хавдар үүсгэх эрсдэлтэй. 

Судалгаагаар, хүний хөхөнцөр вирус хүний биед 20, 30 жил ч амьдардаг. Ингэхдээ шинэчлэгдэж байдаг. Сэдрээх хүчин зүйл гараад ирэхээр хавдар луу шилждэг гэдгийг хэлж буй. 

Умайн хүзүүний хорт хавдартай гэдгээ мэдэхгүй удаан хугацаанд явсаар гэнэт цус алдах эсвэл хэвлийгээр хүчтэй өвдөх, өөр ямар нэг мэс засалд ороход шинжилгээ өгөх зэргээр зорилтот бус байдлаар хожуу шатандаа илэрч байгаа нь харамсалтай. Тиймээс эмэгтэйчүүдийгээ эрүүл мэндээ анхаардаг байгаасай, шинж тэмдэг илрээгүй ч эрт илрүүлэх үзлэгт тогтмол орж байгаарай гэж дахин хэлье. 

Шинж тэмдэг – Эрт оношилгоо

Өөртөө байнга анхаарал тавьдаг байх нь маш чухал. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт жилдээ ядаж нэг удаа үзүүлчихдэг байх хэрэгтэй. Эмч үзээд улайлттай эсвэл шархлаа үүссэн байна эмчилгээ хийлгэ гэж хэлдэг. Гэтэл эмэгтэйчүүд улайлттай гэсээн гээд л яваад байдаг. Улайлт, шархлаа бол эсийн эвдрэл буюу хавдрын дохио өгч буй урьдал өвчин гэдгийг ойлгож анхаарах хэрэгтэй. Эмчлэхгүй яваад байвал хавдар луу шилжинэ хатуухан хэлэхэд. 

Умайн хүзүүний эсийн шинжилгээ

Умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг. Маш энгийн ажиллавар учраас эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрөхгүй, цус алдахгүй. Энэ шинжилгээний аргаар умайн хүзүүний өвчлөл, хавдрыг эрт оношилж илрүүлэх боломжтой юм. 

30-60 насны хооронд 3 жил тутамд энэ шинжилгээг өгөх шаардлагатай. Магадгүй удамд нь умайн хүзүүний хавдрын тохиолдол байгаа бол заавал 30 нас гэхгүй бэлгийн харьцаанд орсон үеэсээтогтмол энэ шинжилгээнд орох ёстой. Уг шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төв, бусад шатлалын бүх эмнэлэгт үнэ төлбөргүй авдаг. 

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.

Хөхний хорт хавдар

Хөх бол маш эмзэг эрхтэн. Хүнд байдаг хамгийн том булчирхайлаг хос эрхтэн. Хөхний хавдар гэхээр зөвхөн эмэгтэй хүний өвчин гэж ойлгож болохгүй. Эрэгтэй хүнд ч ховор тохиолддог. Нэг онцлог нь хөхний хорт хавдар, хөхний өвчлөлөөс тухайн хүн өөрөө бүрэн сэргийлэх боломжтой.  Нэг ёсондоо эмнэлэгт ирж эрт илрүүлэгт орж үзүүлэхээс өмнө хүн өөрөө  хөхөө шалгаж, хянаж байх ёстой юм. 

Сар бүр биеийн юм ирж дууссаны дараа хөхөө өөрөө шалгаж байх ёстой. Хэрэв аль нэг байдлаар эмгэг илэрвэл яаралтай ЭХО-д харуулах эсвэл хөхний рентген шинжилгээ хийлгэх ёстой.

Хөхний хавдарт өртөх эрсдэлт хүмүүс: Хэт оройтож төрөх, цэвэршилтийн нас хойшлох, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл удаан хэрэглэх, дархлаа сул байх, амьдралын буруу хэв маягтай хүмүүс өвдөх эрсдэл ихтэй.

Умайн хүзүүний хавдар дорой буурай оронд их байхад хөхний хавдар өндөр хөгжилтэй орнуудад илүүтэй тохиолддог. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад төрөлт нь орой явагддаг,  дааврын бэлдмэл их хэрэглэдэг зэрэгтэй холбоотой.

Хөхний хавдар нь ойр орчмынхоо эрхтнүүдэд үсэрхийлэл өгдөг. Тиймээс хөхний хавдраар хожуу оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн муу, нас баралтын эрсдэл нэмэгддэг.

Урьдчилан сэргийлэлт

Эмэгтэйчүүд маань хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Хөхний хэлбэр ямар байна, том жижиг байна уу, тэмтэрч үзээд хөхний толгой хэвийн байна уу, арьс нь улайсан байна уу, бэрсүүт жүрж шиг болж уу, дотор нь юу байна, сааж үзэхээр юу гарч байна гээд гэртээ өөрөө хийгээд үзэх боломжтой маш амархан энгийн үзлэг шинжилгээ юм. 

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд сар бүр ингэж шалгаж хэвших хэрэгтэй. Биеийн юм ирэхээс өмнө хөх хөндүүрлэх нь хэвийн үзэгдэл. Харин дууссаны дараа үргэлжлээд хөндүүрлэсээр байвал яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Өөрийгөө л маш сайн анзаарах ёстой.

Эх сурвалж: ЭМЯ - Нэгдүгээрт Эрүүл мэнд

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр