УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор бөөрний чулуу үүсэх шалтгаан болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар дараах зөвлөгөөг өгөв.
Бөөр шээсний замын чулуужих өвчин
Бөөр чулуужих өвчин удамшдаггүй, халдварт өвчин ч биш. Тухайн хүн өөртөө 100 хувь механикаар үүсгэдэг өвчин. Өөрөөр хэлбэл, бөөр чулуужих үндсэн шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, хооллолт. Мөн бөөр шээсний замын үрэвсэлт өвчнөөр байнга өвдөх нь бөөр чулуужихад нөлөөлдөг.
Бөөр нь хүний биеэс ялгах бүх шингэнийг шүүдэг. Уг ялгарч буй шингэн болох шээсэн дотор химийн олон төрлийн элемент хуримтлагдсаар чулуу үүсдэг гэж энгийнээр тайлбарлаж болно. Чулуу нь бөөрний аль нэг аяганд үүссэн байх бөгөөд хүмүүс тэр бүр мэддэггүй. Ямар нэг тохиолдлоор бөөр доргих юмуу, нэг дор их хэмжээний шингэн уух, ялангуяа шар айраг ихээр уух үед чулуу унадаг.
Чулуу нь унасан тохиолдолд маш хүчтэй тэсэхийн аргагүй өвдөлт өгч эмнэлэгт ханддаг. Бөөрний чулуу унасан тохиолдлын 50 хувьд нь яаралтай мэс засал хийх, үлдсэн 50 хувьд нь чулууны хэмжээнээс хамаарч эмийн эмчилгээ хийдэг.
Бөөрөнд их хэмжээний ачаалал өгөх өөр нэг шалтгаан бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэт хэрэглээ. Сүүлийн жилүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэр төрөл ч нэмэгдэж, иргэд дур мэдэн витамин C, нэмэлт бэлдмэлүүдийг дархлаагаа дэмжих зорилгоор ихээр ууж хэрэглэх болсон. Хэтрүүлэн хэрэглэсэн бүхэн хор гэдгийг анхаарах хэрэгтэй. Кальци хэвийн байхад нэмэлтээр уугаад л байвал энэ тэнд яс ургадагтай л адил юм. Өндөр тунтай витамин C зэргийг хэрэглэх нь бөөр чулуужихад нөлөөлдөг.
Бөөр чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол шингэн юмыг зөв уух. Өөрийн кг жинд тааруулж өдөрт уух усны хэмжээгээ тооцоолно. Тэгээд нэг дор ихээр биш бага багаар уух нь зүйтэй. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг багасгах, эмчийн заавраар шинжилгээний хариунд суурилж зохих тунгаар уух, дарсан өргөст хэмх, хиам гэх мэт хурдан боловсруулдаг, химийн найрлагатай удаан хадгалах бодис агуулсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Гэртээ бэлдэж хийдэг хоолны цэсээ өөрчилж, баяжуулан мах ногооны хэрэглээгээ тохируулах гэх мэт зөв хооллолттой байх нь чухал юм.
45-аас дээш насны эрэгтэйчүүдэд бөөр шээсний замын чулуужих өвчин болон түрүү булчирхайн хортой, хоргүй томрол ихээр тохиолддог. Тиймээс цаг тухайд нь урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд ялангуяа 2021 оноос хойш бөөрний хорт хавдар болон бөөр шээсний замын чулуужих өвчний хагалгааны тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгааг онцлов.