2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Өрхийн сувилагч Д.Цэвэгжав: Ядарсан ч шинэ зүйл сурах бүрдээ ажилдаа улам дурладаг

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 11

БЗД-ийн IX хорооны “Энх-Энэрэл” ӨЭМТ-ийн сувилагч Д.Цэвэгжав: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул иргэн. Анагаах ухааны дунд сургуулийг Эх барих бага эмчийн мэргэжлээр төгсөөд сумандаа багийн эмч, салбарын эрхлэгч, эх баригч, статистикч бага эмчээр 32 жил ажилласан. Амьдралын шаардлагаар, хүүхэд нь оюутан болоод 2010 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 2014 оноос БЗД-ийн 09-р хорооны "Энх-Энэрэл" өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн сувилагчаар мэргэшин ажиллаж байна.

Өрхийн эмнэлгийн хаалгаар хэн ч хэзээ ч орж ирсэн эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлдэг 

Өрхийн эмнэлэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны байгууллага. Манай хаалгаар хэл ус, гарал угсаа, нас хүйс үл хамааран ямар ч хүн орж ирсэн бид тэр хүнд эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлдэг. Мөн айлд очиж тусламж үйлчилгээ үзүүлнэ.. Би салбартаа хүүхэд хариуцсан сувилагчаар ажиллаж байна. Дөнгөж төрсөн нярай гэртээ гараад эхний 72 цагийн дотор эргэлт хийхээс эхлэн хоёр сар бүрд нь хэмжилт хийж, өсөлт бойжилт, хооллолт нь ямар байгааг хянана. Вакцинжуулалтыг нь цаг тухай бүрд нь хийнэ. Суурь өвчтэй болох, тэжээлийн доройтолтой болох, жин нь алдагдах гэх мэт асуудал үүсгэхгүй эрүүл саруул өсгөн бойжуулахад эх, эмч, сувилагч, бидний хоорондын уялдаа холбоо их чухал. Өрхийн оршин суугчид, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л хүнийг өөрийн хүүхэд, гэр бүлийн хүн мэт л анхаарч сувилдаг даа. Одоо ч бүр гудамж, хаалгыг нь андахгүй болжээ.

Өрхийн сувилагч 2000 хүний эрүүл мэндийг хариуцдаг 

Статистик тоогоор манай хороонд 13 мянган хүн амьдардаг бөгөөд хөдөлгөөнт 2-3 мянган хүнтэй гэж үздэг. Нийтдээ 15 мянга орчим хүнд бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өрхийн эмнэлгийн нэг сувилагч, нэг эмч хамгийн ихдээ 2000 хүнд үйлчлэх стандарт бий. Одоо бол 2300 гаруй хүнд хүрч ажиллаж байна.

Ядарсан ч шинэ зүйл сурах бүрдээ ажилдаа улам дурладаг

Өрхийн гэлтгүй бүхий л эрүүл мэндийн байгууллагад сувилагчийн хомсдолтой байгаа. Тиймээс бүгд ачаалалтай ажиллаж байна. Гэхдээ ачаалал даана гэдэг хүн бүрд харилцан адилгүй асуудал байх. “Сайн удирдаж зохион байгуулдаг дарга, эвсэг хамт олон, багаар ажиллах чадвар” нь ажлын ачааллыг хөнгөрүүлэхэд нөлөөлдөг. Манай хамт олон яг л нэг гэр бүл шиг ажилладаг. Ковидын үед 60 хувийн ажилчдын бүрэлдэхүүнтэй, хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байсан ч бүх боломжоороо нэг нэгнийхээ дутууг нөхөж ажилласан. Нөгөөтэйгүүр ажилтнаа удаан хугацаагаар, тогтвортой ажиллуулахад байгууллагын зүгээс ажилчдын боловсролд анхаарах хэрэгтэй юм билээ. Би өрхийн эмнэлэгт мэргэшин ажиллах хугацаандаа маш их зүйл сурсан. Тэр хэрээр ажилдаа дуртай болж, урамтай ажилладаг болсон. Ямар ч ачаалал байсан даваад гардаг, манай багийхан маш сайн мэргэшсэн. Эмч хүрэлцэхгүй байсан ч сувилагч тэрийг нь хийж гүйцэтгэж чаддаг болсон байна.

Төрсөн цагаас эхлэн насан туршид эрүүл мэндэд тань анхаардаг газар бол ӨЭМТ

Хүүхдээр жишээ аваад ярихад төрсөн цагаас нь насан туршид нь эрүүл мэндийн байдалд нь тасралтгүй анхаарч, тусламж үйлчилгээ үзүүлж, байнгын холбоотой, хяналт тавьж ажилладагт ӨЭМТ-ийн онцлог оршино. Нярайн асаргаа ийм байна, ийм амин дэм, тийм дархлаажуулалт, хооллолттой байна. Насанд хүрлээ гэхэд тийм урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээндээ ороорой, одоо яаж байна, яахаар байна гээд л иргэдтэйгээ байнгын холбоотой байж эрүүл мэндэд нь санаа тавидаг газар. Бусад эмнэлэгт магадгүй 10 хоног хэвтэж эмчлүүллээ гэж бодоход эмнэлгээс гарсан бол тэгээд л тэр хүнийг дахиж анхаарахгүй. Өрхийн эмнэлэг бол хүүхдийн тань гурван сар, 9 сартай вакцин хийлгэх боллоо, нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийг сарын тэмдэг чинь ирж байна уу, жирэмснээс сэргийлэх арга хэмжээ авхуулаарай, яаж байна, ирж үзүүлээрэй гээд л байнга ярина. Ахмад настангуудаа эргэнэ. Эрүүл мэндийн бүлэгт нь хуваагаад стандартаараа хянана. Хүний хараат болсон хүнд үс толгойг нь самнаж өгнө, цооролт үүссэн бол угааж арчиж тос түрхэж өгнө, хөл нь өвддөг хүн байвал массаж, шарлага хийж өгнө. Гэх мэт тэр хүнд шаардлагатай бүхий л асаргаа, сувилгааг хийдэг.

Муу л юм болбол хойд хар овоохой... 

Иргэдийн хувьд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлье гэвэл нэг үеэ бодоход мэдээллийн сувгууд нээлттэй болсон. Гэсэн ч тэр бүр эрүүл мэнддээ анхаарахгүй, энэ талын мэдлэг боловсрол тааруухан хэвээр л байгаа ажиглагддаг. Манай ӨЭМТ гэр хороололд байдаг учраас амьдралын дундаж түвшнээс доогуур иргэд нэлээдгүй бий. Бололцоотой, боломжтой хүмүүс бол хувийн эмнэлгээр яваад өгдөг. Манайд харин эм байтугай өнөөдрийн хоолоо яаж болгох вэ гэсэн хүмүүс их. Бухимдахгүй байхын ч аргагүй болов уу ч гэж бодно. Дараагийн шатлалын эмнэлгээр очиж эмчлүүлээрэй гээд явуулахаар орны ачаалалтай байна. Тал тал тийшээ явууллаа, хүндрүүлээ, хүлээлгэлээ, энэ эм чинь үнэтэй байна гэж уурлаад бид нарт л бухимдлаа гаргадаг. Тэр бүрд бид бухимдлыг нь тайлна, тайвшруулна. Уг нь бид ч бас хүмүүс шүү дээ. Өрхийнхөн та нар ийм тийм гээд л хүмүүс бүх л бухимдлаа бидэнд гаргадаг. Муу л юм болбол хойд хар овоохой гэдэг шиг л. Гэлээ гэхдээ ажил мэргэжил минь учраас тэр бүхнийг даагаад л ажилладаг даа.

Ажил минь миний хобби 

Мэргэжилдээ сонирхолтой, хүмүүст туслахыг хүсдэг учраас насаараа л ажиллахыг зорьж явна. Ажил маань миний хобби болжээ. Сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа л их урамтай байдаг. Ажил хийхийн хэрээр дуртай болж, дадлагажуулаад сургаад, шинэ зүйл сурахаар түүндээ урамшдаг. Хөдөлмөрийг минь бас сайхан үнэлдэг болохоор үргэлжлүүлээд л ажиллаад явна. Бас болоогүй 2019 онд Дүүргийн тэргүүний өрхийн сувилагч болсон. Жил бүр л шагнал авдаг. Үүнээсээ их урам авдаг. Хэчнээн нас явж байгаа ч гэртээ хэвтээд байхыг би хүсдэггүй. Ялангуяа сувилахуйн мэргэжил гэдэг маш сайхан. Тухайн хүний биеийг нь илж, сэтгэлийг нь сонсож, эмчилж эрүүлжүүлэн тусламж үйлчилгээ үзүүлдэг тэр ч утгаараа хүнтэй хамгийн ойроос харьцдаг, халуун дулаан мэргэжил.

Өрхийн эмнэлэгт хэрэгжүүлэхийг хүсдэг өөрчлөлт 

Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын байр сав, орчин жижигхэн. Иргэд үүнийг хэлүүлэлтгүй мэдэх байх. 15 мянган хүнд үйлчилдэг манай төв гэхэд хоёр давхар жижигхэн байранд бий. Тиймээс барилга байшинд нь анхаарах хэрэгтэй гэж боддог. Анх өрхөд ажиллаж байхад түргэний унаа байхгүй эмчтэйгээ хоёулаа сугадалцаад айлуудаар явдаг. Нохойд хөөгдөх, халуунд нь халж, хүйтэнд нь хөрөөд л явдаг байсан. Одоо бол өрхийн эрүүл мэндийн төв нэг цаг үеэ бодоход хурдан хугацаанд хөгжиж хангамж, бололцоо нь ч сайжирч байна. Тоног төхөөрөмжөөр хангаж, эмчилгээ үйлчилгээ нь төрөлжиж олширч байгаа нь олзуурхууштай.

Таны эрүүл мэнд таны гарт 

Хүүхэд байх үеэс нь л эрүүл мэндэд нь анхаарч зөв дадалд сургаарай. Хүүхдээ эрүүл саруул байлгая гэвэл дөнгөж төрсөн цагаас нь эхлээд л вакцинжуулалт, хооллолтонд нь анхаарах хэрэгтэй. Бага насанд нь дархлааг нь сайн байлгаж, элдэв халдварт, халдварт бус өвчинд өртүүлэхгүй сайн өсгөж бойжуулж гэмээнэ насан туршдаа зөв дадалтай, эрүүл амьдарна шүү дээ. Энэ бүгдэд тусалж дэмжих гэж өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч бид ажиллаж байна. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө үргэлж холбоотой байж хэлсэн ярьсан зүйлийг хэрэгжүүлж байгаасай гэж хүсье. Иргэд өвчин зовлонгүй, эрүүл саруул, аз жаргалтай байвал бидний ажлын үнэ цэн түүгээр хэмжигдэнэ. Таны эрүүл мэнд таны гарт л байгаа шүү дээ. Бид хэчнээн хэлж зөвөлж тусалж, шаардлагатай арга хэмжээ авсан ч та өөрийн биедээ хүнийх юм шиг харьцвал өвчний уурхай л болж дуусна. Тиймээс бусдаас бурууг хайх биш эхлээд өөртөө анхаарч, өөрийгөө хайрладаг байгаасай.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө