Гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй
Дэлхийн нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорио зэрэг нөхцөл байдлын улмаас сүүлийн 2-3 жилийн хугацаанд нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өсчээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Нойрны чанар муудаж, унтсан ч амарсан мэдрэмж авахгүй байх, ядрах зэрэг нь өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, харилцаа гээд бүхий л зүйлд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нойрны тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Сэтгэл зүйн шалтгаант нойргүйдэл түгээмэл тохиолдож байна
Хүн амрах ёстой биологийн цагаараа унтаж амарч чадаагүйн улмаас хөдөлмөрийн бүтээмж буурах, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болох зэрэг олон бүлэг шинжээр илэрдэг үзэгдлийг "нойргүйдэл" гэдэг.
Нойргүйдлийн шалтгаан маш олон янз. Үүний нэг хэлбэр нь сэтгэл зүйн шалтгаан байна. Унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, өглөө сэрэхэд сэтгэл түгшсэн байдалтай сэрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Хийж дуусгаагүй ажил, ямар нэгэн зүйлд санаа зовниж байгаа нь сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдлийн хэлбэр юм. Сүүлийн үед сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдэл хүмүүсийн дунд нэлээн их тохиолдох болсон.
Мөн биологийн, бие физиологийн талаасаа, ямар нэг механик гэмтэл, зан үйлийн шинж чанартай холбоотойгоор нойргүйдэл үүсэж болно. Тухайлбал, унтах орчноо зориулалтын бус байдлаар ашиглах буюу орондоо орчихоод дэлгэц ширтэх, юм үзэх, ном унших зэрэг нь нойргүйдлийг дэмжиж буй буруу үйлдэл.
Тэгэхээр юуны өмнө нойргүйдлийнхээ шалтгааныг олох нь чухал. Хүмүүс ихэнхдээ нойрны эмгэг гэж бие даасан тусдаа зүйл гэж ойлгодог. Гэтэл нойргүйдэлд ямар нэгэн зүйл хүргэж байдаг. Шалтгааныг зөв олж илрүүлэхгүй бол нойргүйдлийг шийдэж чадахгүй.
Сэтгэл зүйн асуудал стрессийг үл тоох нь нойрны хямралыг улам бүр даамжруулдаг
Зарим хүмүүс сэтгэл зүйн асуудал, стресс, таагүй байдлаа өдөр бүр л тохиолддог зүйл гэж ойлгоод шийдэх гэж ч оролддоггүй. Багаасаа л нойр муутай байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь сэтгэл зүйн өөрчлөлт, сөрөг сэтгэл хөдлөл, гутрал, сэтгэл түгшил далд хэлбэрээр явагдаж, үүнийг тархи нь шийдэх гээд ажлаад, амарч чаддаггүй байж болно. Тархи гэдэг эрхтэн өөрийгөө хамгаалах, аюулгүй байлгах, тэтгэх, тайвшруулж, амраах зорилгоор ажилладаг онцлогтой. Харин ямар нэг аюултай шинж мэдрэгдээд л байвал өөрийгөө хамгаалж чадахгүй, унтсан ч өнөөх асуудлаа шийдэх гээд амарч чадахгүй. Тиймээс тухайн сэтгэл зүйн асуудлаа бодитоор ойлгож, хүлээн зөвшөөрч, зарим зүйл дээр нь эвлэрч, бууж өгөх байдлаар шийдэх гэж оролдох хэрэгтэй. Хэвийн үзэгдэл мэтээр явсаар л байвал нойрны хямрал үргэлжилж улам даамжрах болно.
Нойрны хямралтай хүний ой тогтоолт, хөдөлмөрийн бүтээмж муудаж, аливаад өнгөц дүгнэлт хийдэг
Нойрны хямралтай, асуудалтай хүн сөрөг сэтгэл хөдлөлд илүүтэй автдаг. Амархан уурлах, амархан гомдох, өмнө нь тэвчээд өнгөрч чаддаг байсан зүйлээ тэвчихгүй уураа барьж дийлэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч цаашлаад анхаарал, ой тогтоолт, муудаж, илүү мартамхай, өнгөцхөн дүгнэлт хийдэг болдог. Үүнийг хажууд байгаа хүмүүс нь, өөрөө ч анзаарч мэдэх боломжтой.
Сэтгэл хөдлөл, үйлдлийн түвшинд ямар нэгэн байдлаар бүтээмж буурч, сөрөг сэтгэл хөдлөлтэй болсон л бол нойрны хэмнэлээ анзаараарай.
Хүмүүс ихэвчлэн тухайн мөчдөө л сэтгэх гээд байдаг. Өнөөдөртөө, хоёр хоногтоо нойргүй хоноод ч хамаагүй энэ ажлыг амжуулчихвал дараа нь нөхөөд амарчихна гэдэг. Гэтэл өнөөдрийн алдсан хоёр хоногийн нойрыг дараагийн 10 хоногийн нойр нөхөж дийлдэггүй. Тухайн өдрийн нойрыг тэр өдөртөө л авах ёстой.
Нойрны хямралын сөрөг нөлөө удаж байж илэрдэг. Тухайн үедээ гайгүй юм шиг яваад байх боловч нэг мэдэхэд энэ байдалтайгаа 5, 10 жил явчихсан, ямар ч бүтээмжгүй, бухимдуу, ууртай, хүлээцгүй, тэвчээргүй нэгэн болж хувирсан байдаг.
Нойрны асуудлаа шийдэхийн тулд шалтгаанаа зөв ойлгож таних нь чухал
Нойргүйдэлд хүргэж буй асуудлын шалтгаанаа өөрөө зөв ойлгож таниад амарч чадаж байвал даван гарч чадна. Бүх хүнийг толгой дараалан мэргэжлийн эмчид ханд гэж хэлэх нь өрөөсгөл. Харин удаан хугацааны нойргүйдэлтэй, өөрөө үнэхээр хичээгээд ч, янз бүрийн арга хэрэглээд ч мухардсан бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Дараах дэглэм, зарчмуудыг мөрдөөд өөрийгөө анзаарч сурснаар урт хугацааны нойргүйдэл үүсэхээс сэргийлж чадна.
1.Унтах цагтаа унтдаг байх,
2. Хоногт 6-8 цагийн нойроо бүтэн авах,
3.Унтаад сэрсний дараа бие, сэтгэл зүйн хувьд амраагүй юм шиг мэдрэмж төрж байна уу гэдгээ анзаарч мэдрэх.
Эдгээрийг өглөө бүр өөрөөсөө асууж, анзаараад тухай бүрд нь шийдээд явбал урт хугацааны нойргүйдлээс сэргийлж чадна.
Нойргүйдлийн талаарх илүү дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.