2024/09/08. Ням гараг Дугаар: #3125

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Өөрийн давуу, сул тал, сэтгэл зүйн онцлогоо танин мэдэхэд DISC зан үйлийн сорил хамгийн үр дүнтэй

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 26

Сүүлийн үед хүүхэд залуус, насанд хүрэгчид хэн хүнгүй өөрийгөө бүрэн таньж мэдэх, сэтгэл зүйн онцлог шинж, давуу, сул талаа мэдэх, мэргэжил сонголт, карьераа хэрхэн зөв тодорхойлох талаар эрэл хайгуул хийдэг болсон. Хүүхдийн онцлогийг тодорхойлох сэтгэл зүйн олон ч тест бий. Тэгвэл энэ удаа DISC зан үйлийн оношилгоо, сургалтаар долоо дахь жилдээ мэргэшин ажиллаж буй personal coach Чулуунбатын Гансүхтэй уг сорилын онцлог, давуу тал, ач холбогдол, амьдралдаа хэрэглэх арга барилын талаар ярилцлаа. 

DISC хувь хүний зан төлвийн оношилгооны загварчлал хэзээ орчин үед бий болсон талаар та эхлээд хэлж өгөөч? 

АНУ-ын сэтгэл зүйч William Moulton Marston нь анх Харвардын их сургуульд тестийн гол загварыг хөгжүүлсэн хүн. Ер нь эрт дээр үед ч гэсэн “хүнийг яаж тодорхойлох юм бэ” гэдэг асуулт байсаар ирсэн. Тухайлбал, Грекийн ахуй соёлд цус бүлэгнэх юм бол энэ ийм хүн гэх мэтээр ямар нэг хэлбэрээр тодорхойлох гэж оролдож байсан. Харин 19-р зууны эхэн үед Уильям Марстон нь энэхүү зан төлөвийн тодорхойлолтыг дөрвөн хэмжээсээр гаргаж ирсэн нь DISC personality test юм.

Үүнтэй адил бусад бүх сэтгэл зүйн сорилд онцлог хэв шинжүүд бий. Зарим нэг сорилд дотогшоо /introvert/, гадагш/extrovert/ чиглэсэн темпраментаар хэмждэг бол DISC нь зан үйлийг хэмждэг бөгөөд ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалан дарамт шахалт ирэх үед тухайн хүний төрөлхийн зан үйл гарч ирдэг. Үүнийг нь тестээр илрүүлэн тайлбарладаг гэдгээрээ онцлог. 

Тэгэхээр хүмүүсийг дөрвөн хэв шинжид хуваан үздэг гэсэн үг үү? 

Бие хүнийг бүхэлд нь уншиж тодорхойлдог тест гэж дэлхийн хаана ч байхгүй. Тодорхой хэмжээгээр л тодорхойлох боломжтой. Үүнийг ялгаж салгаж ойлгох нь чухал. 

DISC сорил нь 4 хэв шинжээсээ хосолсон, гурвалсан гэж задарч нийт 100 гаруй болж тайлбарлагддаг учраас тухайн хүний зан үйлийн оношилгоо илүү нарийн гарч ирдэг.

Гэхдээ DISC personality test –ээр ч бие хүнийг бүрэн тодорхойлох боломжгүй. Мөсөн уулаар төсөөлөх юм бол зан үйл нь зөвхөн ил гарсан оргил нь. Ил харагдахгүй доод хэсэгт нь тэр хүний хандлага, ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил зэрэг байгаа. Энэ бүгд бүрэлдэж байж “Бие хүн” болно.

D,I,S,C хэмжээс дөрвүүлээ хүнд байдаг. Гэхдээ аль нэг нь илүү өндөр байж болно. Тэр нь муу гэсэн үг биш. Нөгөө талаасаа давуу талтай, бас эрсдэлтэй шинж ч байж болно. Тэгэхээр энэ оношилгоогоор өөрийгөө тодорхойлсноор бүх талаа мэдэх боломжтой. Ингэснээр хүн хоорондоо хамтарч ажиллахад илүү тусалдаг.

Жишээлбэл: D/dominance-давамгайлах/ төрлийн хүн маш шийдэмгий, өөрийнхөөрөө байдаг нь ямар нэг тэмцээнд оролцоход “Заавал ялна шүү” гэсэн зан үйлтэй байдаг бол, I/influence-нөлөөлөх/ өндөртэй хүн “Багаараа сайхан тоглъё, хөгжилтэй байя” гэдэг ч юм уу, S/steadiness-тогтвортой/ төрлийн хүн “Заавал хожих, ялах албагүй шүү дээ, нэгнээ гэмтээхгүй байх нь чухал” гэж аюулгүй байдлыг  чухалчилдаг бол C/conscientiousness-хянамгай/ төрлийн хүн хянамгай, юмыг маш чанартай хийх ёстой гэж үздэг. Эдгээр зан үйл нь өдөөгч хүчин зүйлийн нөлөөгөөр ухамсаргүйгээр гарч ирдэг гэж ойлгож болно.

Зан үйл төрөлхийн үү эсвэл орчноосоо хамааралтайгаар бий болдог уу? DISC сорилоор хүн өөрөө анзаараагүй байдаг зан үйлийг нь илрүүлж гаргаж өгдөг гэж ойлгож болох уу? 

Хоёр хэлбэртэй байж болно. Эхнийх нь төрөлхийн байх боломжтой. Аав, ээжээсээ генээр дамжин авсан. Эсвэл олдмол байж болно. Тухайлбал, айлын ууган хүүхэд ихэнхдээ D өндөртэй буюу удирдах хандлагатай байдаг гэж бодож болох ч зарим тохиолдолд буюу олдмол байдлаар энэ зан үйл нь өөрчлөгддөг.

Эмээ, өвөө дээрээ өссөн ч юм уу, өмнөөс нь шийдвэр гаргадаг орчинд өссөн бол D шинж нь багасдаг. Амьдралын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ингэж өөрчлөгдөж болно. Гэхдээ байгалиас, эсвэл багадаа олдмол байдлаар зан үйл нь бий болсон ч насанд хүрсэн хойноо бүр мөсөн өөрчлөгддөггүй. Зан үйлдэлд ямар нэг дарамт ирэх үед ухамсаргүйгээр гарч ирдэг зүйлийг DISC хэмжээд байгаа юм. Яг дарамт ирэх үед л ингэж ханддаг бол энэ хүн ер нь л ийм хандлагатай гэсэн зураглал гардаг.

DISC-ийн ач холбогдол, энэ дөрвөн хэмжээсийг хэрхэн хэмждэг талаар та жишээгээр тайлбарлаач? 

DISC-ийн 28 асуулт, сэтгэл хөдлөлийн 60 асуултанд хариулна. Сэтгэл хөдлөл  нь сүүлд гарч ирсэн тав дахь хэмжүүр юм. Учир нь D,I, S,C хэмжээсийг сэтгэл хөдлөл бүр хүчтэй болгодог. D төрлийн тэгээд сэтгэл хөдлөл өндөртэй байвал маш ихээр уурладаг, огцом уурлах магадлалтай, эсвэл сэтгэл хөдлөл нь бага байвал уураа огцом илэрхийлэхгүй, гэхдээ өөрийн байр сууриндаа хатуу зогсох төрлийн D байж болно гэх зэргээр сэтгэл хөдлөлийн хувьд ялгаатайгаар тодорхойлдог.  

Эдгээр зан үйлийн хэмжээсүүд дунд сайн, муу тал гэж байхгүй. Тухайн нөхцөл байдлаас хамаарч ямар хэв шинжийг илүү гаргавал үр дүнтэй вэ гэдгийг нь л тодорхойлж өгдөг. 

Спортын уралдаан тэмцээнд орж буй баг тамирчдад ялах хэрэгцээ байгаа шүү дээ. Магадгүй тухайн багийн ахлагч нь хэн байвал зохистойг уг сорилоор мэдэж болно. S өндөртэй хүмүүс найр тавих магадлалтай байдаг. Гэтэл багийн гишүүд нь “энэ хүртэл явчихсан юм чинь ялмаар байна” гэсэн хүсэлтэй байвал тэнд багийн ажиллагаа жигдрэхгүй. Харин D өндөртэй хүн “заавал ялна” гэсэн эрс шийдэмгий тул амжилт гаргах илүү магадлалтай. Ийм хүнээр багаа ахлуулбал илүү давуу тал бий болно гэсэн үг. Эсэргээрээ тэмцээн уралдаан биш өөр зүйл дээр D өндөртэй хүн нь ахлаад “би ялна” гээд байх нь зөв үү үгүй юу. Магадгүй илүү нухацтай S төрлийн хүнийг сонговол давуу тал бий болох боломжтой гэдэг ч юм уу. Нөхцөл байдалд яаж ухаалаг, зөвөөр, зүй зохистой өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, бусдад яаж тааруулах вэ гэдэгт суралцдаг. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй талаа давуу тал болгож чадна. Давуу тал нь зарим тохиолдол эрсдэл үүсгэж ч болно гэдгийг мэдэж авна.  

DISC оношилгоог хэн хийх вэ? Тухайн хүн сорилын асуултуудад хариулаад өөрийгөө тодорхойлчих юм уу? 

Мэргэжлийн сэтгэл зүйч, эсвэл оношилгооны нарийн сургалтад сууж мэргэшсэн хүнээр тайлбарлуулах нь зүйтэй. Тухайн хүн өөрөө сорилыг бөглөөд тайлбараа уншаад өнгөрчихөж болно л доо. Гэхдээ өөртөө нааж хүлээж авдаггүй.  Харин хэн нэгэн хүн тайлбарлаж өгвөл илүү хүлээж авч хэрэгжүүлдэг. Тиймээс манай төв Сингапурын DISCasiaPlus байгууллагын албан ёсны эрхийг авч Монголд уг сорилыг хийхээс гадна энэ чиглэлээр дагнан көүч бэлдэж байна. 

Сорилын асуултад хариулж байх үеийн сэтгэл хөдлөл, байр байдал үр дүнд нөлөөлөх үү?

Сэтгэцийн эмгэгтэй хүнд үр дүн буруу гарах нь бий. Нөгөө талаасаа сэтгэцийн эмгэгтэй хүн дээр энэ оношилгоог хэмждэггүй. Асуултууд нь “намайг хамгийн их ба хамгийн бага тодорхойлох” гэсэн агуулгатай, зүрхний цохилт шиг зураглалтай гардаг. Насанд хүрэгчдийн хувьд тухайн үеийн сэтгэл зүйгээс хамаарсан алдаатай бөглөх байдал гардаггүй. Асуулт нь тийм нөлөөлөл үзүүлэхүйц биш гэсэн үг. Харин хүүхдүүд шалгалт өгч байгаа юм шиг санаад хамгийн зөв хариултыг нь сонгох гээд байдаг талтай. Асуултын хариунд зөв, буруу гэсэн зүйл байхгүй гэдгийг тодотгон хэлье.

Сул тал, давуу тал, эрсдэл гэх мэт зүйлсийг графикаар гаргаж ирдэг гэж байна. Үүнийг мэдсэнээр хүн өөрийн зан үйлээ удирдаж, ухамсартайгаар хянах боломжтой болох уу? 

Манайд DISC оношилгоонд орж, сургалтад суусан нэг үйлчлүүлэгч хэлж байсан юм. Тэрбээр, S төрлийн хэмжээс өндөртэй буюу тогтвортой, өөртөө ачаалал үүсгэдэг төрлийн хүн гэсэн үр дүн гарч ирсэн. Тэгээд өөрийн зан үйлийн талаар мэдэж авснаар “үгүй” гэж хэлж сурсан гэдгээ илэрхийлсэн. Ажлын байран дээр хүмүүс энийг хийгээд өгөөч, тэгээд өгөөч гэх үед S төрлийн хүн татгалзаж чаддаггүй байсан бол өөрийн сул талаа мэдэж авснаар зарим тохиолдолд “үгүй” гэж хэлэх нь зөв хэмээн өөртөө илүү итгэлтэй болсон байсан. Тэгэхээр сул талаа мэдэх нь ухамсаргүйгээр үйлддэг байсан зан үйлээ, ухамсартайгаар хянахад тусалдаг гэсэн үг юм.

Нөгөөтээгүүр S төрлийн хүний давуу тал нь тогтвортой байж болох ч, аюулгүй байдлыг чухалчилдаг тул зоримог шийдвэр гаргахдаа сул. Тэгвэл зарим нөхцөл байдалд эрсдэл үүрээд зоригтой алхам хийж болно шүү гэдгийг сорилоор мэдэж авсан. Ийм байдлаар оношилгоонд орсон хүмүүсийн шийдвэр гаргах үйл явцад нь маш их өөрчлөлт өгдөг гэдгийг эндээс харж болохоор.

Хүмүүсийн онцлогт тааруулан ажлыг нь өгөхгүй байвал ажлын бүтээмж гардаггүйтэй адил. Дотогшоо чиглэсэн хүн байхад боруулалт хий, гадуур яв, олон нийттэй харилц гээд байвал ажлын бүтээмж гарахгүй шүү дээ. Тэгэхээр DISC нь ажил мэргэжлээ сонгох, өөрийн онцлогт тохирсон зөв ажлаа хийх, өөрийгөө болон байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй оношилгоо болдог.

Тэгэхээр өөрийн онцлогоо улам тодруулан, хөгжүүлж болох нь ээ? 

Хүн өөрийгөө таньж мэдэх болон өөрийгөө бүтээх явдал хоёул чухал. Хаана байгаагаа мэдээд, чиглэлээ олж чадвал өөрийгөө хөгжүүлж чадна гэсэн үг. Гэтэл нөлөөлөгчид, көүч, менторуудын гаргадаг түгээмэл нэг алдаа нь тухайн хүнийг хаана явж байгааг тодорхойлохгүйгээр “чи өдөрт 1000 үг цээжил, тэдэн ном унш, өөрийгөө сорь, тэмц” гэж хүчилдэг. Нөгөө хүнээ таньж мэдэх ямар ч алхам хийгээгүй, онцлогийг нь мэдэхгүйгээр ингэж чиглүүлэх нь буруу зам руу хөтлөх эрсдэлтэй шүү дээ.

Хаана байгаагаа мэдсэн хүн өөрийгөө хэрхэн бүтээх алхмаа зөв хийнэ. 

Байгаа мөн чанар өөрчлөгдөхгүй ч юунд үгүй гэж хэлэх үү, хэзээ ямар тохиолдолд ямар шийдвэр гаргах вэ гэдэг тал дээр өөрийгөө хөгжүүлэх арга замаа тодорхой мэдэж, сэтгэлийн дархлаатай болдог.

Тэгвэл эсэргээрээ би угаасаа л D илүү төрлийн хүн гэх мэтээр бас хайрцлагдах талтай байж мэдэх. “Энэ угаасаа л ингэж ажилладаг, үүнийг л хийлгэе, тэрийг угаасаа чадахгүй” гэдэг ч юм уу? 

Хүн өөрт нь тохирсон ажлыг өгөх тусам урам зоригтой хийдэг. Байгууллагын удирдлага, хүний нөөцөд гардаг нэг асуудал нь ажилтандаа “чиний дуртай дургүй хамаагүй энийг хий” гэж тулгадаг байдал. Энэ тохиолдолд бүтээмж буурдаг. Харин ажилтныхаа зан үйл, хэв шинжийн онцлогийг нь таньж мэдсэнээр илүү бүтээмжтэй ажиллуулж чадна. Тэгэхээр  ажил үүргийн хуваарийн үүднээс яг тохирсон ажлыг нь өгөх боломжгүй байсан ч тодорхой хэмжээгээр уян хатан ажлын байрыг бий болгоход DISC эерэгээр нөлөөлнө. Таны хэлдгээр хайрцаглагдах гээд байдаг тал нь гэвэл DISC-ийг бүрэн гүйцэд ойлгоогүй хүмүүст илүүтэй ажиглагддаг.

Хэн ч DISC оношилгоо хийлгэж болох уу?

Болно. Өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт хийхдээ үүнийг ашиглах нь үр дүнтэй байдаг бол залуусын хувьд карьер хөгжлөө тодорхойлж аль салбарт ажиллахаа шийдэх, ямар амжилт гаргаж болох эсэхээ мэдэхэд эерэгээр нөлөөлнө. Мөн байгууллагуудын хүний нөөц болон илүүтэй хүмүүстэй ажилладаг багш гэх мэт, багийн ажиллагаа, спортын тамирчдад хийхэд ч үр дүнтэй.

Хосуудад бас үр дүн сайн гардаг. Хосын харилцааны нэг том асуудал нь өөрсдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх эсэх байдаг. Хөндлөнгийн хүн шинжлэх ухааны үндэслэлтэй үүнийг нь тайлбарлаад, төрөлх мөн чанарыг нь хэлээд өгөхөөр засах гэж хүчлэхгүйгээр хүлээн зөвшөөрөхөд нь тусалдаг.

Манай төв DISC сорил болон сургалтыг тодорхой давтамжтай явуулж байгаа. Оношилгооны энэ намрын сургалтаа 2024 оны 09-р сарын 12-13 зарласан байгаа. Харин хувь хүмүүс хүссэн үедээ хэзээд ч сорил хийлгэх боломжтой.  

Сургалтын талаарх мэдээлэл болон бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хөгжмийн зэмсгээр тоглох нь хүүхдийн тоо бодох чадварыг сайжруулан, сурлагад сайнаар нөлөөлдөг

Хөгжим хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг талаар эцэг эхэд зориулсан Доктор Ибрахим Балтагийн мини хичээл, хүүхдэд хөгжим сонсгохын ач тусын талаар НҮБ-ын Хүүхдийн Сан-аас дараах зөвлөгөөг хүргэж байна. Эхийн хэвлийд байгаа урагт хөгжим... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

"СУРГУУЛЬ РУУГАА ХАМТДАА" ИЛ ЗАХИДЛЫГ ААВУУД ХҮҮХДЭДЭЭ ИЛГЭЭЛЭЭ

Хүүхэд багачууд, оюутан залуусын хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэлээ. Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 2451 боловсролын байгууллагад нийт 1.294.800 суралцагч хамрагдаж байгаа юм. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 02

Санал болгох

Скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байна. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр