2025/05/14. Лхагва гараг Дугаар: #3373

ЭМЧИЙН ӨРӨӨ

Вирусээр үүсгэгддэг "тав дахь өвчин" нь тууралтын шинж тэмдгээр илэрдэг учраас арьсны өвчинтэй андуурагддаг

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Вирусээр үүсгэгддэг халдварт өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож буй. Үүний нэг нь “тав дахь өвчин” бөгөөд бусад өвчинтэй андуурагдаж хугацаа алдах байдал нэлээдгүй тохиолдож байгаа аж. Иймд АӨСҮТ-ийн Клиникийн 2-р тасгийн их эмч Б.Дашдуламтай ярилцаж тодруулга зөвлөгөө мэдээлэл авснаа хүргэж байна. 

Та эхлээд ямар учиртай өвчин болохыг нь хэлж өгөөч?

Улаанууд, улаанбурхан зэрэг амьсгалын замаар дамждаг вирусийн гаралтай 6 төрлийн өвчин байдаг. Үүний тавдугаарт бичигддэг "Fifth disease" буюу "тав дахь өвчин" нь хүний парвовирус B19-өөр үүсгэгддэг вируст халдварт өвчин юм. Уг халдварт өвчин нь ихэвчлэн 5-15 насны хүүхдүүдэд тохиолддог. Хавар, зун зэрэг дулааны улиралд түлхүү нэмэгддэг гэдгээрээ онцлогтой.

Насанд хүрэгчид өвчилж болох уу?

Тохиолдож болно. Гэхдээ хүүхдүүд илүүтэй өвчилдөг. Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг, улаанбурхан зэрэг дээр дурдсан халдварт өвчинтэй адил учраас нэг удаа туссан бол тухайн өвчний "эсрэг бие" үүсэж дархлаа тогтдог гэсэн үг. Тухайлбал, салхин цэцгээр бага насандаа туссан бол насанд хүрээд тусдаггүйтэй адил, бага насандаа ихэнхдээ тусаад, насанд хүрсэн хойноо тусах нь харьцангуй бага. Тиймээс хүүхдүүд илүү өвчилдөг. Бас бусад өвчинтэй андуурагдах байдал их байдаг.

Бусад вирусийн халдварт өвчинтэй харьцуулахад хэр хоруу чанартай вэ? 

Архаг хууч өвчингүй, дархлаа дутмагшилгүй, цусны ямар нэг эмгэггүй хүмүүст бол ханиад томууны вирустэй адил тодорхой хугацаанд шинж тэмдэг өгч байгаад зохих эмчилгээг хийлгэснээр хэвийн болдог.

Тууралт гарахаас өмнө бусдад халдвар тараах эрсдэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, Вирусийн халдвар аваад эхний 4-5 хоногт ханиадны шинж тэмдэг илэрч байхдаа ханиаж найтаах үед амьсгалын замаар халдварлах боломжтой. Харин тууралт гараад 7-8 дахь хоног дээрээ бусдад халдварладаггүй.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

Ханиад туссан юм шиг шинж тэмдгээр эхэлдэг. Үүнд, хамраас нус гоожих, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд 4-5 дахь хоног дээр нь биеэр тууралт гардаг.

Энэ тууралт нь бүх биеэр гарахгүй. Хоёр хацраар алгадуулсан юм шиг улайсан тууралт гардаг. Гар болон хөлөөр гөвдрүүтэй, бага зэргийн загатнаат тууралт гарч болно.

Хаана хэрхэн оношлуулах вэ? Ямар өвчинтэй андуурагддаг юм бэ?

Хүүхэд ханиад хүрээд харшлын тууралт биеэр гарчихлаа гэж эцэг эхчүүд ханддаг л даа. Эсвэл чонон хөрвөс, эмийн гаж нөлөө, бусад арьсны өвчинтэй андууран арьсны эмчид хандах тохиолдол гарч байгаа.

Вирусийн шинжилгээг ХӨСҮТ-д хандаж өгөөд оношлуулах боломжтой. Тав дахь өвчин гэж батлагдсан тохиолдолд халдвар тараах хугацаанд амны хаалт зүүж, ханиаж найтаахдаа ам хамраа алчуураар дарж бусдад халдаахаас сэргийлэх хэрэгтэй.

Яг тав дахь өвчний хувьд тууралт нь хүүхдийн хоёр хацраар алгадуулсан мэт гардаг гэдгээрээ бусад арьс харшлын өвчнөөс ялгаатай. 

Арьсны өвчинтэй харьцуулахад тууралттай хэсэгт хүчтэй загатнахгүй. Мөн тууралт гарсан үед өмнө нь илэрч байсан ханиадтай төстэй шиг шинж тэмдгүүд нь багасдаг.

Тав дахь өвчний хүндрэл эрсдэл нь юу вэ? 

Ямар нэг байдлаар дархлаа дутмагшилтай, цусны хавдар, цусны эс багатай хүүхдүүд халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй. Цусны эс багасах, цус багадалтад орох зэрэг хүндрэл үүсдэг. Архаг хууч, өөр бусад өвчингүй бол хүндрэх нь харьцангуй гайгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийлгээд эдгэрдэг.

Арьсны өвчин үү эсвэл ханиад томуу зэрэг вирусийн гаралтай өвчин үү гэдгийг эцэг эхчүүд маань ямар шинж тэмдгээр ялгаж мэдэж болохыг та хэлж өгөөч? 

Вирусийн гаралтай, амьсгалын замаар дамждаг халдварт өвчний үед ямар нэгэн байдлаар тууралт гарсан бол тийм ч хүчтэй загатнадаггүй, бусад шинж тэмдгүүд нь тууралтаасаа илүү тухайн хүндээ зовуурьтай байдаг. 

Харин арьс харшлын гаралтай өвчний үед гарсан тууралт маш их загатнаж, шөнө ч унтаж чадахгүй, тасралтгүй маажиж арьсаа зулгалах гээд байдаг. Үүгээр нь халдварт өвчин үү, арьсны өвчин үү гэдгээ ялгаж зөв газраасаа цаг алдахгүй тусламж үйлчилгээ авах боломжтой.

Ханиадны үед ер нь биеэр тууралт гардаг юм уу?

Тийм тохиолдол бараг байхгүй. Ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчин хүндэрсэн үед антибиотик хэрэглэх шаардлага үүсдэг. Улмаар антибиотикоосоо харшилсан тохиолдолд тууралт гарч болно. Тэр тууралт нь тав дахь өвчний тууралтаас өөр. Эмийн гаж нөлөөгөөр загатнаа ихтэй, биеэр нь битүү улаан биржгэр тууралт гардаг.

Тавь дахь өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ? Гэрээр арга хэмжээ авах боломжтой юу?

Энэ өвчний эсрэг вакцин байхгүй. Юуны түрүүн өрх, дүүргийн эмчдээ үзүүлээд үзлэгийн дагуу шинж тэмдгийн эмчилгээ бичиж өгдөг. Эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа өвчин намдаах, үрэвслийн эмнүүд харшил сэдрээх нөлөөтэй байдаг учраас заавал эмчийн үзлэг жороор зохих тунгаар хэрэглэх хэрэгтэй. 

Эцэг эхчүүд маань “өмнө нь энэ эмийг өгөхөд зүгээр л байсан шүү дээ” гээд дураараа уулгадаг. Магадгүй 1,2 удаа өгөхөд зүгээр байсан байж болох ч дахин уухад харшил өгөх боломжтой. Улмаар тухайн эмнээс шалтгаалсан харшилтай болохыг ч үгүйсгэхгүй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрийг өвчлүүлэх нэг шалтгаан болдог

Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол эзэлж байна. Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 07

Анаболик стероид бэлдмэлийн замбараагүй хэрэглээ эр бэлгийн эсийн чанар буурч, үргүйдэлд хүргэх нэг шалтгаан болж байна

Нийт үргүйдлийн шалтгааны тал хувийг эрэгтэй үргүйдэл дангаар эзэлж байна. Иймд эрэгтэй үргүйдлийн шалтгаан, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний талаар "CLWH" эмнэлгийн нөхөн үржихүй, үргүйдлийн эмч Э.Мөнхбаяртай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 25

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө