Дэлхий дахинд анагаах ухааны салбарт үүдэл эсийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд хүндээ хамгийн ээлтэй, үр дүнтэй эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхийг зорьж ололт амжилтаараа өрсөлдөж байна. Үүдэл эсийг арьс гоо заслын салбарт ашигладаг гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Тэгвэл сүүлийн 10 орчим жилийн хугацаанд гэмтэл согог, үе, зүрх судас, мэдрэл бүр цаашлаад хавдрын эсрэг эмчилгээнд хүртэл ашиглах болжээ. Энэ талаар манай улсад үүдэл эсийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй цөөн хүний нэг “Moncell” эмнэлгийн эрхлэгч, АУ-ны магистр Ю.Ганболортой ярилцлаа. Тэрбээр докторын судалгааны ажлаа хүн амын дунд түгээмэл тохиолддог эмгэг өвчнийг үүдэл эсээр эмчлэх боломжой талаар үндэсний хэмжээний судалгаа шинжилгээ хийж хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Үүдэл эсийн судалгаа хэзээнээс эхлэн, хэрхэн хөгжиж буй талаар яриагаа эхэлье?
Бараг хоёр мянгаад жилийн өмнөөс хүмүүс нярайн хүйгээ хадгалаад өвчин тусахаар буталж цайндаа хийж уудаг байсан талаар тэмдэглэсэн баримтууд бий. Энэ бол үүдэл эсийн анхны эмчилгээ байсан гэж хэлж болно. 1800-аад оны үеэс түлэгдэлтэй хүнд ургийн хальсийг авч түлэнхийн шарханд тавих, бие муутай хүнийг ороодог зэрэг эмчилгээнүүд хийж байж. Харин 1953 оноос шинжлэх ухааны түвшинд судлагдаж эхэлсэн бөгөөд үүдэл эсийн эмчилгээг 2003 оноос нэвтрүүлжээ. Үүдэл эсийн чиглэлээрх судалгаа шинжилгээний ажлууд ч маш их хэвлэгдэж байна. Тухайлбал, 2000-аас 2016 хооронд гэхэд 319.000 орчим судалгааны ажил хэвлэгдсэн байдгаас 119.000 орчим буюу 37% нь АНУ, 11% нь БНХАУ, Германд 9% гэх мэт хийгдсэн байдаг. Үүдэл эстэй холботой судалгаа ихээр хийгдэж эмчилгээнд бага багаар нэвтэрч жил тутам маш хурдацтай хөгжиж байна.
Үүдэл эс хүний биед хаана хаана, хэр хэмжээтэй байдаг юм бэ?
Энгийнээр тайлбарлах юм бол эр бэлгийн эс, өндгөн эстэй нийлж үр тогтсон өндгөн эс болохдоо арифметик прогрессээр өсөн маш олон эсийг бий болгодог. Ингэж олон эс бий болохдоо гурван давхаргад хуваагддаг. Эндодерм, экзодерм, мезодерм гэсэн давхаргаас хүний бие бүрэлдэхүүн үүсэн бий болдог гэсэн үг. Гадна давхарга нь тархи нуруу нугас, дотор давхарга нь дотор эрхтэн тогтолцоо, дунд давхарга нь мезодермээс яс, булчин тулгуур эрхтэн тогтолцоо, шөрмөс, өөх үүсгэдэг гэж үздэг.
Үүнээс өөхөн дотор байгаа эс нь хүний бүх эрхтнүүдийг үүсгэх чадалтай эс юм гэдгийг шинжлэх ухаанаар хэдийн тогтоочихсон. Энэ эсийг мезихимийн үүдэл эс гэж нэрэлдэг.
Өөхөн дотор мезихимийн үүдэл эсүүд олноор байдаг бөгөөд хүн нас ахих тусам тоо толгой нь цөөрдөг. Залуухан байх тусмаа олон эстэй байдаг бол хөгшрөх тусам цөөрч, целлюлит үүсдэгээр ойлгож болно. Энэ нь өөхөнд байгаа мезихимийн үүдэл эсийн тоо толгой цөөрч хатингаршиж байгаагийн илрэл юм. Нөгөөтээгүүр дөнгөж төрсөн нярай 100 хувийн үүдэлтэй эстэй гэж үзвэл нас ахих тусам багасдаг гэсэн үг юм. Мөн эхэс нь тэр аяараа мезихимийн үүдэл эс. Иймээс эхэсээ хадгалуулах нь ирээдүйд учрах эрүүл мэндийн олон асуудлын үед түүгээрээ эмчлүүлэх боломжийг хангана.
Эмчилгээнд ашиглаад 20 гаруй жил болж байгаа юм байна. Яг ямар өвчний үед хэрхэн хэрэглэж байна?
Эмчилгээнд хэрхэн ашиглаж байгаагаар нь хувааж үзэхэд, нэгдүгээрт хавдрын эсрэг эмчилгээнд маш сайн ашигласан байна. Хоёрт зүрх судасны салбарт, гуравдугаарт мэдрэл, дөрөвт буюу 11 хувь нь гэмтэл согогийн салбарт ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл,
Хавдар, зүрх судас, мэдрэлийн чиглэлээр практикт үүдэл эсийг түгээмэл хэрэглэж хөгжлөөрөө улс орнууд тасарчихсан явж байна. Мөн цусны хавдруудын үед хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ болоод байгаа.
Манай улсын хувьд УНТЭ амьд донороос үүдэл эсийг шилжүүлэн суулгах байдлаар эмчилгээ хийж үр дүнгээ өгсөн. Энэ бол нэг л чиглэл. Бүх салбарт үүдэл эсийг нэвтрүүлсэн дэлхийн улс орнуудын инновацийг бид ч бас нэвтрүүлэхэд болохгүй зүйлгүй л дээ. Манай эмнэлэг яг энэ үүдэл эсийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулаад зургаан жил болж байна. Үүдэл эсийн олон төрлийн эмчилгээг нэвтрүүлэх зорилготой. Үүний нэг нь хавдрын эсрэг үүдэл эсийн эмчилгээ бөгөөд бид гадаадын улс орнуудад очиж сургалт, судалгаа явуулаад байгаа.
Хавдрын өвчин манайд төдийгүй дэлхий дахинд тархалт нь улам бүр нэмэгдэж буй хүндрэл дахилт ихтэй өвчин. Хавдрын эмчилгээнд үүдэл эсийг ашиглаж байгаа олон улсын туршлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Дэлхийн улс орнуудад бол үүдэл эсийг хавдрын эсрэг эмчилгээнд ашиглаад 10 орчим жил болж байна. Тэр дундаа ковид цар тахлаас хойш буюу сүүлийн 2-3 жилийн хугацаанд үүдэл эс нь хавдрын эмчилгээнд маш үр дүнтэй юм байна гэдэг нь батлагдаад эмчилгээнд идэвхтэй ашиглах болсон. Азийн орнуудаас Япон, БНСУ зэрэг улсуудад өргөн хэрэглэж байгаа.
Хавдрын эсрэг эмчилгээнд хоёр төрлийн үүдэл эсийн эмчилгээг ашиглаж байна.
Ингэхдээ хүний бие дэх гаднын биетийг устгах чадвартай Т-эсийг (Т лимфоцит ) генийн инженерчлэлийн аргаар өөрчлөн “Car-T cell” эс буюу хавдрын эсрэг үйлчилгээтэй эс болгон хувиргаад биед нь буцаагаад тарьдаг. Ингэснээр мутацид орсон, хяналтгүй үржээд байгаа хавдрын эсүүдийг сонгомолоор устгах чадвартай болдог гэж ойлгож болно.
Хоёр дахь хавдрын эсийн эмчилгээ нь захын судсанд эргэлдэж байгаа натурал киллер /NK cells/ болон Т лимфоцит эсүүдийг ургуулан (дундажаар 6 тэрбум) хүний биед эргэлдэж байгаа "dendritic cell" гэж дархлааны эстэй нийлүүлэн буцаагаад судсаар нь тарьдаг. Ингэснээр хүний биеийн дархлаа тогтолцоо идэвхжиж хаана ямар хяналтгүй өсөн үржиж байгаа хавдар байна түүнийг таньж очиж устгадаг байх нь.
Аль төрлийн хавдарт ямар үр дүн өгсөн талаар бодит жишээ, нотолгооноос хэлж болох уу?
Бид үүдэл эсийн эмчилгээ болон дархлаа эмчилгээ хийдэг нэгэн Солонгос эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд очиж танилцсан. 2019 онд түрүү булчирхайн хавдраар оношлогдсон хүн байж. Тухайн үедээ хүнд хэлбэрт шилжсэн, үсэрхийлсэн, хавдрыг нь түүж авсан ч эмчлэгдэх боломжгүй гэсэн хариуг хавдрын эмнэлгээс өгч эмчилгээ хийлгүй буцаасан байгаа юм. Ердөө 3 сар хүрэхгүй настай гэж л дээ. Тэгээд өнөөх хүн тухайн эмнэлэгт хандан дархлаа эмчилгээ буюу дээр ярьсан natural killer эс, Т лимфоцит эсийг ургуулах аргыг сонгон хийлгэсэн байна. Энэ хүн одоог хүртэл амьдаар барахгүй түрүү булчирхайн хавдрын үсэрхийлэл нь дарагдаж, эрүүл болсон талаарх тохиолдлыг бидэнд үзүүлсэн. Гэх мэтчилэн бамбай, элэгний хавдруудын үед ч үр дүнтэй байгааг хуваалцсан. Тухайлбал, 3-р зэргийн хавдрыг мэс заслын аргаар авсны дараа дархлаа эмчилгээг хийж 3 жилийн хугацаанд ажиглахад дахилт өгөөгүй байна. Элэгний хавдар, бусад төрлийн хавдрууд нь тухайн хүний дэглэм, биеийн онцлог, оношлогдсон үе шат зэргээс хамаарч байнга дахилт өгөх гээд байдаг талтай. Харин дархлаа эмчилгээ хийлгэснээр дахилт өгөөгүй, хавдрын хэмжээ томроогүй зэрэг эерэг үр дүн гарсан дотоодын олон тохиолдлын баримтуудыг үзүүлсэн.
Хавдрын хими, туяа, бай, мэс засал гээд олон төрлийн эмчилгээ байгаа. Эдгээр эмчилгээнүүдээс ялгаатай, эсвэл давуу тал нь юу? Дангаар нь эмчилгээнд ашиглах юм уу? Эсвэл бусад эмчилгээнүүдтэй хавсарч хийдэг үү?
Хавдрын хими, туяа зэрэг эмчилгээнүүдтэй дархлаа эмчилгээг хавсарч хийдэг. Тэгэхээр хавдрын эмчилгээндээ эмчийн хяналт, зааврын дагуу явахын хажуугаар дархлаа эмчилгээгээ хийлгээд явж болно гэсэн үг. Хими эмчилгээ гэхэд маш их гаж нөлөө өгдөг гэдгийг хүмүүс мэдэх байх. Харин ч дархлаа эмчилгээг хими эмчилгээтэй хавсарч хийхэд хими эмчилгээний гаж нөлөөг бууруулаад зогсохгүй хавдар өвчнийг даван туулах чадвар нь бүр л сайжирна. Бас нэг сайн үр дүн нь хавдрын дахилт өгөх, үсэрхийлэх зэрэгт дархлаа эмчилгээг хавсарч хийснээр сэргийлж болж байгааг практик жишээнүүд харуулж байна.
Өөрөөс нь үүдэл эс авах процесс хэрхэн явагддаг вэ? Эрсдэл, хүндрэл бий юу?
Үүдэл эсийн эмчилгээ, хавдрын эсрэг дархлаа эмчилгээ гэдэг 2 өөр төрлийн эмчилгээг яриад байгааг ойлгож байгаа байх. Үүдэл эсийн эмчилгээ нь таны өөхийг нь соруулан авах ажилбар хийгддэг. Хүний өөхөн дотор мезихимийн гаралтай эсүүд олон байдаг гэж дээр хэлсэн. Маш жижиг буюу 3 мм-ын зүслэгээр зүү оруулаад 50-100 мл хэмжээний өөхийг соруулан авдаг. Ямар ч эрсдэл хүндрэлгүй. Үүнээс нь лабораторийн нөхцөлд үүдэл эсийг нь ялган авч лабораторт ургуулдаг. Эмчилгээнд бэлэн болохын тулд 28 хоног шаардагддаг. Дархлаа эмчилгээ буюу хавдрын эсрэг эмчилгээ нь таны цуснаас дархлааны эсүүдийг ялган авч мөн лабораторт өсгөвөрлөн, олшруулж эмчилгээнд ашиглаж байна.
Бид хавдрын эсрэг дархлааны энэ эмчилгээг өөрийн улсдаа нэвтрүүлэх ямар боломж байгаа талаар шийдлүүдийг нэлээдгүй хугацаанд хайж судалсан л даа. Эхний ээлжид манай эмнэлэг хөгжингүй орны зарим эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа.
Нэг удаа л эс ялган авч түүгээрээ хавдрын эсрэг эмчилгээ хийлгэх юм уу? Хэдий хэр хугацаанд ямар давтамжтай хийлгэж байж үр дүн нь гардаг вэ?
Хэд хэдэн удаа хийлгэнэ. Ерөнхийдөө 1-3 сар, 3-6 сарын давтамжтайгаар тухайн хүний хавдрын үе шат, онцлогоос шалтгаалан эмчилгээ хийдэг. Нэг удаа ялган авсан эсээ тухайн эмнэлэгт зориулалтын эс хадгалах банканд хэдий хэр хугацаагаар ч хадгалуулж болно. Тэгээд эмчилгээ хийлгэх үед хадгалсан эсээсээ ургуулан, хэдэн ч удаа эмчилгээ хийлгэх боломжтой.
Үүнээс олон жил үүдэл эсээ хадгалуулах боломжтой юу?
Боломжтой. Насан туршдаа ч үүдэл эсээ хадгалуулж болдог. Хөгжилтэй орнуудад бол үүдэл эс хадгалах банктай. Үүдэл эсийн эмчилгээ нь өндөр түвшинд хөгжсөн.
Манайд үүдэл эсээ хадгалуулах боломж бий?
Одоогоор үр шилжүүлэн суулгах төв, зарим нэг хувийн хэвшлийн эмнэлэгт эр бэлгийн эс, өндгөн эсийг хадгалж байна. Яг үүнтэй адил банканд үүдэл эсийг хадгалдаг. Хамгийн ойрхон Хөх хотод хүртэл үүдэл эсийн банк байна. Бид нэлээн олон жилээр хоцрогдож явж байгаа. Одоо үүдэл эсээ хадгалуулсан хүүхэд магадгүй 20,30 жилийн дараа өвчин эмгэг тусахаас огт айх шаардлагагүй тийм ирээдүйг уг нь одооноос бүрдүүлэх ёстой юм.
Гаж нөлөө багатай, үр дүнтэй эмчилгээний энэ арга улс орнуудад нэвтрээд 20 жил болсон байна. Манайд нэвтрүүлэхэд яг ямар асуудал байгаа вэ? Яагаад өргөн хүрээнд эмчилгээнд ашиглахгүй байгаа юм бэ?
Судлагдаад, туршигдаад явж байгаа салбар л даа. Эмчилгээнд ашиглаад үр дүнгээ өгч байгаа зэргээс нь харсан ч төд удалгүй ДЭМБ хүлээн зөвшөөрөх байх. Тэр тохиолдолд гишүүн улс орнууд удирдамж, заавраа гаргаад эмчилгээг нэвтрүүлнэ. Үүнээс бусдаар бол улс бүрийн эрдэмтэн, үүдэл эс судлаач мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд эмчилгээндээ нэвтрүүлж, датагаа дэлхий дахинд нээлттэй мэдээлж байгаа. Тэгэхээр манайд нэвтрүүлэхэд ямар ч асуудалгүй.
Ер нь хүн яагаад өвдөөд байна гэхээр хөгшрөөд. Яагаад хөгширч байна гэвэл үүдэл эс нь цөөрч байгаа хэрэг. Хөгшрөх тусам ямар ч төрлийн өвчин эмгэгт өртөмтгий болдог гэдгийг хэн бүхэн мэднэ. Үүнийг ялан дийлэх ганц зүйл нь хүнийг залуужуулах явдал буюу үүдэл эсийн эмчилгээ юм. Ингэж чадвал бүх өвчнийг эдгээж болох юм биш үү гэдэгт эрдэмтэд дуу нэгтэй санал нийлж байна.
Үүдэл эсийн эмчилгээг бүх улс, ДЭМБ хүлээн зөвшөөрч, анагаах ухааны бүх салбарт үүдэл эсийг ашигладаг болох нь тун ойрхон ирсэн.
Бид ч бас энэ хөгжлөөс хоцрохгүй зэрэг урагшлах хэрэгтэй. Бүр үүдэл эсийн дараагийн түвшний экзосом (exosome stem sell) эмчилгээ гарчихсан байна. Миний үүдэл эс миний удамшлын мэдээллийг хадгалж байгаа. Тэгэхээр аль нэг хүнд таарахгүй байж болно. Гэтэл үүдэл эсээс нь ялгарч гарсан экзосом буюу эсийн гаднах цэврүүнцэр нь хүний биед ороод үүдэл эсүүдийг сэрээж, олон болгож ургуулах дохиог өгдөг талаар улс орнууд судлаад, эмчилгээндээ нэвтрүүлжээ. Тэгэхээр бид анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн энэ чиглэлд эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, сургах, нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь манайд үүдэл эсийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц байхгүй. Боловсролын салбарт үүдэл эсийн талаарх сэдэв ороогүй хуучин мэдээллээрээ л оюутнуудаа бэлтгээд байна шүү дээ. Шинэ тутам хөгжиж буй анагаахын ололтуудыг заадаг, сургадаг баймаар санагддаг. Хуруу дарам цөөхөн хүмүүс гадаадад үүдэл эсийн чиглэлээр доктор хамгаалж ирсэн байгаа.
Хавдрын эсрэг дархлааны эсийн эмчилгээг хийхэд хүний нөөцийн ямар мэргэжилтнүүд байх шаардлагатай вэ?
Юун түрүүнд маш өндөр өртөг бүхий лаборатор байх шаардлагатай. Үүний зэрэгцээ эмнэлгийн бүх шатны мэргэжилтнүүд болох хавдрын эмч, үүдэл эс судлаач эмч, биотехнологич, лабораторийн эмч гээд маш олон хүмүүс хамтарч баг болон ажилладаг.
Ярилцсанд баярлалаа.