2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ТОД ТУСГАЛ

З.Батбаяр: Нүүдэлчид шиг усны ид шидийг ойлгодог, усаа хайрлан хамгаалдаг ард түмэн бараг байхгүй

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 22

Усгүйгээр бүтдэг нэг ч ажил үгүй. Усаа бид хэрхэн үнэлж, яаж зөв ашиглаж, хуримтлуулах хэрэгтэйв. Усны эдийн засаг болон усны бодлого ямар байхав. Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд асан, Хууль зүйн ухааны доктор З.Батбаяртай ярилцсан "Тод Тусгал"-ын ээлжит дугаараа уншигч танд хүргэж байна. Тэрбээр усны салбартай амьдралаа холбосон нэгэн. Монгол улс Усны тухай хуультай болсон үеэс "Усны газар" байгуулагдаж, Сав газрын захиргаадтай болж, усны төлбөрийн системийг бий болгож байсан тэр бүх цаг хугацаанд бодлого боловсруулалцаж, хэрэгжүүлж байв. Өдгөө “Усны төлөө нэгдэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. 

Манайхан усаа хэр судалсан ард түмэн бэ? Ер нь усаа судалж байж бодлого боловсруулах ёстой гэх бодол төрж байна.

Ард түмэн гэдэг үүднээсээ бол магадгүй дэлхий дээр цорын ганц хамгийн сайн судалсан хүмүүс нь бид. Нүүдэлчид шиг усны ид шидийг ойлгодог, усаа хайрладаг, хамгаалдаг ард түмэн бараг байхгүй. “Усны цэнгэг, өвсний соргогийг дагаж амьдардаг” гэсэн үг бий шүү дээ. Хаана ус байна, тэнд сайхан амьдрал байна гэдгийг ойлгосон ард түмэн учраас бидний өвөг дээдэс усаа, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж явдаг байв. Нэг газраа гурав хонодоггүй, бууриа цэвэрлээд сэлгээд нүүдэллэн амьдардаг байсан. Булаг шандныхаа эхийг хамгаалдаг нүүдэлчдийн зан заншил, амьдрал ахуй үнэхээр гайхамшигтай. 

Дэлхий нийт ч судалж чадаагүй байгаа өв уламжлал, ёс заншил бидэнд бий.

Монгол хүн бүр мэдвэл зохих усны тухай мэдээллийг маш энгийнээр тайлбарлаач?

Дэлхий дээр хамгийн өргөн тархсан бодис бол ус. Дэлхийн гадаргын ¾ -ыг ус эзэлдэг. Энэ их усыг хүн хүн төрөлхтөн өөрийн дураар ашиглаж чадах уу гэвэл арай өөр ойлголт болно. Далайн усаар жишээ авч үзье. Хүн далайн усанд амьдарч чадахгүй, зөвхөн цэнгэг ус л хэрэгтэй. Гэтэл дэлхий дээр байгаа нийт усны дөнгөж хоёрхон хувь нь цэнгэг ус. Далайн ус, цэнгэг ус хоёр найрлагаараа, давсны хэмжээгээрээ ялгаатай. Далайн усыг давснаас нь салгаад ашиглаж болох юм биш үү гэж асуух байх. Энэ нь онолын хувьд бүрэн боломжтой. Харамсалтай нь практикт боломжгүй. Далайн усыг цэвэршүүлээд гарч ирсэн тэр их давсыг яах вэ гэдэг асуудал үүснэ. 

Үүнтэй холбоотойгоор зарим нэг хөгжилтэй байдлаар хийсэн судалгаа байдаг. Австрали тивийн далайн усыг цэвэршүүлээд, гарч ирсэн давсыг нь Австрали тивд жигд байдлаар асгана гэж үзэх юм бол 20 жилийн дотор тус тив 20 орчим см зузаан давсаар бүрхэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Ганцхан см давсаар бүрхэгдсэн байсан ч тэнд амьд амьтан амьдрах боломжгүй учраас практикийн хувьд далайн усыг ашиглах боломжгүйг харуулж байгаа юм. Ийм учраас дэлхийн бөмбөрцөг дээр буй нийт усны хоёр хувийг бүрдүүлэх цэвэр усаа л хүн төрөлхтөн хэрхэн ашиглах талаар бодох ёстой. Гэтэл энэ жаахан цэнгэг усны тал нь хойд өмнөд туйлд мөс хэлбэрээр байгаа.

Монгол улсын хувьд ч усны хэмжээ багассан байгааг сүүлийн үеийн судалгаа харуулсан.  Нэлээн олон жилийн өмнө манай улс 608 шоокилометр устай гэж ярьдаг байсан. Гэтэл 2021 онд Байгаль орчны сайд УИХ-д мэдээлэл хийхдээ 565 шоокилометр болж багассан гэсэн албан ёсны тоог танилцуулсан. Нийт усны хэмжээ 50 орчим шоокилометрээр багассан шалтгаан нь дээр дурдсантай адил өнөөх мөнх цас, мөсөн голууд хайлснаас болж. Монгол улсын мөнх цас, мөсөн голууд их хэмжээгээр хайлж мөсний хэмжээ ихээхэн багассан байна. 

Усны нөөц гэх ойлголтын тухай хэлж өгөөч? Энэ тайлбар усны хэрэглээний зарчим ямар байх ёстой руу бидний яриаг хөтлөх байх.

Нөөц гэдгийг энгийнээр тайлбарлавал ашиглах боломжтой усыг л хэлээд байгаа юм. Гол мөрөн жамаараа урсаж байвал усны нөөц биш. Харин гол дээр ямар нэгэн барилга байгууламж бариад, насос тавьж соруулаад ашиглах боломжтой болоод ирвэл усны нөөц болж хувирна. Газрын доорх усыг хайж илрүүлэхгүй, мэдэхгүй бол тэндээ байж л байна. Эрэл хайгуул хийж илрүүлээд, хэчнээн метрийн гүнд байна, хэрхэн соруулж гаргах вэ гээд нөөцийг нь тогтоосноор түүнийг ашиглах эсэх тухай яригдана. Усны нөөц гэдэг нь Монгол оронд байгаа нийт ус гэж ойлгож болохгүй. Хэдийгээр нийт усны хэмжээ 50 км/куб-ээр багассан ч мөнх цас, мөсөн голуудыг усны нөөцөд тооцоход хэцүү. Тэндээс усыг нь ашиглах боломжгүй. Манай улсын нийт усны 70 орчим хувийг нуурууд эзэлдэг. Тэр дундаа Хөвсгөл нуур дийлэнх хувийг бүрдүүлж байна. Нуурууд нь мөн ялгаатай. Увс, Хяргас гэхэд давстай. Нуурууд ихээхэн хэмжээний ус агуулдаг боловч усны нөөц талаасаа ашиглах гэхэд хэцүү. Усыг нь ашиглаж байгаа ганц нуур нь Гэгээн нуур л байна.

Тэгвэл манай улсын усны жинхэнэ нөөц, нөхцөл байдал яг ямар байна вэ? Үнэхээр шавхагдаж дуусах аюулд хүрчихсэн юм уу?

Нийгэм гэдэг аливаа нэгэн юмнаас хараат бус байснаар оршиж хөгждөг. Харин бид эдийн засаг, өөрсдийн амьдралыг газрын доорх уснаас хэт хараат болгочихсон. Муугаар бодоход ямар нэгэн байгалийн гамшиг, эрсдэлт хүчин зүйлийн улмаас газрын доорх усыг ашиглах боломжгүй болбол бидний ус ашиглалт зогсож улмаар эдийн засаг тэр чигтээ зогсоно. Хүн амын амь насанд аюул учирна. Газрын доорх ус нөхөн сэргээгдэхдээ маш удаан. Харин гадаргын ус хурдан нөхөн сэргээгддэг. Гэхдээ гадаргын ус, газрын доорх ус гэж тусдаа ойлголт биш. Хоорондоо гидравлик холбоотой, бие биенээ тэжээдэг усны нэг л эргэлттэй. 

Усны асуудлыг хэн хариуцах ёстой юм бэ. Усны салбарын бодлого барьдаг, хэрэгжүүлдэг олон байгууллага байна? 

Манай улс 2004 онд Усны тухай хуулиа баталсан. 2005 онд Монгол улсад усны асуудал хариуцсан байгууллага 13 дахь удаагаа байгуулагдсан байдаг. Тухайн цаг үе бүрдээ усны асуудал нь юугаараа чухал байна гэдгээс шалтгаалж түүнтэй холбоотой байгууллага ажиллаж байв. Жишээлбэл, БНМАУ-ын үед Усны яам байсан бөгөөд нэгдлийн малыг усаар хангах, бэлчээр усжуулалтын асуудлыг шийдэх нь хамгийн чухал байсан. Хүн амын дийлэх нь хотод биш, хөдөө нэгдлийн малаа маллаж амьдардаг байсан учраас тэр олон малыг, хүн ардыг усаар хангах хэрэгтэй. Үүний дараагийн үед хот суурин газрын усан хангамжийн асуудлын тухай төсөөлөл, мэдлэг харьцангуй дутуу байсан учраас Усны тухай хуулиа баталсан. Энэ хуулийн гол шалтгаан нь шинээр гарч ирсэн уул уурхайн салбартай холбоотой байв. Урьд нь хэдхэн уурхайтай байсан бол алт, үүрсний маш том уурхайнууд олноор гарч ирсэн. Тэр хэрээр усны ашиглалт эрс нэмэгдсэн. Монгол орны нийт ус ашиглалтын 10 хүрэхгүй хувийг уул уурхай эзэлдэг байсан бол одоо 35 хувь болж нэмэгдсэн. Тиймээс усны төлбөрийн системийг бий болгосон. 

Усыг ер нь хэн хариуцах вэ гэдэг таны асуултад би хоёр хариулт хэлнэ. Нэгдүгээрт, ус бүхнийх. Хэн нэгэн байгууллагын мэдлийнх биш.“Усны агентлаг” байгуулчихлаа. Одоо та нар учраа ол гэж хэлээд орхиж болохгүй. Ус бол үргэжлийн мөнхөд тухайн улс орны, ард түмний хамгийн чухал баялаг байсаар ч ирсэн, байх ч ёстой. Энэ нийгмийг авч явъя, удирдъя гэж л байгаа бол төр засгийн хувьд ус бол хамгийн эхний анхааралд байх ёстой зүйл. Усаа ашиглах боломжтой байж л эдийн засаг хөгжинө.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг найдвартай хэвээр нь үргэлжлүүлэхийн тулд Туул гол дээр усан сан барьж, усны нөөцийн хуримтлал бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлийн судалгаа, төлөвлөгөөг гаргачихсан. Өнгөрсөн жил Сэлбийн гол үерлэсэн байна билээ. Усны нөөцийн хуримтлал бий болгохын хажуугаар үерийн хамгаалалтаа мөн босгох хэрэгтэй. 

Усны төлбөр яагаад өндөр байх ёстой вэ?

Усны төлбөр буюу ус ашиглаж, бохирдуулж байгаа нөхцөлд төлөх төлбөр нь өндөр болчихвол компани үйл ажиллагаагаа ашигтай явуулахын тулд усыг бага ашиглах технологи хайж эхэлнэ. Дахиад ганц алхаад л "ер нь усаа дахин ашиглъя" гэдэг систем рүү орно. Үүний тод жишээ, Оюу толгой, Энержи Ресурс байна. Ус дахин ашиглалт нь 90 хувьд хүрсэн. Тиймээс усаа дахин ашиглаж энэ хэрээр ус бохирдуулсан, ус ашигласан төлбөр нь бага болж байгаа юм. Усны нөөц ашигласан болон ус бохирдуулсны төлбөр асар өндөр, ялангуяа ус бохирдуулсан төлбөр түүнээс өндөр байх ёстой. “Энэ усыг бохирдуулах л юм бол манай компани дампуурах юм байна” гэдэг сэтгэлгээтэй болтол нь өндөр төлбөр тавьж байж тэр өндөр төлбөрийг төлөхгүйн тулд усаа бохирдуулахгүй байхад анхаарч ажиллана. Мэдээж үүнд технологийн шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ тийм ч нүсэр том ажил биш. Ердөө л сэтгэлгээ, ухамсрын асуудал. 

Цаад мөн чанартаа бол усны төлбөр өндөр болсноор компани харин ч усанд төлдөг төлбөр нь багасаж ашигтай ажиллахаас гадна, байгаль экологи, усаа хамгаалж буй явдал юм шүү дээ. 

Усаа өндөр үнэлж, аль болох бага ашиглах, бага бохирдуулах нь л чухал юм. 

Хэн их ус ашиглаж, ихээр бохирдуулж байгаа нь илүү их төлөх ёстой гэж та хэлж байсан. Хэдэн төгрөгөөр усаа үнэлж байж зөв голдиролдоо орох вэ?


Усны үнэ цэнийн тухайд бол хүний амь нас, амьдралаар үнэлэгдэх тийм л эрдэнэ. Бид нэг голыг ширгээгээд алдвал нэлээд олон хүний амь насыг алдсантай адилхан. Борооны дусал бүхэн үнэтэй. 

Улаанбаатарчууд усны хомсдолд ороход ойрхон гэсэн судалгаа танилцуулаад байдаг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?


Усны хуримтлал бий болгочихлоо. Ингэснээр усны асуудлаа бид хэдэн жилдээ шийдэж чадах вэ. Цаашид урт хугацаандаа ямар бодлого хэрэгжүүлэх вэ таны бодлоор?

Сая миний хэлдэг гаргалгаа бол зөвхөн одоогийн асуудлуудыг л шийднэ. Ирээдүйд дахиад асуудлууд гарч ирнэ. Шинэ хотууд байгуулах ёстой.  Хүн амаа хотуудад тархан суурьшуулаад хөдөөгийн, хотын хүн амын зохистой харьцааг бий болгож, хотуудаа хөгжүүлэх тухай яригдана. Манайд хийх гэж оролдсон ч хэрэгжүүлээгүй жишээ байна. 

Усны салбарт олон жил явахдаа би нэг л зүйлийг ойлгож авав. Ус гэдэг өөрөө алга урвуулахын л төдий. Ихэдвэл аюултай, багадвал аюултай. Өөрийнхөө хэмжээндээ л байх хэрэгтэй. Улаанбаатар хотын хүн ам нь хэтэрсэн учраас аюул болж хувирсан. Аймгийн төвүүдийн хүн ам нь цөөрсөн учраас аюул болж байна. Тэнд бизнес явуулах боломжгүй. Хүнсний дэлгүүрийн бизнес ч явахгүй байна. Аймгийн төвүүдээ 100 мянган хүнтэй болгоод Дархан, Эрдэнэт шиг хөгжүүлж тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй л гэж боддог. 

Ойрын хугацаанд усны салбарт хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай ажлуудыг та нэрлээч?

Та бид хоёр магадгүй таван жилийн өмнө ярилцсан бол би арай өөр хариулт хэлэх байсан. Тэр үед тулгамдсан асуудал нь голуудаа, усаа эзэнтэй болгох асуудал байсан. Одоо Усны газартай болсон. Тиймээс таны асуултад би “Усны газар”-аа хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэж хариулъя. Сав газрын захиргаадыг хөгжүүлэх хэрэгтэй. 

Дараагийн асуудал нь том төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Туул, Хэрлэн, Орхон гол дээр усан сан, цогцолбор байгуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар, 12 голын 30 газарт усны цогцолбор барих боломжтой гэсэн судалгаа хийгдсэн. Дэлхийн улс оронд ийм томоохон төрлийн төслийг хариуцсан засгийн газрын гишүүн, бие төлөөлөгч хүн ажилладаг туршлага бий. Ингэж усны нөөцийн хуримтлал бий болгох ажлаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Эдгээртэй зэрэгцүүлэн өдөр бүр тогтмол хийж байх зүйл бол ус ямар чухал болохыг ярилцах хэрэгтэй. Өдөр бүр усны асуудал чухал гэдэг мэдээлэл явах ёстой. Үүнд томоохон компаниуд идэвхтэй оролцож нийгэмдээ эерэг үр нөлөө үзүүлэх нь чухал. Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг  ус, ой мод, байгаль орчны асуудлуудыг онцгойлон анхаарч байгаа нь маш том амжилт. Нийгэм сэтгэлгээгээ өөрчилж байж усны асуудал өөрчлөгдөнө.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажил улс даяар өрнөж байна. Мод дагаж ус гэдэг.  Усны салбарын хүний бодол ямар байна? 

Нийгмийн шинжлэх ухаанд аливаа хөгжлийн үндэс нь итгэл үнэмшил байдаг. Мод тарьж байгаа тэр процесс, гурван минут, мод тарина гээд цагаа зориулж байгаа хагас өдөр, хажууд нь дагаж яваа хүүхдүүд, тухайн хамт олны сэтгэл санаанд магадгүй асар том өөрчлөлт авчирч байгаа байх. Би 11 настай байхдаа амьдралдаа анх удаа нэг мод тарьсан юм. Тэр мод маань 2014 оныг хүртэл сайхан ургаж байсан. Харамсалтай нь байрныхаа таван давхрын цонхон дээрээс ус асгаж услах гэж байгаад модоо хугалчихсан. Тэгээд би уйлж байлаа. Модоо өрөвдөөд тэр шүү дээ. Үүгээр хэлэх гэсэн санаа минь ганц ширхэг Улиас тарьсан ч хүний сэтгэхүйд цоо шинэ, өөр зүйл бий болдог. Монгол улсын ерөнхийлөгч зөвхөн тэрбум мод гэдэг том тоог хэлж бүх нийтийн хөдөлгөөн болгож чадсанд талархаж байгаа. Магадгүй энэ тоонд хүрэхгүй ч байж болно, давж ч мэднэ. Гэхдээ энэ хөдөлгөөнийг эхэлсэн цагаас эхлээд шүүмжилж байгаа, дэмжиж байгаа хүн бүр тодорхой хэмжээний бодолд орсон байгаа. Энэ л хамгийн чухал юм. 

Нэг үр дүнг урьдчилж хараад би баярлаж байгаа. Нөгөө усны нөөцийн хуримтлал гэж яриад байгааг маань ямар чухал гэдгийг тэрбум мод хөдөлгөөн давхар харуулж байна. Нөгөөтэйгүүр “Тэрбум мод” хөдөлгөөн нь дэлхий нийтээс хөрөнгө босгох боломж, эдийн засгийн хөгжлийг бий болгоно. Тэрбум мод ургуулж чадвал хаа байсан Токио, Сөүлд сууж байгаа оффисын ажилтнуудын эрүүл мэндийг бид хамгаалж чадна. Та бид хоёрын яриа уснаас эхлээд модоор дуусаж байгаа нь их билэг дэмбэрэлтэй юм. Усыг хуримтуулсны дараах үр дүн нь мод ургаж байгаа мэт эдийн засаг, хүмүүсийн амьдралыг хөгжүүлдэг жамтай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр