2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Зодуулж шийтгүүлдэг хүүхэд аливаа зөрчил маргааныг нударгаар шийдэх, түрэмгий хандлагатай болдог

— Ч. Баяржаргал   2021 оны 04 сарын 30

Дэлхий нийтээрээ 4 сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон 1998 оноос тэмдэглэж ирсэн. Хүүхдийг зодож шийтгэх нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэл зүйч Н. Рэнжмаагийн зөвлөгөөг хүргэж байна. 

Зодож шийтгэх нь хүүхдэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Эцэг эх болсон цагаас л хүүхдээ хүмүүжүүлэх нь хамгийн хэцүү бөгөөд хариуцлагатай үүргийн нэг байдаг. Хүүхэд өсөж том болохын хэрээр тэднийг хүмүүжүүлэх арга ухаан бүр ч нарийн болж, эцэг эхчүүдийн тэвчээрийн хязгаарыг шалгана. Эхэндээ хүүхэдтэйгээ учраа олох гэж хичээдэг боловч сүүлдээ цөхрөнгөө барж, хүмүүжлийн арга нь зодож, цохих зэргээр хүч хэрэглэх байдал руу орох нь бий. Энэ нь цаашлаад хүүхдээ буруу зүйл хийх болгонд гар далайх зуршилтай болгож мэдэх юм. Тухайн цаг үедээ энэ нь тус болж буй мэт санагдаж болох ч үнэндээ хүүхдэд тань урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. 

Үндэсний статистикийн газрын 2018 онд хийсэн "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-ны дүнд 1-14 насны хүүхдүүдийн 49% нь “хүч хэрэглэн хүмүүжүүлэх” аргад өртөж байсан байна. Өөрөөр хэлбэл 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан.

Бяцхан хүүхдүүдээ хүмүүжүүлж байна гэх нэрийн дор цохиж зодох нь хүүхдэд дараах байдлаар нөлөөлдөг.

Асуудлыг хүчээр шийддэг болно

Хүүхдүүдийн бие махбодын шийтгэл нь ирээдүйн түрэмгий зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг судлахад ийм шийтгэл оногдуулах тусам гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхөд, үе тэнгийхэнтэйгээ түрэмгий харьцдаг болох нь тогтоогдсон байна. Гэр бүлийн орчин бол хүүхдүүддээ зөрчлийг хэрхэн шийдэхийг зааж өгдөг сургалтын талбар бөгөөд багадаа зодуулж шийтгүүлж байсан хүүхдүүд насанд хүрээд аливаа зөрчил маргааныг нударгаар шийдэх, түрэмгий хандлагатай байдаг. Тэд багаасаа л асуудлыг ингэж шийдэхийг харж, мэдэрч өссөн учраас энэ загвараар асуудалд хандах гэдэг.

Эцэг эхээ эсэргүүцэж, хөндийрдөг

Хүүхдээ зодож шийтгэх нь тэднийг сургаж буй хэмээн та бодож болох ч хүүхэд тань танаас айх нь дамжиггүй. Том болох тусам таны хүүхэд танаас бага багаар хөндийрч эхлэхийг анзаарах болно. Миссуригийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар нялх балчир насандаа цохиулж байсан хүүхдүүдийн зан ааш, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар хүүхдийг зодох тусам эцэг эхээ эсэргүүцэх магадлал төдий чинээ их байдаг байна.

Бие махбодын хүчирхийлэл болох эрсдэлтэй

Эцэг эхчүүд хүүхдийнхээ зарим нэг зан авирыг өөрчлөхийн тулд хөнгөхөн шийтгэдэг байж болох юм. Гэсэн хэдий ч сахилгажуулалт болон хүчирхийллийн хооронд маш нарийхан зааг байдаг. Магадгүй хүүхэд алдаагаа дахин давтвал илүү сайн ойлгуулахын тулд илүү хүчтэй цохиж магадгүй. Энэ нь цаашилсаар сахилгажуулалт биш хүчирхийлэл болж, та хүчирхийлэгч, хүүхэд хохирогч болж хувирах аюултай. Судалгаагаар хүчирхийлэлтэй орчинд өссөн дөрвөн эцэг эх тутмын нэгээс илүү нь хүүхдэдээ бие махбодын хүчирхийлэл үйлдэж, ноцтой гэмтээсэн байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэхдээ уур бухимдал гэсэн сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хэтрүүлэн шийтгэх гээд байдаг. Тиймээс ууртай үедээ хүүхдээ сахилгажуулах гэхээс урьтаж, та өөрөө тайвшрах нь чухал.

Хүчирхийлэгчийг бэлддэг 

Өсвөр насандаа бие махбодын шийтгэл их хүртдэг байсан насанд хүрэгчид эхнэр, нөхрөө зоддоггүй хүмүүстэй харьцуулахад дөрөв дахин их зоддог байсан. Мөн хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн нөхрүүд хүчирхийлэлгүй гэр бүлд өссөн нөхрүүдээс зургаа дахин илүү эхнэрээ зоддог ба багадаа зодуулж шийтгэгддэг байсан хүмүүс насанд хүрээд өөрсдийн үр хүүхдээ мөн зодож шийтгэх нь их байдаг байна. Дээрх судалгаануудаас харвал та хүүхдээ зодож шийтгэснээр ирээдүйн гэр бүлийн хүчирхийлэгчийг бэлдэж байж болох юм.

Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг

Бие махбодын шархаас илүүтэй муугаар нөлөөлж үлддэг сэтгэлийн шарх бол өөртөө итгэлгүй болох юм. Хүүхэд тань өөрийгөө сул дорой гэж мэдрэн өөрийгөө үл хүндэтгэх, өөртөө үл итгэсэн нэгэн болж хувирна. Тэрээр өөрийгөө “муу хүүхэд” гэдэг ойлголтыг авдаг бөгөөд энэ нь түүний дотор маш удаан хадгалагдан үлдэх нь бий.  Коллежийн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар багадаа байнга зэмлүүлж, бие махбодын шийтгэл амсаж, хэл амаар доромжлогдож өссөн бол сэтгэл хямралд илүү их өртөмтгий байгааг тогтоожээ.

Зодох нь хар бараан дурсамж үлдээдэг

Хүмүүс бага насныхаа дурсамжийг санахдаа сайн сайхан байснаа дурсахаас илүүтэй хар бараан, сөрөг дурсамжаа дурсан санах нь их байдаг. Хүүхэд юунаас болж шийтгүүлснээ биш шийтгүүлж, зодуулж байснаа л санадаг. Магадгүй та “би бараг л хүүхдээ зоддоггүй, ихэнхдээ түүнд эелдэг ханддаг” гэж хэлж болох юм. 

Таны тэврэлт болон цохилтын харьцаа 100:1 байсан ч тэврэлтээс илүү ганц цохилт нь түүнд бараан дурсамж болон үлдэж, сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Тиймээс үр хүүхдээ зөв сайн, эрүүл бие хүн болгон өсгөхийн тулд зодож шийтгэх биш эерэг хүмүүжлийн аргаар хүмүүжүүлэх нь зүйтэй бөгөөд үүний тулд эцэг эхчүүд аль аль нь хичээх хэрэгтэй. Магадгүй шаардлагатай тохиолдолд өөрсдөө ч бага насандаа авсан сэтгэлийн шархаа эдгээхийн тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй байж болох юм. Эцэг эхчүүд эхлээд өөрсдийн зүрх сэтгэлийн шархаа эдгээж байж гэмээнэ үр хүүхдээ шархлуулахгүй өсгөж чадна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр