Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр". Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Дэлхий дахинд 2001 оноос хойш, манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж байгаа юм.
Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш, хүчирхийлэл гэдгийг сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Та бид ч мэддэг болж байна. Энэ талаар Focus on the family байгууллагын сэтгэл зүйч Б.Нандиатай ярилцсанаа хүргэж байна.
Хүүхдийг яагаад зодож шийтгэх гээд байдаг юм бэ? Энэ нь хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил төлөвшилд ямар нөлөө үзүүлдэг бол?
Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдээ хүмүүжүүлэх зорилгоор "буруу зүйл хийсэн бол буруу" гэдгийг мэдрэх нь зөв гэж үзээд шийтгэх арга хэмжээ авдаг. Түүнээс биш хүүхдийнхээ муу муухайн төлөө ийм зүйл хэн ч хийдэггүй.
Хэдийгээр эцэг эхчүүдийн гол итгэл үнэмшил нь "хүүхэд маань энэ зүйлийг буруу гэдгийг мэдэх хэрэгтэй, буруу гэдгийг нь мэдрүүлэхийн тулд зодох, шийтгэх нь зүйтэй" гэж үздэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ зодож шийтгэх гол сэдэл буюу хүүхдээ хүмүүжүүлэхдээ мууг "муу" гэж, буруу зүйлийг хийх нь "буруу юм" гэдгийг ойлгуулах гэдэг. Гэтэл сэдэл нь зөв боловч авч буй арга хэмжээ нь буруу болчихдог.
"Зодно, шийтгэнэ" гэдэг нь хүүхдийн бие махбодод өвдөлт мэдрүүлэх, түүгээр дамжуулж хүүхдэд айдас бий болгодог. Аав, ээж нар бол хүүхдийнхээ хувьд хамгийн хайртай, өөрийг нь хайрладаг асран хамгаалагч нь шүү дээ. Гэтэл энэ хүмүүс өөрт нь аюул, айдас гэх мэдрэмжийг өгөх нь хүүхдийг маш их айдас түгшүүртэй хүн болж төлөвшихөд нөлөөлдөг.
Аав, ээж, асран хамгаалагч нарын төсөөллөөр бол шийтгэх нь хүүхэд сайн хүмүүжиж, аливаа зүйлийн буруу зөвийг ялгаж сурна гэж боддог. Энэ нь эсрэгээрээ хүүхдийн бусдаас хүлээх хүлээлт нь аюул, айдас мэдрүүлдэг болгоход нөлөөлдөг. Харилцаанаас аюултай гэх мэдрэмж аваад байхаар сэтгэл зүйд нь түгшүүр, дарамт өгнө.
Хүүхэд аюулгүй гэдгээ мэдэрсэн үедээ эргэн тойрноо илүү танин мэдэж, судалж чаддаг. Тухайлбал, Бага насны хүүхэд аюулгүй гэдэг мэдрэмжийг үргэлж авдаг бол аав, ээж нь өөрөөс нь жаахан холдож ганц хоёр цаг найзтайгаа юм яриад суух хооронд эргэн тойрноо судалж, шинийг эрэлхийлэх хөгжлийн хэвийн үе шат нь аюулгүй өрнөдөг. Харин айдас, аюултай мэдрэмж авсан бол эцэг эхээсээ салж чадахгүй, байнга хамт байж, жаахан холдоход нь уйлдаг, аливааг судалж, шинжлэх танин мэдэх хөгжлийн үе шатандаа гацдаг.
Хүүхдээ сайн, зөв хүн болж хүмүүжүүлэх гэсэн сэдэл нь зөв боловч арга хэлбэр нь буруудсанаар хүүхдийн хөгжлийн гол үед нь том саад учирдаг.
Хүүхэд үгэнд орохгүй байна, хэчнээн хэлсэн ч ойлгохгүй байна гэх аав ээж нар олон. Тэгвэл эерэг хүмүүжлийн арга нь юу вэ? Үнэхээр нэг хоёр удаа хүүхдээ цохиод авах тохиолдол гэр бүлүүдэд бишгүй л гардаг.
Хүүхэд бага насанд байх тусмаа аливаа зүйлийн учир шалтгааныг ухаж ойлгох тал дээр бүрэн хөгжөөгүй байгаа. "Ээж минь намайг сургах гэж байна, би буруу зүйл хийсэн юм байна" гэдгээ хүлээж авах чадвар суугаагүй байдаг. Томчууд шиг юмны цаадахыг бодож ойлгодоггүй гэсэн үг. Тийм болохоор хүүхэд “би асуудлын гол эзэн нь юм байна, би буруу юм байна, би муу хүүхэд юм байна” гэж өөрийгөө буруутан мэтээр үнэлдэг. Энэ байдал нь хүүхэд өөртөө итгэлгүй, өөрийгөө дандаа буруутгадаг, алдаатай гэж хардаг нэгэн болж хувиргадаг.
Би л муу, буруу хүүхэд болохоор намайг хайрладаггүй, зоддог юм байна гэж мэдэрдэг. Улмаар бусад хүмүүс, хүүхдүүд өөрт нь буруу, сөрөг хандлагаар харьцахад хүлээн зөвшөөрдөг. Би муу учраас надтай ингэж хандаж байгаа гэж боддог. Цаашлаад нийгмийн харилцаанд орж найз нөхөдтэй болох, үе тэнгийнхэн дундаа дээрэлхүүлээд яваад байдаг. Энэ нь тэр сөрөг үйлдлийг нь хэвийн, байдаг зүйл гэж хүлээж авдагтай холбоотой.
Том болоод хосын харилцаа үүсгэхэд өөрт нь хайр халамж биш хүчирхийлэл дээрэлхэлтийг мэдрүүлэхэд тэрийг ч бас “би угаасаа ийм зүйлийг хүртдэг учраас, хүртэх ёстой болохоор” гээд бас л хэвийн юм шиг хүлээж авдаг.
Нас бага байх тусам, зодож шийтгэх байдал олон дахин давтагдах тусам хүүхдийн хөгжил, хүмүүжил, хэн болж төлөвшихөд төдий хэмжээгээр хүчтэй нөлөөлнө гэдгийг томчууд маань ойлгох хэрэгтэй.
Өсвөр насныхны хувьд эцэг эхтэйгээ маргалдах, гар хөл рүүгээ цохиулах, нуруун дээрээ алгадуулах гэх мэт зодуулах үйлдэл нэг, хоёр удаа гарч байдаг хэмээн хүлээж авч болохгүй. Зодож шийтгэхийг хэзээ ч хүмүүжлийн арга барилдаа ашиглаж болохгүй. Энэ нь маш олон талаараа хүүхдэд сөрөг нөлөөтэй шүү гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөд нэг өдрийг үүнтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж, хүмүүсийн анхааралд хүргэж байна шүү дээ.
Зарим аав ээжүүд “би зодуулж, цохиулж өссөн ч муудсан зүйл байхгүй” гэх хандлагаар хүүхдээ бас шийтгэх гээд байдаг шүү дээ?
Та өөрийгөө хараарай. Ухамсаргүйн түвшиндээ зодох нь, зодуулах нь хэвийн юм гэдэг мэдрэмжтэй болчихсон байна шүү дээ. Таны хүүхэд яг ийм болж өсвөл ирээдүйд өөрт нь ирэх хатуурхал, хүчирхийллийн хэлбэрийг “энэ чинь байж болох зүйл” гэж хүлээж авдаг болно гэдгийг ойлгоорой.
Тэгвэл эерэг хүмүүжлийн аргаас нь та зөвлөөч?
Хүүхдэд эцэг эхийн үлгэрлэл хамгийн чухал. Хүүхдэдээ ямар нэг буруу зан үйлийг “буруу юм” гэдгийг ойлгуулахыг хүсэж байвал гэр бүлийн орчинд тухайн зан үйлийг зөвөөр хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
Жишээлбэл, Өсвөр насны хүүхэд нь тамхи татаж байвал шийтгэх нь зөв. Юуны түрүүн гэр бүлийн орчинд аав, ээж нь өөрсдөө тийм зүйл хэр хэрэглэдэг вэ гэдэг нь нөлөөлнө. Хоёрдугаарт, хүүхэд бүр эцэг эхээсээ тодорхой хэмжээний шийтгэл хүртэх зүйл хийдэг. Алдаа гаргах үе байдаг. Энэ үед хүүхдэд ойлгомжтойгоор, утга учиртайгаар тайлбарлаж хэлж өгөх нь чухал юм. Ялангуяа бага насны хүүхэд ухаж ойлгохгүй учраас энэ зүйл муу, ийм үйлдэл хийх нь буруу, яагаад гэвэл ийм аюултай гэх мэтээр эцэг эхчүүд маань сайн муу, буруу зөв зүйлсийг тодорхой хэлж өгч байх хэрэгтэй. Анхаасаа зөв бурууг нь мэдэхгүй учраас хүүхэд хөгжлийнхөө үе шатанд юуг ч оролдож үзэж болно. Тэр нь зөв буруу юу гэдгийг сайн тодорхой хэлж өгч байх юм бол тухайн сөрөг зүйлд өртөх байдал буурна.
Хэлсэн ч хүүхэд алдаа гаргаад, давтаад байвал яах вэ?
Ийм тохиолдол мэдээж гарна. Тэгэхээр хил хязгаар гэдэг зүйлийг гэр бүлдээ бий болгох нь чухал. Манай гэр бүлийн хувьд энэ зүйл маш үнэ цэнтэй шүү, аав ээж нь чамд энэ зүйлийг зөвшөөрнө, үүнийг зөвшөөрөхгүй гэх мэтээр хил хязгаарыг нь тодорхой хэлж өгөөрэй.
Өсвөр насанд ялангуяа хил хязгаар тавих зүйлс олон гарч ирдэг. Томчууд маань тодорхойлж хэлж өгөхгүй л бол тухайн зүйлийг болох, болохгүйг мэдэхгүй учраас оролдож үзэх хандлага их болдог. Дээрээс нь үе тэнгийн болон нийгмийн нөлөөлөл байна. Тэгэхээр эцэг, эх, асран хамгаалагч нар маань тэдгээрийг тодорхой хэлж өгөөд, дараа нь тухайн зүйл дээр алдаа гаргахад нь “ийм шийтгэлтэй шүү" гэж дараагийн арга хэмжээгээ ч мөн тодорхой хэлэх хэрэгтэй.
Жишээ нь тамхи татахыг зөвшөөрөхгүй шүү. Хүүхдийн өсөлт хөгжлийн явцад тамхины хор нөлөө нь ийм ийм, тиймээс энэ муу шүү гээд тодорхой хэлж өгнө.
Хэрэв хориглосон зүйлийг нь хийвэл хүүхдэдээ гэмтэл учруулахгүй, бие махбодыг нь зодож шийтгэхгүй, хэрэгцээтэй шийтгэлээр шийтгэх арга замыг сонгох нь зүйтэй.
Тухайлбал, Хэрэв хязгаарласан муу, буруу зүйлийг хийвэл тухайн өдөр утас ашиглах цагийг чинь багасгана, утсыг чинь хурааж авна. Эсвэл хоёр хоногийн хугацаанд оройн хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ гэх мэтээр хүүхдэд хэрэгтэй, хариуцлага мэдрүүлэх шийтгэл оногдуулна гэдгээ тодорхой хэлж өгнө.
Гуравдугаарт, Энэ хил хязгаар тодорхой болсны дараа эцэг эхчүүд маань тухайн нөхцөл байдал ирлээ гэж бодоход биелүүлдэг байх хэрэгтэй. Заримдаа эцэг эхчүүд маань "тэгж болохгүй шүү, тэгвэл ингэж шийтгэнэ шүү" гэж хил хязгаарыг нь хэлж өгдөг ч цаг нь тулахаар өөрсдөө хэрэгжүүлдэггүй. Энэ нь хүүхдэд аав ээж тэгж л байдаг юм, би буруу зүйл хийсэн ч намайг шийтгэдэггүй, үр дагаврыг нь нээх хүртээд байдаггүй гэдэг мэдрэмж суудаг. Тиймээс дагаж мөрдөх нь чухал. Үүнийг эерэг хүмүүжлийн арга гээд байгаа юм.
Зодож шийтгэх нь ихэнхдээ сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахад хүргэдэг шүү дээ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч та?
Хүүхэд нь том хэрэг тариад, үнэхээр таныг гонсойлгож, бухимдуулж магадгүй юм. Тэр үед хүүхдээ цохиод авмаар, муу муухай, хатуу ширүүн үгсийг хэлмээр байсан ч сэтгэл хөдлөл өндөртэй, уур бухимдалтай үедээ шийдвэр гаргахгүй байхыг, тэгж хэлэхгүй байхыг хичээгээрэй.
Ямар нэг хариу үйлдэл үзүүлэхээ түр хойш нь тавиад тайвширч, сэтгэл хөдлөл багассан үед ярилцах нь зүйтэй.
Сэтгэл хөдлөл өндөр үед ухаалгаар сэтгэн бодох чадвар буурч, шийдвэр гаргалт нь ч оновчгүй болдог. Тиймээс хэн хэн нь тайвширсан үед ярилцах нь үр дүнтэй ба хүүхэд хэлж буй таны үгсийг ойлгож хүлээж авдаг. Шийдвэр нь ч мөн бодит амьдралд ойрхон байдаг.