"Сэтгэцийн эрүүл мэнд-2024" үндэсний чуулган энэ сарын 15,16-ны өдрүүдэд болж буй. Чуулганаар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх шийдлийг эрэлхийлсэн олон илтгэл тавигдсан. Мөн тус салбарын эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хийсэн судалгаануудыг дэлгэн тавьсан байлаа. Энэ дундаас зуд гамшгийн дараах сэтгэц-нийгмийн тулгамдсан асуудлын үнэлгээний үр дүн сэдвээр хийгдсэн судалгааг онцоллоо.
Дэлхийн хэмжээнд 2000 оноос хойш цаг уурын өөрчлөлт, эрс тэс үзэгдлүүд 46 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн хувьд сэтгэл гутрал, түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг болон бусад сэтгэл зүйн асуудал, эмгэгт хүргэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Манай улсын хувьд ч зудын гамшиг түүний хор хохирлыг олон талаас нь үнэлж, цогц тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага үүссэн. Тэгвэл гамшигт өртсөн малчин иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулгатай цөөн хором ярилцлаа.
МУЗН нь сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн чиглэлээр олон нийтэд нөлөөлөл үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг олон нийтэд суурилан үзүүлэх голлох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа Монгол Улсад тохиолдож байгаа гамшиг, зуд, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлууд, цар тахлын үеүүдэд олон нийтэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг олон нийт өөрсдөөр нь дамжуулан хүргэх ажлыг нэлээдгүй зохион байгуулсан туршлагатай. 2024 оноос ЭМЯ, СЭМҮТ, МУЗН, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд тулгуурласан үйл ажиллагаанууд явуулж байна.
Зудын гамшиг нь зудад өртсөн малчин иргэд, хөдөө орон нутгийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хүнд цорилт учруулдаг. Зудын гамшгийн үеийн хор хохирлыг ихэвчлэн олон малаа алдсан, эдийн засгийн хохирол, заримдаа эрүүл мэндийн нөхцөл байдал хүндэрдэг зэргээр нь үнэлдэг боловч түүний цаана сэтгэцийн эрүүл мэндийн сөрөг нөлөөллүүд маш их учирсан байдаг гэдгийг орхигдуулж болохгүй. Үүнийг цаг алдалгүй илрүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
Энгийн жишээ гэхэд, зудад бүх малаа алдсан, амьжиргааны эх үүсвэргүй болсон малчин иргэн амиа хорлох хүртэл хортой үр дагавар гарч байна. Малаа алдсан иргэд нүүн шилжих, өөр газарт орлогын үүсвэр хайх, тэнд нь хүлээж авах боломж байгаа эсэх гээд олон асуудал тулгардаг. Тэр дундаа сум, аймгийн төвдөө дотуур байранд амьдарч буй хүүхдүүд зудад өртсөн ар гэртээ санаа зовох, сэтгэл зүйн хямралд орох зэргээр олон сөрөг үр дагаврууд бий болдог.
9 аймгийн 72 сумын зудад өртсөн 576 өрх, 2164 иргэнийг хамруулсан судалгаагаар, Нийт оролцогчдын 20 орчим хувьд буюу 5 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэц-нийгмийн тулгамдсан асуудалтай гарчээ.
Тиймээс тухайн зудад өртсөн өрх, иргэдийн хажууд байгаа хамаатан садан, хөршүүд, гэр бүлийн гишүүд нь тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байх нь чухал аж. Ингэхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, мэдээлэл, мэдлэгтэй байх, түүнийг эзэмшүүлэх нь, бие биендээ дэмжлэг үзүүлж чаддаг болгоход МУЗН, мэргэжлийн байгууллагуудтай ажиллажээ.
Зуд гамшиг болоход нэн түрүүн хийгддэг ажил нь үнэлгээ. Гамшгийн нөхцөл байдал, суурь хэрэгцээг үнэлэх баг ажилладаг. Тэнд Улаан Загалмайн сайн дурын идэвхтэн бэлтгэгдсэн, сургагдсан хүмүүс очиж зудад өртсөн айлын амьжиргааны хэрэгцээг үнэлэхээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг гаргаж ирэх ажлыг зохион байгуулсан байна. Монголчууд, малчин иргэдийн нэг онцлог нь сэтгэл хөдлөл, асуудлаа илэрхийлж гаргадаггүй байдал түгээмэл. Тиймээс тодорхой арга хэрэгслээр, бэлтгэгдсэн мэргжилтнүүд сэтгэл зүйн хэрэгцээг нь гаргаж, таньж мэдэх ажлыг хийж, цааш нь нарийн мэргэжлийн ямар тусламжид холбож өгөх үү гэдэг зарчмаар үйл ажиллагаа явуулсан нь үр дүнгээ өгчээ. Нөгөөтээгүүр сэтгэцийн эрүүл мэндийн хүний нөөцийн дутагдал, тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдлыг бууруулахад дэмжлэг болон ажилласан талаар тус нийгэмлэгийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга хэлж байлаа.
Зудад өртсөн иргэдэд сэтгэл зүйн нарийн мэргэшсэн тусламж хэрэгтэй байна уу, эсвэл суурь тусламж хэрэгтэй байна уу гэдгийг гаргаж ирэх, холбон зуучлах чиглэлээр 2023 оноос хойш 250 гаруй сайн дурын идэвхтэнг цуврал сургалтуудаар бэлтгэн, тусламж үйлчилгээ үзүүлээд байна.
Зуд, гамшиг хэзээ бий болохыг хэлж таашгүй. Иймд гамшгийн үед авах арга хэмжээ, хэрхэн даван туулах талаар ойлголт мэдлэгтэй байх нь мөн чухал. Тэгвэл урьдчилан сэргийлэх, зуд, гамшгийн үеийн нөхцөл байдалд бэлэн байх чиглэлээр МУЗН аймаг дүүргийн Улаан загалмайн салбар хороодын дэргэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ. Заавал сэтгэл зүйн асуудалтай болсон хойноо хандах бус, олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг олгоход анхаарах нь чухал гэдгийг онцлов.
Тухайлбал, Сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд орох, сэтгэцийн эрүүл мэндийн суурь асуудал үүссэн эсэхээ тухайн хүн өөрөө таньж мэдэх, тэгээд цааш нь тусламж авах, эрүүл мэндийн байгууллагад ханддаг болох боловсролыг олгох нь илүү үр дүнтэй гэж үзэж буй. Сэтгэл зүйн хямралд орлоо гэхэд хамгийн ойр байгаа дотны хүндээ илэрхийлж, ханддаг, ярилцдаг, тусламж авдаг, хүндрүүлэхгүй байхад хувь хүн, иргэдэд чиглэсэн сургалт, боловсролыг олгож байна. Нэг ёсондоо бие биедээ туслах сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг олгох нь хамгийн үр дүнтэй бөгөөд цаг хугацаа алдахгүй байх давуу талтай.
Анхан шатны эрүүл мэндийн төвд сэтгэцийн эмч мэргэжилтний дутагдалтай, олон улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа тоо баримтыг чуулганы үеэр мэргэжилтнүүд дурдаж байсан. Иймд, МУЗН-ээс сайн дурын идэвхтэн бэлтгэж олон нийтэд хүрч үйлчлэх чиглэл дээр мэргэжлийн байгууллагууддаа дэмжлэг болж ажиллахыг зорьж байгаа нь цаг үеэ олсон бодит хөрөнгө оруулалт болжээ.