2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Зүрх судасны эмч Ш.Батцэцэг: Зүрх судасны өвчний үед курс эмчилгээ гэж байдаггүй. Насан туршдаа эм уудаг

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 17

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин. Жилд зүрх судасны өвчлөлөөр 5000 гаруй хүн нас барж байгаа нь 3 сая хүн амтай манай улсын хувьд маш өндөр тоо юм. Тиймээс энэ удаа зүрх судасны өвчлөлийн шалтгаан, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар "Мөнгөнгүүр" эмнэлгийн Зүрх судасны эмч Ш.Батцэцэгтэй ярилцлаа. 

Монголчуудын дунд зүрх судасны өвчлөл ямар байна вэ? 

Манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчний шалтгаант нас баралт тэргүүлж байна. Тухайлбал, жилд 17.9 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл 2 сек тутамд 1 хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг буюу түүний дотор зүрхний шигдээс, ишемийн харвалт дийлэнх хувийг эзэлдэг.

Манай улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амын нас баралтын шалтгааныг авч үзэхэд, нэгдүгээрт зүрх судасны өвчин буюу жилд 5000-6200 тохиолдол, хоёрдугаарт хавдар 3000-4500 тохиолдол, гуравдугаарт гэмтэл, хордлого, гаднын шалгаант болон бусад эмгэг (2500-3000) орж байна. 

Зүрх судасны өвчнөөр 2019 онд 5531 хүн, 2020 онд 5221 хүн, 2021 онд 6213 хүн нас баралт бүртгэгдсэн байгаагаас харахад зүрх судасны өвчин ба архаг хууч өвчтэй хүмүүс “Covid-19”-ийн халдварт илүү өртөмтгий байсан. Мөн зүрх судасны өвчний явцыг ковидын халдвар илүү хүндрүүлж нас баралтыг нэмэгдүүлсэн гэж үзэж болно.

Түгээмэл тохиолдож буй зүрх судасны өвчнүүдийн шалтгаан, хүчин зүйл нь юу байна вэ? 

Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг өөрчлөх боломжтой, өөрчлөх боломжгүй гэсэн хоёр бүлэгт хуваадаг.

  • Өөрчлөх боломжтойд нь зохисгүй хоололт, хөдөлгөөний дутагдал, таргалалт, тэр дундаа хэвлийн таргалалт, тамхидалт, стресс бухимдал, архины зохисгүй хэрэглээ, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчин, цусан дахь холестериний хэмжээ өндөр байх зэрэг ордог. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь судасны хатуурал өвчний эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг.  Мөн чихрийн шижин өвчний 2-р хэв шинжтэй эмэгтэйчүүд тархинд цус харвах эрсдэл илүү өндөр байдаг.
  • Өөрчлөх боломжгүйд нь удамшил, хүйс, нас зэрэг орно. Тухайлбал, эрэгтэй хүйс илүү өндөр эрсдэлтэй байдаг. 55-аас дээш насны эрэгтэй, 65-аас дээш насны эмэгтэйчүүд эрсдэлтэй бүлэгт ордог. 

Хамгийн гол хүчин зүйл болж буй тамхины тухайд: Насан туршдаа тамхи татсан хүн тамхидалтаас болж 10 жилийн өмнө нас барах эрсдэл 50% нэмэгддэг буюу хэд наслах байсан хугацаанаас 10 жилээр богино насална гэж Европын зүрх судасны нийгэмлэгийн судалгаанд дурдсан байдаг. 

Тамхи татдаг 50-аас доош насны хүний зүрх судасны өвчний эрсдэл тамхи татдаггүй хүнийхээс 5 дахин их байдаг. 

Ингэхдээ, удаан хугацаанд тамхи татах нь эмэгтэйчүүдэд илүү хор хөнөөлтэй. Дам тамхидалт нь мөн зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед утаат тамхинаас гадна утаагүй, электрон тамхи зэрэг нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болж байна.

Зүрх судасны өвчлөл дундаас судасны хатуурал өвчнийг тодруулмаар байна. Ямар шалтгаантай, хүндрэл нь юу болох талаар хэлж өгөөч?

Тамхидалт, цусан дахь өөх тос их байх, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт, удамшил, стресс зэрэг нь судасны хатууралд хүргэх эрсдэлт хүчин зүйлс юм.

Энэ дундаас даралт ихсэх өвчин судасны хатуурлын гол шалтгаан болдог. Судасны хатуурлын хүндрэл нь зүрхний ишеми өвчин үүсэх улмаар зүрхний шигдээс болох, тархины ишеми, харвалт болох аюултай.

Даралт юунаас болж ихэсдэг вэ? Зөвхөн настай хүний өвчин биш гэж ярих болсон. Даралтаа хэрхэн яаж хянах вэ? 

Тийм. Дөнгөж 20,30 настай залуусын даралт ихэсдэг болчихсон байна. 

Зүрх судасны өвчний хүндрэл үүсэхэд нөлөөлдөг хамгийн түгээмэл шалтгааны нэг нь артерийн даралт ихсэх өвчин юм.

“Би угаасаа өндөр даралттай, зовиургүй байдаг, ийм артерийн даралттай хэдэн жил явж байна” гээд тоохгүй явдаг хүмүүс их байдаг. Эм уухаар эмэндээ дасал болчихно гэх буруу ойлголтын улмаас эм уухгүй, өндөр даралттай удаан хугацаанд явдаг. Артерийн даралт зүгээр нэг ихсээд яваад байдаггүй, бай эрхтэн  буюу зүрх, судас, бөөрийг гэмтээдэг. Хүмүүс ихэвчлэн эдгээр эрхтэн нь гэмтэж, шинж тэмдэг зовуурь илэрсний дараа л эмнэлэгт ханддаг нь харамсалтай.

Даралт буулгах, бай эрхтнүүдийг хамгаалах эм уухгүй яваад байвал яваандаа зүрхний булчин зузаарч, зүрхний хөндий тэлэгдэж, зүрх бүтцийн өөрчлөлтөд ордог. 

Бүтцийн өөрчлөлтөд орсон зүрхнээс хэм алдагдал, дамжуулалтын алдагдал, цусан хангамжийн дутагдал үүснэ. Тиймээс даралт буулгах эмийг зөвхөн даралт буулгах зорилгоор уудаг гэж ойлгож болохгүй. Бай эрхтнийг хамгаалах, зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах, насыг уртасгах зорилготой гэж ойлгох хэрэгтэй. Мөн зарим хүний даралт хэвийн байсан ч зүрхний бүтцийн өөрчлөлт их байгаа тохиолдолд даралтны эм уухыг зөвлөх шаардлага ч гардаг.

Тэгвэл даралт өндөртэй хүн даралтны эмийг хэдий хугацаанд хэрхэн яаж уух вэ? 

Артерийн даралтаа өдөрт 2-3 удаа үзээд өдрийн ямар цагт, юутай холбоотой ихэвчлэн ихэсдэгийг мэддэг байх хэрэгтэй. Өглөө сэрэхэд даралт ихэссэн байдаг бол унтахынхаа өмнө орой эмээ ууна. Өдөр ажил хийгээд, ачаалалтай байгаад даралт нь ихэсдэг бол өглөө эмээ ууна гэсэн үг. Эмчийн зөвлөсөн эмийг даралт ихсэхээр нь сандарч уух биш, ихсэхээс нь өмнө угтуулж уудаг. Өөрөөр хэлбэл өвчин намдаах эм шиг байдлаар уухгүй.

Мөн даралт буулгах зорилгоор дибазол уух, магнез дуслаар тариулах нь даралтыг тухайн үедээ буулгаж болох боловч эмчилгээ биш юм. Ямар ч тариа, дусал даралтны эмийн үйлчилгээг үзүүлж чадахгүй. Тиймээс эмчийн зөвлөсөн эмийг л тогтмол ууж, даралтаа хянана гэсэн үг.

Хүмүүсийн нийтлэг алдаа нь, хэдэн удаа эм уугаад даралт нь хэвийн болчихоор эмчлэгдчихлээ гэж бодоод эмээ зогсоочихдог. Тэгээд дахиад даралт нь ихсээд, зүрх, судас, бөөр нь гэмтээд бүтцийн өөрчлөлтөнд орж, зүрх судасны хүндрэл үүссэний дараа эмчид ханддаг нь маш буруу.

Эм уугаад даралт нь хэвийн хэмжээнд байгаад, гаж нөлөө илрэхгүй таараад байвал эмээ тогтмол уугаад л яваад байна. 

Эм болгон гаж нөлөөтэй тул эмчийн зөвлөсний дагуу зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь эрдэс бодис, креатинин, элэгний үйл ажиллагаа, өөх тосны солилцоо зэргийг хянаад явна. Өндөр даралттай ч ажлын боломж, цаг гарахгүй байна гээд эмнэлэгт үзүүлж чадахгүй яваад байдаг хүмүүс бас бий. Эмчид үзүүлж байж л эм ууя гээд арга хэмжээ авдаггүй. Үнэхээр ийм байдалтай яваад байгаа бол эхний ээлжид өрхийн эмчдээ очоод үзүүлээрэй.

Даралт ихсэх нь тархинд цус харвах эрсдэл үүсгэдэг үү? 

Артерийн даралт ихсэлт нь тархины цус харвалтын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Артерийн даралт ихсэлтийн үед эрхтнүүдийн тухайлбал, тархины артерийн судас гэмтэж, цаашид тархины цусан хангамж дутагдаж тархины шигдээст харвалт болох, артерийн судас хагарснаас болж геморрагийн харвалт болдог.

Зүрх судасны өвчний нас залуужаад байгаа нь юутай холбоотой вэ? 

2000-2016 онд хийсэн судалгаагаар залуу хүмүүс ялангуяа 40 хүртэлх насныхны өвчлөл жил тутам ихэссээр байна. Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь нэг талаар хотжилттой холбоотой. Мөн амьдралын буруу хэвшил, таргалалт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ зэрэг нь голлох хүчин зүйл болж байна.

Зүрх судасны өвчлөлд удамшлын хүчин зүйл нөлөөлдөг хэдий ч тухайн хүн амьдралын хэв маягаа эрүүл байлгаж урьдчилан сэргийлж чадвал зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байж болно.

Ковидын үеийн цус өтгөрөлийн талаар? Цус өтгөрөлт зүрхэнд нөлөөлж байна гэдэг. Цус яагаад өтгөрдөг вэ? 

Ковидын халдвар судасны ханын үрэвсэл үүсгэдэг нь бүлэн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор антикоагулянт зөвлөдөг. Гэхдээ Ковид-19-ийн халдварын үед антикоагулянт эмчилгээний үр дүн бага судлагдсан.

Цус өтгөрөлтөд ковид, ковидын вакцин нөлөөлж байна гээд бүх бурууг тэндээс хайх биш, харин давс, сахар, энгийн нүүр ус, өөх тосны хэтрүүлсэн хэрэглээ, уураг, шингэн буюу цэвэр усны бага хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, тамхи, архи согтууруулах ундаа, кофейны их хэрэглээ, стресс зэрэг шууд нөлөөлдөг зүйлсдээ анхаарах хэрэгтэй.

Бүлэн үүсэх эрсдэл багатай буюу өмнө нь зүрхний шигдээс, харвалт болж байгаагүй, хэвтрийн биш хүмүүст антикоагулянт зөвлөхгүй. Харин цус өтгөрүүлээд байгаа амьдралын буруу хэвшилтэйгээ л тэмцэнэ гэсэн үг. Цэвэр агаарт алхаж, гүйж, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн үйл ажиллагаа идэвхжин судас дарагдаж шахагдаж хөдөлнө, цусны урсгал түргэснэ, цус хүчилтөрөгчөөр баяжина. Ингэснээр цус шингэрнэ. 

Цус шингэлэх эм уучихаад тамхиа татаад, хөдөлгөөнгүй суугаад байвал цус шингэрэхгүй шүү дээ.

Цусаа шингэн эсвэл өтгөн байгааг хүмүүс гарцаас нь хараад оношлох гээд байдаг. Ямар шинжилгээгээр тодорхойлдог вэ? 

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон цусны бүлэгнэлийн шинжилгээгээр цусны өтгөн, шингэнийг оношилдог. Цусны шинжилгээ авах болон тариа, дусал хийх үед цусны гарц болон өнгөөр цус өтгөрсөн үгүйг мэдэх боломжгүй. Учир нь венийн судас нь хүчилтөрөгчөө өгөөд нүүрсхүчлийн хийг авсан байдаг тул цус бараан хүрэн өнгөтэй байдаг.  

Зүрх судасны өвчний ямар шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай вэ? 

  • Артерийн даралт ихсэх;
  • Цээжээр дарах, шахах, базах, халуу оргих мэтээр өвдөх, ялангуяа ачаалал болон сэтгэлийн хөдөлгөөний үед;
  • Ачааллын ба тайван үед амьсгаадах, амьсгал давчдах;
  • Хоёр хөлийн шилбэ хавагнаж биеийн жин нэмэгдэх;
  • Зүрх судасны өвчний удамшил байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Зүрх судасны өвчний хүндрэл, эрсдэл нь юу вэ?

Зүрх судасны өвчнийг эмчлэхгүй, хянуулахгүй явбал эцэстээ зүрхний дутагдалд хүрдэг. 

Зүрхний дутагдал нь эмчлэгдэхгүй бөгөөд, эмчилгээ нь зүрхний дутагдлыг ээнэгшилд оруулах, шинж тэмдэг зовиурыг багасгах, амьдралын чанарыг сайжруулах, даамжруулж, хүндрүүлэхгүй байх, эмнэлэгт хэвтэлтийг багасгахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл тодорхойгүй удаан хугацаагаар буюу насан туршдаа эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Зовуурь багасангуут эмчилгээг зогсоох нь зүрхний дутагдал дахин ээнэгшлээ алдахад хүргэдэг. Ээнэгшил алдах болгонд зүрхний дутагдал өмнөх ээнэгшил алдах бүрээс илүү хүндэрч, нас богиносоод л байдаг.

Зүрх судасны өвчлөлийн хэдэн хувийг тухайн хүн өөрөө сэргийлж чадах вэ? Хоол хүнс, амьдралын хэв маяг гээд өөрчилж, урьдчилан сэргийлэх боломжтой аргуудыг хэлж өгөөч? 

Ер нь зүрх судасны өвчтэй болохгүй байхад хувь хүнээс шалтгаалах зүйлс нь ихэнх хувийг эзэлнэ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхи, дам тамхидалтаас татгалзах, архи согтууруулах ундааны хэрэглээг маш бага байлгах, жингээ хэвийн байлгах гэх мэт.

Хоол хүнсний тухайд давс, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах, эслэг ихтэй хоол хүнс, жимс, ногоо хүнсэнд түлхүү хэрэглэх хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тосноос хэрэглэхийг зөвлөдөг нь тослог ихтэй загас боловч манай улсад  ховор. Тиймээс омега-3 нэмэлтээр ууж болно.

Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдаж, хянуулж байх ёстой вэ? 

  • Зүрх судасны эрсдэлгүй 50-аас дээш насны эмэгтэйчүүд болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүд зүрх судасны өвчлөл ба зүрх судасны гэнэтийн үхлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
  • Артерийн даралт ихсэх эрсдэлтэй насанд хүрэгчид, тухайлбал таргалалт, удамшилтай бол артерийн даралт ихсэлтийн скринингийг хийлгэх хэрэгтэй.
  • Нэгэнт зүрх судасны өвчтэй (даралт ихсэлттэй, зүрхний ишеми өвчтэй, хавхлагын гажигтай, хэм алдагдалтай) хүмүүс тохирсон эмчилгээг хийгээд, эмчилгээний үр дүн болон гаж нөлөөг үнэлэх, хянах зорилгоор  тодорхой давтамжтайгаар эмчид үзүүлж, лабораторийн болон багажийн шинжилгээнүүдийг давтан хянах байдлаар хяналтанд байдаг. Ийм байдлаар хяналтанд байх нь зүрхний бүтцийн өөрчлөлт нэмэгдэх, зүрх судасны хүндрэл үүсэх, зүрх судасны хүндрэл даамжрах, зүрхний дутагдалд орохоос урьдчилан сэргийлж буй хэрэг юм.

Зүрх судасны өвчний эмчилгээ хэрхэн хийгддэг вэ? Танай эмнэлэгт зүрх судасны өвчлөлийн үед эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? 

Зүрх судасны эмчилгээ нь эмэн бус эмчилгээ буюу амьдралын хэв маягаа өөрчлөхөөс эхэлдэг. 

Амьдралын хэв маягаа өөрчилж чадсанаар артерийн даралт 20 мм муб-р багасдаг. 

Амьдралын хэв маягаа өөрчлөх гэдэг нь эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, архи согтууруулах ундаа, тамхинаас татгалзах, жингээ хасах, шөнө сайн унтаж амрах, стресс бухимдлаа зохицуулах зэрэг юм. Харамсалтай нь 10 хүний 8 нь энэ энгийн боловч маш чухал эмчилгээг дутуу үнэлдэг, үл ойшоодог. Цөөн өвчтөн амьдралын хэв маягаа өөрчлөөд, эм уулгүйгээр артерийн даралт, цусан дахь глюкоз нь хэвийн болчихсон эсвэл эмийн тун нь багасчихсан, цаашид хүндрэл үүсэх эрсдэлийг бүрэн зогсоочихсон ирэхэд нь эмч хүний хувьд маш их баярлаж, улам их урам өгмөөр, ач холбогдлыг нь дахин батжуулж ойлгуулмаар санагддаг. Зарим өвчтөндөө сайн жишээ болгож ярьмаар санагддаг шүү.

Зүрх судасны өвчний үед курс эмчилгээ гэж байдаггүй. Тодорхойгүй удаан хугацаагаар буюу насан туршдаа эм уудаг. 

Зүрх судасны өвчний гол эмчилгээ эмэн хэлбэрээр байдаг гэдгийг маш сайн ойлгуулмаар санагддаг. Хүмүүс судсаар, дуслаар эмчилгээ хийгдэхгүй, удаан хугацаанд эм уугаад байхаар эмчилгээгээ дутуу үнэлэх, сэтгэл хангалуун бус байх улмаар эмээ уухгүй байх нь олонтаа. Ямар ч дусал, тариа артерийн даралт ихсэлтийг, зүрхний ишеми өвчнийг, зүрхний дутагдлыг эмчлэхгүй. Мөн зовуурь багасах, артерийн даралт багасах үед би эдгэрчихлээ гэж дүгнээд эмээ уухаа зогсоодог, эсвэл эмийн сангаас авсан эм нь дуусангуут миний эмчилгээ дууссан гээд хэсэг хугацаанд эмчилгээгүй явж байгаад дахин зовуурь үүсээд, өвчнөө даамжруулаад ирдэг нь маш буруу гэдгийг дахин анхааруулж хэлье.

Манай эмнэлэгт зүрх судасны нарийн мэргэжлийн эмч амбулатороор үзлэг хийж зөвлөгөө өгч байгаа. Үзүүлээд, шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээнүүдийг хийлгээд оношоо тодруулан, эрсдлийг тооцож эмчилгээ хийлгэн, хянуулаад явах обломжтой. Утсаар эсвэл биеэр ирж урьдчилан цаг авна. Ихэнх тохиолдолд хүлээгдэл харьцангуй бага байдаг учраас өдөртөө үзүүлж амжина.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө