2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Нойргүйдэлтэй удаан явснаар эцэстээ ямар ч бүтээмжгүй, ууртай, тэвчээргүй нэгэн болж хувирдаг

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 07

Нойргүйдэл гэж юу болох, ямар шалтгаанаар бий болдог, өдөр тутмын амьдралд ямар нөлөө үзүүлдэг, хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Л.Жавхлан дараах зөвлөгөөг өглөө. 

Тухайн хүн бүрэн амралтын байдалд шилжиж буйг нойр гэдэг. Унтаж байхад хүний бүх эрхтэн амарч байдаг. Энэ амралтаа авч чадахгүй бол дахин ачааллахад төвөгтэй болно. Дасгал хийж байхдаа булчингаа амраахгүй бол дахиж дасгал хийхэд хэцүү байдагтай адил нойроо авч байж бие дахин ажиллах эрч хүчтэй болно.

Хүний бие махбод өөрийн амрах ёстой горимоороо амарч чадаагүйн улмаас тухайн хүнд үүсэж байгаа хөдөлмөрийн бүтээмж буурах, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болох зэрэг олон бүлэг шинжээр илэрдэг үзэгдлийг  "нойргүйдэл" гэдэг. 

Сүүлийн үед хүмүүсийн дунд их тохиолдож байх шиг санагддаг. Юутай холбоотой вэ. Нойргүйдэлд хүргэдэг голлох шалтгаанууд нь юу вэ?

Нойргүйдлийн шалтгаан маш олон янз. Үүний нэг хэлбэр нь сэтгэл зүйн шалтгаан байна. Унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, өглөө сэрэхэд сэтгэл түгшсэн байдалтай сэрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Хийж дуусгаагүй ажил, ямар нэгэн зүйлд санаа зовниж байгаа нь сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдлийн хэлбэр юм.

Мөн биологийн, бие физиологийн талаасаа, ямар нэг механик гэмтэл, зан үйлийн шинж чанартай холбоотойгоор нойргүйдэл үүсэж болно. Тухайлбал, унтах орчноо зориулалтын бус байдлаар ашиглах буюу орондоо орчихоод дэлгэц ширтэх, юм үзэх, ном унших зэрэг нь нойргүйдлийг дэмжиж буй буруу үйлдэл. 

Тэгэхээр юуны өмнө нойргүйдлийнхээ шалтгааныг олох нь чухал. Хүмүүс ихэнхдээ нойрны эмгэг гэж бие даасан тусдаа зүйл гэж ойлгодог. Гэтэл нойргүйдэлд ямар нэгэн зүйл хүргэж байдаг. Эцсийн нөхцөл нь "нойргүйдэл" болж гарч ирдэг гэж ойлгох хэрэгтэй.

Жишээлбэл, Шүд, ходоод өвдөх нь тодорхой шалтгаантай, нэг төрлийн өвчин шүү дээ. Энэ өвчний өвдөлтөөс болж нойргүйдсэн байж болно. Шүдээ эмчлүүлчихээр нойр эргээд хэвийн болдог. Үүнтэй адил нойргүйдэл илэрсэн л бол тухайн хүнд нойргүйдлийг бий болгож буй өөр ямар нэг шалтгаан байна гэсэн үг. Тэр шалтгааныг зөв олж илрүүлэхгүй бол нойргүйдлийг шийдэж чадахгүй. Сүүлийн үед сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдэл хүмүүсийн дунд нэлээн их тохиолдох болсон. Сэтгэл зүйн гэдэг нь дотроо мөн олон янз. Хүн бүрийнх адилгүй. 

Хэт оройтож унтаад өдөр босдог. Угаасаа орой нойр хүрдэггүй гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ бас нойргүйдлийн нэг хэлбэр үү?

Энэ хэмнэл дадлыг тухайн хүн өөртөө бий болгочихсон хэрэг. Нар жаргахад унтаад, нар мандахад сэрдэг байгалийн биологийн цаг гэж бий. Гэтэл үүний эсрэг шөнө нь ажлаад өдөр нь унтдаг, эсвэл шөнийн тал хүртэл сэрүүн байх зэрэг нь буруу дадал. Шөнийн нойрыг өдрийн аль ч цагт унтсан нөхөж чадахгүй. Ийм байдалтай шөнийн нойроо алдсаар байвал аажимдаа бие ядарч сульддаг болно. Нойрны ийм буруу дадал залуусын дунд илүүтэй ажиглагдаж байгаа. Бие махбод залуу, аливаа асуудал, ачааллыг дааж гарах тэнхэлтэй байгаа учраас нойрны асуудалдаа тэр бүр анхаардаггүй. Гэтэл нас ахих тусам энэ дадал нь бие махбод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж олон өвчний суурь болох талтай.

Унтах гэж хичээгээд ч унтаж чадахгүй байна гэсэн асуудалтай. Үүнээсээ болж нойрны эм уудаг тал бий. Энэ тохиолдолд яах вэ?

Нэг хүний шүд өвдөөд нойр нь хүрэхгүй, өөр нэг хүнийх ходоод нь өвдөөд нойр хүрэхгүй байлаа гэж бодоход тэр өвдөлтийн эсрэг уух эм, үйлчилгээ нь өөр байна шүү дээ. Шүдний өвдөлтийн эсрэг эмээр ходоодны өвдөлтийг дарах боломжгүй. Үүнтэй адил нойргүйдлийн цаад шалтгаан нь хүн бүрийнх өөр учраас тэр нойрны эм сайн гээд хамаагүй уугаад байж болохгүй. Нойрны асуудалтай бол заавал мэргэжлийн эмчид хандаарай гэдэг учир нь энэ. Нойрны эмнүүдийн үндсэн үйлчилгээ нь гэхэд дотроо булчин сулруулдаг, түгшилтийн эсрэг, өвдөлт бууруулдаг гээд олон төрөлтэй. Нойргүйдлийнхээ гол шалтгааныг олж эмчлэхгүйгээр эмээр дарах гэж оролдоод байвал эмийн хамааралтай болох ч эрсдэлтэй. 

Унтах цагтаа унтахгүй, нойрны асуудалтай удаан яваад байвал ямар сөрөг үр дагаварт хүргэх вэ?

Тархи, бие махбод хэвийн ажиллах чадвараа тодорхой хэмжээнд алдаж л байгаа бол энэ нь нэг төрлийн нойргүйдэл.

Амьдралын буруу дадал хэвшилтэй, сэтгэл зүйн талаасаа байнгын түгшүүр, санаа зовнилтой, хөнгөн сэтгэл гурталд хүргэсэн асуудлуудтайгаа удаан хамт явах тусам тэр асуудалдаа л тархи нь ажлаад, шийдэх гэж оролдоод унтаж байгаа мэт боловч тархи нь амрахгүй. Заримдаа өдрийн цагаар гэнэт хүчтэй нойронд автах, гэрлэн дохион дээр, замын түгжрэлд явж байгаад дохиж нойр хүрэх гэх мэт байдал үүснэ. Энэ нь нойрны бас нэг хямрал. Учир нь тухайн хүний тархи бүрэн амарч чадаагүй учраас нэг ёсондоо шууд унтарч байна гэсэн үг. 

Бие махбодын шалтгаант нойргүйдлийг бол шийдэж, эмчилж болно. Сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдлийг харин ойлгохгүй мэдрэхгүй яваад байх талтай юм шиг?

Ийм тохиолдол маш их. Зарим хүмүүс сэтгэл зүйн асуудал, стресс, таагүй байдлаа өдөр бүр л тохиолддог зүйл гэж ойлгоод шийдэх гэж ч оролддоггүй. Багаасаа л нойр муутай байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь сэтгэл зүйн өөрчлөлт, сөрөг сэтгэл хөдлөл, гутрал, сэтгэл түгшил далд хэлбэрээр явагдаж, үүнийг тархи нь шийдэх гээд ажлаад, амарч чаддаггүй байж болно. Тархи гэдэг эрхтэн өөрийгөө хамгаалах, аюулгүй байлгах, тэтгэх, тайвшруулж, амраах зорилгоор ажилладаг онцлогтой. Харин ямар нэг аюултай шинж мэдрэгдээд л байвал өөрийгөө хамгаалж чадахгүй, унтсан ч өнөөх асуудлаа шийдэх гээд амарч чадахгүй. Тиймээс тухайн сэтгэл зүйн асуудлаа бодитоор ойлгож, хүлээн зөвшөөрч, зарим зүйл дээр нь эвлэрч, бууж өгөх байдлаар шийдэх гэж оролдох хэрэгтэй.  Хэвийн үзэгдэл мэтээр явсаар л байвал нойрны хямралд орно.

Нойргүйдэлтэй эсвэл нойрны хямралтай болж байна даа гэж өөрийгөө анзаарч мэдэх шинжүүд нь юу вэ?

Утнаж байх үед хэн нэгэн таныг хүчээр сэрээхээр ямар санагддаг вэ? Ихэнхдээ бухимдал төрдөг шүү дээ.  

Нойр муутай, нойрны хямралтай, асуудалтай хүн сөрөг сэтгэл хөдлөлд илүүтэй автдаг. 

Амархан уурлах, амархан гомдох, өмнө нь тэвчээд өнгөрч чаддаг байсан зүйлээ тэвчихгүй уураа барьж дийлэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч цаашлаад анхаарал, ой тогтоолт, муудаж, илүү мартамхай, өнгөцхөн дүгнэлт хийдэг болдог. Үүнийг хажууд байгаа хүмүүс нь, өөрөө ч анзаарч мэдэх боломжтой.

Сэтгэл хөдлөл, үйлдлийн түвшинд ямар нэгэн байдлаар  бүтээмж буурч, сөрөг сэтгэл хөдлөлтэй болсон л бол нойрны хэмнэлээ анзаараарай. Хүмүүс ихэвчлэн тухайн мөчдөө л сэтгэх гээд байдаг. Өнөөдөртөө, хоёр хоногтоо нойргүй хоноод ч хамаагүй энэ ажлыг амжуулчихвал дараа нь нөхөөд амарчихна гэдэг.  Гэтэл өнөөдрийн алдсан хоёр хоногийн нойрыг дараагийн 10 хоногийн нойр нөхөж дийлдэггүй. Тухайн өдрийн нойрыг тэр өдөртөө л авах ёстой. 

Нойрны хямралын сөрөг нөлөө удаж байж илэрдэг. Тухайн үедээ гайгүй юм шиг яваад байх боловч нэг мэдэхэд энэ байдалтайгаа 5, 10 жил явчихсан, ямар ч бүтээмжгүй, бухимдуу, ууртай, хүлээцгүй, тэвчээргүй нэгэн болж хувирсан байдаг.

Нойрны хямралтай, асуудал хэдийн үүсчихсэн хүмүүс одоо тэгвэл яах вэ? Яаж тэр асуудлаасаа гарах вэ?

Эхлээд шалтгаанаа олох нь чухал байх нь. Яг унтах гээд хэвтэх үед таны толгой, бодолд юу орж байна гэдэг маш чухал. Амрах гэж байгаа үедээ хүн ихэнхдээ хамгийн чухал ажлаа боддог. Энэ нь таны нойргүйдлийн анхдагч шалтгаан байх боломжтой. Ингээд тэрхүү бодол, ажлаа эхнээс нь цэгцлээд явж байтал үндсэн шалтгаан нь гараад ирдэг. Магадгүй та өөрөө ганцаараа шийдэж чадахгүй байсан болохоор л тархи чинь амрахгүй, нойр чинь хүрэхгүй, амарч чадахгүй, хямраад яваа. Тиймээс энэ асуудлыг тань шийдэхэд хамгийн сайн тусалж чадах хүнээсээ дэмжлэг авах, эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь үр дүнтэй. 

Бас нэг энгийн арга бий. Унтах гээд хэвтэх үед толгойд орж ирсэн бүх бодлоо цаасан дээр бичээд үз. Эргүүлээд уншаад үзэхэд эрээвэр хураавар санагдах боловч агуулгын хувьд нэг зүйл гарч ирнэ. Тэр агуулгыг шийднэ гэсэн үг. Юунаас болж нойрны хямралд хүрсэн байгаагаас шалтгаалаад шийдэх аргууд нь ч өөр өөр.

Нэг анхаарах зүйл нь хүмүүс асуудлаа шийдэх гэхээс илүүтэй хялбар аргыг хайгаад цаг их үрдэг. Удаан хугацаанд тэвчээд яваад байдаг.  Зүгээр л  энэ шөнө хурдхан унтаад амарчих юмсан л гэсэн бодолтой. Гэтэл маргааш орой нь ахиад л энэ байдал давтагддаг. Ингэх тусам аливаа зүйлсийн хамааралтай болох магадлал өндөр болно. Зүгээр байсан ч нойр хүрэхгүй болох нөхцөл үүснэ. 

Нойргүйдлийн шалтгаанаа эмчлэхгүй яваад байвал эцэстээ ямар аюултай тулах вэ?

Ерөөсөө л хөдөлмөрийн бүтээмжгүй болно. Өдөржин ажлаад байгаа боловч гараас юм гарахгүй. Эсвэл ном унших, ямар нэг зүйл уншиж дуусаад юу ч ойлгоогүй байх. Гэх мэтчилэн хөдөлмөрийн бүтээмж буурахаас гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Барилга байгууламжийг хүртэл засаж сэлбэж янзлахгүй бол нурах нь цаг хугацааны асуудал. Үүнтэй  адил тухайн хүн өөрийгөө сэлбэж амарч буй үйлдэл нь нойр. Үүнийгээ хийхгүй бол залуу насанд эрч хүчээр бол дийлэх байх. Ахимаг насандаа харин хэцүү асуудлуудтай тулгарч, олон өвчний уурхай болох нөхцөл бүрдэнэ. 

Тэгвэл хэвийн эрүүл нойр гэж юуг хэлэх вэ? 

Наснаас хамаараад нойрны өөрчлөлт янз бүр. Нярай хоногт 20 хүртэл цаг унтана. Нас нь дээшлэх тусам хүүхдийн хувьд 14, 12 цаг гэж буурсаар насанд хүрэхэд хоногт 8 цаг унтдаг болдог. Нас биед хүрсэн хүний унтах дундаж хугацаа нь 6-8 цаг байвал хэвийн нойртой гэж үздэг. Олон хүний дундаж болохоос хүн бүхэн ийм байх ёстой гэсэн үг биш шүү. Магадгүй илүү их цаг, эсвэл бага цаг унтдаг хүн байж болно. Гэхдээ өдөрт дөрвөөс бага цаг унтана гэдэг өөрөө асуудал. Нас ахих тусам нойрны хэмнэл багассаар 4-6 цаг болдог. Энэ бол жам ёсны үзэгдэл. 

Харин энд зөвлөх нэг үр дүнтэй арга нь өдрийн цагаар 15-30 минут хөнгөн нойр авах нь хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлдөг. Өдрийн цайныхаа дараа багахан унтаад авахад сайн. Мэдээж нэг цагаас хэтэрч болохгүй. 

Нойргүйдлийг өөрийн хүчээр даван дийлэх боломжтой юу? Эсвэл заавал эмнэлэг эмчийн тусламж хэрэгтэй юу?

Тухайн асуудлын шалтгаанаа өөрөө зөв ойлгож таниад амарч чадаж байвал даван гарч чадна. Бүх хүнийг толгой дараалан мэргэжлийн эмчид ханд гэж хэлэх нь өрөөсгөл. Харин удаан хугацааны нойргүйдэлтэй, өөрөө үнэхээр хичээгээд ч, янз бүрийн арга хэрэглээд ч мухардсан бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Дүгнээд хэлэхэд дараах тодорхой дэглэм, зарчмуудыг мөрдөөд өөрийгөө анзаарч сураарай. Тэгвэл урт хугацааны нойргүйдэл үүсэхээс сэргийлж чадна.

1.Унтах цагтаа унтдаг байх,

2. Хоногт 6-8 цагийн нойроо бүтэн авах,

3.Унтаад сэрсний дараа бие,сэтгэл зүйн хувьд амраагүй юм шиг мэдрэмж төрж байна уу гэдгээ шалгах.

Эдгээрийг өглөө бүр өөрөөсөө асууж, анзаараад тухай бүрд нь шийдээд явбал урт хугацааны нойргүйдлээс сэргийлж чадна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр