2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ЭМЧИЙН ӨРӨӨ

Х.Гарьд: Элэгний үрэвсэл, өөхлөлтийг хооллолт, эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Элэгний өөрчлөлт, эхэн үеийн өвчлөл, үрэвсэл тэр дундаа элэг өөхлөлтийн шалтгаан, авах арга хэмжээ, эмчилгээний талаар Монфа трейд ХХК-ийн эмч төлөөлөгч, хүний их эмч Х.Гарьдтай ярилцлаа. 

Та элэгний үйл ажиллагаа, үүргийг эхлээд хэлж өгөөч? 

Элэг нь хэвлийн баруун дээд хэсэг, өрцний доор хөндлөн байрладаг хүний биеийн хамгийн том булчирхай гэж ч нэрлэгддэг эрхтэн. Хоол боловсруулах замд чухал оролцоотой. Элэг нь хоол хүнснээс авч буй нүүрс ус, өөх тос, уураг зэргийг боловсруулах чухал үүргийг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт, нөөшлөгч буюу биед байгаа нүүрс усыг хадгалах, витаминуудын нийлэгжилтийг дэмжих үүрэгтэй. Гуравдугаарт хүний бие махбодыг хоргүйжүүлэх хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Гаднын бохирдолтой, хүний биед байх шаардлагагүй зүйлс хоол хүнсний замаар орж ирэхэд түүнийг биеэс гадагшлуулах, эмийн шалтгаантай бол түүнийг нь мөн хоргүйжүүлэх зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг амин чухал эрхтэн юм.

Хоргүйжүүлэх үүргээ гүйцэтгэхэд юу саад болдог вэ. Юунаас шалтгаалж үйл ажиллагаа нь доголддог вэ? 

Элэг өвчлөх шалтгаан, хүчин зүйлсээс хамаарч өвчин эмгэг нь олон төрөл байдаг ба халдварын буюу элэг гэмтээх вирусийн шалтгаант болон халдварын бус буюу бодисын солилцооны алдагдалтай хамааралтай. 

Хамгийн түгээмэл тохиолдож байгаа элэгний өвчлөл нь бодисын солилцооны алдагдалтай холбоотой байдаг. Бодисын солилцооны алдагдлын улмаас элэг өөхлөх, цирроз болж хүндрэх зэрэг элэгний өвчлөл үүсдэг.

Бодисын солилцооны алдагдал гэдэг нь ерөөсөө л амьдралын хэв маягтай холбоотой. Хүрээлэн буй орчин, стресс, архи, тамхи зэрэг хорт зуршлын хэрэглээ нь элгийг гэмтээж буй голлох хүчин зүйлс. Тодруулбал, Хувь хүний амьдралын хэв маяг, зуршлаас шалтгаалсан элэгний өвчлөл дийлэнх хувийг эзэлдэг гэсэн үг.

Үүнээс гадна вирусийн халдварууд элэг өвчлөх томоохон шалтгаан болдог. Хүмүүсийн мэдэхээр элэгний B,C,D вирусийн халдвар дангаар болон хавсарч тохиолдох нь элэгний эсүүдийг задралд оруулж, гэмтээх, үрэвсэл, цирроз, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.   

Элэг өвчилж буйг ямар шинж тэмдгээр анзаарч болох вэ. Ер нь хэдий хэр хугацаанд элэг өөрчлөлтөд ордог вэ? 

Архины бус шалтгаант элэг өөхжих өвчин нь дэлхий нийтэд насанд хүрэгчдийн дунд ойролцоогоор 30% -ийн тархвар зүйтэй байдаг бөгөөд элэг шилжүүлэн суулгах мэс заслын шалтгаануудаас эхний байранд орох хандлагатай байна. 

Бодисын солилцооны алдагдлын шалтгаантайгаар элэг өөрчлөлтөд орох, бүтцийн болон үйл ажиллагааны алдагдалд хүрэх нь удаан хугацаанд явагддаг. 

Шинж тэмдэг төдийлөн өгөөд байдаггүй дүлий эрхтэн ч гэж хэлдэг. Зовуурь өгч байна гэдэг нь элэг нэлээн өвчлөлд өртсөний л шинж. 

Тэгэхдээ элэг өөрчлөлтөд орж байна, өвдөж эхэлж байна шүү гэх дохиог дараах байдлаар үзүүлж болно. Жишээлбэл, арьс загатнах, хуурайших, нүдний өнгө өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, хэт жин нэмэх эсвэл бүр шалтгаангүй турах зэрэг нь элэгний өвчлөлийн эхний шинж тэмгүүд байж болох тул эрүүл мэндийн байгууллага, эмчид хандаж тодруулах хэрэгтэй.

Манай улс элэгний өвчлөл, нас баралтаар дэлхийн улс орнуудаас дээгүүрт байдаг. Таны хэлдгээр дүлий эрхтэн учраас хүндэрсэн шатандаа оношлогдох нь их. Эрт үед нь арга хэмжээ авч чадвал эмчилгээ сайн авдаг эрхтэн гэж ч мөн хэлдэг? 

Яг тийм. Буруу хоололттой, дасгал хөдөлгөөн хийдэггүй, хорт зуршилтай холбоотойгоор бодисын солилцооны алдагдалд орж элгэнд өөхөн хуримтлалууд бий болдог. Цаашлаад үрэвсэл рүү шилждэг. Уг нь элэг өөрийгөө хамгаалах, эдгээх тогтолцоотой. Гэвч удаан хугацаанд буюу хэдэн жилээр элэгний үрэвсэлтэй явснаар элэг өөрийгөө хамгаалж тэмцсээр соривжилттой болдог гэж энгийнээр ойлгож болно. 

Элэгний эхэн үеийн сорвижилт харьцангуй хөнгөн учраас эмчлэгдэх бүрэн боломжтой. 

Харин удаан үргэлжлэх тусам элэгний цирроз/хатуурал/-д шилжих буюу эргэшгүй өөрчлөлтөд ордог. Элэг бүтцийн хувьд өөрчлөлтөд орж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд хавдрын урьдал өвчин цаашлаад хавдарт шилжих хүртэл хүндрэл үүсдэг. Тиймээс эргэшгүй өөрчлөлтөд орох шатнаас өмнө хамгаалах нь нэн чухал. Ялангуяа элэг өөхөлж эхлэх үе эсвэл үрэвслийн эхэн үед арга хэмжээ авч чадвал эмчилгээний үр дүн сайн. Өөрөөс шалтгаалах зүйлс буюу нойр, хооллолтдоо анхаарах, хэт их нүүрс ус агуулсан хоол хүнсний хэрэглээгээ багасгах зэрэг.

Элэг өөрчлөлтөд орсон эсэхийг анхан шатны ямар үзлэг шинжилгээгээр оношлох вэ? 

Элэг гэмтэх үед илэрч болох дохионуудыг анзаарах буюу өөрийнхөө биеийг чагнах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө оношлох эхний арга хэмжээ. Элэг өөрчлөлтөд орсныг илэрхийлэх дээр дурдсан шинж тэмдгүүд анзаарагдсан бол эмнэлэгт хандаж дараах үзлэг шинжилгээний аргуудаар тодруулах боломжтой. 

Үүнд, Хэвлийн  хөндийн ЭХО-оор элэгний бүтэц, хил хязгаар, голомтод өөрчлөлт байгаа эсэхийг харна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр элэгний үрэвслийн шинж тэмдгүүдийг, биохимийн шинжилгээгээр элэгний эсийн задрал байгаа эсэхийг оношилж мэдсэнээр эрт үед нь зохих эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийлгэнэ. 

Элэгний өөхлөлт, үрэвсэлтэй байна гэж оношлогдвол ямар арга хэмжээ авах вэ? 

Элэг өөхөлсөн үед хувь хүнээс шалтгаалсан арга хэмжээнүүдээ авна. Тухайлбал, өөрийн бие махбодод зохицох эрүүл зөв хооллолттой болох. Нойрны асуудлаа анхаарах. Ялангуяа бодисын солилцооны алдагдлын шалтгаант элэгний өөхлөлтийн үед чанартай нойртой байх нь чухал нөлөөтэй. Мөн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг тогтмол хийх, шаардлагагүй эмийн  хэрэглээг зогсоох. 

Сүүлийн жилүүдэд эмийн шалтгаант элэгний үрэвсэл ихсэх болсон ба антибиотик, өөх тос бууруулах эм, өвдөлт намдаах төрлийн эмүүдийг замбараагүй хэрэглэх нь элгэнд сөрөг нөлөө үзүүлж байна. 

Эдгээрт анхаарч, шинжилгээний хариуны үзүүлэлтүүдэд үндэслэн эмийн эмчилгээг эмчийн заавраар хийлгэнэ.

Эмийн эмчилгээн дээр ямар эмчилгээг хэрхэн хийж, хэдий хугацаанд үр дүн гардаг юм бэ?

Элэг өөхлөлтийн үед муу өөх тосыг бодисын солилцоонд оруулах эмийн эмчилгээ байдаг. Мөн элэг хамгаалах буюу элэгний эсүүдийг хордуулахаас хамгаалах эмийн эмчилгээ хийдэг. Элэг өөхлөлтийн хэмжээ, хүндрэл, хугацаанаас хамаарч эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаа харилцлан адилгүй. 

Элэг хамгаалах төрлийн эмийг ихэнхдээ 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхийн сацуу амьдралын хэв маягаа өөрчилснөөр бүрэн эдгэрдэг.

Өвчний хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт шүү дээ. Тиймээс элэгний өвчлөлийг цааш нь хүндрүүлж, эргэшгүй өөрчлөлтөд оруулахгүйн тулд амьдралын хэв маягаа, хоол хүнсэндээ анхаарах нь нэн чухал. Энгийн боловч хамгийн зардал багатай үр дүнтэй арга. 

Онцгойлон анхааруулж хэлэх нэг зүйл нь нүүрс усны агууламж ихтэй хоолыг хүмүүс маш замбараагүй хэрэглэх болсон. Сахар ихтэй хүнс бүр ч хортой. 

Ийм өндөр нүүрс ус агуулсан хүнсийг байнга хэрэглэх нь хэт ачаалал үүсгэж элэг өөхлөлтөд хүргэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Элэгний циррозоос өмнө арга хэмжээ авч, урьдчилан сэргийлснээр цаашид учирч болох хүндрэл, эдийн засгийн хямрал, амьдралын чанар буурахаас хамгаалах ач холбогдолтой.

Элэг хамгаалах эмийг эмчийн жороор хэрэглэдэг үү? Элэгний өөрчлөлтгүй хүн урьдчилсан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэж болох уу? 

Элэг хамгаалах олон төрлийн эм бэлдмэлүүдээс хүмүүсийн хэрэглээнд хамгийн их нэвтэрсэн нь гэвэл Силимарин(silubum marianum) ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн байж болно. Элэг хамгаалах эмийн эмчилгээний практикт олон жил хэрэглэж байгаа, гаж нөлөөгүй, үр дүнтэй нь нотлогдсон. Бас элэгний эсийг бүрдүүлдэг чухал бүрэлдэхүүн болох фосфолипид нь элгийг хамгаалах үйлдэлтэй. 

Эдгээр эмүүдийг эмийн  хордлого, зохисгүй хэрэглээтэй холбоотой элэг гэмтэх, вирусийн шалтгаант элэгний өвчлөлүүдийн үед хэрэглэх нь элэгний эс гэмтэх байдлыг бууруулах үр дүнтэй. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Н.Ган-Эрдэнэ: Зөнөгрөл өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай

Нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны нөлөөгөөр сонсгол бууралтын асуудал түгээмэл болж, нас нь залуужсан талаар ДЭМБ-иас судалгаа танилцуулжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрийг өвчлүүлэх нэг шалтгаан болдог

Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол эзэлж байна. Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 07

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13