2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ЭМЧИЙН ӨРӨӨ

Н.Ган-Эрдэнэ: Зөнөгрөл өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны нөлөөгөөр сонсгол бууралтын асуудал түгээмэл болж, нас нь залуужсан талаар ДЭМБ-иас судалгаа танилцуулжээ. Сонсгол бууралтын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн их эмч Н.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. 

Чихний бүтэц үйл ажиллагаа хэрхэн явагддаг, бид дуу чимээг хэрхэн хүлээн авч ялган сонсдог талаар та эхлээд тайлбарлаж өгөөч? 

Чихийг гадна дэлбээ төдийгөөр төсөөлөх нь өнгөц ойлголт юм. Түүний цаана маш том электрофизиологийн эрхтэн систем, мэдрэлийн системийг хамарсан үйл ажиллагаа явагдаж байдаг.

Чих нь гадна, дунд, дотор чих гэсэн ерөнхий бүтэцтэй. Гадна чихний дэлбээ мөгөөрсөн байдгийн учир нь дууны долгион давтамжийг дамжуулдаг. Нүдэнд үл харагдах, ажиглах боломжгүй тийм нарийн бичил хэмжээний чичиргээ доргиог мөгөөрсний уян хөдөлгөөнөөр хүлээж аваад чихний сувгаар дамжуулан нарийн хальс бүхий хэнгэрэгийг доргиодог. Дунд чихний сонсгол дамжуулах бүтэц болох хэнгэрэгт бэхлэгдсэн алх дөш дөрөө сонсголын гурван яс нь дагаж хөдлөөд гадна чихний дууны доргилтыг дотор чих рүү дамжлуулах үүрэг гүйцэтгэдэг. Дотор чихэнд долгионыг мэдэрдэг нарийн үслэг эсүүд байдаг бөгөөд долгионы дагуу намилзаж хөдлөхөөрөө дууны давтамжийг өвөрмөцөөр таниж цаашаа мэдрэлийн эс рүү “энэ ийм төрлийн дуу авиа”  байна гэсэн сигналыг дамжуулдаг.

Зөвхөн бидний хараад байгаа чих гэдэг эрхтэн цаанаа ийм хэсгээс бүтдэг бол түүнээс цааш явж байгаа мэдрэлийн дамжуулалт нь тархины багана, верникийн төв буюу сонсголыг хүлээж авах төв, Брокийн төв буюу хэл ярианы төв , тархины бор гадарга гээд мэдрэлтэй салшгүй холбоотой өөр нэг нарийн систем байдаг.

Сонсголын эрхтэн систем нь хүний оюун ухааны хөгжилд маш том нөлөөтэй. 

Төрөлхийн сонсголгүй хүн тэр чигтээ хэл яриагүй болдог. Төдий хэмжээгээр оюуны хоцрогдолд хүрдэг. Тиймээс сонсох процесс нь хүний тархины оюуны хөгжилтэй маш хүчтэй хамааралтай. Ялангуяа,

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хийгдэж байгаа энэ чиглэлийн судалгаануудад зөнөгрөх өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай гэдгийг нотолсон байна.

Энэ нарийн систем хэр хамгаалагдсан эсвэл хэр эмзэг байдаг вэ. Сонсгол бууралтад хүргэдэг шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл нь юу байна вэ? 

Ихэнх эмгэг жам нь электрофизиологийн хуулиар үнэлэгддэг. Үүнтэй хамааралтай дээр хэлсэн бүтэц системийн хаана нь асуудал үүссэнээс шалтгаалаад сонсгол бууралт нь дотроо янз янзын хэлбэртэй. Мэдрэл нь гэмтээд муу сонсоод байна уу эсвэл наад бүтэц нь гэмтээд сонсгол буурсан уу гэдгээрээ ялгаатай бөгөөд авах арга хэмжээ, эмчилгээ нь ч харилцан адилгүй.

  • Сонсгол бууралтад хүргэж буй ихэнх тохиолдол нь орчны бохирдолтой (noise exposure) холбоотой.  Дууны хэт их ачаалал буюу орчны дуу чимээ 90 дб (децибел)-ээс дээш байхыг хэлнэ. Хүмүүс хоорондын энгийн харилцан яриа 60 дб гэж ойлгох юм бол 90 дб гэдэг нь нэлээн чанга, түүнээс чанга яриа, дуу чимээг хэлнэ. Ийм хэмжээний хэт чанга дуу чимээнд хүмүүс гудамжинд явж байхдаа  маш ихээр өртдөг. Нэг цагаас дээш хугацаанд 90 дб-ээс дээш дуу чимээг байнга сонсох нь сонсголын мэдрэлийн эсэд шууд нөлөөлдөг.
  • Дараагийн нөлөөлөх хүчил зүйл нь чихэвчээр сонсох аудионуудын дууны түвшин өндөр байх.  Хотын завгүй, цаг наргүй амьдрал дунд хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх зэрэг зорилгоор дуу хөгжимнөөс гадна подкаст, ярилцлагуудыг чихэвчээр их сонсох болсон. Үүнийгээ өндөр децибелийн ачаалалтайгаар, олон цагаар сонсож байгаа нь дууны хэт их ачаалал үүсгэж сонсгол муудах бас нэг шалтгаан болж байна. Подкастууд нь ихэнхдээ нэг цагаас дээш урт хугацаатай байдаг.
  • Мөн дээрээс нь дунд болон гадна чихний архаг үрэвсэл, янз бүрийн үрэвсэлт өвчнүүд байна. Энэ нь ахуйн ариун цэвэртэй шууд хамааралтай. Тухайлбал, Амьсгалын дээд замын өвчнүүд, хоолой өвдөх, ам халбага зэргээ сольж эсвэл хүүхдийг амнаасаа хооллох зэрэг нь чихэнд дам байдлаар нөлөөлдөг. Чих, хамар, хоолой хоорондоо холбоотой учраас хамраар дамжиж чих үрэвсдэг, амаар дамжиж хамар, чих үрэвсдэг. Ихэнхдээ хүүхэд насанд нь үрэвсэлт өвчин тохиолдоод, архаг үрэвсэл болж даамжраад удаан хугацаанд буюу 20,30 жил сонсгол нь аажмаар буурч, хэл ярианы бэрхшээлд хэдийн өртчихсөн явж байдаг. Уг нь ахуйн ариун цэврээс шалтгаалсан асуудлууд нь урьдчилан сэргийлэх боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн боловсролтой л холбоотой юм.

Тэгээд удамшил, гэмтлийн гэх мэт шалтгаанууд нь сонсгол бууралтын дараагийн хүчин зүйлсэд орно. Энэ нь тийм ч их хувийг эзлэхгүй.

Хулхи сонсголд нөлөөлдөг үү. Эмнэлгийн нөхцөлд угааж цэвэрлүүлэх шаардлагатай байдаг уу?

Чихний суваг дотор үүсдэг хулхи нь зүгээр нэг “бохир” зүйл биш, харин чихийг хамгаалах чухал үүрэгтэй биологийн бүрдэл юм. Энэ нь арьсны гуужсан эсүүд, тослог ялгаралт, гадны тоос шороо, бичил биетний эсрэг үйлчилгээтэй уургуудаас бүрддэг. Хулхи нь чихний сувгийн pH-ийг тогтворжуулж, бактер, мөөгөнцрийн өсөлтийг хориглон, мөн шавж, гаднын жижиг биет орохоос хамгаалдаг. Тиймээс эрүүл, хэвийн хэмжээний хулхийг байнга ухаж цэвэрлэх шаардлагагүй.

Харин зарим тохиолдолд тухайлбал хэт тослог бүтэцтэй, хуримтлагдаж бөглөрсөн, эсвэл хатсан хулхи нь сонсголын сувгийг бөглөж сонсгол бууралтад хүргэж байгаа бол эмнэлгийн орчинд, мэргэжлийн эмчийн оролцоотойгоор цэвэрлүүлэх нь зүйтэй. 

Гэрийн нөхцөлд хэт гүн ухах нь чихний хэнгэрэгт гэмтэл учруулах, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.

Сонсгол бууралттай болж байгаагаа мэдэхгүй удаан хугацаанд явдаг юм байна гэж ойлголоо. Эрт анзаарч мэдэх боломжтой юу?

Ихэнх хүмүүс цочмог, хүнд өвдөлт зовуурь мэдрэгддэг өвчин эмгэгийн үед л ач холбогдол өгч эмнэлэгт ханддаг. Харин сонсголын алдагдал нь тархины гэнэтийн гэмтлийн шалтгаанаас бусдаар маш аажим явагддаг болохоор тухайн хүндээ онц ноцтой шинж тэмдэг өгөөд байдаггүй. 

Аажим явцтай учраас тоохгүй явсаар бүр оройтсон, сонсголыг нь сэргээх боломжгүй болсон хойноо эмнэлэгт ханддаг.

Тэгэхээр өөрийгөө хэвийн сонсголтой байгаа эсэхийг мэдэж болох энгийн аргууд гэвэл телевизийн дууны тохируулгыг өмнө нь сонсдог байсан хэмжээнээсээ илүү чангалж сонсох, чамаас бусад гэр бүлийн гишүүд “яасан чанга сонсдог юм бэ” гэж хэлэх, эсвэл олон дахин “айн” гэж хэлдэг болсон уу, магадгүй нэг чих нь арай илүү, нөгөөх нь муу сонсоод байна гэж мэдрэгдээд сайн чихээрээ илүү сонсох гээд байдаг болсон бол таны сонсгол муудаж байж болох юм гэсэн дохио. 

Ийм шинж тэмдэг анзаарагдсан бол эмнэлгийн байгууллагат хандаж аудиометрийн шинжилгээгээр сонсголоо үнэлүүлэх хэрэгтэй. Гадна, дунд, дотор чих бүр дээр дууг хүлээж авах чадварыг үүгээр үнэлдэг. Энэ нь олон янз. Зарим тохиолдолд дуу яриаг сонсоод байдаг хэрнээ ойлгодоггүй дүлий гэж бас бий. Энэ нь цэвэр тархины хөгжилтэй хамааралтай. Тархины хөгжил муу байх тусам хүний үг яриаг сонсох боловч ойлгодоггүй. Ийм дүлий байгаа эсэхийг нарийн ялгахын тулд нэмэлт шинжилгээнүүдийг хийдэг.

Тэгэхээр сонсож байна гэдэг нь яг сонсож байна гэсэн үг биш байх нь. Сонссон дуу чимээ, үг яриаг ялгаж, түүндээ тохирсон хариу үйлдэл үзүүлж, тохирсон хариултаа зөв хэлж чадаж байна уу гэдэг нь нейросайнсын асуудал юм.

Подкаст, дуу хөгжмийг чангаар удаан сонсох нь сонсгол бууралтад нөлөөлдөг томоохон шалтгаан гэсэн. Ер нь ямар хэмжээнд яаж сонсох нь зөв хэрэглээ болох вэ? 

ДЭМБ-ын зөвлөгөөгөөр сонсож буй хамгийн чанга дуу чимээг нь 100 хувь гэж үзвэл дууны хүчийг нь 60 хувь хүртэл бууруулж 60 минутаас хэтрэхгүй сонсохыг зөвлөдөг. 

Үүнээс удаан хугацаанд тасралтгүй сонсох нь сонсгол бууралтад нөлөөлдөг. Тэгэхээр хувь хүн бүрийн чихэвч, хэрэгслийн дууны дуугаралт өөр учраас түүнээсээ хамаарч дууны хэрэгслийн дуугаа 60 хувь хүртэл бууруулж сонсох хэрэгтэй гэсэн үг. Гэтэл хүмүүс чихэвчний дуугаа гудамжны дуу чимээнээс давсан хүчээр сонсдог талтай.

Дуу тусгаарлагчтай чихэвч зүүх нь хэр тохиромжтой вэ? 

Юм бага сонсох нь танин мэдэхүйн ач холбогдол муу гэдгийг эхэнд хэлсэн. Тэгэхээр яаж сонсож байгаагаас хамаарна. Дуу тусгаарлагчтай чихэвчнүүдийг өндөр давтамжтай сонсох нь эсрэгээрээ сөрөг нөлөөтэй. Шууд чихний гэмтэл үүсгэнэ. Тиймээс дээр хэлсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Дуу тусгаарлагчтай, тусгаарлагчгүйгээс үл хамаарч бага давтамжаар сонсох эсвэл чимээгүй орчинд сонсохыг эрмэлзэх гэх мэт. 

Дуу тусгаарлагчтай чихэвчнүүд шууд хэнгэргийг гэмтээх, дууны гэмтлийн шалтгаан болох талтай. 

Ер нь чихэвчээр сонсох нь зөв сонголт гэж хэлэхгүй. Чихэвч хэрэглэх нь заавал хор хөнөөлтэй гэсэн үг бас биш. Гэвч буруу хэрэглээ тухайлбал дууны хүчийг хэт чанга тавих, удаан хугацаагаар тасралтгүй сонсох нь сонсголд гэмтэл учруулах эрсдэлтэй. Болж өгвөл чихэвчнээс татгалзаж, гэртээ эсвэл чимээгүй орчин нөхцөлд спикерээр дууг нь тааруулаад сонсох нь зөв.  

Сонсгол бууралт хэдэн хувьтай байвал сонсголын аппарат зүүх шаардлагатай вэ? Бууралттай байна гэж оношлогдвол ямар арга хэмжээ авах вэ? 

Ямар нэгэн сонсголын бүтэц нь нөхөн сэргээгдсэн ч сонсох чадвар нь хангалттай биш байгаа хүмүүст сонсголын аппарат зөвлөдөг. Тэр нь дотроо олон янз. Чихэвч шиг шууд зүүдэг ч байна. Зарим нь мэс заслын аргаар арьсыг нь сөхөж имплант хийдэг, бүр тархийг нь нээж байгаад сонсголын анхдагч төвд нь суулгадаг ч имплант бий. Ихэнх улсад 40–70 dB HL-ийн дунд зэргийн бууралтад аппарат санал болгодог. Харин >90 dB бол имплантны заалт байж болно. Сонсголын аппаратын заалтыг тусдаа сонсгол судлаач эмч нар нарийн зөвлөгөө өгнө.

Ямар тохиолдолд мэс заслын аргаар нөхөн сэргээх, эмчлэх боломжтой вэ?

Сонсгол бууралтын хэлбэр, сонсгол алдсан хугацаанаас хамаараад, мөн төрөлхийн эсвэл төрсний дараа сонсголгүй болсон эсэхээс шалтгаалж сонсгол орох боломжтой хүнд имплантууд, сонсголын аппарат (hearing aid) –уудыг санал болгодог.

Сонсголын  аппаратыг олдмол сонсгол бууралттай, ямар нэгэн хэл ярианы алдагдал үүсээгүй хүмүүс сонсох хэрэгцээгээ хангахын тулд нэмэлтээр хэрэглэх боломжтой. Энэ нь орчны дууг өсгөж өгч буй систем юм. Нүдний харааны шилтэй ялгаагүй хэрэглэгдэхүүн. Эсрэгээрээ эдгээр мэс заслуудыг хийгээд ч үр дүнгүй тохиолдлууд байдаг.

Сонсголын эмчилгээний хөгжил өдгөө ямар түвшинд байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, ялангуяа генетик болон молекул биологийн салбар хурдацтай хөгжиж байгаа нь төрөлхийн буюу удамшлын шалтгаантай сонсгол бууралтыг илрүүлэх, ойлгох, цаашдаа эмчлэх боломжийг бий болгож байна.

Дэлхийн хэмжээнд хийж буй судалгаагаар зөвхөн сонсголын бууралтад нөлөөлдөг 400 орчим геныг тогтоогоод байна. 

Үүн дээр бусад эрхтэн тогтолцооны өөрчлөлт, хам шинжтэй хавсарч илэрдэг хэлбэрүүдийг нэмбэл нийтдээ 700–800 орчим гентэй холбоотой байж болохыг судлаачид үзэж байна.

Эдгээр генийг илрүүлэх зорилгоор одоо маш нарийн шинжилгээний аргууд, тухайлбал gene panel болон NGS (next-generation sequencing) гэж нэрлэгддэг шинжилгээ өргөн хэрэглэгдэж байна. Энэ нь хүний ДНХ-г нарийн уншиж, ямар мутацитай (генийн өөрчлөлттэй) байгааг тогтоох арга юм.

Гэхдээ энэ бүх генийг оношлох боломжтой болсон ч тэдгээрт зориулсан эмчилгээ бүгд бий болоогүй. Зарим генд чиглэсэн генийн засварын эмчилгээ одоогоор зөвхөн туршилтын шатанд, амьтанд туршиж байгаа. Одоогоор сонсголын бууралтад тусгайлан зориулагдсан, албан ёсоор зөвшөөрөгдсөн (жишээ нь АНУ-ын FDA буюу Эмийн хяналтын газрын зөвшөөрөлтэй) генийн эмчилгээ хараахан гараагүй байгаа.

Гэсэн хэдий ч энэ чиглэл нь ирээдүйд ихээхэн боломжтой, найдвартай судалгааны чиглэл болж хувирч байгаа. Тухайлбал, Тайвань, Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг Азийн улс орнууд ийм судалгаанд идэвхтэй оролцож байгаа. Жишээ нь, Тайванийн Үндэсний Их Сургуульд генийн эмчилгээний чиглэлээр ажилладаг төв бий. Мөн Японд сонсголын алдагдалд зориулсан генийн эмчилгээний туршилтууд эхэлсэн байна.

Хүн ер нь насан туршдаа хэвийн сонсголтой байх боломжтой юу? 

Насжилттай хамааралтай сонсгол бууралт бол яах ч аргагүй хүчин зүйл. Өнөөгийн соёл иргэншилт нийгмийн онцлогтой холбогдуулан сонсголын асуудлыг тодорхойлсон тодорхойлолт бий. 

АНУ-ын Чих хамар хоолойн нийгэмлэгээс “50-аас дээш насанд хүссэн хүсээгүй сонсгол бууралтад орно” гэж насжилттай хамааралтай сонсгол бууралтыг тодорхойлсон. 

Өмнө нь 55-65 насанд гэдэг байсан бол нас нь залуужсан. Энэ нь орчны дуу чимээний бохирдолтой нөхцөлд удаан амьдарч буйтай холбоотой. Байгальтай илүү ойрхон, хөдөө орон нутагт байдаг хүмүүс сонсгол сайтай байх хандлага илүү.  Магадгүй насны зааг нь арай хожуу байх ч боломжтой.

Эрт илрүүлж, сонсголоо хамгаалахын тулд яах вэ?

Монгол улсын хэмжээнд 2014 оноос хойш скрининг явуулж эхэлсэн байдаг. Одоо бүр илүү ажил хэрэг болгоод явж байгаа. Өмнө нь зөвхөн нярайн скрининг гэж л байсан. Дөнгөж төрсөн хүүхдийг сонсгол бууралттай байгаа эсэх, төрөлхийн сонсгол бууралтыг нь оношилдог. Үүний дараагийн үед олдмолоор бууралттай болж байгаа эсэх нь орхигддог байсан.

Одоо цэцэрлэг, сургуулийн нас, насанд хүрэгчид, бүр цаашлаад настангуудын сонсгол бууралтын скрининг хийдэг болох гэж байгаа. Ингэснээр бүх насныхан дунд сонсгол бууралтыг эрт илрүүлэх боломжтой болж байгаагаараа маш ач холбогдолтой. Уг төслийн ажил нь эхэлсэн. Удахгүй сургууль, цэцэрлэгүүдэд сонсгол бууралтын оношилгоотой болно. Энэ бол эрт илрүүлэх хамгийн үр дүнтэй арга.

Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн өөрийгөө анхаарах, анзаарах хэрэгтэй. Сонсгол бууралттай гэж анзаарсан бол ойрхон цэгүүдэд очоод урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Х.Гарьд: Элэгний үрэвсэл, өөхлөлтийг хооллолт, эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой

Элэгний өөрчлөлт, эхэн үеийн өвчлөл, үрэвсэл тэр дундаа элэг өөхлөлтийн шалтгаан, авах арга хэмжээ, эмчилгээний талаар Монфа трейд ХХК-ийн эмч төлөөлөгч, хүний их эмч Х.Гарьдтай ярилцлаа. Та элэгний үйл ажиллагаа, үүргийг эхлээд хэлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрийг өвчлүүлэх нэг шалтгаан болдог

Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол эзэлж байна. Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 07

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09